| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2024/0195/Э |
| Дугаар | 2024/шцт/209 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/шцт/209
2024 03 19 2024/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга о.Жавхлан,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000530043 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***** оны ** дугаар сарын ***-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, харилцаа, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр хүүхдүүдийн хамт ******* дүүргийн **** дугаар хороо, ******* ***** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь ***** оны **** дугаар сарын **-ноос ***-нд шилжих шөнө *** цагийн орчим ******* дүүргийн *** дугаар хороо, *******ы **** дүгээр байрны *** давхрын авто зогсоолд байрлуулсан **-*** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын толийг гараараа гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 1,455,100 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
1. Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би **** оны *** дугаар сарын ***-ны өдөр 20 цагийн орчим ажлаас гэртээ буюу ******* дүүргийн ** дугаар хороо, *******ы *** дүгээр байрны ** давхарт авто машинаа байрлуулсан. Байрлуулахад сул зогсоол байгаагүй бөгөөд бусдын машин тэргийг хаахгүйгээр өөрийн ийн тээврийн хэрэгслээ дугаартай зогсоолын хажууд сул зайнд байрлуулж үлдээсэн. Гэртээ орж амарчхаад маргааш нь буюу 12 дугаар сарын 07-ны өдөр 06 цаг 40 минут орчим гарч машинаа унах гэтэл миний машины жолооч талын толийг сууриар нь хугалаад хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21 дэх тал/
3. Хохирогч Э.Эрдэнэбаяраас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8 дахь тал/
4.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10-13 дахь тал/,
5. Хөрөнгийн үнэлгээний “БанХас” ХХК-ийн 2024 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 999 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,455,100 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-26 дахь тал/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 40 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 43 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дэх тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/, эд хөрөнгтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 45 дахь тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 46 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 48 дахь тал/,
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагийн орчим ******* дүүргийн 17 дугаар хороо, *******ы 511 дүгээр байрны в1 давхрын авто зогсоолд байрлуулсан 88-82 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын толийг гараараа гэмтээсэн үйл баримт тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч эзэмшлийн 8882 улсын дугаартай Хьюндай Жэнэсис маркийн тээврийн хэрэгслийн 1 талын толийг гэмтээсний улмаас 1,455,100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэхохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би өөрөө их бухимдуу явж байсан тул туханй хар өнгийн суудлын тээврийн хэрэгслийн жолоочийн буюу зүүн талын толийг нь хажуугаар нь гарах үедээ цохиод өнгөрсөн. Тэгээд бүр бачимдаад болохгүй болохоор нь буцаж ирээд тэр машины толин дээр хоёр дарахад хугарсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн ба дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн материаллаг бүрэлдэхүүнтэй, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт учруулсан байхыг шаарддаг.
Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага болох “Банхас” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн **** дүгээр үнэлгээгээр тээврийн хэрэгслийн толийг 1,455,100 төгрөгөөр үнэлсэн тул гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмч, хөрөнгийг устгаж болохгүй гэдгийг мэдсээр байж, хууль бус аргаар устгаж бусдад хохирол учруулсан байдаг онцлогтой.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч *******гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн хуулийн зохицуулалттай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч тээврийн хэрэгсэлд “Банхас” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 999 дүгээр үнэлгээгээр 1,455,100 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад уг төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч “гомдол саналгүй” гэх тайлбар /хх-ийн 51 дэх тал/-ыг гаргасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, түүний хувийн байдал /...35 настай, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******д сануулав.
Шүүгдэгч *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР