| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2022/0015/З |
| Дугаар | 125/ШШ2022/0017 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 125/ШШ2022/0017
ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл би иргэн Ш.Т-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дугаартай "Эзэмшил газрын хэмжээ, талбай өөрчлөх тухай" захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Тшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 онд иргэн А.Б-ийн эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ойн бүсэд байрлах 2,1179 га газрыг газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу худалдан авч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/167 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжаар ойжуулах зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2019 оны 7 сарын 19-ний өдөр 08401-2019/00194 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000029196 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан юм. Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар миний эзэмшлийн 21178 кв метр газрыг эзэмших гэрээг дүгнэж, газрын хэмжээг 11000 кв метр болгон өөрчилж шийдвэрлэсэн. Миний бие Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар Аймгийн Засаг даргад гомдол гаргасан Аймгийн засаг даргын 2022 оны 04 сарын 26-ний өдрийн 1/169 дугаартай бичгээр надад гомдлын хариуг өгсөн.
Иймд Ховд аймгийн Жаргалант сумын 2022 оны 02 дугаар сарын 09-ний едрийн А/31 дугаартай “Эзэмшил газрын хэмжээ, талбай өөрчлөх тухай” захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу Ш.Төмөрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн Ш.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгохоо мэдэгдье.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Т Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дугаартай "Эзэмшил газрын хэмжээ, талбай өөрчлөх тухай" захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах...”-аар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Жаргалант сумын Засаг дарга нь Ш.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2022 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн албан бичгийг ирүүлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас үүссэн маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээд байхгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ш.Т-ийнХовд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ Ховд аймгийн Жаргалант сумын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дугаартай "Эзэмшил газрын хэмжээ, талбай өөрчлөх тухай" захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