Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00128

 

Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/03046 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/00740 дүгээр магадлалтай,

Эийн нэхэмжлэлтэй

П, З, А нарт холбогдох

Э, П нарын байгуулсан 2017.05.15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, П, А нарын байгуулсан 2021.10.15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эийн газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч П, А, тэдгээрийн өмгөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Н, хариуцагч П,түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Эээс хариуцагч П, З, А нарт холбогдуулан Э, П нарын байгуулсан 2017.05.15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, П, А нарын байгуулсан 2021.10.15-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эийн газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/03046 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1-д заасныг баримтлан .... газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Эт буцаан шилжүүлэхийг хариуцагч П, А, З нарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/00740 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/03046 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10, 56.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э, хариуцагч П нарын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хариуцагч П, хариуцагч А нарын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож .... газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Эийн нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Зт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтын “... хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж ...” гэснийг хариуцагч “хариуцагч П, А нараас 140,400 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Пгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч П, А, тэдгээрийн өмгөөлөгч Г.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. ИХШХШТХ-ийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн хуулийн үндэслэлд хамаарах гомдлын үндэслэл.

4.1.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүйн улмаас нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна шударга ёсны зарчимд нийцээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж, уг зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах гомдлыг гаргасан боловч “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан...”1 гэж давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч Э нь 2022.03.30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Э П нарын хооронд 2017.05.15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, ,Э миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, 2022.11.11-ний өдөр “П, А нарын хооронд 2021.10.15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Эийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэж ихэсгэсэн байна. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хариуцагчаар П, З, А гэсэн 3 хүнийг тодорхойлсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч Пс юу, ямар үндэслэлээр шаардаад байгаа, хариуцагч З-с юу, ямар үндэслэлээр шаардаад байгааг тодруулах ажиллагаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгч болоод хариуцагчаар тодорхойлсон этгээдүүдийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй.

Үүний улмаас гурвалсан эрх зүйн харилцаанд хамгийн их үүрэгтэй оролцож, ашиг хүртсэн З ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байх шийдвэрийг анхан болон давж заалдах шатны шүүх гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна.

Нэхэмжлэгч Э нь хариуцагч Птэй 2017.05.15-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэхдээ Пгээс өөрөө ямар нэгэн төлбөр авалгүйгээр газар эзэмших эрхээ шилжүүлж байгааг өөрөө хүлээн зөвшөөрч, ойлгож, гарын үсэг зурсан.

Ийнхүү дээрх гэрээ хийх үед нэхэмжлэгч Э нь хариуцагч Зын гаргасан “танай нөхрийн эзэмшиж байгаа газрын баруун талын газрыг Э.Ба гэдэг хүнээс өөрийн /Эийн/ нэр дээр шилжүүлнэ” гэсэн саналыг өөрөө хүлээн зөвшөөрснийг шүүхэд гаргасан түүний нэхэмжлэл, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, мөн гэрч Нгийн “Тэгэхээр нь Зтой уулзаад энэ манай дүүгийн газар байгаа юм, чи зүгээр шилжүүлчих. Би Батай ярьж байгаа Баттулгын газрыг чиний нэр дээр болгоод өгье гэж хэлсэн. Би Зтой урьд наймаа хийж байсан болохоор итгэсэн. Сүхбаатар дүүргийн газрын албанд танил байгаа чи өргөдлөө бичээд өг гэхээр нь бичиж өгсөн. Згоос 4 сая төгрөгөөр хашаа худалдаж авсан” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э болон хариуцагч З нар хоорондоо харилцан тохиролцсон, хэлцэл хийсэн, үүгээрээ З нэхэмжлэгчийн өмнө өөр газар эзэмших эрх шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. Үүнийгээ хариуцагч З баталгаажуулж, анхан шатны шүүх хуралдаанд “Миний бие нэхэмжлэгч талын нэхээд байгаа газрыг нь буцааж өгөх боломжгүй тул газрын оронд 5,000,000 төгрөг өгөх хүсэлтэй байна” тайлбар өгдөг.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Э болон хариуцагч З нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодруулах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, энэ талаар ямар ч дүгнэлт шүүхийн шийдвэртээ тусгаагүй, давж заалдах шатны шүүх мөн энэ талаар ямар ч дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

