| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 101/2020/05251/И |
| Дугаар | 184/ШШ2021/00867 |
| Огноо | 2021-03-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2021/00867
2021 03 30 184/ШШ2021/00867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө “Эрэл” ХХК-ийн тоотод оршин байх, “А.Б” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, байр, тоотод оршин суух, Б овогт Д-н Б /рд://,
Хариуцагч:Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, яргайт дугаар гудамж, тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоотод түр оршин суух, Б овогт С-н Б /рд://,
Хариуцагч:Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, яргайт дугаар гудамж, тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоотод түр оршин суух, Б овогт Г-н А /рд:// нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,908,654.82 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Ч.О, хариуцагч Д.Б, хариуцагч, хариуцагч Г.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А.Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Иргэн Г.А-, С.Б, Д.Б нар нь 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2109006019 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, бараа материал худалдан авах зориулалтаар 20,000,000 төгрөгийн зээл авсан билээ.
Гэвч зээлдэгч нь зээл төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрсээр өнөөдрийг хүрээд байна. Зээлийн эргэн төлөлт хийхийг банкнаас удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 18,914,072.63 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,555,112.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 344,187.43 төгрөг, нийт 25,813,372.76 төгрөгийн өртэй болоод байна. Иймд дээрх бодогдсон үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч “А.Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 18,914,072.63 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,555,112.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 344,187.43 төгрөг, нийт 25,813,372.76 төгрөг нэхэмжилсэн ба дээрхи хугацаанаас хойш үндсэн зээл 18,914,072.63 төгрөг, зээлийн үндсэн хүү 8,383,300.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 611,281.94 төгрөг, нийт 27,908,654.82 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүү 1,828,187.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 267,094.51 төгрөг, нийт 2,095,282.06 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна. Улсын тэмдэгтийн хураамж 297,494 төгрөг төлсөн болно. Иймд зээлдэгч нараас дээрхи бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”А.Б” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн нэхэмжлэлтэй, Г.А-, С.Б, Д.Б нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.Б миний бие нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Г.А-, С.Б, Д.Б бид хамтран “А.Б” ХХК-иас 20,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд миний эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 13Б-42 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан юм. “А.Б” ХХК-иас зээлсэн 20,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг нь Д.Б миний бие авч үлдэх 17,000,000 төгрөгийг нь Г.А-, С.Б нар авсан. Миний бие өөрийн авсан 3,000,000 төгрөгөө хүүгийн хамт “А.Б” ХХК-д төлж барагдуулсан бөгөөд Г.А-, С.Б нар өөрсдийн авсан 17,000,000 төгрөгөө төлөөгүй. Тэр үед Г.А-, С.Б нарыг өөрийн сайн найзаа гэж итгэж тэдэнд тулгарсан асуудлыг нь шийдвэрлэхэд сайхан сэтгэлээр туслах үүднээс амьдралд нь дэмжлэг болох үүднээс өөрийн эд хөрөнгөө барьцаалж, зээл авч өгсөн. Гэвч өнөөдөр миний орон байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болж намайг хохироож байна. Би өөрийн эд хөрөнгө болох барьцаа хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэгт гомдолтой байгаа бөгөөд миний хувьд давхар хохирч байна. Иймд шүүх асуудалд шударгаар хандаж, Г.А-, С.Б нараас банкны нэхэмжилсэн мөнгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Д.Б, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:Тус шүүхэд нэхэмжлэгч А.Бны зээлийн гэрээний үүрэгт нэмж нэхэмжилсэн 2,095,282.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Г.А-, Д.Б, С.Б бид нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа ба зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, нотолсон баримтаа шүүхийн хэргийн материалд хавсаргасан байгаа. Мөн Монгол Улс битгий хэл дэлхий дахинд үүсээд байгаа Ковид-19 цар тахал үүсэж хөл хорио тогтоосонтой холбоотой хувиараа бизнес эрхлэгч бид нарын бизнес зогссон, орлого олох нөхцөл бололцоо хаагдсан зэргийг харгалзан үзэж А.Бнаас нэхэмжлээд байгаа хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги зээлийн торгууль зэргээс чөлөөлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Бид уг зээлийн бараа материал татахаар зээлж авсан. Анх 20 сая төгрөг зээлж авсан, бид нийтдээ 5,000,000 гаруй төгрөгийг эргүүлэн төлсөн байгаа, одоо 27,908,654 төгрөгийг нэхэмжилж байгаа нь бид уг зээлийн бараг 32 сая төгрөг болгон төлөх гээд байна. Бидэнд маш хохиролтой байна. Анх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, биднийг хаягтаа байхгүй гэдгээр нэхэмжлэл нь буцаагдсан юм билээ. Тэр үед бидэнд зээлийн эдийн засагч маань шүүхэд хандсан, гэрээгээ цуцалж байгаа тул зээлээ төлөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд нь бид тэр үеэс хойш зээлийн хүү, алданги зогссон гэж ойлгоод явсан. Гэрээгээ цуцалж байгаа бол үндсэн төлбөрөө төлөх юм байна гэж бодсон. С.Б миний бие одоогоор эрхэлсэн ажилгүй, хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Бид урагшаа, хойшоо явж наймаа эрхэлдэг байсан боловч одоо хөл хорио тогтоож, хил хаасан тул ямар ч үйл ажиллагаа эрхлэхгүй байдалд байгаа. Сүүлийн 1 жилийн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А.Б” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгч нь хариуцагч Г.А-, С.Б, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,908,654.82 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч А.Б ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А-300 дугаартай “А.Б” ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг томилох, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай” тушаалаар томилогдож, Ариг ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн байна. /хх-ийн 6,7-р тал/
Банкны тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасан эрх хүлээн авагчийн бүрэн эрх, чиг үүргийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч “А.Б” ХХК нь хариуцагч Г.А-, С.Б, Д.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 27,908,654.82 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа тэдэнтэй байгуулсан “2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №2109006019 тоот “Зээлийн гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус үндэслэл болгожээ.
Талууд дээрх №2109006019 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай буюу 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл бизнесийн зориулалттайгаар олгохоор тохиролцсон байна. Мөн өдрийн №2109006019 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр хариуцагч Д.Бийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 13Б байр, 42 тоотод оршин байх 000174784 Ү- дугаарт бүртгэгдсэн 18 м.кв нэг өрөө орон сууцыг барьцаалсан байна. Дээрх барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалбар үйлдэгдсэн байна. /хх-ийн 8-13-р хуудас/
Эдгээр гэрээг үндэслэн нэхэмжлэгч А.Б ХХК нь хариуцагч нараас үндсэн зээл 18,914,072.63 төгрөг, зээлийн хүү 8,383,300.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 611,281.94 төгрөг, нийт 27,908,654.82 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу хариуцагч Д.Бийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 13Б байр, 42 тоотод оршин байх 000174784 Ү- дугаарт бүртгэгдсэн 18 м.кв нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
А.Б ХХК нь №2109006019 тоот гэрээгээр 20,000,000 төгрөгийг Г.А-, С.Б нарт зээлүүлэх, уг мөнгийг зээлдэгч нарт шилжүүлэх, Г.А-, С.Б нар нь зээлсэн мөнгийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүрэг хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв. Талууд энэ талаар маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.
Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
А.Б ХХК нь зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 03-ний өдөр хариуцагч Г.А-гийн тус банкин дахь 2109006019 тоот харилцах дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, хариуцагч нарын зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-16-17/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул №2109006019 тоот гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн буюу Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан үндэслэлээр зээлийг олгосон гэж үзэв.
Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийтдээ 5,235,690 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч тал уг төлбөрийг үндсэн төлбөрт 1,085,927 төгрөг, хүүгийн төлбөрт 3,963,284 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 186,487 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг. Талууд нийт төлөгдсөн төлбөрийн талаар маргадаггүй. Мөн түүнчлэн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 18,914,072.63 төгрөг, зээлийн хүү 8,383,300.25 төгрөг төгрөг төлөгдөөгүй талаар хэн аль нь маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Харин хариуцагч нар нь зээлийн гэрээг гэрээний нэг тал буюу нэхэмжлэгч А.Б өөрийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг 2019 оны 4 сараас эхлэн өгсөн, энэ хугацаанаас хойш зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэн дээрх хугацаанаас хойшхи төлөгдсөн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцуулахгүй харин үндсэн төлбөрт суутгуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Мөн хүсэлтийн үндэслэлээ “...дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахал гарсантай холбогдуулан бизнес эрхлэх боломж байхгүй, хөл хориог тогтоосон тул хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлнэ..” гэж тайлбарлаж байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар байна. Гэрээний хугацаанд хариуцагч Г.А-, С.Б нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, зээлийн эргэн төлөлт 2018 оны 12 дугаар сараас эхлэн доголдож эхэлсэн байх бөгөөд зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхийг зээлдэгч нарт мэдэгдэж, төлбөрөө төлөөгүй заасан хугацаанд төлөөгүй тохиодолд гэрээг цуцлах мэдэгдлийг зээлдэгч нарт А.Бнаас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан “Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл”-ээр тогтоогдож байна.
Иймд зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй ба гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1,3, 24 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин гэрээний хугацаа дуусаагүй байх хугацаанд зээлдэгч нараас төлсөн төлбөрөөс 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүнд нийт 186,487 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.2-т “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан нь зээлдэгчийг гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт бөгөөд гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах эрхгүй юм. Иймд дээрх гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүүнд зээлдэгч нараас төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 186,487 төгрөгийг үндсэн хүүгээс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хавсралтад заагдсан зээлийн эргэн төлөлтийн хувиар зөрчигдөж эхэлснээс хойш төлбөрийг төлүүлэх талаар болон гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өгснөөс хойшхи хугацаанд гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан зээлийн эргэн төлөлтөнд байнга хяналт тавьж биечлэн шалгаж шаардлагатай арга хэмжээг авах, 3.7-д заасан гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Шүүх дээрх үндэслэлээс гадна Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг үндэслэн зээлийн гэрээний хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байх бөгөөд энэ хугацаанд хариуцагч нарын бизнесийн үйл ажиллагаа доголдсон, ажил эрхлэж орлого олох боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч нарын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хөл хорио тогтоож эхэлсэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны хүү буюу 5,099,018 төгрөгийг нэхэмжилсэн зээлийн үндсэн хүүд нэхэмжилж буй 8,383,300 төгрөгөөс хасч, багасгах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч нараас үндсэн зээл 18,914,072 төгрөгийг, үндсэн хүүгийн 3,284,282 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүнд тооцон хассан 186,487 төгрөгийг хасч тооцон 3,097,795 төгрөгийн хамт нийт 22,012,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,896,607 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Г.А-, С.Б, Д.Б нар нь №2109006019 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хороо, дүгээр хороолол, байрны тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан №2109006019 тоот Барьцааны гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулагдсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл ба хариуцагч нар нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй байна.
Хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хариуцагч Г.А-, С.Б, Д.Б нараас 22,012,047 /хорин хоёр сая арван хоёр мянга дөчин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б ХХК-д олгож, үлдэх 5,896,607 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хороо, дүгээр хороолол, байрны тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч А.Б ХХК-ийн эрх хүлээн авагч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 297,494 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 338,210 /268,010+70200/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН