Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
Хэргийн индекс | 184/2020/03687/И |
Дугаар | 184/ШШ2021/00618 |
Огноо | 2021-03-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2021/00618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЖДҮ,
Хариуцагч: Н.С,
Хариуцагч: Л ХХК,
Хариуцагч: З.А нарт холбогдох,
Барьцааны гэрээг хүчингүй болгуулж, хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч ЖДҮ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч Л ХХК болон Н.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.С нь 2017 оны 4 сард уулзаж таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2 сарын хугацаанд зээл авахдаа ашиглаад өгье гэж хэлж итгэмжлэл гаргуулан миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. ЖДҮ-н Л ХХК болон З.А нартай байгуулсан 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 2016/З-70 тоот зээлийн гэрээгээр Л ХХК болон З.А нар нь 500.000.000 төгрөгийн зээл авч Л ХХК-ийг төлөөлж Н.С гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн барьцааны гэрээнд миний өмчлөлийн ...байрлалтай орон сууцыг барьцаалсан. Иргэн М.Н миний бие 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлээрээ өөрийн өмчлөлийн орон сууцыг ЖДҮ-т барьцаанд тавих, гарын үсэг зурах төлөөлөх бүрэн эрхийг Н.С-т 2 сарын хугацаагаар олгож, нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл барьцааны гэрээнд Л ХХК-ийг төлөөлж Н.С, мөн З.А нар гарын үсэг зурсан байна. Иргэн М.Н миний бие итгэмжлэлээрээ зөвхөн иргэн Н.С-т эрх олгосон ба Л ХХК, З.А нарт эрх олгоогүй. Би Л ХХК болон З.А нарт эрх олгоогүй байхад эдгээр этгээд миний хөрөнгийг барьцаанд тавьсан нь итгэмжлэлээр олгосон хэлбэрийг зөрчиж, миний зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Миний гаргасан итгэмжлэл 2017 оны 06 сарын 27-ны өдөр дууссан тул мөн төлөөлөх эрх дуусгавар болсон. Иймд ЖДҮГ болон Л ХХК, З.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээг хүчингүй болгож, миний өмчлөлийн орон сууцны гэрчилгээг гаргуулж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ЖДҮГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ЖДҮ-ийг хөгжүүлэх сан Л ХХК болон З.А нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасныг зөрчөөгүй. Мөн М.Н нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг манай сангийн зээлийн барьцаанд тавьж, гэрээ байгуулах бүрэн эрхийг олгосныг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Э баталсан байдаг. Тус итгэмжлэлд: ... ХХААХҮЯамны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх бүрэн эрхийг олгож байна гэжээ. Гэрээ байгуулсан Л ХХК нь хариуцагч Н.С-ын үүсгэн байгуулсан, түүний 100 хувь эзэмшдэг компани юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.С миний бие хуванцар вакум цонх үйлдвэрлэх төсөл өгч зээл авах төслөөр шалгарсан ба гэрээ байгуулж санхүүжилт авсан. Ажил эхлээд явж байхад нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон ба зарим эд хөрөнгөө худалдах зорилгоор барьцаа хөрөнгийг солих шаардлагатай болсон юм. Энэ зорилгоор М.Н-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нэмэлт гэрээ байгуулан барьцаанд тавьсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ тооцоолсноос хэт өндөр үнэтэй байсан тул үйлдвэр байгуулах төсөл удааширсан. Үүнээс болж сангийн зүгээс зээлээ буцаан шаардсан. Иймд М.Н эгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгож байна. М.Н эгчийн байрыг чөлөөлж өгөхөөр сангийн ажилтнуудтай ярилцаж байгаа. М.Н эгч ямар зорилгоор, яагаад тухайн хөрөнгийг барьцаалж байгааг, мөн ямар үр дагавартайг ойлгож байгаа. Урд нь ч мөн олон удаа надад тусалж байсан иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л ХХК нь 2016 онд хуванцар вакум цонх үйлдвэрлэх төсөл өгч зээл авах төслөөр шалгарсан ба гэрээ байгуулж санхүүжилт авсан. Ажил эхлээд явж байхад нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон ба зарим эд хөрөнгөө худалдах зорилгоор барьцаа хөрөнгийг солих шаардлагатай болсон юм. Энэ зорилгоор М.Н-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нэмэлт гэрээ байгуулан барьцаанд тавьсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ тооцоолсноос хэт өндөр үнэтэй байсан тул үйлдвэр байгуулах төсөл удааширсан. Үүнээс болж сангийн зүгээс зээлээ буцаан шаардсан. Иймд М.Насанбат эгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг ойлгож байна. М.Н эгчийн байрыг чөлөөлж өгөхөөр сангийн ажилтнуудтай ярилцаж байгаа. М.Н эгч ямар зорилгоор, яагаад тухайн хөрөнгийг барьцаалж байгааг, мөн ямар үр дагавартайг ойлгож байгаа. Урд нь ч мөн олон удаа надад тусалж байсан иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч З.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.А би өөрийн хүү болох Н.С-н Хуванцар вакум цонхны профайл үйлдвэрлэх төслийг санхүүжүүлэх гэрээнд шаардлагын дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Мөн 2017 оны 5 сарын 2-ны өдөр байгуулсан барьцааны нэмэлт гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж гарын үсэг зурсан. Харин хүү Н.С, иргэн М.Н нарын хооронд хийгдсэн итгэмжлэлд оролцоогүй, хамтран итгэмжлэл аваагүй тул намайг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байх гэж үзэж байгаагаа шүүхэд хариу тайлбар болгон мэдүүлж байна гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч ЖДҮГ, Л ХХК, Н.С, З.А нарт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, мөн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... хаягт байрлах, 37.93 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан гаргуулж, уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах шаардлага гаргажээ. Хариуцагч ЖДҮГ, Л ХХК, Н.С, З.А нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрснөөр талууд маргасан.
Хариуцагч Н.С нь нэхэмжлэгч М.Н-аас олгосон 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Итгэмжлэл-ийн дагуу түүний өмчлөлийн 37.93 м.кв талбай бүхий орон сууцыг ЖДҮГ-т барьцаалуулахаар гэрээ байгуулахдаа өөрийн үүсгэн байгуулсан Л ХХК-ийн өмнөөс гэрээг байгуулсан, мөн барьцааны гэрээнд Н.С-аас гадна хариуцагч З.А гарын үсэг зурсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 6-7 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, тухайлбал Л ХХК, З.А нарт гэрээ байгуулах эрх олгоогүй, мөн итгэмжлэлийн хугацаа дууссанаар барьцааны гэрээ хүчингүй болох ёстой гэж үзжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөл авах хуулийн шаардлага нь өмчлөгчийг эсхүл хэлцэл хийгч нэг тал, зарим тохиолдолд талуудын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой зохицуулалт юм. Гэтэл хөрөнгийн өмчлөгч М.Н-ын өмнөөс Л ХХК болон З.А нар гэрээ байгуулснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба нэхэмжлэгч М.Н нь Л ХХК, З.А нар барьцааны гэрээнд гарын үсэг зурснаар өрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх тайлбараа нотолж чадаагүй.
Нэхэмжлэгч М.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... хаягт байрлах, 37.93 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн орон сууцыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавих, гэрээ хийх, барьцаалбарт гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг хариуцагч Н.С-т итгэмжлэлээр олгосон байна. /хх 6 дугаар тал/
Төлөөлөгч Н.С нь төлөөлүүлэгч М.Н-аас олгосон итгэмжлэлийн дагуу хөрөнгийг гуравдагч этгээдэд барьцаалахдаа өөрийн нэрийн өмнөөс бус Л ХХК-ийн нэрээр хэлцэл хийсэн болохыг дээр дурдсан. Харин төлөөлүүлэгч М.Н-ын тухайд, тэрээр 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Н.С-т итгэмжлэл олгохдоо хөрөнгийг барьцаалах зөвшөөрөл олгосон болохоос гэрээ байгуулах этгээдийн талаар тухайлан хүсэл зоригоо илэрхийлээгүй байна.
Зүй нь, Жижиг, дунд үйлдвэрийн газарт маргаан бүхий орон сууцыг барьцаалах, энэ талаар гэрээ байгуулах эрх бүхий этгээд нь тухайн хөрөнгийн өмчлөгч М.Н, эсхүл түүнээс эрх олгосон этгээд болох Н.С байх ёстой. Гэтэл талууд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээг байгуулахдаа иргэн Н.С болон Л ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Н.С нарын эрх зүйн байдлын талаар төөрөгдсөн гэж үзэхээр байна.
Дээрх тохиолдолд барьцаа хөрөнгийн өмчлөгч М.Н, барьцааны гэрээ байгуулсан ЖДҮГ, Л ХХК болон З.А нарын хэний эрх хуулиар хамгаалагдаж байгаа талаар мөн дүгнэлт хийх ёстой.
Маргаан бүхий эрх зүйн харилцаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч М.Н, түүний хүсэл зоригийг төлөөлж хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээд Н.С, хөрөнгө барьцаалах сонирхол бүхий Жижиг, дунд үйлдвэрийн газар, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан этгээд болох Л ХХК, З.А нар оролцжээ.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, эдгээр этгээдийн хэн аль нь дотоод хүсэл зоригийн хувьд хөрөнгө барьцаалах, барьцаалуулах талаар нэгдсэн байна. Тухайлбал, хөрөнгийн өмчлөгч М.Н нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас авах зээлийн барьцаанд тавих хүсэл зоригтой байсан, Н.С нь М.Н-ыг төлөөлж барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригтой байсан бол Жижиг, дунд үйлдвэрийн газар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгө барьцаалах хүсэл зоригтой байжээ.
Гэвч эрх зүйн харилцаанд оролцогчид нь хөрөнгө барьцаалахтай холбоотой нэгдсэн хүсэл зоригоо гадагш илэрхийлж, бичгээр гэрээ байгуулахдаа илэрхийллийн алдаа гаргасан байна. Энэ алдааг хүсэл зоригийн дутагдал гэж үзэж хүчингүй болгодоггүй. Учир нь, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог байна. Хуулийн энэ хэсэгт зохицуулсан хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг нь хэлцэл хийгч талуудын дотоод ухамсар-ыг ойлгодог. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн өмчлөгч М.Н нь өөрийн хөрөнгөө Жижиг, дунд үйлдвэрийн газарт барьцаалуулах дотоод хүсэл зоригтой байсныг ЖДҮГ хүлээн авснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үздэг.
Түүнчлэн, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д: Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэж заажээ. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т: Хэлцлийн нөгөө талд хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан бол энэ хуулийн 65.2 нэгэн адил хамаарна. гэж заасан байна.
Нэхэмжлэгч М.Н-ын хувьд гуравдагч этгээдэд тооцогдох Жижиг, дунд үйлдвэрийн газрын тухайд тэрээр хэнтэй гэрээ байгуулах нь ач холбогдолтой бус, харин зээлийн гэрээгээ барьцаа хөрөнгөөр баталгаажуулах нь ач холбогдолтой байжээ. Энэ тохиолдолд, ... жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна ... хэмээн хүсэл зоригоо хангалттай, тодорхой илэрхийлсэн М.Н-ын итгэмжлэлийн дагуу хөрөнгө барьцаалж, зээлийн гэрээг баталгаажуулсан Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүсэл зориг буюу түүний байгуулсан гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтаар хамгаалагдаж байна.
Мөн нэхэмжлэгч М.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлийн хугацаа 2017 оны 6 дугаар сарын 27-нд дууссанаар маргаан бүхий барьцааны гэрээ мөн хүчингүй болох ёстой гэж үзжээ. Итгэмжлэлээр олгосон хугацаа, итгэмжлэлийн хугацаа гэдэг нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийг төлөөлөгч ямар хугацаанд хэрэгжүүлэх боломжтойг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, төлөөлөгч Н.С нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр М.Н-аас олгосон бүрэн эрхийг 2 сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан байна. Харин маргаан бүхий барьцааны гэрээ 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан, Н.С уг гэрээг байгуулах үед М.Н-аас олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан тул энэ үндэслэлээр барьцааны гэрээ хүчингүй болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Л ХХК, З.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэгч М.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч З.А-д шүүх хуралдааны товыг бичгээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч З.А-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэлгүй тул ЖДҮГ болон Л ХХК, З.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... хаягт байрлах, 37.93 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан гаргуулах, уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагч нарт даалгахыг хүссэн М.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР