Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.*******д холбогдох 2430000000264 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар баг “....” гэх газарт нутаглах,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Х овогт Н-ийн Б

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

Яллагдагч Н.******* нь “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг “*******” гэх газар нутаглаж байхдаа бусдын эзэмшлийн 1 тооны бярууг алдуул мал болохыг мэдсээр байж бусдад өрөндөө өгч завшиж 503,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ 2022 оны 12 дугаар сарын эхээр шуурганд уруудсан үхрээ туугаад гэр лүүгээ явж байхад Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг “*******” гэх газарт хүзүүвчтэй халзан тугалан бяруу хэвтэж байхаар нь өөрийн үхрийн хамт хөөгөөд гэртээ авч ирсэн. Гэрийн гадаа пүнзэнд хурга ишигтэй хамт тэжээлгэж байгаад онд орсон. 2023 оны хавар цагаан сарын дараа 3 дугаар сард “******* хэрээд” гэх газарт хаваржсан. Би ******* гэх хүнээс 2021 онд бярууны мөнгө гэж 500,000 төгрөг авч байсан ба тухайн мөнгөний оронд уг олсон халзан бярууг *******д 2023 оны 06 дугаар сард өгч явуулсан. Тухайн бяруу нь имгүй, мухар бяруу байсан юм” гэх (хх 54-55 дугаар хуудас),

иргэний нэхэмжлэгч Д.*******ын “...Сумын Засаг даргын тамгын газраас тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулах талаар албан бичиг гарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр би тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Уг бяруу ямар бяруу байсан талаар мэдэхгүй тул хэлэн төгрөгөөр үнэлнэ гэж хэлж мэдэхгүй байна. Зах зээлийн үнэ нь хэд гарсан тэр мөнгөөр нь нэхэмжилнэ...” гэх (хх 8-9 дүгээр хуудас),

гэрч А.*******гийн “ 2023 оны 02 сард цагаан сарын дараа мал дээрээ очиход манай үхэрт хүрэн халзан жижиг биетэй бяруу байсан. Би өөрийн малыг хардаг ******* гэх залуугаас “энэ ямар учиртай бяруу юм” гэж асуухад “мэдэхгүй, энэ жижигхэн бяруу манай үхэрт ирсэн. Би өвөл бордож мал болгосон юм” гэж байсан. 2023 оны 05 дугаар сарын үед үхэртээ үзэхэд тэр бяруу байхгүй байсан. Тэгэхээр нь “нөгөө бяруу чинь яасан юм” гэхэд “би хүнд мөнгөний өрөнд өгсөн” гэсэн. Дээр нь нэг хонь нэмж өгсөн гэж хэлж байсан. Би тухайн үед эр, эмийг, им нь ямар байсныг ажиглаагүй. Манай малчин ******* өөрөө надад хэлэхдээ ““*******” зоогийн газрын Золоо гэх хүнд өгсөн” гэж байсан. Би уг бярууг хэний бяруу болох талаар мэдэхгүй байна...” гэх (хх 12-13 дугаар хуудас),

гэрч Ц.*******ын “Би Н.*******ас 2023 оны 06 сарын үед нэг тооны бяруу авсан юм. Уг бярууг Н.******* “” гэх газар ирсэн байхад би өөрөө очиж авсан. Би Н.*******д 2021 онд бярууны мөнгө гэж 500,000 төгрөг бэлнээр өгсөн. Н.******* нь надад уг бяруугаа өгөхгүй байгаад байсан бөгөөд 2023 оны хавар 06 сард “” гэх газар ирсэн гэж дуулаад би үхрээ авахаар очсон чинь ******* нь надад улаан халзан зүсмийн, жижиг биетэй засаатай мухар бяруу үхрээсээ барьж өгсөн. Тухайн бяруу нь бие жижиг ямар нэгэн им тамга байхгүй бяруу байсан. Намайг үхэр авахаар очиход эхнэр нь хамт байсан. Өөр гаднаас хүн байгаагүй...” гэх (хх 16-17 дугаар хуудас) мэдүүлэг,

“Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2302305 дугаартай “...1 тооны үхрийн үнэлгээ 503,000 (таван зуун гурван мянган) төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх 31-42 дугаар хуудас),

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/238 дугаартай “Д.*******ыг иргэний нэхэмжлэгчээр томилох тухай” захирамж (3 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2302305 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирлын үнэлгээг 503,000 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

4. Прокуророос шүүгдэгч ******* хээрээс олж, үхэртээ нийлүүлсэн бярууг зарж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 “Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа,  цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байдаг.

5. Хэргийн баримтаар, шүүгдэгч Н.******* нь дээрх хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэлгүй ижил сүргээсээ тасарч, хараа хяналтгүй болсон алдуул бярууг үхэр сүрэгтээ нийлүүлэн, бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж бусдад өгөх өрөндөө өгч завшин бусдад 503,000 төгрөгийн хохирол учруулсан нь хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******, бусдын алдуул малыг завшиж учруулсан 503,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.******* дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* бусдын алдуул малыг завшсан үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой байна.

7. Шүүх шүүгдэгч Н.******* тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн бяруу бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг  ухамсарлаж мэдсээр атлаа бусдад өгөх өрөндөө өгч санаатайгаар завшиж бусдын эд хөрөнгийн эрхэд зориуд хохирол учруулжээ.

Гэмт хэргийн хохирлын талаар:

Шүүгдэгч ******* гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд тэрээр алдуул малын үнэлгээ 503,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн ... тоот дансанд тушаасан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Уг хэрэгт алдуул мал болох бярууны эзэмшигч, өмчлөгч тогтоогдоогүй бөгөөд тухайн хэрэгт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/238 дугаартай захирамжаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр тус сумын 7 дугаар багийн Засаг дарга Д.*******ыг томилсон байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Н.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч Н.******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

Н.******* торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсгийн “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

Бусад:

Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н-ийн Б-ыг “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Н.*******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Н.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад учруулсан 503,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН