Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

 

 

 

 

2024 оны 02 дугаар                       Дугаар 2024/ШЦТ/27                             Мандал сум

сарын 16-ны өдөр                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                           Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                          Г.Тунгалаг

                        Шүүгдэгч                                               ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2432000000003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* ******* төрсөн, 43 настай, эмэгтэй, Урианхай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт *******, 179 дүгээр “Бөхөн” хөдөө хэсэгт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн ******* овогт ******* /******* /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хараа 1 дүгээр баг “Бөхөнгийн өвөр” гэх газарт 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө өөрийн төрсөн охин маргалдаж, улмаар аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

   Эрүүгийн 2432000000003 тоот хавтаст хэргээс:

 

   Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: 2023 оны 12 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед би Баянгол сумын төвийн гэрээсээ Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Бөхөнгийн өвөр гэх газарт очсон. Намайг гэртээ ороход орон дээр хэвтэж байсан. Миний охин Л.Сувд-Эрдэнэ газар утас ухаад хэвтэж байсан. Тэгэхээр нь би маргаашаас манай ах дүү нарын идэшний хэдэн малыг нь гаргая гэж ярихад миний охин Л.Сувд-Эрдэнэ би тэр гэдэс гүзээг чинь цэвэрлэхгүй танай ах дүү нар чинь өөрсдөө ирээд малаа янзлаад аваад явж болдоггүй юм уу гэж уурласан. Тэгэхээр нь би охин би чамаар цэвэрлүүлэхгүй би өөрөө цэвэрлэнэ гэж хэлсэн. Тэгэхэд миний охин Л.Сувд-Эрдэнэ та хэзээ малын гэдэс цэвэрлэдэг байсан юм бэ? Гадуур золбин тэнээд явж байдаг биз дээ. Түрүүн 60 ямаа гаргаж байхад 4-5 цаг алга болж байгаад ирээ биз дээ гэж хэлсэн. Тухайн үед би нөхөр би 4 цаг явсан юм уу гэж асуухад 2 цаг орчим яваад ирсэн гэж хэлсэн. Тэгээд би охин хэвтэж байхаар нь хөлөн дээр нь өшиглөсөн чинь миний охин Л.Сувд-Эрдэнэ чамайг хэн ээжийгээ гэж боддог юм бэ? Чи муу банзал янхан гэж хэлсэн. Тэгээд надтай барьцалдаж аваад байж байхад нь гэрийн гэрэл унтарчихсан. Тэгэхэд миний нүүрийг Л.Сувд-Эрдэнэ маажаад, нүдний шил унагаасан. Тэгэхэд гэрэл асаад найз залуу нь босож ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхэд намайг Л.Сувд-Эрдэнэ шууд намайг өшиглөөд унагаачихсан. Тухайн үед миний нөхөр Л.Лхагвасүрэн та нар больцгоо гээд газар сууж байсан. Тэгэхэд намайг зүүн талын орон дээр сууж байхад намайг банзал, янхан гэх мэтээр доромжлохоор нь би тэсэхгүй охин ширээн дээр байсан шаазан аягыг аваад шидэхэд зүүн талын толгойн дээр нь оноод тэр аяга нь шалан дээр унаад хагарсан. Тэгэхэд миний охин Л.Сувд-Эрдэнэ хэсэг 5-10 минут орчим ухаан санаа нь балартаад хана түшээтэй байсан. Тэгээд намайг охин ойртох гэхээр нөхөр Л.Лхагвасүрэн, найз залуу нар намайг ойртуулахгүй болохоор нь би ноцолдож байгаад охин тэвэрч авсан. Би охин уучлаарай ээжийнх нь буруу шүү гэж хэлээд үнссэн. Тэгэхэд энэ хугацаанд найз залуу гарч гүйгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Тухайн үед миний нөхөр Л.Лхагвасүрэн гоос чи цагдаа дуудсан юм уу? гэж асуухад би эмнэлэг дуудсан гэж хэлсэн. Тэгэхэд нь миний нөхөр Л.Лхагвасүрэн чи гэр бүлийн асуудлыг цагдаа сэргийлэх болголоо гээд уурласан. Тэгээд удаагүй байж байхад цагдаа ирээд миний охин Л.Сувд-Эрдэнэ, найз залуу нарыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

Хохирогч Л.Сувд-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний бие толгой маш их өвдөж байна. Миний ээж ******* нь хүний үгийг сонсож хүлээж авч чаддаггүй, өөрийнх нь болохгүй, буруу зүйлийн хэлэхээр л маргаан үүсчхээд байдаг. Ер нь бол жоохон байхад зоддог байсан боловч одоо том болоод улам илүү их зоддог болсон. Одоо миний ээж юм чинь би тэр хүнээс айгаад ч яах вэ дээ. Би гэр бүл дотроо ээжийн ааш занг нь үнэнээр нь хэлсэндээ л зодуулаад байгаа юм. Миний хоёр охин дүүг бас зөндөө зоддог. Ээжийн өөдөөс нь бид нарыг та зодох эрхгүй гэж хэлээд би зодуулдаг. Бусад манай гэр бүлийн хүмүүс ээжид юу ч хэлж чадахгүй. ...Миний зүгээс гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай “ биед духны зүүн дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-н 25-26-р тал/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 22 цаг 20 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын цагдаагийн хэсгийн Хараа 1 дүгээр баг “Бөхөнгийн өвөр” гэх газар толгойн тус газраа аяга толгой руугаа шидүүлээд 5 сартай жирэмсэн эмэгтэй ухаан орохгүй байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу эх баригч бага эмч , хэсгийн төлөөлөгч, цагдаагийн зохицуулагч нар Баянгол сумын Эрүүл мэндийн төвийн 41-03 СЭҮ Улсын дугаартай “пургон” машинаар дуудлага өгсөн айлд очиход Баянгол сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь охин толгой руу аяга шидэж толгойг нь хагалсан байдалтай байсан. Эх баригч бага эмч охины биед эмчийн анхан шатны тусламж үзүүлж Баянгол сумын Эрүүл мэндийн төвд авчирч 2 оёдол тавьж явуулсан. *******гийн охин толгойн зүүн талын орой хэсэгт нь аягаар яз цохисон шархтай цус нь гоожоод хатчихсан байдалтай байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

         

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, *******гийн оршин суудаг тухай лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 52 дугаар тал/, гэрлэсний лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-н 54 дүгээр тал/ зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох талаар:

  Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:... Хохирогч өгсөн мэдүүлэг, /хх-ийн 12-р тал/, Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-н 25-26-р тал/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч шүүгдэгч *******гаас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 600 нэгж буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 /зургаан зуу/ нэгж буюу 600000 /зургаан зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан ******* нь торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