З нь “Э.Ба миний дүү” хэмээн өөрийгөө түүнийг төлөөлөх эрхтэй гэж нэхэмжлэгч Э болон түүний нөхөр Н, хариуцагч Пд ойлгуулсан, улмаар Баын газар эзэмших эрхийг шилжүүлэх үүргийг Э-ийн өмнө хүлээж, үүний төлөө Пс 7 сая төгрөг авсан байна.

Иргэний хуулийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална”, 69.1-д “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч З нь нэхэмжлэгч Эт учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй байсан байна. Энэ хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

4.1.2.      Шүүхээс “Эийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэнд холбогдуулан гаргасан, хэрхэн яаж сэргээлгэх талаар тодруулаагүйн улмаас анхан шатны шүүх “Шүүх дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзээгүй, харин маргааны зүйл болсон газар эзэмших эрхийг буцаан авах шаардлагын үндэслэл гэж үзэв” үндэслэлгүй дүгнэлт хийж, “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1-д заасныг баримтлан ...газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Эт буцаан шилжүүлэхийг хариуцагч П, А, З нар даалгасугай” гэж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх “...газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Эийн нэр дээр бүртгэхийг С-д даалгаж...” гэж шийдвэрлэсэн аль аль нь хууль зөрчсөн байна.

Учир нь анхан шатны шүүх нь нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр “газар эзэмших эрхийг буцаан авах” гэж өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэртээ тодорхойлсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсноос гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа байсан.

Давж заалдах шатны шүүх нь “газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Эийн нэр дээр бүртгэх”-ийг гэж мөн адил нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлон шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн суурь зарчмыг зөрчсөн. Мөн энэхүү иргэний хэргийн оролцогч биш этгээд буюу С-д газар эзэмших эрхийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 26.3-т хариуцагчийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох, ИХШХШтХ-ийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг шууд зөрчсөн. Энэ нь хуульд заасан хэргийн харьяалал зөрчсөн үр дагавар, улмаар газар эзэмших эрх шилжүүлэн олгосон дүүргийн Засаг даргын захирамж буюу бие даасан хуулийн зохицуулалттай захиргааны акт хүчин төгөлдөр хэвээр байхад Засаг даргын захирамжийн биелэлтийг хангах чиг үүрэгтэй “газрын алба” хэрхэн яаж бүртгэх нь үл ойлгогдох, хэрэгжүүлэх боломжгүй дор дурдсан эрх зүйн үр дагаврыг үүсгэж байна.

Давж заалдах шатны шүүх “...газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Эийн нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж...” гэж шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэргийн харьяалал зөрчсөн. Газрын тухай хуулийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “...дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, мөн хуулийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэж заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх эсэх асуудал нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарна. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны акт бөгөөд энэ захиргааны актыг хууль бусад тооцуулан хүчингүй болгуулж, зөрчигдсөн газар эзэмших эрхээ сэргээлгэх нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын асуудал юм.

Гэтэл Пд газар эзэмших эрх шилжүүлэн олгосон дүүргийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад “газар эзэмших эрхийг Эийн нэр дээр бүртгэх”-ийг дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэж байгаа нь дээр дурдсан хэргийн харьяалал зөрчихөөс гадна хуулиар тодорхойлсон тус тусдаа чиг үүрэгтэй бие даасан захиргааны байгууллага болох “дүүргийн Засаг дарга”, “дүүргийн газрын зохион байгуулалтын алба”-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, тайлбар хийж мэтгэлцэх зарчмыг хангаагүй хэрнээ үүрэг хүлээлгэж байгаа нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Дүүргийн газар зохион байгуулалтын алба нь дүүргийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангах чиг үүргийг хуулиар хүлээсэн байдаг бөгөөд Засаг даргын захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг хийх үүргийг хүлээдэг. Тэгэхээр дүүргийн Засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байхад өөр этгээд буюу Эийн нэр дээр газар эзэмших эрхийг хэрхэн яаж “бүртгэх нь тодорхойгүй, тэр тусмаа бүртгэх чиг үүрэг нь Улсын бүртгэлийн байгууллагад хуулиар харьяалуулсан байхад хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байна.

