Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2021/00582

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Ө-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 233.969 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ө нь 2019 оны 03 сарын 04-ний өдөр 89333 дугаартай үйлчилгээний гэрээг манай компанитай байгуулсан. Гэтэл М.Ө нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул гэрээний 5.1, 5.2, 5.5.1, 5.5.2, 6.1, 6.2-т заасны дагуу 2019 оны 07 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үйлчилгээг зогсоож гэрээг цуцалсан. Гэсэн хэдий ч 2019 оны 6 болон 7 сарын төлбөр 73.969 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 156.000 төгрөг, нийт 229.969 төгрөгийг төлж барагдуулаагүй. Иймд үйлчилгээ болон төхөөрөмжийн төлбөрт 229.969 төгрөг, нотариатын зардалд 4.000 төгрөг, нийт 233.969 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж авлаа. Уг компаниас үйлчилгээ авч байсан хаягаасаа нүүсэн ба нүүж очсон хаягт С ХХК-ийн сүлжээ ороогүй байгаа тул ашиглаж чадахгүй байгаа. Иймд өөр хаяг дээр төхөөрөмжийг ашиглах хугацаандаа үлдэгдэл 156.000 төгрөгийг хэрэглээгээрээ төлөх, хэрэглэсэн 73.969 төгрөгийг нэн даруй төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь үйлчилгээний төлбөр, төхөөрөмжийн зардалд 229.969 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн зардалд 4.000 төгрөг, нийт 233.969 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. Хариуцагч М.Ө нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн байна.

Талууд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Үйлчилгээний гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн шилэн кабелийн сүлжээгээ ашиглаж тодорхой багтаамж бүхий интернэтийн урсгалыг жижиглэн худалдах, телевизийн суваг түрээслүүлэх, хариуцагч нь сар бүр 36.000 төгрөг төлөх, мөн төхөөрөмжийн үнэ болох 195.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд, сар бүр хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ тул маргааныг шийдвэрлэхэд мөн хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэлийг хэрэглэнэ.

Хариуцагч М.Ө нь 2019 оны 6 болон 7 дугаар сард төлбөл зохих 73.969 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба төхөөрөмжийн үлдэх үнэ болох 156.000 төгрөгийг хэрэглээний явцад төлөхөөр тайлбар гаргасан боловч энэ саналыг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч М.Ө нь нэхэмжилсэн үнийн дүн болох 229.969 төгрөгийн талаар маргаагүй ба гагцхүү эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Үйлчилгээний гэрээ-г нэхэмжлэгч цуцалсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна. Мөн уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний талаар шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул гэрээний дагуу нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагчийн хариу тайлбар, эвлэрэх саналыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, хариуцагч нь нэхэмжилсэн үнийн дүнгийн талаар маргаагүй ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 156.000 төгрөг болон 2 сарын хэрэглээний төлбөр 73.969 төгрөг, нийт 229.969 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал буюу бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал гэх 4.000 төгрөгийг хариуцагчаас гаргах боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар өгөх, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар бичиг баримтад үзлэг хийлгэх боломжууд хэргийн оролцогч нарт хуулиар олгогджээ. Энэ тохиолдолд бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлыг зайлшгүй зардалд тооцохгүй тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Ө-с 229.969 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скаймедиа корпораци ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан М.Ө-аас 229.969 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ө-аас 7.549 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР