| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/00504/И |
| Дугаар | 184/ШШ2021/00827 |
| Огноо | 2021-03-29 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2021/00827
2021 03 29 184/ШШ2021/00827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, гудамж, дугаар байр, тоотод оршин суух, А овогт Д-н Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Тахилтын эцэс, задгайд оршин байх, “Н.А” ХХК /рд./-д холбогдох,
Орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн Д.Б-н амьдарч байсан орон сууц нь ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас уг нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, талбай дээр нь “Н.А” ХХК шинээр орон сууц барьж тус байрны оршин суугчдыг орон сууцаар хангахаар харилцан тохиролцсоны дагуу тэрээр 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дээрхи компанитай орон сууцаар хангах тухай гэрээг байгуулсан. Д.Б нь Н.А ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр №29/158 тоот нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр 3,73 м.кв талбайг нэмж захиалан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Шинээр баригдсан орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр улсын комисс хүлээн авсан бөгөөд Д.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлснөөр захиалсан байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Д.Б нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандах гэтэл “Н.А” ХХК нь орон сууцаар хангах гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч түүнтэй салшгүй холбоотой шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа нь түүнийг эд засгийн болон сэтгэл санааны хохиролд оруулсаар байна. Иймд Д.Б-гСонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90А байр, 13 дугаар давхар, 158 тоотын 53,05 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгч Д.Б нь анх амьдарч байсан орон сууцаа буулгахад захиалгын анхны гэрээ хийсэн оршин суугч байдаг. Төлбөрөө бүрэн төлсөн ч хариуцагч компанийн үйл ажиллагааны улмаас барилгаа бүхэлд нь зээлийн барьцаанд бариулсан байсан, сүүлдээ эрүүгийн хэргээр шалгагдаж байсан зэргээс болж өөрийн амьдарч байгаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж чадахгүй хохирч яваа хүн юм. Компанийн эдгээр асуудлууд одоо шийдвэрлэгдэж дууссан. Анх барилга ашиглалтанд орж 2016 онд улсын комисс хүлээн авснаас хойш орон сууцны түлхүүрээ гардан авч өнөөг хүртэл тэндээ амьдарч байгаа. Уг 158 тоот хаягт өөр этгээдтэй давхардуулан гэрээ байгуулсан болон өөр этгээдэд өмчлөл, эзэмшил шилжсэн зүйл, маргаантай асуудал байхгүй гэв.
Хариуцагч Н.А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Монгол Улсын иргэн Д-н Б нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд хандан “Н.А” ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90А байр, 13 давхар, 158 тоотын 53,05 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Д.Б-тэй байгуулсан гэрээ болон түүний үнийн дүнгийн талаар маргах зүйлгүй ба байрны гэрчилгээний хувьд тухайн орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн ч холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаж дууссанаар гэрчилгээ гарах боломжтой болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Н.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б миний бие 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт хуралд өөр хурал давхцаж байгаа тул оролцох боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хэргийг эзгүйд шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Н.А” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Б нь “Н.А” ХХК-тай, 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 29 тоот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-48 дугаар байрны оршин суугчидтай байгуулсан орон сууцаар хангах тухай гэрээг, мөн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 29/158 тоот Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 3-48 айлын 29 тоотод орон сууцны оршин суугч иргэн Д овогтой Б-тэй хийсэн 29 тоот гэрээний хавсралт /нэмэлт/ гэрээг тус тус байгуулсан байна.
Хариуцагч Н.А ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-р хорооллын нийтийн зориулалттай орон сууцны 3-ын 48 дугаар байрын 29 тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг буулгаж оронд нь уг газар дээр шинээр баригдах орон сууц буюу 240 айлын орон сууцны А блок, 90А байр, 13 давхар, 158 тоот, 53,05 м.кв талбайтай орон сууцыг барьж, орон сууцаар хангах үүргийг хүлээсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5, 3.1-д орон сууцыг шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ нь хуучин ашиглаж байсан талбайн хэмжээнээс багагүй байх ба давуу эрхтэйгээр эзэмших эрхийг эхний ээлжинд эдэлнэ гэжээ. Талуудын хооронд байгуулсан дээрх нэмэлт гэрээгээр нэхэмжлэгч Д.Б зөрүү 3,73 м.кв талбайн үнийг 1 м.кв-ийн үнийг 1,000,000 төгрөгөөр тооцон 3,730,000 төгрөгийг Н.А ХХК-д нэмж төлж нийт 53,05 м.кв талбайтай байрыг сонгон гэрээнд өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Б нь орон сууцны үнэд 1 м.кв-ийг 1,000,000 төгрөгөөр тооцон 3,730,000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээ үүргийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Дээрх гэрээ нь хэдийгээр “Орон сууцаар хангах тухай гэрээ” нэртэй боловч гэрээний агуулга болон гол нөхцлийн хувьд худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинжүүдийг агуулжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын тайлбараар А блокийн дээрх орон сууц 2016 онд ашиглалтад бүрэн орж, Д.Б нь 158 тоот орон сууцны түлхүүрийг 2016 онд хүлээн авч, өнөөг хүртэл уг байрандаа амьдарч өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байгаа болох нь хэрэгт авагдсан Д.Бд Н.А ХХК-иас 2014 онд олгосон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 240 айлын орон сууцны А блок, 90А байр, 13 давхар, 158 тоот, 53,05 м.кв талбайтай орон сууцны захиалагч болохыг баталсан “Батламж” бичиг, уг орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримт зэргээр бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Харин хариуцагч буюу худалдагч “Н.А” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Н.А ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-р хороолол, 240 айлын орон сууцны А блок, 90А байр, 13 давхар, 158 тоот, 53,05 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргадаг.
Иймд нэхэмжлэгч Д.Б-н орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 240 айлын орон сууцны А блокны 13 давхрын 158 тоот 53.05 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр А овогт Д-н Б /рд:/-ийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН