| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2024/0075/Э |
| Дугаар | 2024/штц/86 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Л.Т |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/штц/86
2024 01 26 2024/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Л.Төгсжаргал,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2210025611974 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ний өдөр ******* аймагт төрсөн, *** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгт ажилтай, ам бүл **, хүргэн, хүүхдүүдийн хамт ******* дүүрэг, *** дугаар хороо, ******* хороолол, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд/:
Шүүгдэгч ******* нь **** оны ** дугаар сарын **-нөөс ** нд шилжих шөнө ******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс Петролиум” ШТС-ын ойролцоо авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байхад нь таслан зогсоосон ******* дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч ийг “тээврийн хэрэгслийг нь саатуулж, ачилтын машинаар ачиж явах” гэлээ гэх шалтгаанаар хэл үгээр доромжилж, албаны хувцсыг нь урж, биед нь халдсан, дохиурыг нь хугалсан зэрэг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
3. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхбилэг урд талын зам дээр урдаас хойшоо явах чиглэлд хяналт шалгалт хийгээд 3 автомашин зогсоосон. Ачигч машин мөн байсан. Энэ 3 машин дунд ийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн...би бусад автомашинуудыг шалган ажиллаж байхад ирснээс хойш 20 минутын дараа ийн автомашиныг ачих гэхэд жолооч эмэгтэй болон цуг зорчиж явсан нөхөр нь гэх эрэгтэй нар автомашиныхаа урд очоод ачуулахгүй гэж хааж зогссон. Мөнхбилэг холдуулах шаардлага тавиад энгэрийн камераар бичлэг хийх үед жолооч эмэгтэй “муу сайн гуйлгачид та нар цалингаа ингэж авдаг юм уу, мөнгөгүй хүнийг дээрэлхсэн...” гэх мэт хараалын үгээр доромжилж хараасан. Мөн ингэж доромжилж байхдаа Мөнхбилэг рүү дайрч хантаазнаас зуурсан. Энэ үед би дөхөж очоод дундуур нь ороод эмэгтэйг Мөнхбилэгийн биеэс бага зэрэг холдуулсан. Жолооч эмэгтэй намайг дунд нь байхад тойроод Мөнхбилэг рүү дайрч байхдаа энгэрийн камерыг цохиж унагаасан. Би газар унасан энгэрийн камерыг авах хооронд эмэгтэй жолооч дахиж Мөнхбилэгийн энгэрээс зуурсан. Мөнхбилэг гарыг нь тавиулах гээд 2 гараас нь бариад түлхэхэд жолооч эмэгтэй автомашиныхаа хамар дээр дээш хараад нуруугаараа хэвтсэн. Би эсэргүүцэл үзүүлээд байгаа учир хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй гээд Мөнхбилэгийн хойд талд агсамжид байсан гавыг нь авч өгсөн. Мөнхбилэг хоёр гарыг нь барьсан байсан болохоор тэр эмэгтэйг гавлаж чадаагүй. Нөгөө эмэгтэй Мөнхбилэг рүү дайрсандаа ядарч багтраад автомашины хамар дээрээ гулгаад доошоо газарт бөгсөөрөө суусан. Нөхөр нь гэх эрэгтэй хүн хажууд нь хараад зогсож байсан. Нөгөө эмэгтэй бөгсөөрөө сууснаа өөрөө хөдлөөд замын боржур дээр суусан. Энэ үед автомашиныг ачигч машинаар аваад явсан....” /хх-ийн 83-85 дахь тал/
4. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...анх шалгасан цагдаа нөгөө жолооч эмэгтэйг өөрийн машин руу авч очих үед нөгөө эмэгтэй “муу сайн юмнуудыг ажилгүй болгоно, харна” гэсэн зүйл амандаа үглэхийг сонссон. Цагдаа драггер багажаар үлээлгэхэд 1 бүхэлдтэй согтолтын зэрэг гарсныг хэлэхэд тэр эмэгтэй “чи жолооны эрхээ хэс, би машинаа аваад явлаа” гэхэд цагдаа “согтуу хүнд машиныг өгч явуулахгүй” гэсэн зүйл хэлсэн. Ачигч машин ирэх хүртэл минут орчмын хугацаанд ямар нэгэн хэрүүл болоогүй. Ачигч машин ирээд нөгөө машиныг зөөвөрлөх гээд урд нь очиж зогсох үед нөгөө жолооч эмэгтэй өөрийнхөө машины урд очоод ачих үйл ажиллагаанд саад болоод байсан. Цагдаа очоод тэр эмэгтэйд та холд, би дараагийн ажлаа хиймээр байна, тантай ганцхан харьцаад байж чадахгүй гэхэд “би машинаа ачуулахгүй, та нарыг харна” гээд орилоод агсарч эхэлсэн. Цагдаа эхлээд үг хэлээр шаардлага тавихад хүлээж авахгүй байсан болохоор холдуулах гээд гараас нь татахад тэр эмэгтэй өөдөөс нь зуураад мөрдсийг нь авах гээд байсан. Тэгээд би тухайн үед номероо боож дуусаад дахиад хараад тэр эмэгтэй замын хашлага дээр суугаад та нарыг ажилгүй болгоно, би бөө, та нарыг хараана гэх мэт үг хэлж орилоод байсан. Энэ үед ачигч машиныг ачаад хөдлөөд явсны дараа би зөрчлөө арилгасан учир цагдаа дээр очоод бичиг баримтаа авах гэж байхад жолооч эмэгтэйн нөхөр нь гээд согтуу эрэгтэй хүрч ирсэн. Машин ачих үед машинаас буусан байсан. Тэр согтуу эрэгтэй цагдаад “миний машин дотор 10,000,000 төгрөг байгаа, та нар ачаад явчихлаа, тэр мөнгө алга болбол та нар хариуцлага хүлээнэ шүү” гэхэд цагдаа “түлхүүр танд байгаа, та журмын хашаанд очоод эд зүйлээ авч болно” гэж хэлсэн. Тэр ачсан машин нь ийн гэмтэлтэй хөдөлгүүрийн доголдоллтой муу машин байсан учир тухайн үед тийм машин унасан хүнд 10,000,000 төгрөг байхгүй дээ гэж бодож байсан болохоор би энэ яриаг сайн санаж байна..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-90 дэх тал/
5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг хүртэл угацаанд ТС-14 ачлагын компанид ачигч, жолоочоор ажиллаж байсан юм. 2022 оны 8 дугаар сарын 19-ний 23:00 цагаас 2022 оны 8 дугаар сарын 20-ны өглөөний 5 цаг хүртэлх хугацаанд хуваарьт ажилтай байсан. 2022 оны 8 дугаар сарын 20-ны 1 цагийн орчим санагдаж байна. ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нисэхийн тойрог дээр машин ачуулах дуудлага ******* дүүргийн замын цагдаагийн газраас ирүүлсний дагуу би өөрийн ажлын машин болох **** улсын дугаартай машинтайгаа яваад очсон. Намайг тухайн газар очиход гэх цагдаагийн алба хаагчаас ямар машин ачиж тээвэрлэх талаар асуухад нэг жижиг оврын машин заагаад журмын хашаанд тээвэрлэж хүргэх талаар хэлсэн. Би тухайн ачих гэж байсан машины өнгө болон улсын дугаарыг нь бол нарийн сайн санахгүй байна. Тэгээд би тухайн машиныг ачих гээд өөрийн ажлын машинаа урд тавиад машинаас буугаад тухайн машины бүрэн бүтэн байдлыгхарах гээд машиныг тойрч байх үед тухайн машины эзэн гэх настай эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, надад машинаа ачуулахгүй гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тухайн хүнд зөрчил гаргасан учраас ачиж байна, та цагдааийн алба хаагчтайгаа уулзчих гэж хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэй шууд гэх цагдаа дээр очоод хэл ам хийгээд дайраад хоёр гараараар заамдаад энгэрээс нь татаж чангаагаад байсан. Тэгсэн чинь гэх цагдаа нь дахиж миний биедхалдах юм бол би биеийн хүч хэрэглэнэ шүү гэсэн чинь тухайн эмэгтэй тоохгүй, улаан дохиурыг нь газар авч шидээд, хувцаснаас нь зуураад байсан чинь гэх цагдаа тухайн эмэгтэйн хоёр гарыг нь ард нь гаргаад гавлах үед тухайн эмэгтэй шууд урагшаа хатуу зам дээр унасан. Тэгээд би тухайн машиныг ачаад журмын хашаанд байршуулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 131-132 дахь дал/
6. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-22 дахь тал/
7. ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27 дахь тал/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11558 дугаар
“...ийн биед цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо”,
- Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дахь тал/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 11530 дугаартай:
“-*******ийн биед баруун шууны зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44 дэх тал)
10. ******* дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдийн ажлын хуваарь хх-ийн 55-56 дахь тал/,
11. Албаны шалгалтын дүнгийн тухай 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн танилцуулга /хх-ийн 94-116 дахь тал/
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 152 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 151 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 149, 150 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 146 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 148 дахь тал), зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс Петролиум” ШТС-ын ойролцоо авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байхад нь таслан зогсоосон ******* дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч ийг “тээврийн хэрэгслийг нь саатуулж, ачилтын машинаар ачиж явах” гэлээ гэх шалтгаанаар хэл үгээр доромжилж, албаны хувцсыг нь урж, биед нь халдсан, дохиурыг нь хугалсан үйл баримт тогтоогдлоо.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь ******* дүүрэг дэх замын цагдаагийн газрын албан хаагч буюу цагдаа, зохицуулагч албан тушаалтай бөгөөд хэрэг гарсан гэх 2022 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ******* дүүрэг дэх цагдаагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа ын баталсан ХАн-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдын ажлын хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байжээ.
Хохирогч үүргээ гүйцэтгэх явцдаа шүүгдэгч *******ийн жолоодож явсан **** улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалган, драггер багажаар үлээлгэх үед 1,45 хувийн согтолттой байсан ба тээврийн хэрэгслийг түр саатуулах зорилгоор шаардлага тавихад түүний шаардлагыг үл биелүүлж, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан, хэл амаар доромжилж, биед нь халдсан болох нь гэрч , , мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн бичлэг зэргээр тогтоогдож байна.
Цагдаагийн албаны тухайн хуулийн 23 дугаар зүйлд цагдаагийн алба хаагчаас тавих шаардлагын талаар заасан байх ба уг зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.3 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хангах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд учирсан саадыг арилгах зорилгоор хүнийг тодорхой байр, газрыг орхин явахгүй байх, эсхүл өөр газар шилжин байрлахыг шаардаж болно”, 23.7 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч буюу цагдаа, зохицуулагч нь хууль сахиулах албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн *******ийн эсрэг биеийн хүч хэрэглэсний улмаас *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаагүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинж нь хууль сахиулагч буюу хохирогчийн тавьсан хууль ёсны шаардлага байх ба гэм буруутай этгээд нь алба хаагчийн ажил үүргийн хүрээнд тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийсэн байхыг шаардахаар хуульчилсан байна.
Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэгт: Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл ба хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль сахиулагч гэдэгт: Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээдийг хэлнэ.
Албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдэгт: Гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсан байхыг ойлгоно.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хохирогч буюу цагдаа, зохицуулагч ийн цагдаа поло цамц, шар хантаазнаас татан, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг урж, энгэрийн камерийг газарт унагаж, цээжийг урсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог ба хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй, нөгөө талаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...55 настай, тэтгэвэрт гарсан.../ зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэж тус тус зааснаар тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч *******өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд авч, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг арга хэмжээг үргэлжлүүлэн ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч *******өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт үлдээсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР