Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

    

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


            Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж
            Улсын яллагч: Б.Батсайхан     
            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
            Хохирогч:  Л.Батсайхан  
            Хохирогчийн өмгөөлөгч: С.Энхбат
       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
              Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатат овогт Жамъяншаравын Батнасанд холбогдох 201603000461 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт баг Цоохорын хороо 03-09 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Баатат овгийн Жамъяншаравын Батнасан /РД:ГО86090272/
            
                           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

    Шүүгдэгч Ж.Батнасан нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 22-23 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын төвд шөнийн цагаар хамгаалах хэрэгсэл өмсүүлэлгүйгээр Б.Өнөболдоор уралдааны морь унуулж, үсэргэсний улмаас Б.Өнөболд мориноос унан нас барж, Ж.Батнасан нь түүнийг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Ж.Батнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би тухайн үед ийм зүйл болно гэж бодоогүй. Үнэхээр их харамсаж байна гэв.

Хохирогч Л.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 сарын 26-ны өдөр орой 00 цаг өнгөрч байхад манай найзын дүү манайд ирээд таныг төвөөс дуудуулж байна гээд хүрээд ирсэн. Тухайн үед би манай эхнэрийн тархи толгойн өвддөг байсан болохоор эхнэртээ санаа зовоод сумын төв рүү орсон. Сумын төв ороод хүүгээ Архангай аймгийн Өлзийт сум руу морь унах гэж яваад мориноос унасан талаар мэдээд шууд Архангай аймгийн Өлзийт суманд 04 цагийн үед ирсэн. Өлзийт суманд ирэхэд миний хүү нас барсан байсан. Тухайн үед хүүгээ наадамд явна, морь унах гэж байгаа талаар нэг ч зүйл мэдээгүй байсан гэв. 

Эрүүгийн 201603000461 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

    * Хохирогч Л.Батсайханы өгсөн: 

“...2016 оны 04 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед манай гэрт Батнасан нь ирээд манай талийгаач хүү Өнөболдыг морь унуулахаар авч явсан байна лээ. Би тухайн үед хөдөө мал дээрээ байсан. Харин манай талийгаач хүү ээж Булганхүүгийнхээ хамтаар сумын төвд гэртээ байсан юм. Мөн Ж.Батнасан манай талийгаач хүү Өнөболдыг авахаар манай гэрт ирэхээсээ өмнө түүний утас руу нь залгаж ярьсан гэсэн. Энэ талаар Булганхүү сайн мэдэж байгаа. Тэгээд Батнасан нь Булганхүүгээс Архангай аймгийн Өлзийт суманд болох наадамд танай хүүхдээр морио унуулъя гэж хэлээд аваад явсан байсан. Булганхүү Өнөболдыг явахад нь хурдан морь унахдаа өмсдөг хантааз, хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, эмээл зэрэг зүйлсийг нь бүрэн бүтэн өгч явуулсан байсан. Гэтэл Батнасан нь 2016 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө ойролцоогоор 23 цагийн орчимд харанхуйд морио давхил хийлгэж байгаад хамгаалалтын торон хашааг мөргүүлсний улмаас манай хүүхэд мориндоо дарагдаж нас барсан. Тухайн морийг нь манай хүү унаж байсан байна лээ. Батнасан нь шөнө мориндоо давхил хийлгэхэд хүүхэд гэмтэж бэртэх, амь насаа алдах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой, давхил хийлгэж байгаа газар орноо судалсан байх ёстой байсан. Түүний хариуцлагагүйн улмаас миний хүүхэд нас барсан гэж ойлгож байна. Батнасан нь тухайн шөнө мориндоо давхил хийлгэхдээ хамгаалалтын хувцас өмсгөөгүй байсан. Мөн автомашинаар гэрэлтүүлж байгаад гялбуулсан гэж үзэж байна. Батнасан нь тухайн наадамд өөрийнхөө дүү болох Удаанжаргалын хүү Тэмүүлэнг морь унуулахаар авч явсан байсан ба харанхуй шөнө хүүхдээр моринд давхил хийлгэх нь аюултайг мэдсээр байж өөрийнхөө дүүгийн хүүхдээр унуулахгүй заавал миний хүүгээр унуулж байсан. Аюултай эрсдэлтэйг мэдээгүй бол өөрийнхөө дүүгийн хүүхдээр унуулах байсан байх гэж ойлгож байна. Батнасан нь 2015 оны 06 дугаар сарын 25-нд айлын хүүхдээр үүрийн 5 цагийн үед моринд давхил хийлгэж байгаад мориноос унагаж амь насыг нь хохироож байсан. Иймээс Батнасан нь дахиж харанхуй шөнө үзэгдэх орчин муу хангалтгүй үед хүүхдээр хурдан морь унуулж давхил хийлгэх нь аюултай гэдгийг маш сайн мэдэж байгаа. Манай талийгаач хүү 4 настайгаасаа эхлэн хурдан морь унаж эхэлсэн. Олон наадамд морио дээгүүр давхиулж байсан. Сэргэлэн цовоо, жавхаалаг хүү байсан. Өдрийн цагт бол ямар ч байсан мориноосоо унаад байхааргүй, урдаа байгаа саадыг тойроод гараад явах бүрэн чадвар суусан унаач хүүхэд байсан. Энэ асуудал бол манай хүүгийн унаж явсан саарал халзан үрээнээс бол шалтгаалаагүй гэж бодож байна. Харин Батнасангийн цэвэр хариуцлагагүйгаас болсон. Архангай аймгийн Өлзийт сумын наадмын талбай дээр буюу морь барианы газар болсон. Энэ газар нь сумын төвөөсөө ертөнцийн зүгээр баруун урд талд ойролцоогоор 500-600 метр зайд л байдаг юм байна лээ. Дээрх үйлдэл нь монголын морин спорт уяачдын холбооны дүрэмд заагдсан тодорхой заалтуудыг зөрчсөн байна. Жишээлбэл дүрмийн 5.13-т зааснаар хурдан морины эмээл хазаарыг сайн бөхөлж, хүүхдийн аюулгүй байдлыг найдвартай хангасан байх үүрэгтэй гэж заасан байдаг боловч Батнасан нь үүргээ биелүүлээгүй. Батнасан нь л дээрх аюулгүй байдлыг хангах ёстой байсан. Манай эхнэр Булганхүүгээс зөвшөөрөл авч явсан байсан. Гэхдээ надаас бол зөвшөөрөл аваагүй. Би Батнасанд маш их гомдолтой байна. Батнасан үүрэг хариуцлагаа ухамсарлаж хүүхдийн аюулгүй байдлыг хангасан бол ийм зүйл болохгүй байх байсан. Би Архангай аймаг руу 3 удаа ирсэн үүний зардал болох 1.2 сая төгрөгийг нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлж Батнасанд хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
    Би маш их гомдолтой байна. Би Булган аймгаас Архангай аймгийн хооронл ирж очсон унаа, хоолны зардал, Улаанбаатар хот руу явсан зардал, өмгөөлөгчийн хөлс гэж нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87, 88 дугаар тал/

    * Гэрч Н.Булганхүүгийн өгсөн: 

    “...Би дээрх хоёр хүнийг танина. Би Батсайханы эхнэр нь байгаа юм. Харин Батнасанг бол нутгийн залуу гэдгээр нь танина. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны 18 цагийн орчимд миний ажил дээр манай талийгаач хүү Өнөболд ирсэн юм. Тэгээд бид хоёр манай ажил дээр хамт сууж байгаад 18 цаг 30 минутын орчимд гэртээ очсон. Тэгээд гэртээ орж ирээд хүүхдээрээ гэрийнх нь даалгаварыг хийлгэж байтал манай хүүгийн утас дуугарсан ба утсаар ярьчихаад хичээл номоо эмхлүүлээд надад хандаж Батнасан ах сая ярилаа. Намайг наадамд хамт явъя гэж байна гэсэн. Гэтэл гаднаас манай гэрт Батнасан орж ирсэн. Надтай мэнд усаа мэдэлцээд надад хандаж Архангай аймаг руу наадамд явах гэсэн юм. Танай хүүгээр морио унуулъя гэсэн. Би түүнд хандаж чи Өнөболдын аавд нь хэлээд аваад яваарай гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийнхээ хурдан морь унахдаа хэрэглэдэг хамгаалалтын малгай, хантааз, өвдгөвч, тохойвч, эмээл зэргийг нь бэлдэж өгсөн. Энэ хооронд Батнасан надад хандаж хоёр шүдлэн үрээтэй, нэг үрээ нь эрлийз нэг нь монгол үрээ байгаа юм, хоёр үрээгээ цуг уралдуулахаар болвол хоёр хүүхэд хэрэгтэй харин эрлийз монголоор нь ялгаж уралдуулвал би үрээнүүдээ Тэмүүлэнгээр унуулчихна гэж байсан. Тэгээд л аваад л гарсан. Батнасан манай хүүхдийг маш их яаруулж авч гарсан, юманд хөөгдсөн юм шиг л хурдал хурдал гээд байсан. Гэтэл Батнасан 2016 оны 04 дүгээр сарын 26- ны шөнө 23-00 цагийн орчимд над руу утсаар яриад Өнөболдыг мориноос унаад ухаан орохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Батнасангаас хаана байгаа юм бэ гэхэд Архангай аймгийн Өлзийт суманд байна, ухаангүй байна Архангай аймгаас эмч нар дуудчихсан байгаа, та нөхөртэйгөө хурдан ирэх шаардлагатай байна гээд утсаа салгасан. Ийм л зүйл болсон. Мөн Батнасан нь манай гэрт Өнөболдыг авахаар орж ирэхдээ Мягмарсүрэн гэгчтэй хамт орж ирсэн. Мягмарсүрэн энэ талаар сайн мэдэж байгаа. Тэгээд Архангай аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт шөнө 04 цагийн орчимд манай нөхөр Батсайхан бид хоёрыг очиход манай хүү нас барчихсан байсан ба манай хүүг харанхуй шөнөөр моринд давхил хийлгэж байгаад морь барианы газрын торон хашааг мөргүүлсний улмаас моринд даруулж амь насыг нь хохироосон байсан. Хэргийн газар очиход ногоон торон хашааны хуруу шиг бүдүүн тросс тасарсан байна лээ. Маш хүчтэй л мөргөсөн юм шиг байна лээ. Хэргийн газарт үлдсэн мөрнөөс харвал морь унасан гэмээр мөр байсан ба хүүхэд ийш тийш шидэгдсэн мөр байгаагүй, мөн шинжээчийн дүгнэлтээр манай хүүгийн уушиг нь бяцарсан байсан. Ийм учраас манай нөхөр бид хоёр хүүхдээ моринд даруулж нас барсан гэж үзэж байна. Гэхдээ мориноос газар унахдаа уушиг нь бяцарсан уу, даруулж бяцарсан уу гэдгийг мэдэхэд хэцүү. Харин хантааз, хамгаалалтын малгайг нь өмсгөсөн байсан бол ийм зүйл болохгүй. Шинжээчийн дүгнэлтээр суурь ясандаа ч гэмтэлтэй байсан. Батнасаи хариуцлагагүй хандаж харанхуй шөнө хурдны морь унуулж байгаад амь насыг нь хохироосон. Миний хувьд бол гэгээн цагаан өдрөөр морио унуулах байх л гэж зөвшөөрч Батнасан хүүхдээ өгсөн болохоос харанхуй шөнөөр ажил хийлгэнэ гэсэн бол хүүхдээ өгч явуулахгүй байх байсан. Батнасанг харанхуй шөнөөр манай хүүгээр морь унуулна гэдгийг би мэдээгүй. Угаасаа Батнасангийн энэ үйлдэл бол тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байна. Харанхуй шөнө хурдны морь унуулж давхил хийлгэнэ гэдэг бол маш аюултай зүйл. Хэрэг болсон газар нь Архангай аймгийн Өлзийт сумын наадмын талбайн морь барианы газар байх ба сумын төвийн баруун урд талд ойролцоогоор 500-600 орчим метр зайд байсан. Би яг явуулахгүй унуулахгүй гэж хэлээгүй. Гэхдээ Батнасанг аавд нь хэлж байж авч яваарай л гэсэн. Би муу юм бодож явуулаагүй. Би хүүгээ айрагдаад ирээрэй л гэж гэрээс нь гаргасан. Миний хүү бол маш ухаалаг, багаасаа хурдан морь унасан, сайн унаач хүүхэд болохоор сайн л юм бодож явуулсан. Батнасан нь 2015 оны 06 дугаар сарын 25-нд шиг санагдаж байна айлын хүүхдийг үүрээр үзэгдэх орчин хязгаарлагдмал байх үед хурдан морь унуулж байгаад мориноос унагаж амь насыг нь эрсдүүлж хохироож байсан. Ийм аюул эрсдэл учирч болдог гэдгийг Батнасан сайн мэдэж байж дахин ийм үйлдэл хийж хүний амь нас хохироож байгаа нь болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. Би маш их гомдолтой байна. Харин нэхэмжлэх зүйлийг манай нөхөр хэлнэ. Нааш цаашаа явахад зардал их гарч байгаа. Гэхдээ бид нар хүүхдээ мөнгөөр үнэлэхгүй. Буруутай хүнд хуулийн хариуцлага хэрхэн хүлээлгэх нь л бид нарын хувьд гол асуудал юм. Гэгээн цагаан өдрөөр манай хүүхдээр морь унуулж байгаад ийм зүйл болсон бол өөр асуудал юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 дүгээр тал/

    * Насанд хүрээгүй гэрч Б.Чойсүрэндоржийн өгсөн: 

    “...Би Ж.Батнасан ахыг танина бид төрөл садангийн холбоотой бид 2 эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Би мэдүүлэг өгнө мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн хамаатны ах Ж.Батнасан хамаатны дүү 8 настай Тэмүүлэн Мягмарсүрэн ах болон талийгаач Б.Өнөболд нарын хамтаар Архангай аймгийн Өлзийт суманд болсон уралдаанд оролцохоор 2 морь ачаад явсан тэгээд Булган аймгийн Баяннуур сумаас Өлзийт суманд 22 цагийн орчимд очоод шууд наадмын талбай дээр очоод 2 морио буулгаад мориндоо ажил хийхээр тэгээд Б.Өнөболд бид 2 дулаан хувцас өмсөөд тухайн үед Батнасан ах хамаалах малгай өмсөөрэй гэж хэлэхээр нь бид 2 ойрхон газар юм чинь малгай өмсөх хэрэггүй гэж хэлээд бид 2 хамгаалах малгай өмсөөгүй юм. Тэгээд наадмын талбайг нилээд хэд тойрч морио халааж байгаад зурхайгаар ороод зам дагаад морио цогиулаад 2 км орчим газар явсан араас Батнасан ах Гарваа гэх Өлзийт сумын ахын хамтаар жижиг суудлын тэргээр зам гэрэлтүүлж өгөөд явж байсан. Тэгээд 2 км орчим газар яваад Батнасан ах за одоо эргээрэй саяныхаа замаараа явна шүү араас чинь гэрэлтүүлье гэж хэлсэн тэгээд барины үзүүр дээр 100-200 м орчимд очоод морио тавиад жаахан шахаад ширүүхэн яваад өгөөрэй дүүгийнхээ унаж яваа морийг тавьж болохгүй шүү сайн хөтлөөд яваарай гэж надад хэлсэн. Тэгээд би хөтөлж явсаар байгаад барианы үзүүр дөхөөд ирэхээр нь жаахан чанглаад ширүүхэн явсан тэгээд явж байгаад за жаахан зөөлрөё гээд яг зурхайн хажууд гэрэлийг нь асаагаад тавьсан байсан Портер маркийн машиныг өнгөрөөд жаахан өнгөрөөд л тор руу яваад орчихсон тэр үед миний унаж явсан морь гэнэт зогссон харин талийгаачийн унаж явсан морь урдаа таарсан торыг дайрч тор нь тасараад морь цаашаа яваад өгсөн тэгээд би торны үзүүрээр тойроод гараад иртэл Батнасан ах араас ирээд яасан бэ гэж надаас асуусан тэгхээр нь би дүү тэнд тор руу ороод уначихсан гэж хэлсэн тэгээд Батнасан ах очоод тэврээд машиндаа авч ороод эмнэлэг рүү явсан. Тухайн үед Ж.Батнасан ах машины хаалга онгойлгоод та 2 яахын хамгаалах малгай өмсөх юм уу гэж асуусан тэхээр нь Б.Өнөболд бид 2 ойрхон газар юм чинь өмсөх хэрэггүй гээд хамгаалах малгай өмсөөгүй юм. Тэгээд Батнасан ах зузаан малгайтай цамц Б.Өнөболдод өмсүүлээд дотор талаар нь давхар ноосон малгай өмсүүлсэн байсан юм. Бид хурдан морь унах үедээ малгай, цээживч, өвдгөвч, тохойвч өмсдөг. Дээрх хэрэглэл уяач болгонд байдаг юм. Тухайн үед дээрх эд зүйлс бүгд байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан мөн Өнөболд нь Тэмүүлэнгээс ах ба урьд өмнө түрүүлж морь унаж сурсан хурдан морь сайн унадаг байсан болохоор Өнөболд бид хоёрыг хамт мориндоо ажил хийлгэх болсон юм. Талийгаач Б.Өнөболдын унаж явсан морь номхон урьд өмнө уяж сойж байсан шүдлэн үрээ байсан урьд өмнө Б.Өнөболд энэ морийг сунгаа болон үсэргээнд унадаг байсан. Би урдаа байсан торийг хараагүй. Араас гэрэлтүүлж явсан машин хонхор газар руу орох үед зам харагдахаа больсон яг тэр үед бид хоёрын урд тор гарч ирээд талийгаач морьтойгоо хамт тор руу орчихсон би талийгаачийг баруун талдаа хөтлөөд явж байсан юм. Тухайн үед Ж.Батнасан ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Уг үйл явдлыг би сайн харсан тухайн үед Мягмарсүрэн ах Портер маркийн машины хажууд байсан харсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 дүгээр тал/

    * Гэрч С.Мягмарсүрэнгийн өгсөн: 

    “...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд байж байгаад Ж.Батнасанг Архангай аймгийн Өлзийт сум руу наадамд явна гэхээр нь би хамт явахаар болоод хамт явсан юм. Тухайн үед Ж.Батнасан 2 морь уяж урдалуулахаар явж байсан. Тэгээд тэр өдрөө 22-23 цагийн орчимд ачиж ирсэн 2 мориныхоо чилээг гаргах гэж Чойсүрэндорж болон талийгаач Б.Өнөболд гэх хүүхдүүдийг мордуулсан юм. Тэгээд Ж.Батнасан нь өөрөө нэг найзынхаа хамтаар жижиг тэрэгтэй хамт дагаад араас нь гэрэлтүүлээд явж байсан. Тухайн үед Чойсүрэндорж талийгаач Б.Өнөболдыг унаж явсан морийг хөтлөөд хамт явж байсан тэгээд Ж.Батнасан явах үедээ барианы зурхай дээр өөрийн унаж ирсэн Портер маркийн машинаа асаагаад гэрлийг нь асаагаад орхисон байсан юм. Тэр үед би жаахан 8 настай Тэмүүлэн гэх хүүхдийн хамт Портер маркийн машины хажууд үлдсэн юм. Тэгээд байж байтал Чойсүрэндорж болон талийгаач Б.Өнөболд 2 морио унасаар хонхор даваад ирж явсан тэгээд Тэмүүлэн бид хоёрын хажуугаар Чойсүрэндорж талийгаач Б.Өнөболд 2 морьтойгоо нилээд ширүүхэндүү гараад давхисан түүний араас Ж.Батнасан жижиг тэрэгтэй замыг нь гэрэлтүүлээд л хонхор даваад гараад ирсэн тэр үед гэнэт л тороос төмөр утас тасарч байгаа юм шиг чимээ гараад л явчихсан тэрүед Ж.Батнасан араас нь Б.Өнөболдын мориноос унаан газар машинтайг аа явж очоод талийгаачийг аваад машинд авч ороод над дээр ирээд надтай хамт эмнэлэг орсон юм. Бид нар эмнэлэг орох үед талийгаач нас барсан байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Хамгаалах малгай бол өмсөөгүй ямар учраас өмсөөгүй талаар мэдэхгүй. Ер нь бол манай уяачид морио ойрхон хөдөлгөх үедээ бол  хамгаалах малгай хувцас өмсүүлдэггүй. Цаг агаарын хувьд тогтвортой намуухан байсан харин тэр шөнө саргүй харанхуй шөнө байсан. Би талийгаач Б.Өнөболдыг мориноос унаад л нас барсан гэж бодож байна. Өөр нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Уг морь эмээлтэй байсан. Шүдлэн насны үрээ байсан уг морь даага насандаа уяж сойгдож уралдаж байсан. Тэр үед Ж.Батнасан өөрөө л ачиж ирсэн морины чилээг гаргах санаатай мориндоо ажил хийх болсон юм. Маргааш өдөр нь уралдаантай байсан. Талийгаачийн хамраас цус гарсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 дугаар тал/

    * Гэрч Г.Гэрэлсүрэнгийн өгсөн: 
    
    “...2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Ж.Батнасан Архангай аймгийн Өлзийт суманд болох наадамд оролцоно гээд морь унуулах хүүхдээ буюу талийгаач Б.Өнөболдыг эцэг эхэд нь хэлж мэдэгдээд аваад явсан юм. Тэгээд замдаа яриад л явдаг байсан. Тэгээд 22 цагийн орчимд л манай нөхөр хамт явж байгаа хүмүүсийнхээ хамтаар Архангай аймгийн Өлзийт суманд очсон байна гэж ярьж байсан. Тэр үед манай нөхөр ярихдаа мориндоо ажил хийгээд тэгээд амрана гээд ярьж байсан. Үүнээс хойш ойролцоогоор нэг цагийн дараа шахуу ойролцоогоор 23 цагийн үед манай нөхөр над руу утсаар ярьж Б.Өнөболд мориноосоо уначихсан ухаан орохгүй байна гэж ярьсан тэгээд би тэр үед талийгаачийн ээж Булганхүү рүү утсаар ярихад манай нөхрийг ярьсан гэж хэлж байсан тэгээд хамаатны ахыгаа дуудаад талийгаачийн эцэг, эхийг дагуулаад Архангай аймгийн Өлзийт суманд ирсэн юм тэр үед талийгаач нас барсан байсан. Би хэрэг явдал гарах үед хамт байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр талийгаачийг моринд ажил хийж яваад барианы үзүүрт зурхай дээр тор руу яваад орчихсон тэгээд мориноосоо унаад ухаан алдаад ухаан ороогүй гэж хэлсэн. Манай нөхөр Ж.Батнасан уралдаанд явах бүрдээ унаач хүүхдийнхээ хамгаалах малгай хэрэгсэлийг байнга авч явдаг. Би тухайн үед хамт яваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай нөхөр 2014 оны 06 дугаар сарын 25-ны өглөө эрт 06-07 цагийн үед мориндоо ажил хийнэ гээд Г.Эрдэнэбулган гэх тухайн үед манай морийг унаж байсанг хүүхдийн хамтаар гараад явсан юм. Тэгээд нэг их удалгүй манай нөхөр над руу утсаар ярьж хүүхэд мориноос уначихсан байна хүрээд ир гэж хэлсэн тэр үед би эмнэлэг дээр яваад очих үед Г.Эрдэнэбулган мориноос унасан ухаангүй байдалтай байсан, тэгээд ухаан ороогүй юм. Тэгээд энэ талаар талийгаачийн аав, ээж нарт мэдэгдсэн. Тэгээд тэр үед цагдаад мэдэгдэж улмаар Булган аймгийн цагдаагаас цагдаа нар ирж шалгасан. Тухайн үед талийгаачийн ар гэр эцэг, эх нар ямар нэгэн гомдол саналгүй гэж хэлсэн. Уг хэрэг тэгээд шалгагдаад шийдэгдсэн. Манай нөхөр Ж.Батнасан эмзэг сэтгэлтэй үр хүүхэд хань ижилдээ халамжтай архи дарс хэрэглээд байхгүй томоотой, эвсэг их л сайн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар тал/

    * Гэрч Д.Тайванжаргалын өгсөн: 

    “...Би хэргийн талаар сайн мэдэхгүй. Манай найз сүүлд нь надад хэлэхдээ мориндоо ажил хийж их л ойрхон талийгаач Б.Өнөболд, Чойсүрэндорж нараар морио унуулж өөрийнхөө машиныг бариан дээр гэрэл тусгаж гэрэлтүүлж орхиод араас нь өөр машинтай гэрэлтүүлж дагаж явж байх үед бариа руу орох үед талийгаач Б.Өнөболдын унаж явсан морь тор руу давхиж ороод талийгаач мориноосоо унаж нас барсан гэж хэлж байсан. Тухайн үед талийгаач хамгаалах малгай хэрэгсэл, малгай өмсгөсөн байсан эсэх талаар мэдэхгүй би хажууд нь байгаагүй болохоор уг хэргийн талаар сайн мэдэхгүй. Би Ж.Батнасантай багаасаа найзалж нөхөрлөсөн юм. Манай найз Ж.Батнасан үг дуу цөөтэй хүнтэй эвтэй, хараалын үг хэлдэггүй догшин ширүүн авир байхгүй томоотой их дөлгөөн сайн хүн байгаа юм. Амьдрал ахуй нь боломжийн тогтсон амьдралтай эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг одоо эхнэр нь жирэмсэн. Манай найз сум орон нутагтаа нэр хүнд сайтай сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар тал/

* Гэрч Ж.Жүгдэргаравын өгсөн: 

“...2016 оны 04 сарын 26-ны өдөр манай найз Ж.Батнасан Булган аймгийн  Баяннуур сумаас Өлзийт суманд болох наадамд морь уралдуулахаар ирсэн. Ж.Батнасан манай суманд орой харанхуй болсон байхад ирсэн яг хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. Ж.Батнасан ирээд наадмын талбай дээр байна гэж надруу утсаар ярихаар нь би Ж.Батнасан дээр очиж уулзсан. Тэгсэн чинь Ж.Батнасан унаж яваа хурдан мориндоо ажил хиймээр байна. Хурдан морио ойрхон газар үсрэгмээр байна гэсэн тэгээд би хурдан морио унаач Б.Өнөболд гэх хүүхдээрээ унуулаад нэг морьтой хүүхдээр хөтлүүлээд 2 км орчим газраас морио үсрэгсэн. Би тухайн үед Ж.Батнасантай хамт өөрийнхөө машинаар хурдан морийг эргүүлж өгөхөөр дагаад явсан. Үсэргэж байх үед хурдан морьтой хүүхэд, эргүүлж өгсөн морьтой хүн хоёр машины гэрлийн үзүүрт явж байсан. Тэгээд наадмийн талбай морь барианы баруун талын овон товонтой зам дээр машины гэрэл дээшээ доошоо болох үед уралдаж байсан морьтой хүүхэд гэрлээс гарсан уралдаж байсан морьтой хүүхэд машины урд 50 м орчим газар явж байсан. Ж.Батнасан бид хоёр машинтайгаа тэр овон товонтой замаас гараад тэгш замруу ороод морь барианы хэсэг рүү машины гэрлээ тусгасан чинь гэрлийн үзүүрт уралдаж байсан морь нь хүүхэдгүй хөндлөн давхиад гараад ирсэн. Тэгээд бид хоёр юу болов оо гэтэл Ж.Батнасан хүүхэд мориноосоо уначихлаа гээд машинаас гүйсэн. Би араас нь яваад очтол Ж.Батнасан морь унаж байсан хүүхдээ унасан газраас нь аваад сумын эмнэлэг рүү өөрийнхөө машинаар явсан. Би араас нь сумын эмнэлэг рүү яваад очсон. Эмнэлэг дээр очоод үзүүлтэл морь унаж байсан Б.Өнөболд гэх хүүхэд нас барсан байсан. Тухайн үед цас бороо ороогүй. Цаг агаар цэлмэг байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан. Шөнө саргүй байсан болохоор ойр хавийн зүйл харагдахгүй харанхуй байсан. Ж.Батнасан морио үсэргэхдээ барианы хэсэгт өөрийхөө машины гэрлийг тусгаад тавьсан байсан. Би өөрийнхөө машинтай араас нь гэрэлтүүлээд дагаад явсан. Ж.Батнасан унаач хүүхэддээ хувцасаа давхарлуулж өмсүүлж байсан. Хамгаалах малгай хэрэгсэл өмсүүлээгүй. Унаач хүүхдээ мордуулахдаа зузаан хувцас өмсүүлж байсан. Хамгаалах малгай өмсүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Манай сумын уралдааны морь барианы хэсэгтэй овон товонтой замтай тэр замруу би машинтайгаа орох үед машины гэрлийн үзүүрт явж байсан морьтой хүүхэд гэрлээс алга болсон. Ж.Батнасан бид хоёр тэр замаас гараад тэгш замруу орсон чинь уралдаж байсан хүүхэд нь мориноосоо унасан морь нь урдаас хойшоо хөндлөн давхиаад гараад ирсэн. Хүүхэд нь хаана унасан нь харагдаагүй. Хүүхэд мориноос унахыг нь хараагүй. Ж.Батнасангийн хурдан морийг унаж байсан унаач хүүхэд Б.Өнөболд нь харанхуй байсан учир наадмийн талбайн морь барианы торлуу ороод морь нь тэр торонд тээглээд морьтойгоо хамт унасан юм шиг байна лээ. Тухайн үед морь үсэргэхдээ Ж.Батнасан морь барианы талбайгаас морь үсэргэсэн Ж.Батнасан талбайд тор татсан байсныг харсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр талаар Ж.Батнасанд юм яриагүй.. Бил хоёр тэр талаар хоорондоо яриагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-132 дугаар тал/

* Гэрч  Б.Сүнжидмаагийн өгсөн:

“...Тэр өдөр цаг агаар тогтуун гадаа цэлмэг цас бороо ороогүй байсан. Орой 22 цагаас 23 цагийн хооронд гадаа саргүй харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан. Тэр өдөр билгийн тооллын 19-ний өдөх байсан. Сар шөнө 23 цагаас хойш гарч ирсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 дүгээр тал/

* Шинжээч Б.Отгонжаргалын өгсөн:

“...Би Ж.Батнасан гэх хүнийг танихгүй. Дээрх дүгнэлтийг Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Г.Дагийранжилийн тогтоолоор 2016 оны 04 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах өрөөнд талийгаач Б.Өнөболдын цогцост гадны үзлэг болон задлан шинжилгээ хийсний үндсэн дээр дүгнэлт гаргасан. Талийгаачийн хавсарсан гэмтэл буюу гавлын суурь ясны арын хонхороос дагзны төвгөр хүртэл шугаман хугаралтай байсан. Ийм гэмтэл авсан үед ухаан алдана, ухаан алдалттай байх үед 2 догчоор дотор эрхтэн доргилтын улмаас уушигны эд няцарч амьсгалын замд хөөсөрхөг цусархаг агууламж их хэмжээгээр орсноос амьсгал бүтэж нас барсан. Гадна үзлэгээс ам хамараас их хэмжээгээр улаан ягаан өнгийн хөөсөрхөг цус гарсан байсан. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх үед дотор эрхтний ерөнхий доргилтын шинжүүд болох гол судасны ар ханаар цус хуралт баруун зүүн уушигны эдэд няцралт баруун бөөрний ар гадаргуугийн хальсан доор цус хуралт хэвлийн ар хананд 11, 12-р хавирганы түвшинд зөөлөн эдэд хар хүрэн цус хуралттай байснаас үзэхэд моринд шууд дарагдсанаас үүсэхгүй харин давхиж яваа мориноос хүчтэй шидэгдэж унах болон хүчтэй доргилтоос үүсэх боломжтой. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар тал/

* Шинжээч П.Гомбодоржийн өгсөн:

“...Надад эрх үүрэгтэйгээ холбоотой асуух зүйл байхгүй. Би Ж.Батнасан гэх хүнийг танихгүй. Уяач Ж.Батнасан морь үсэргэхдээ морь уралдааны дүрэмд заасны дагуу унаач хүүхэд болох талийгаач Б.Өнөболдод хамгаалах хэрэгсэл өмсүүлэх үүрэг хүлээнэ. Ёр нь бол уралдах торь үсэргэх 2 ялгаа байхгүй. Адил ойлголт шүү дээ. Хамгаалах хэрэгсэл нь морь унаач хүүхдэд учирч болох эрсдэл гэмтлийг бууруулдаг, хамгаалдаг хэрэгсэл байгаа юм. Морь унаач хүүхдийн хамгаалах хэрэгсэлд каск, өвдөвч, тохойвч, цээжний хантааз ордог. Хамгаалах хэрэгсэл тухайн унаач хүүхдийнхээ биед таарсан байх ёстой байдаг. Шөнийн цагаар морь үсэргэж болно, болохгүй гэсэн зүйл заалт холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдаагүй. Уг асуудал унаач хүний өөрийнх нь онцлогоос хамаардаг. Гэхдээ шөнийн цагаар үсэргэлт хангалтгүй гээд морь үсэргэх гэдэг нь эрсдэлтэй.  Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 дүгээр тал/

    * Сэжигтэн, яллагдагчаар Ж.Батнасангийн өгсөн: 

    “...2016 оны 04 дүгээр сарын 27-н өдөр Архангай аймгийн Өлзийт сумын нутаг бага 3 насны аймгийн бүсийн Уралдаан болох байсан юм уг уралдаанд оролцоё гэж бодоод 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт багт гэх газрааас Мягмарсүрэн гэх ах, Чойсүрэндорж, 8 настай Тэмүүлэн гэх хамтааны дүү талийгаач Б.Өнөболд нарийн хамтаар Портер маркийн авто машинаар Өлзийт суманд ирсэн юм. Тэгээд Өлзийт сумын төвд ирээд би өөрийн найз Гарваа гэх найзтайгаа уулзаад шууд талбай дээр нь очоод мориндоо ажил хийнэ гээд шууд талбай дээр ирсэн. Тэгээд наадмын талбай дээр нь очиж морио буулгаад Чойсүрэндорж болон талийгаач Өнөболд хоёрыг хувцаслаж дуусаад Саарал халзан үрээг нь талийгаач Өнөболдод унуулаад Чойсүрэндоржид эрлийз халзан үрээг нь унуулаад Чойсүрэндоржид хандаж миний дүү Өнөболдын унаж яваа морийг тавьж болохгүй шүү гэж захиж хэлсэн. Тэгээд наадмын талбайг 5-6 удаа хатируулж 2 мориныхоо биеийг халаасан. Тэгээд морь барианы зурхайгаар 2 морио оруулсан. Тэгээд Өлзийт суманд байсан найз Гарваагийнхаа машинд би суугаад машинаар гэрэлтүүлээд Чойсүрэндорж болон талийгаач Өнөболд хоёрыг уралдааны замаар мориндоо ажил хийлгүүлээд явсан. Тухайн үед цаг ойролцоогоор 22-23 цаг болж байсан байх гэж бодож байна. тэгээд 2 км яваад буцаад хатирч цогиод 1 км 800 метр орчим явсан. Би тухайн үед араас нь машинтай дагаад гэрэлтүүлээд явж байсан. Би Чойсүрэндоржид дүүгийнхээ унаж яваа морийг сайн барьж хөтөлж явна шүү гэж захисан байсан. Тэгээд барианаас ойролцоогоор 200-250 метр газрын наанаас морийг нь хөдөлгүүлж эхэлсэн. Тэр үед 2 морь гүвээ даваад алга болсон араас нь даваад гараад иртэл Чойсүрэндорж ганцаараа цаашаа давхиад явчихсан, тэгэхээр нь би араас нь Чойсүрэндоржийг гүйцэж очоод юу болсон талаар асуухад дүү сая торны тэнд уначихсан саарал үрээ ийшээ явсан гэхээр нь наад морио хаяа дүү дээр чинь очъё гээд яваад очтол талийгаач Б.Өнөболд торон хаалтны хажууд дээшээ харсан байдалтай ухаан алдчихсан хамраас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би очоод тэвэрч аваад машиндаа авч орж ирээд шууд Өлзийт сумын эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр авч ирээд эмч нарт үзүүлсэн эмч нар үзээд ямар нэгэн боломжгүй байна, нас барчихсан хүүхэд байна гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар талийгаач Б.Өнөболдын ээж Булганхүүд Өнөболд мориноос уначихлаа ухаан орохгүй байна гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд манай эхнэр талийгаачийн аав, ээжийг хамаатан садангуудтай нь дагуулаад бүгд Өлзийт суманд ирсэн. Морь машин дээр ачигдаж ирэхээр морь хөшдөг би тухайн үед 2 мориныхоо хөшөөг гаргах санаатай л мориндоо ажил хийлгэсэн. Би тухайн үед Чойсүрэндорж болон талийгаач Б.Өнөболд нарт хамгаалах малгай болон бусад хамгаалах хэрэгсэл өмсүүлээгүй байсан. Тэр үед Чойсүрэндорж Өнөболд 2 ойрхон газар хамгаалах малгай өмсөөд яах юм бэ гэж өөрсдөө хэлж байсан. Талийгаач Б.Өнөболд миний уяж сойж байсан морьдоос 1-2 удаа унаж уралдаж байсан. Ер нь бол морь унадаг хүүхэд байсан. Тухайн үед гадаа саргүй шөнө байсан. Ерөнхийдөө харанхуй байсан. Цаг агаарын хувьд сайхан тогтуухан орой байсан. Уг саарал үрээ шүдлэн үрээ байсан. Даага насандаа эхэлж уягдаж байсан. Их номхон үрээ байсан. Урьд өмнө талийгаач Б.Өнөболд уг саарал үрээг ганцаараа унаж үсэргэдэг байсан. Тухайн үед талийгаачийг мориноосоо унасан гэх газар нь араас нь явж очоод харах үед талийгаач Б.Өнөболдын 2 хамраас цус гарсан дээшээ харсан байдалтай ухаангүй байсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд болох наадмын талаар талийгаачийн аав Батсайханд 7 хоногийн өмнө хэлж Б.Өнөболдоор морь унуулна шүү гэж хэлж байсан. Тэр үед аав нь зөвшөөрч байсан, тэгээд Архангай аймгийн Өлзийт сум руу наадамд явах үед талийгаачийг түүний ээж Булганхүүд хэлж мэдэгдээд зөвшөөрөл авч явсан юм. Би тухайн үед морь унуулж байгаа хүүхдийнхээ аяыг л харж байсан учраас өөрөө малгай өмсөхгүй ойрхон газар юм чинь малгай хэрэггүй гээд байхаар нь зузаан малгайтай цамц өмсүүлээд мордуулсан юм. Морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг морь унуулж байгаа уяач бид нар хариуцах үүрэгтэй. Морь унаач хүүхдийг эцэг, эхэд нь амаар хэлж чөлөө зөвшөөрөл аваад л явдаг юм. Би тухайн үед Сүхбаатар аймгийн харъяат танил найзынхаа хүүхдийг гэртээ авч ирээд морь унуулж байсан. Одоогоос 2014 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 06-07 цагийн орчимд Булган аймгийн Баяннуур суманд би 8 настай Г.Эрдэнэбулганаар соёолон насны морь хөлсөлүүлж араас нь би өөрөө мотоцикльтой явж байх үед Г.Эрдэнэбулганы унаж явсан морь хулганы нүхэнд хөл нь орж бүдрээд тухайн үед Г.Эрдэнэбулган мориндоо дарагдаад нас барчихсан юм. Уг асуудал яг миний нүдэн дээр болж байсан тэгээд Булган аймгаас цагдаа нар ирж уг асуудыг шалгаж шийдвэрлэсэн байдаг. Уг асуудал 2014 онд болж байсан 2015 онд болоогүй. Би анх эхэлж урьдчилан өөрөө явж замаа судалж үзээгүй. Би тухайн үед араас нь машины гэрэл тусгаж замаа таниулах зорилгоор хамт дагуулж яваад хамт буцаж ирж байх үед ийм асуудал болчихсон юм. Тухайн үед Чойсүрэндорж надад хэлэхдээ нэг мэдэхэд бид хоёрын урд тор ороод ирсэн тэгээд дүүгийн унаж явсан морь надаас алдуураад дүү газар унасан морь нь давхиад явчихсан тор руу гэнэт л орчихсон гэж хэлж байсан. Тухайн үед миний ажил хийлгүүлж байсан 2 морь миний гэрлийг нь асаагаад орхисон байсан Портер маркийн авто машиныг дөнгөж өнгөөрөөд л тор руу яваад орчихсон юм. Би уг зурхайг гэрэлтүүлж харуулах таниулах зорилгоор машиныхаа гэрлийг асааж зурхайгаас 3-4 м зайтай гэрлийг нь асааж тавьсан байсан. Би зурхайн дээр өөрийн Портер маркийн авто машинаа гэрлийг нь асаагаад хойш нь харуулж яг зурхайгаас 5-6 м наана тавьсан байсан. Тэгээд би өөрөө араас нь машинаар замыг нь гэрэлтүүлж явсан. Моринд хэзээ ч ажил хийж болно шөнө ч байсан ажил хийж болно. Энэ нь уяач уяачийн онцлогоос хамаардаг. Би хүүхдийн амь нас хохирсонд маш их харамсалтай байна, би талийгаачид маш их хайртай талийгаач надад ч гэсэн маш сайн байдаг байсан. 
Талийгаач Б.Өнөболдыг нас барсанаас хойшхи  ажил явдлыг 7, 7 хоногоор 7 хоногийн 1 дэхь өдөр бүр 49 хоног дуустал нь өөрсдийнхөө зардал мөнгөөр талийгаачийн ар гэрийхнийг хүссэн байдлаар хийж өгч буян үйлдсэн уг ажилд ойролцоогоор 8 сая гаран төгрөгийн зардал гарсан байсан. Би хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулах болноо. Би тухайн үед талийгаачийг Чойсүрэндорж гэх хүүхдээр морийг нь хөтлүүлж дүүгийнхээ унаж яваа морийг битгий тавиарай сайн хөтлөөд яваарай гэж захисан байсан, мөн барианы зурхайг гэрэлтүүлж машины гэрэл асааж үлдээж замыг нь гэрэлтүүлсэн бас араас нь машинтай дагаж замыг нь гэрэлтүүлж өгч явж байсан болохоор ийм асуудал болно гэж үнэхээр урьдчилан таамаглаж мэдээгүй байсан. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-109, 111-112 дугаар тал/ 

    * Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

    Дүгнэлтэд: “...1. Талийгаач Б.Өнөболдын биед хавсарсан гэмтэл болох гавлын суурь хугарал, уушигны эдийн няцрал, амьсгалын замын цусархаг агууламж, дотор эрхтэний доргилтийн шинжүүд, баруун зовхины гадна буланд цус хуралт, зүүн зовхины гадна дээд хэсэгт цус хуралт, зулгаралт, нурууны баруун доод хэсэгт жижиг зулгаралт, баруун өвдөгний гадна дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун өвдөгний дотор хажуу хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн болон доргих үйлчлэлээр үүснэ. 3. Биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарна. 4. Талийгаач нь суурь ясны хугарал болон уушигны эд няцарсны улмаас амьсгалын замд цус орж амьсгал бүтэж нас баржээ. 5. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй. 6. Талийгаач Б.Өнөболд нь 3 дугаар бүлгийн цустай байна. 7. Талийгаачид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/

    * Архангай аймгийн Өлзийт сумын Морин спорт уяачдын хобооны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт:

    Дүгнэлтэд: “...1. Уяач Ж.Батнасан нь Морио үсэргэхдээ унаач хүүхдийг хамгаалах малгай хэрэгсэлгүй морь унуулсан үйлдэл нь Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шөнийн цагаар морь үсэргэсэн үйлдэл нь холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйлдэл байна. 2. Уг осолд сумын морь уралдах зурвас, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй, уг осол гарах болсон шалтгаан нь шөний цагаар орчны нөхцөл байдал харагдах боломжгүй харанхуй орчинд морь үсэргэснээс уг осол гарсан байнна...” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар тал/
    * Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/
    * Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар тал/
* Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр тал/ 
* Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 24-ний өдрийн а/125 дугаартай захирамж /хх-ийн 30 дугаар тал/
* Өлзийт сумын Засаг даргын 2016 оны 04 сарын 18-ны өдрийн а/36 дугаартай захирамж /хх-ийн 31 дүгээр тал/
            * Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 8, 25-27, 32 дугаар тал/
            * Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 161 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухайн тогтоол /хх-ийн 35-36 дугаар тал/
            * Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 161/а дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухайн тогтоол /хх-ийн 56-57 дугаар тал/
            * Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 52 дугаартай тогтоол /хх-ийн 65-66 дугаар тал/
            * Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 5/79 дугаартай  Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухайн тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухайн тогтоол /хх-ийн 73-74 дүгээр тал/
            * Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 205 тоот тодорхойлолт /хх-ийн 113 дугаар тал/
            * Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114-115 дугаар тал/ зэрэг болно. 
            * Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 120 дугаар тал/
            *  Хохирол авсан тухай баримт /хх-ийн 145 дугаар тал/
            * Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 сарын 30-ны өдрийн 08 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт /хх-ийн 158 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

        Шүүгдэгч Ж.Батнасан нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 22-23 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын төвд шөнийн цагаар хамгаалах хэрэгсэл өмсүүлэлгүйгээр Б.Өнөболдоор уралдааны морь унуулсаны улмаас Б.Өнөболд мориноос унаж нас барж Ж.Батнасан нь түүнийг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Л.Батсайханы “...Батнасан нь Булганхүүгээс Архангай аймгийн Өлзийт суманд болох наадамд танай хүүхдээр морио унуулъя гэж хэлээд аваад явсан байсан. Булганхүү Өнөболдыг явахад нь хурдан морь унахдаа өмсдөг хантааз, хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, эмээл зэрэг зүйлсийг нь бүрэн бүтэн өгч явуулсан байсан. Гэтэл Батнасан нь 2016 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө ойролцоогоор 23 цагийн орчимд харанхуйд морио давхил хийлгэж байгаад хамаалалтын торон хашааг мөргүүлсний улмаас манай хүүхэд мориндоо дарагдаж нас барсан. Тухайн морийг нь манай хүү унаж байсан байна лээ. Батнасан нь шөнө мориндоо давхил хийлгэхэд хүүхэд гэмтэж бэртэх, амь насаа алдах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой, давхил хийлгэж байгаа газар орноо судалсан байх ёстой байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Чойсүрэндоржийн “...бид 2 ойрхон газар юм чинь малгай өмсөх хэрэггүй гэж хэлээд бид 2 хамгаалах малгай өмсөөгүй юм. Гэрэлийг нь асаагаад тавьсан байсан Портер маркийн машиныг өнгөрөөд л тор руу яваад орчихсон тэр үед миний унаж явсан морь гэнэт зогссон харин талийгаачийн унаж явсан морь урдаа таарсан торыг дайрч тор нь тасараад морь цаашаа яваад өгсөн тэгээд би торны үзүүрээр тойроод гараад иртэл Батнасан ах араас ирээд яасан бэ гэж надаас асуусан тэхээр нь би дүү тэнд тор руу ороод уначихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Булганхүүгийн “...Батнасан 2016 оны 04 дүгээр сарын 26- ны шөнө 23-00 цагийн орчимд над руу утсаар яриад Өнөболдыг мориноос унаад ухаан орохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Батнасангаас хаана байгаа юм бэ гэхэд Архангай аймгийн Өлзийт суманд байна, ухаангүй байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Мягмарсүрэн, Г.Гэрэлсүрэн, Д.Тайванжаргал, Ж.Жүгдэргарав, Д.Сүнжидмаа нарын мэдүүлэг, хохирогч Б.Өнөболд нь амь нас аврагдах боломжгүй тархины суурь ясны хугарал болон уушигны эд няцарсны улмаас амьсгалын замд цус орж амьсгал бүтэж нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 31 тоот дүгнэлт, шүүгдэгч Ж.Батнасан Монголын морин спорт уяачдын холбооны уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтооосон шинжээчийн 01 тоот дүгнэлт шинжээч эмч Б.Отгонжаргал, П.Гомбодорж нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ж.Батнасангийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       
    
              Эрүүгийн хуульд заасан бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн объектив тал нь аюулыг урьдчилан сануулсан, болгоомжлуулсан ямар нэгэн журмыг зөрчсөн, үүний улмаас хүний амь нас хохирсон үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан байх ба гэм буруутай этгээдийн хөнгөмсөгөөр найдсан эсхүл хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч Ж.Батнасангийн гэм буруутай үйлдэл дээрх гэмт хэргийн бүрэлдхүүнийг хангаж байгаа болно. 
            
        Энэ хэргийн мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэв.
     
    Шүүгдэгч Ж.Батнасанд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

    Шүүгдэгч Ж.Батнасан нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байх ба анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Батнасан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

                                                             ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Баатат овогт Жамъяншаравын Батнасанг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батнасанг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Батнасанд ногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

    4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Батнасан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.Батнасанд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

    6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батнасанд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    7. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ГАНДОЛГОР