Зүй нь “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хэргийн шүүхийн, харин “газар эзэмших эрх сэргээлгэх” нэхэмжлэлийн шаардлага нь дүүргийн Засаг даргын захирамжтай холбоотой захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах асуудал байсан байна.

4.2. ИХШХШтХ-ийн 172.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн хуулийн үндэслэлд хамаарах гомдлын үндэслэл.

4.2.1. Нэхэмжлэгч нь хариуцагч Птэй байгуулсан 2017.05.15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх хууль зөрчсөн хэлцэл биш байна, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх ...дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй”, “нэхэмжлэгч Э, хариуцагч П нар нь газрыг газраар солихоор тохиролцсон буюу тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч Э, П нар нь дээрх арилжааны гэрээг халхавчлах зорилгоор 2017.05.15-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх тул тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Ийнхүү талуудын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ өөр өөр хуулийн үндэслэл гаргаж, зөрүүтэй дүгнэлтүүд хийж байгаа нь дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэгч болон хариуцагч этгээдүүдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйтэй холбоотой.

Хариуцагч П, А нарын зүгээс 2017.05.15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл ч биш, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл ч биш, харин эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд хүсэл З илэрхийлээд хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгч Э, хариуцагч П нар нь газрыг газраар солихоор тохиролцсон буюу тэдгээрийн хооронд ...арилжааны гэрээ байгуулагдсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Э өөрийн газар эзэмших эрхээ шилжүүлбэл залгаа өөр газар эзэмших эрх шилжүүлэх саналыг хариуцагч З тавьж, түүнийг Э хүлээн зөвшөөрсөн, тодруулбал, З өөр газар эзэмших эрх шилжүүлэх үүргийг Эийн өмнө хүлээсэн. Үүнийг нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдохоос гадна хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.12.20-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 3671 тоот прокурорын тогтоолд “Э өөрт нь газар шилжүүлэн өгнө гэсэн Зт итгэж хохирсон нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн дүгнэлтээр нотлогдоно.

Иймд нэхэмжлэгч Э, хариуцагч П нар нь хоорондоо халхавчлах болон халхавчлуулсан хэлцлүүд хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

4.2.2. Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 5.2-т “Энэ зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно”, мөн тогтоолын 5.3-т “Мөн зүйлийн 5.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж тайлбарласан байна.

Маргааны тохиолдолд талуудын хүсэл зориг тодорхой байсан. П нь Эээс газар эзэмших эрх шилжүүлж авах, харин Э нь Э.Ба гэдэг хүний газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, үүнийг шилжүүлэх үүргийг З хүлээсэн,

Хүрэх үр дүн нь тодорхой байсан. П нь газар эзэмших эрх шилжүүлэн аваад байшин барих, тийм ч учраас өнөөдрийг хүртэл хугацаанд газрыг бодитойгоор эзэмшиж газар дээр байшингийн зарим хэсгээ барьсан, газрын төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан, харин Э нь хөрш зэргэлдээ Ба-н газрыг эзэмших, тиймээс өөрийн эзэмшлийн газартайгаа нийлүүлэн хашиж, ийнхүү хашаа хийхдээ Заас 4 сая төгрөгөөр хашаа худалдан авсан үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Ямар нэгэн гадаад илэрхийлэл бий болгох зорилгоор хэлцэл хийгээгүй,

Халхавчлах болон халхавчлуулсан хэлцлүүд хийгээгүй. Э болон П, Э болон З өөр хоорондоо тус тусдаа хэлцэл хийсэн,

Иймээс Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж аль аль үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч П, А, тэдгээрийн өмгөөлөгч Г.Б нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.06.02-ны өдрийн 001/ШХТ2023/00627 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Э нь “...Э, П нарын байгуулсан 2017.05.15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, П, А нарын байгуулсан 2021.10.15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч П, З, А нарт холбогдуулан гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ: “...би Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016.08.16-ны өдрийн А/303 дугаар захирамжаар ...газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан, миний эзэмшдэг газрын баруун талд миний нөхөр Н мөн 700 м.кв газар эзэмшдэг. Гэтэл П 2017 оны 05 дугаар сард ирж уулзаад миний эзэмшил газрын өөрийн нэр дээрээ шилжүүлээд манай нөхрийн эзэмшлийн цаад талын газрыг миний эзэмшилд шилжүүлж өгье, уг асуудлыг З гэдэг хүн зохицуулж өгнө гэсэн хүсэлт гаргасныг би зөвшөөрч, бид 2017.05.15-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, би өөрийн эзэмшлийн газрыг шилжүүлж өгсөн боловч өнөөдрийг хүртэл миний нэр дээр газар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэлгүй зориуд орхигдуулсан ба улмаар надаас шилжүүлж авсан газрыг 2021.10.15-ны өдрийн гэрээгээр охин Агийн эзэмшилд шилжүүлсэн байх тул эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, миний газар өмчлөх эрхийг шилжүүлж өгнө үү...” гэж тайлбарласан,    

Хариуцагч П: “...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 2017 оны 02 дугаар сард Заас ... газрыг 7,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг өгөөд уг газруудын газар эзэмших эрхийн гэрээг байгуулахаар бичиг баримтыг хөөцөлдөх явцад нэг газар нь нэхэмжлэгч Эийн газартай давхацсан байсан. Ингээд газар худалдсан Зтай уулзаж асуухад Э, Н нарыг танина, өмнө нь надаас газар худалдаж авсан хүн байна, би энэ асуудлыг шийдээд өгье гэсэн. Ингээд Нгийн эхнэр Этэй уулзсан, 2017.05.15-ны өдөр З дүүргийн газрын албан дээр хүрээд ир гээд дуудсан, тэнд З, Э, Н нар байсан, ингээд Э надад газраа шилжүүлж, би Зт үлдэгдэл 2,000,000 төгрөгийг шилжүүлж энэ асуудал дуусгавар болж, тус газрын хууль ёсны эзэмшигч болсон, үүнээс хойш газраа эзэмшээд 5 жил болж байна, Э нь газартай холбоотой шаардлага гаргаж байгаагүй, надад Эийг хуурч мэхэлсэн асуудал байхгүй, би газрыг сольж өгнө гээгүй. 2021 онд тус газар эзэмших эрхийг охин А-д Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн...” гэж маргасан,

Хариуцагч З: “...нэхэмжлэгчийн нэхээд байгаа газрыг буцааж өгөх боломжгүй тул газрын оронд 5,000,000 төгрөг өгөх хүсэлтэй байна, яагаад гэвэл би тус газрыг Пд 7,000,000 төгрөгөөр зарсан нь үнэн, харин П, Э нар хоорондоо тохирч газраа шилжүүлэхэд би оролцоогүй...” гэж,

Хариуцагч А: “...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ...энэ газрыг 2017 онд ээж маань З гэдэг хүнээс худалдаж авсан, тухайн цаг үеэс уг газрыг эзэмшиж, газрын төлбөрийг хуульд заасан журмын дагуу төлж, гэр бүлээрээ одоог хүртэл энэ хаягт амьдарч байна. 2021 онд төрсөн охиндоо газраа шилжүүлж, өмч тасалж өгсөн, хэрэв бусдыг залилж энэ газрыг эзэмшиж байгаа бол юу гэж төрсөн охин, өөрийн хамаарал бүхий хүндээ газраа шилжүүлэх билээ, ...Э нь 6 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна, бидний шударгаар олж авсан хөрөнгө, миний эзэмшлийн газарт Э халдах эрхгүй...” гэж тус тус маргажээ.

8. Анхан шатны шүүх: “...З П нарын хооронд газар эзэмших эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй, ...Э П нарын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаагүй, анхнаасаа өөр өөр агуулгаар харилцан тохиролцож, гадаад илэрхийлэл бий болгох зорилгоор байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл, дээрх гэрээний үндсэн дээр байгуулагдсан П А нарын хоорондох хэлцэл мөн хүчин төгөлдөр бус, ...хариуцагч П маргааны зүйл болсон газрыг анхнаасаа шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж, маргаж буй газрын газар эзэмших эрхийг Эт буцаах шилжүүлэхийг хариуцагч П, А, З нарт даалгаж...” шийдвэрлэсэн бол, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Э, П нарын хооронд байгуулсан хэлцэл нь дүр үзүүлсэн бус өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, А, П нарын хооронд байгуулагдсан хэлцлийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, харин маргаж буй гэрээнд З оролцоогүй тул Зт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэжээ.

9. Дээр дурдснаар хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хариуцагч нарын үүргийг өөр өөрөөр тодорхойлж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хариуцагч нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нар, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

10.1. Хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн, улмаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засуулаагүй нь буруу байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нь 2017.05.15-ны өдрийн болон 2021.10.15-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан боловч тухайн хэлцэлд оролцоогүй Зыг ямар үндэслэлээр хариуцагчаар татсан талаарх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Үүний улмаас анхан шатны шүүх маргаж буй газар эзэмших эрх Зын эзэмшилд байхгүй байхад тус газар эзэмших эрхийг Эт буцаан шилжүүлэхийг Зт даалгаж шийдвэрлэсэн бол, давж заалдах шатны шүүх З нь гэрээний оролцогч биш гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Э, П нарын хооронд 2017.05.15-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл хийх үйл ажиллагаа /процесс/-нд З хамааралтай нь магадлалтай боловч нэхэмжлэгч чухам ямар үндэслэлээр, түүнээс юу шаардаж хариуцагчаар татсан нь тодорхой бус байснаас анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, хэрэгжих боломжгүй үр дагаврыг бий болгосон гэж үзэхээр байна.

Харин давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтад Зын оролцсон оролцоо, улмаар шүүх хуралдаанд гаргасан “...газрыг П эгчид худалдсан тул нэхэмжлэгчид буцаан олгох боломжгүй, харин газрын үнэд 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна...” гэсэн тайлбарын талаар хэрхэн үнэлсэн болохоо магадлалд дурдалгүй зөвхөн гэрээний оролцогч биш гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй, үндэслэл муутай, учир дутагдалтай болжээ.

Иймд “...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүйн улмаас нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, улмаар гурвалсан эрх зүйн харилцаанд голлох үүрэгтэй оролцож, орлого бий болгосон З ямар нэг хариуцлага хүлээхгүй байх шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй...” /тогтоолын 4-т тусгагдсан/ талаарх хариуцагч талын гомдол үндэслэлтэй байна.

10.2. Нэхэмжлэгч Э нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр бусдын эзэмшилд үндэслэлгүй шилжсэн өөрийн газар эзэмших эрхийг сэргээлгэхээр шаардлага гаргасан боловч хариуцагч нь өөрийн эзэмшлийн газартай зэрэгцээ газар авах нь байшин барихад хэрэгтэй байсан гэж тайлбар гаргасан байх тул тус газар дээр үл хөдлөх эд хөрөнгө баригдсан эсэх, энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, үйл баримт, нөхцөл байдлын талаар хэргийн оролцогчоос тодруулаагүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хяналтын шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд  дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/03046 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/00740 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагч П, А, тэдгээрийн өмгөөлөгч Г.Б нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Пгээс 2023.05.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БАЯРМАА

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД