Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2023/00101

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 208/МА2023/00010 дугаар магадлалтай,

Б.М-ын нэхэмжлэлтэй,

“............” ТӨХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 27,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.М болон түүний өмгөөлөгч Э.Э, Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, өмгөөлөгч Э.Э, Д.Д, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “............” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 27,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар үйлийн 127.1-т тус тус зааснаар Б.Мыг “............” ТӨХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “............” ТӨХК-аас 19,090,668 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Б.Мын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “............” ТӨХК-аас 253,403 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шат ЙЫБУ\ы шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 208/МА2023/00010 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.2.2, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мын хариуцагч “............” ТӨХК-д холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,403 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан хариуцагчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгч Б.М би давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх миний гаргасан Хөтөлийн “............” ТӨХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь нотлох баримтыг тал бүрээс нь үндэслэлтэй шинжлэн судалж, хариуцагч компани нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн шийдвэр байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул гомдолтой байна.

4.1.Анхан шатны шүүх намайг ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргахдаа гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэж Иргэний хэрэг үүсгэсэн 683 дугаартай захирамжийг 2022.10.10-ны өдөр гаргаж, шүүхээр уг хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх хурлын явцад энэ талаар тодорхой хэлэлцэгдсэн ба хариуцагч энэ талаар санал дүгнэлт гаргаагүй нь 06 сараас хойш энэ маргаан явагдаж буйг мэдэж байгаа, гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүйг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой юм. Анхан шатны шүүхийн 2022.12.26-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт /11-р талд/ Б.М нь ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг 2022.05.17-ны өдөр хүлээн авч 2022.06.07-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан буюу 30 хоногийн хугацааны дотор байх тул шүүх мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь намайг хэд хэдэн удаа шүүхэд хандсан хөдөлмөрийн маргаан таслах комисс, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт зөвлөл байхгүй учраас шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан нь нотлогдож байгаа учраас гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж шүүх дүгнэсэн байдаг. Энэ нь хавтаст хэргийн ... талд байгаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсгийн 7 дахь заалтад нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж тайлбарладаг боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба шүүхэд 2022.09.29-ний өдөр гомдол гаргасныг хүлээн авч 2022.10.10-ны өдрийн шүүгчийн 683 дугаартай захирамжаар түүний гомдолд иргэний хэрэг үүсгэсэн байна гэж дүгнэж нэхэмжлэгч намайг гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч миний шүүхэд анх хандсанаас хойших бүхий л үйл баримт процессыг үндэслэлтэй дүгнэж гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсээр атал давж заалдах шатны шүүх энэ байдал нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шударга бус, хууль буруу хэрэглэсэн дүгнэлт гаргасан гэж үзэж гомдолтой байна. Анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагч нь ажиллагаа явуулсан нь хангалттай нотлон тогтоогдож байхад энэ талаар давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байна гэж үзэхээр байгаа боловч энэ дүгнэлтээ няцаасан дүгнэлтийг магадлалын хянавал хэсгийн 11-рт “............” ТӨХК нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо байхгүй учир сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж улмаар 2022.09.28-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022.09.28-ны өдрийн 00024 дугаартай тэмдэглэлээр тодорхойлогдож байна гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх нэг зүйлийг хоёр өөр байдлаар дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн эсэх асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүх хоёр өөр дүгнэлтийг хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч намайг албан тушаал бууруулсан тушаалд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 59-р зүйлийн 59.1.1-59.1.4 дэх хэсэгт заасан ажилтныг өөр албан тушаалд ажиллуулахтай холбоотой хуулийн зүйл заалтуудыг ажил олгогч зөрчсөн нь анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан ба гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад ажлаас халсан байгаад дүгнэлт хийгээгүй байж хэргийг бүхэлд нь хянан үзсэн гэж магадлалд тусгаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн магадлалын утгаа тайлбарлахдаа намайг шинээр сэлгүүлэн ажиллуулах тушаалын дагуу борлуулалтын ажилтны ажил албан тушаалаа гүйцэтгэж байгаад гомдол гаргах ёстой байсан гэж Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй зүйлийг тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Сэлгүүлэн ажиллуулах тухай 2022.04.13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалыг анхан шатны шүүхээс Хөтөлийн “............” ТӨХК-д хийсэн үзлэгээр уг тушаалыг 2022.05.02-ны өдөр надад илгээсэн нь тодорхой нотлон тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан байдаг. Уг тушаалыг явуулчхаад 3 хоногийн дараа ажлаас халах тушаал гаргаад байгаад давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Өөр албан тушаал дээр ажиллуулах тухай 2022.04.13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын үйлчлэл нь намайг ажлаас халсан мөн оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 тушаал гарснаар үйлчлэл нь зогсож байгаад дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн намайг ажлаас халахдаа 2020 онд анх тус компанид ажилд орохдоо байгуулсан хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг үндэслэн уг хөдөлмөрийн гэрээг цуцалсан нотлон тогтоогддог бөгөөд хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.4.1 гэсэн заалтууд /өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн/ үндэслэн тушаал гаргасан байгааг давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг барьсан хариуцагчийн эрх ашигт нийцүүлсэн гэж үзэж гомдолтой байна. Мөн 2022.04.13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалыг 05 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлчхээд 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар 3 хоногийн дараа ажлаас халсан байхад намайг 20 хоног ажил тасалсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг юу гэж ойлгох бэ?

4.3.Анхан шатны шүүхээс бууруулсан албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн ажлаас халсан 2022.05.05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаа гаргахдаа 2020.11.30-ны өдрийн А/127 дугаартай тушаалаар ажилд анх орохдоо ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан тушаал гаргасан байгаад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Борлуулалтын хэлтсийн даргаар эгүүлэн ажилд томилсон нь шүүхийн шийдвэр агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж анхан шатны шүүхээс ялгаатай байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байгааг анхаарна уу.

Мөн хариуцагч компаниас гаргаж өгсөн цагийн бүртгэлд Хэлтсийн дарга гэж цаг бүртгэсэн байдаг. 2022.04.13-ны өдрийн тушаалаа 05 дугаар сарын 02-ны өдөр явуулсан хирнээ 20 өдөр ажил тасалсан гэж бүртгэснийг давж заалдах шатны шүүх үүнийг үнэн зөв нотлох баримт гэж дүгнээд байгааг маш их гайхаж байна. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТ хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

4.4.ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн 2022.03.24-ний одрийн 530 дугаар албан тоотын талаар гэрч, харуул хамгаалалтын “Хойд сэртэн” ХХК-ийн захирал Э.Эрхэмболдын мэдүүлэгт давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Манай компанид энэ тоотын дагуу нэвтрүүлэхгүй гэсэн ажилтан нарыг нэвтрүүлж болох талаар ямар нэг албан тоот ажиллаж байх хугацаанд /2022.11.02-ны өдрийг хүртэл/ ирүүлээгүй гэж мэдүүлж байсан. /хавтас хэргийн 162-164-р талд/ Мөн хариуцагч нь Б.Үржинханд, н.Сосорбарам нар шинэ ажил албан тушаал дээр тавигдсаны дараа дотогш нэвтэрсэн гэж мэдүүлсэн байгаа тул 2022.04.13-ны тушаал хэрэгжиж эхэлснээс хойш зөвхөн дээр дурдсан хоёр ажилтанг дотогш нэвтэрсэн болох нь тогтоогдож байна. Бусад нь одоо хүртэл нэвтэрч чадахгүй албан өрөөнөөс хувийн эд зүйлээ авч чадаагүй байгаа болно.

Хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс албан тушаал бууруулж ажиллуулах тушаал гаргахдаа ч, ажлаас халах тушаал гаргахдаа ч Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн хуульд нийцсэн зүйл огт байхгүй байгаад давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан хөдөлмөрийн маргаанд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэхдээ 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэн, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ:

5.1.“............” ТӨХК нь гүйцэтгэх захирлын 2020.11.30-ны өдрийн А/127 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам батлагдсан байх ба тухайн хуулийн этгээдийн өмчлөлийн хэлбэр өөрчлөгдсөнөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байгаа хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлаагүй тохиолдолд дээрх дотоод журмыг үйл ажиллагаандаа баримталж байгааг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс “хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байгаа” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий “............” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/163 дугаар “Ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаалд ч мөн хөдөлмөрийн гэрээг байгуулахыг Захиргаа, хүний нөөцийн даргад даалгаж шийдвэрлэснээрээ хөдөлмөрийн гэрээ үргэлжлээгүй гэдэг нь нотлогдож байгаа юм. Нөгөөтэйгүүр, Б.Мын ажил албан тушаалыг бууруулахгүйгээр томилсон бол давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэнчлэн явах боломжтой байсан бөгөөд ажил албан тушаал хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байгаа гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

5.2.Хөтөлийн “............” ХК нь Төрийн өмчит ХК болж өөрчлөгдөн, ТУЗ-ийн 2022.04.06-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтцийг баталж, мөн компанийн гүйцэтгэх захирлын 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/28 дугаар “Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” тушаал гарч, үүнтэй холбоотойгоор тухайн өдрөө Б/163 дугаар “Ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаалаар Б.Мыг Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилжээ.

Б.М нь “............” ХК-тай хөдөлмөрийн гэрээг байгуулж, 2020.04.06-ны өдөр захирлын Б/119 дүгээр тушаалаар Борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж, хөдөлмөрийн нөхцөлийн хувьд үйлдвэрийн ажлын байранд өдөр бүр очиж ажиллахгүйгээр зайнаас ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тухайн үед ажил олгогчийн зүгээс ч үүнийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд үүнтэй зохигчид шүүх дээр маргаагүй юм.

Ажил олгогч нь ажилтанд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд хуульчлан заасан. Нэхэмжлэгч Борлуулалтын хэлтсийн дарга ажил үүргийг гүйцэтгэж байхад дээрх захирлын Б/163 дугаар тушаалаар Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилогдсон бөгөөд ажил олгогч нь борлуулалтын ажилтны гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар тушаал гарахаас өмнө танилцуулах үүргийг хэрэгжүүлээгүй хуулийг зөрчсөн байна. Б.Мыг борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд ажил олгогчийн зүгээс түүнийг өдөр бүр ажлын байранд байхыг шаарддаггүй, тэрээр гадуур өөр аймаг, хотод ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэдэг байсан, харин борлуулалтын ажилтан ямар хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэйг мэдээгүй, мэдэх боломжийг ажил олгогч олгоогүй гэж үзэж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж ... хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж, хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж, хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Ажилтан зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Үүнээс дүгнэвэл ажилтан Б.М борлуулалтын ажилтан албан тушаалд ажиллахыг зөвшөөрөөгүй, ажил олгогч, ажилтан харилцан тохиролцоогүй, хөдөлмөрийн гэрээг үйлдээгүй, ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхлээгүй, өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байхад ажил олгогч нь ажилтан Б.М хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь хуулийн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байхад ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэс байхгүй юм.

5.3.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж, хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж тус тус хуульчлан заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаагүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022.12.26-ны өдрийн 02 дугаар шийдвэртээ хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацааг зөв дүгнэсэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүх хуулийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нотлох баримтыг буруу үнэлсэн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбартай хүчин үйлчлэл ижил Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах талаар гаргасан зөвлөмжөөс зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж хяналтын гомдол гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх Б.Мын гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн түүний гомдол, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн ИХШХШТ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцсэн байна.

6.1.Анхан шатны шүүх Б.Мыг ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргахдаа гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэж Иргэний хэрэг үүсгэсэн 683 дугаартай захирамжийг 2022.10.10-ны өдөр гаргаж, шүүхээр уг хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Анхан шатны шүүхийн 2022.12.26-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт /11-р талд/ Б.М нь ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг 2022.05.17-ны өдөр хүлээн авч 2022.06.07-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан буюу 30 хоногийн хугацааны дотор байх тул шүүх мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Гомдол гаргагч нь нэг бус удаа шүүхэд хандсан ба компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисс, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт зөвлөл байхгүй учраас шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан нь нотлогдож байгаа учраас гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт байгаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байхад давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсгийн 7 дахь заалтад нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж тайлбарладаг боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба шүүхэд 2022.10.03-ны өдөр гомдол гаргасныг хүлээн авч 2022.10.10-ны өдрийн шүүгчийн 683 дугаартай захирамжаар түүний гомдолд иргэний хэрэг үүсгэсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

6.2.Хөтөлийн “............” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож төрийн өмчлөлд шилжүүлж авсны дараа гүйцэтгэх удирдлага нь олон тооны ажилтан, инженер техникийн ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зөрчин цуцалж ажлаас халсан байдгийн нэг нь гомдол гаргагч Б.М юм.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх Б.Мын гомдолтой хэргийг хянан хэлэлцээд хариуцагч компани нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр юм. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг буруу дүгнэж Монгол улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах талаар гаргасан зөвлөмжөөс илтэд зөрүүтэй шийдвэрлэсэн тул гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар хуульчилж өгсөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаардаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой байна. УДШ-ийн дээр дурдсан зөвлөмжийн 1.2 хөдөлмөрийн гэрээнд албан тушаалын нэр ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг заавал тусгасан байх ёстой бөгөөд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаанд гэрээний нөхцөлүүдийг хэрхэн тохиролцсоныг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэх нь чухал байна гэж зааж өгчээ. Гэтэл хариуцагч нь ажилтныхаа ажил албан тушаалыг өөрчилж, сэлгүүлэн ажиллуулах тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, түүнд ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний талаар мэдээлэл өгөлгүйгээр ажил олгогч дангаараа дур мэдэн тушаал гаргаж, уг тушаалыг хүлээж авсны дараах 3 дахь хоногт буюу 2022.05.05 -ны өдөр Б/229 дугаартай тушаалаар 2020 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээг, уг гэрээний заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халаад байгаа үйл баримтад давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй болно. Мөн 2022.04.13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалыг 05 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлчхээд гомдол гаргах хугацааг тооцолгүй шууд 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар 3 хоногийн дараа ажлаас халсан үйл баримт нь анхан шатны шүүхээс “............” ХК-ийн холбогдох бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээр тодорхой нотлон тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт болжээ.

Ажил олгогч нь ажилтан Б.Мтой 2020 онд Борлуулалтын хэлтсийн даргын ажлын байран дээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь нотлон тогтоогдож байгаа тул анхан шатны шүүх борлуулалтын хэлтсийн даргын орон тоон дээр эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж ЭМ, НД шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Харин давж заалдах шатны шүүх Борлуулалтын хэлтсийн даргаар эгүүлэн ажилд томилсон нь шүүхийн шийдвэр агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.З.Давж заалдах шатны шүүх Б.Мыг 2022.04.13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалыг хүлээж авсны дараа ажилдаа ирээд ажил үүргээ гүйцэтгэж байгаад энэ тушаалдаа гомдол гаргах ёстой байсан гэсэн утга бүхий “Мөнхсоёл нь ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй ч гомдол гаргаж байгаа нь ажил үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүйг тайлбарлах шаардлагатай” гэсэн хуульд нийцээгүй дүгнэлт хийж, түүнийг 20 өдөр ажил тасалсан гэж бүртгэсэн хуурамч нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэн зөв нотлох баримт гэж үнэлсэн нь ИХШХШТ хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

6.4.Компанийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж, гүйцэтгэх удирдлага шинээр томилогдсоноор ажилтан нарыг зайлшгүй ажлын байран дээр сэлгүүлэн ажиллуулах шаардлага үүсэн гарахгүй бөгөөд энэ нь эсрэгээрээ хууль зөрчсөн үйлдэл болох юм. Сэлгүүлэн ажиллуулахтай холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 59.1.1-59.1.4-т Ажлын ачааллыг тэнцүүлэх, тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх мэргэшүүлэх, хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх /хослон ажиллуулах/ нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сэлгүүлэн ажиллуулахаар хуульчилсан байна. Хуулийн энэ зохицуулалтад компанийн өмчийн хэлбэр өөрчлөгдөхөд ажлын байрыг заавал сэлгүүлэн өөрчилнө гэж заагдаагүй байгааг анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хуулийн 59.3-т Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэж заасан байгаа тул уг тушаал хүчин төгөлдөр бус тооцох нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүх компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “............” ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийг баталсан байна. Тус тогтоолоор Маркетинг борлуулалтын хэлтэстэй байхаар шийдвэрлэж, тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэхийг гүйцэтгэх захиралд даалгажээ гэж тэмдэглээд Б.Мыг борлуулалтын ажилтнаар томилсон байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зөрчиж гаргасан сэлгүүлэн ажиллуулах тушаалыг үндэслэлтэй гэж үзэж хуульд нийцээгүй дүгнэлт хийгээд байгаа гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгч Б.М болон түүний өмгөөлөгч Э.Э, Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.05.11-ний өдрийн 001/ШХТ2023/00544 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг хянаж шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

8.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “............” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 27,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж “...2020.04.06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “............” ХК-ийн Борлуулалтын хэлтсийн даргаар томилогдон ажилласан, 2021 оны 03 дугаар сараас компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдөж төрийн өмчит компани болсон. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2022.04.13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалаар миний эрхэлж байсан албан тушаалыг бууруулан Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосон байдаг. Дээрх тушаал шийдвэртэй танилцаж гомдол гаргахаар бэлдэх явцад 2022.05.05-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/229 дугаартай тушаалаар ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа тухайн борлуулалтын ажилтны ажлаас халсан, уг тушаалыг 2022.05.17-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Эдгээр хоёр тушаал нь хууль зөрчсөн тул анхны ажил буюу Борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, холбогдох шимтгэлийг төлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргахдаа “...“............” ХК-ийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж, төрийн өмчит хувьцаат компани болж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, Борлуулалтын хэлтэс нь Маркетинг, борлуулалтын хэлтэс гэж шинээр зохион байгуулагдсан. Үүнтэй холбоотой удирдах ажилтныг давхар борлуулалт, маркетингаар мэргэшсэн хүн байх нь зүйтэй гэж үзэж н.Г-ийг тус хэлтсийн даргаар томилж Б.М-ыг ажилтнаар томилсон. Энэ тухай тушаал нь 2022.04.13-ны өдөр гарсан боловч тэрээр тушаал гарахаас өмнө болон гарснаас хойш ажилдаа ирээгүй 2022.04.13-аас 05.05-ны өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Иймээс 2022.05.05-ны өдрийн Б/228 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халсан. Уг тушаал компанийн хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хуульд нийцэж байгаа. Манай байгууллага хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисстой тул маргааныг тус комиссоор оруулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.М-ыг “............” ТӨХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 19,090,668 төгрөгийг олгох, уг хугацааны хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

10.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг өөрөөр үнэлж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалуудын хууль зүйн үндэслэлийн талаар эрх зүйн ялгаатай дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарсан байна.

11.Хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлт хийв.

12.Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.М нь 2020 оны 04 дүгээр сараас хариуцагч “............” ХК-д Борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022.03.24-ний өдрийн 124 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022.03.24-ний өдрийн 108 дугаартай тогтоолоор тус компанийн хувьчлалыг хүчингүй болгож, Төрийн өмчит хувьцаат компани болгож өөрчилжээ.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 124 дүгээр тогтоол гаргаж “............” ХК-ийг хувьчлах жагсаалтаас хасч, хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгох талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосон, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мөн өдрийн 108 дугаар тогтоолоор хувьчлалыг хүчингүй болгож, компанийн удирдлагын эрх, хөрөнгийг төрд буцаан авах үйл ажиллагааг зохион байгуулах, компанийн дүрэм, бүтэц орон тоог батлуулах, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх, хөрөнгийн тооллого хийж, дүгнэлт гаргах, бүртгэх ажлыг зохион байгуулах, санхүүгийн байдал, өр төлбөрийг судлан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж тайланг танилцуулах, “............” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хуваагдах “Хөтөл” ХХК-ийн эзэмших хувьцааг төрийн эзэмшилд бүртгэх ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.

13.Компанийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбоотой “............” ТӨХК-ийн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.04.06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор компанийн орон тооны дээд хязгаарыг 768 байхаар тогтоож, зохион байгуулалтын бүтцийг баталж, тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэхийг гүйцэтгэх захиралд даалгажээ.

Үүний дагуу Гүйцэтгэх захирал 2022.04.13-ны өдөр А/28 дугаар тушаал гаргаж, Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан ба нэхэмжлэгч Б.М-ын ажиллаж байсан 10 орон тоо бүхий Борлуулалтын хэлтсийг Маркетинг, борлуулалтын хэлтэс болгон орон тоог 9 байхаар тогтоосон, улмаар мөн өдөр нийт ажиллагсдыг ажилд томилохдоо Б.М-ыг Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар ажиллуулахаар болсон байна. Уг ажлыг нэхэмжлэгч Б.М гүйцэтгээгүй бөгөөд гүйцэтгэх захирлын 2022.05.05-ны өдрийн Б/229 тоот тушаалаар 20 хоног ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан, эдгээр үйл баримт тогтоогджээ.

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлж болохыг хуульчилсан байна.

15.Б.Мыг борлуулагчийн ажилд томилсон 2022.04.13-ны өдрийн Б/163 дугаар тушаалыг хариуцагч нь 2022.05.02-ны өдөр нэхэмжлэгчид түүний цахим хаягаар мэдэгдсэн нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр, харин борлуулагчийн ажлаас халсан 2022.05.05-ны өдрийн Б/229 дүгээр тушаалыг 2022.05.17-ны өдөр шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь тус тус тогтоогджээ.

16.Нэхэмжлэгч тайлбартаа дээрх 2 удаагийн тушаалыг эс зөвшөөрч анх 2022.06.07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд хандсаныг шүүгчийн 2022.06.20-ны өдрийн 447 тоот захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, гэтэл тус суманд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй байснаас дахин 2022.06.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг шүүгчийн 2022.07.07-ны өдрийн 501 тоот захирамжаар эвлэрүүлэн зуучлагчид хандах журмыг зөрчсөн үндэслэлээр дахин хүлээн авахаас татгалзсан, эвлэрүүлэн зуучлагчид 2022.08.02-ны өдөр хандсан, уг ажиллагаа явагдаж амжилтгүй болж, 2022.10.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэсэн бөгөөд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны талаарх хэрэгт баримт авагдсан, харин дурдсан шүүгчийн захирамжууд авагдаагүй байна.

17.Анхан шатны шүүх Б/163 дугаар тушаалын талаар нэхэмжлэгч нь уг тушаалыг 2022.05.02-ны өдөр хүлээн авсан атлаа 2022.06.07-ны өдөр шүүхэд анх хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг 5 хоног хэтрүүлсэн гэж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч өмнө нь шүүхэд хандсан гэж тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаагүй, шүүх анх 2022.10.03-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан, иймээс дээрх тушаалын талаар гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн, сэргээх үндэслэл тогтоогдоогүй гэж тус тус дүгнэж, тушаалын хууль зүйн үндэслэлд аливаа үнэлэлт өгөөгүй байна.

18.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигч маргасан байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, уг асуудал нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болоогүйгээс хэн аль нь үүнтэй холбоотой нотлох баримт, нэмэлт тайлбар гаргаагүй байхад хоёр шатны шүүх Б/163 дугаар тушаалын талаар нэхэмжлэгч гомдлоо хугацаа хэтрүүлж гаргасан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2-т нийцээгүй гэж үзлээ.

19.Иймд дээрх тушаалын талаар хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлт хийв.

Хариуцагч “............” ТӨХК нь эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд “............” ХК-ийн зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нь баримттай байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

“............” ТӨХК болсон, уг бүтцээр өмнө байсан Борлуулалтын хэлтсийг Маркетинг, борлуулалтын хэлтэс болгон өөрчилж, тухайлбал, хэлтсийн дарга 1, борлуулалтын ахлах мэргэжилтэн 1, борлуулалтын мэргэжилтэн 4, бэлэн бүтээгдэхүүний нярав 4, нийт 10 орон тоотой байсныг, хэлтсийн дарга 1, маркетинг, борлуулалтын ахлах менежер 1, маркетинг, борлуулалтын менежер 1, борлуулалтын ажилтан 2, Эрдэнэт дэх төлөөлөгч 1, тоо бүртгэгч 1, бэлэн бүтээгдэхүүний нярав 2, нийт 9 орон тоотойгоор баталжээ. Маркетинг, борлуулалтын хэлтэс нь өмнөх Борлуулалтын хэлтсээс чиг үүргийн хувьд өөрчлөгдөж өргөжсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д ...ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг заасан бөгөөд ажил олгогч эрхийн дагуу компанид бүтцийн зохион байгуулалт хийж, үүний улмаас Борлуулалтын хэлтсийн даргын орон тоо хасагдаж, шинэ чиг үүргийг хэрэгжүүлэх Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын орон тоо бий болсон гэж үзэх үндэслэл бий болсон байна.

Иймээс хариуцагч “............” ТӨХК нь нэхэмжлэгч Б.Мтой өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Борлуулалтын хэлтсийн даргын ажлаас халсан нь хууль зөрчөөгүй бөгөөд харин түүнийг өөр ажлын байраар хангаж Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулагчаар ажиллуулахаар Б/163 дугаар тушаал гаргасан гэж үзнэ.

Дурдсан үндэслэлээр Б.М-ыг урьд эрхэлж байсан буюу Борлуулалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул энэ шаардлагыг болон ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 27,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагуудыг хангахгүй орхино.

20.Мөн хоёр шатны шүүх Б.М-ыг Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулагчийн ажлаас халсан 2022.05.05-ны өдрийн Б/229 дүгээр тушаалын талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

20.1.“............” ТӨХК-ийн захирлын 2022.05.05-ны өдрийн Б/229 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Компанийн дүрмийн 8.1, 8.9.8, хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.3, 2.3.3.5, 5.1.10, 5.1.10.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж Б.Мын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халж шийдвэрлэжээ.

20.2.Анхан шатны шүүх дээрх тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэхдээ “...компанийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөнөөс тус компанид зохих ажиллагааг гүйцэтгэх шаардлага бий болж нэхэмжлэгчийг ажлын байранд нэвтрүүлээгүй, ажил үүрэг эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад ажил тасалж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг борлуулагчийн ажлаас халсан нь хуульд нийцээгүйгээс гадна хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журам өөрчлөгдөөгүй, гэтэл өмнөх хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас халсан” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан.

20.3.Давж заалдах шатны шүүх дээрх Б/229 тоот тушаалыг хууль зөрчиж гаргасан гэж үзээгүй, ингэхдээ “...нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан гэсэн шалтгаанаар ажилдаа ирээгүй, ажилд ирэхгүй байгаа шалтгаанаа ажил олгогчид амаар болон бичгээр мэдэгдээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022.03.24-ний өдрийн А-1/530 дугаартай үүрэг болгох тухай албан бичгээр түүнийг “............” ТӨХК-ийн ажлын байранд нэвтрүүлэхгүй байсан гэдэг боловч уг байдал удаан үргэлжлээгүй, нэхэмжлэгчид ажлын байранд нэвтрэх талаар болон ажил үүргээ гүйцэтгэх талаар амаар бичгээр болон цахим хэлбэрээр хүсэлтийг ажил олгогчид гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан, иймээс ажил олгогчийн зүгээс ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байсан гэж үзэхгүй. Тухайн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр өөрчлөгдсөнөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байгаа, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлаагүй тохиолдолд урьд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа баримталж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй, ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа ажил олгогчийн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэхээр зохицуулсан тул түүний ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл гэж үзнэ” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

20.4.Нэхэмжлэгч Б.М-ыг Борлуулалтын хэлтсийн борлуулагчийн ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байгааг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын даргын 2022.03.24-ны өдрийн А-1/530 дугаартай албан бичгээр Б.М болон бусад нэр бүхий 10 хүнийг “............” ТӨХК-ийн байр руу нэвтрүүлэхгүй байх үүрэг болгосон бөгөөд үүнээс шалтгаалж ажил үүрэг эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, 2022.04.13-ны өдөр өмнөх ажлаас чөлөөлж шинэ ажилд томилох тушаал гарч, уг тушаал 2022.05.02-ны өдөр нэхэмжлэгчид хүргэгдсэн, эдгээр нөхцөл байдал тогтоогдсон байхад хариуцагч нь 2022.05.05-ны өдөр Б/229 дугаартай тушаалаар ажил тасалж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг борлуулагчийн ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчтэй борлуулагчийн ажилтны буюу шинэ ажлын байранд ажил гүйцэтгэх талаар шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа өмнөх хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журмыг баримталсан нь зохистой бус болно.

Энэхүү байдлыг анхан шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэсэн байна.

Харин анхан шатны шүүх “............” ТӨХК-ийн захирлын 2022.04.07-ны өдрийн А/28 тоот “Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” тушаалд тус компанийн Борлуулалтын хэлтэс нь шинээр Маркетинг, борлуулалтын хэлтэс болон өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгч Б.Мын ажиллаж байсан ажил албан тушаал бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон боловч, огт байхгүй болоогүй гэж үзэн түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь буруу болжээ.

21.Иймд 2022.05.05-ны өдрийн Б/229 дүгээр тушаал хууль зүйн алдаатай гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл бүхий гэж үзэж тухайн тушаалыг хүчингүй болгов. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргаагүй тул энэ тушаалтай холбоотой эрх зүйн үр дагаврыг шийдвэрлүүлэх эсэх асуудлыг нээлттэй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсэг хангагдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 208/МА2023/00010 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар үйлийн 127.1-т тус тус зааснаар “............” ТӨХК-д холбогдох Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 27,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгахыг хүссэн Б.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022.05.05-ны өдрийн Б/229 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД