Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2021/00619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч В.Амартүвшин, Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Т,

Хариуцагч: Д.Б,

Хариуцагч: С.Э нарт холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгах, сонгогдох эрхэд халдсан аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч, хариуцагч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, хариуцагч Н.Т, Д.Б нарын өмгөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б, Н.Т, С.Э нар нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний мэдээллийн төвд ... хотын иргэд З ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байна гэсэн нэртэйгээр хэвлэлийн бага хурал хийсэн. Хариуцагч Н.Т, Д.Б нар хэвлэлийн хурал хийх явцдаа, мөн www.daam.mn сайтад ярилцлага өгөхдөө нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан. Тухайлбал: нэхэмжлэгч Д.А нь олон мянган хувьцаа эзэмшигчдийг хохироосон, ерөнхийлөгчийн дүү гэж хэлээд хууль хяналтын байгууллагад зүй бусаар нөлөөлж байна, хувьцаа эзэмшигчдийг луйвардаж, луйврын аргаар компанийн хэлбэрийг өөрчилсөн, шүүхэд нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулсан, Мөнхцэцэг прокурор болон хууль хяналтын байгууллагад зүй бусаар нөлөөлж хэргээ хаалгасан, шударга бусын хонгилын схемийн нэг хэсэг гэх агуулга бүхий ярилцлага хийж нэр хүндэд халдсан юм. Энэ хэвлэлийн хурлын бичлэгийг хариуцагч С.Э нь өөрийн фэйсбүүк хуудсаараа олон нийттэй хуваалцсанаас гадна хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нар нь өөрсдийн фэйсбүүк хуудсаа ашиглан: Эрдэнэтийн 24.500 иргэдээс их хэмжээний мөнгө авч луйвардсан, луйварчин Д.А гэсэн нэр төр гутаасан, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг тараасан. Иймд нэхэмжлэгч Д.А-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Т миний бие энэ компанийн үүсгэн байгуулагч Д.А-ийг үндэслэлгүйгээр гүтгэн нэр хүндийг гутаасан зүйл байхгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан бичиг, нотлох баримтын хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбар хийж баримттай ярьж ирсэн. Д.А-ийн үүсгэн байгуулсан З  ХК нь 2012-2019 он хүртэл 7 жилийн хугацаанд хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байхдаа бүртгэлгүй хуурамч хувьцаа олон мянган иргэдэд худалдаж хохироосон нь эрх бүхий байгууллагуудаас ирсэн албан бичгүүдээр тогтоогддог гэжээ.

Хариуцагч, хариуцагч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэвлэлийн хурлыг З ХХК-д хохирсон хохирогчдын эрх ашгийг хамгаалах тулд хууль шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагааг илчилж байна гэсэн гарчигтайгаар хийсэн. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс ирсэн албан бичиг дээр 2012 оноос 2019 оны хооронд З ХХК нь хувьцаат компанийн хэлбэрээр олон мянган хүнд ямар ч бүртгэлгүй хуурамч, нэрлэсэн цаас зарсны улмаас ард иргэд хохирсон нь үнэн гэж заасан байсан. Гурван байгууллагаас ирсэн албан бичгийг үндэслэн бид нар ийм мэдэгдэл хийсэн. Мөн З ХХК-тай холбоотой асуудал Орхон аймгийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байхад мөрдөн байцаах газрын дарга нь Аудитын шалгалт З ХХК-д оруулъя гээд Г аудитын байгууллага нь 3-4 сарын хугацаанд шалгалт хийж шинжээчийн дүгнэлт гаргасан. Тэр дүгнэлтэд нь бид нарын яриад байгаа асуудлуудын талаар бүгдийг нь бичсэн байсан. Эдгээр байдал нь тухайн хувьцааг хуурамч гэж бодох үндэслэл юм. Энэ нотлох баримтын хүрээнд бид хэвлэлийн бага хурлаа хийсэн. Санаанаасаа зохиогоод Д.А гэдэг хүн хуурамч хувьцаа зараад яваад байна гэж яриагүй. Хамгийн гол нь тэр шинжээчийн дүгнэлтийг барьж ярьсан. Миний хувьд З ХХК-н үүсгэн байгуулагч гэж нэг удаа Д.А гэдэг нэрийг дурдсан. Даам.мн сайтад бас л бүх бичгүүдээ үзүүлээд бид ТУЗ-ийн гишүүнийхээ үүднээс энэ олон мянган хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байна гэж ярьсан болохоос хаа хамаагүй хүмүүс гарч ирээд Д.А-ийг доромжилж дайрсан зүйл огт байхгүй. Компанийн 24,500 иргэдийн эрх ашгийг ТУЗ-ийн есөн гишүүний хоёрын хувьд үүргээ биелүүлэн хамгаалсан. Бид ингэж тэмцсэнээр нөгөө олон мянган хувьцаа эзэмшигч нарын хувьцааг бүртгүүлж, хохиролгүй болгосон. Үүнийг бид нарын хувь нэмэр гэж бодож байна. Хэрвээ эдгээр албан бичгүүдийг барьж ярьснаараа нэр төрийг нь гутаасан гэж үзэж байгаа бол тэдгээр албан байгууллагууд бас буруутай болно. Шүүхийн шийдвэр гараагүй байхад чи манай хүнийг ингэж ярилаа гэж надад зөрчлийн хэрэг үүсгэж байсан. Тэгвэл шүүхийн шийдвэр гаргаагүй байхад төрийн байгууллагууд нь ийм албан бичиг гаргадаг тэд нар бас буруутай. Бид төрийн байгууллагуудын албан бичгээс гадна хөндлөнгийн аудитын дүгнэлтийг үндэслэл болгож ярьсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Б-ын төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А нь өөрт хамааралтай мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Тухайн хэвлэлийн хурлыг бүхэлд нь харах юм бол Д.А-ийн талаар хийсэн хэвлэлийн хурал биш З ХХК-тай холбоотой хэвлэлийн бага хурал болох нь харагдана. Хэвлэлийн хурлын гарчиг, агуулга зэргээс эхлээд хэвлэлийн хуралд ярьсан зүйлс нь Д.А руу чиглээгүй болох нь тодорхой харагдана. Энэ хэвлэлийн хурал дээр Д.Б нь З ХХК нь Э үйлдвэртэй хийсэн гурван жилийн гэрээний хугацаа дууссан, энэ хугацаандаа гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй учраас шүүхэд хандсан. Шүүх нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй талд нь шийдвэр гаргасан, энэ асуудал нь буруу байна гэсэн агуулгаар ярьсан. Харин Д.А-ийн талд шийдээд байна гэж нэг ч үг, өгүүлбэр дурдаагүй. Гэтэл яагаад энэ хэвлэлийн бага хурлыг Д.А-тай хамаатай гэж үзсэнийг ойлгохгүй байна. Мөн компанийн хэлбэр өөрөө тодорхойгүй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хэвлэлийн хуралд хариуцагч нарын үзүүлдэг хувьцаа дээрээс ч мөн тодорхой харагддаг. Зарим дээр нь хувьцаат компани гэж явдаг, зарим хэсэгт нь хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж явдаг. Энэ компани нь өөрөө ойлгомжгүй хэлбэртэй учраас 24,500 хүнийг хохироосон гэж ТУЗ-ийн гишүүд нэгдээд хохирогчдын эрхийг хамгаалах холбоо байгуулсан. Хэвлэлийн хурал дээр бодитой үнэн, нотлох баримтыг дурдсан гэж үзэж байна. Хариуцагч нарт холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ зөрчлийн хэргийг мөн адил Д.А-ийн талаар мэдээлэл тавьсан гэж үүсгэсэн. Тухайн хэвлэлийн хурал дээр Д.Батбаяр нь Д.А нь сонгуульд нэр дэвших гэж байсан. Нэр дэвшиж байсан боловч ардчилсан намаас гарч чадаагүй гэж мэдээлэл хийсэн. 2016 онд Д.А нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэг ч мэдээлэл байдаггүй. Энэ хүн сонгуульд гарч ирээгүй нь үнэн. Мөн 24,500 хүнийг залилаад байгаа шүү гэж мэдээлэл хийсэн. Эрдэнэтэд одоо хүртэл хохирсон хүмүүс байгаа, тэр компани нь өөрөө хууль ёсны байсан бол эдгээр хүмүүс хохирохгүй байсан. Одоо хүртэл тэр компанийн хувьцаанаас хувь хүртээд явж байгаа хүн байхгүй. Үнэхээр Д.А-ийн хэлсэн шиг тэр компани нь хууль дүрмийнхээ дагуу явсан бол одоо яагаад хувь тараахгүй байгаа юм бэ? Яагаад тэр үйлдвэр нь одоог хүртэл баригдаагүй юм бэ? Хэвлэлийн хурлын гол агуулга нь энэ байсан. Нэхэмжлэгчийн гаргасан долоон шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хариуцагч нарын ярьсан бүх зүйл нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Хэвлэлийн хурлын линкээр нь ороод үзэх юм бол Д.А-ийн талаар нэг ч сөрөг сэтгэгдэл байдаггүй. Хүмүүсийн шүүмжлэл нь дандаа хэвлэлийн хурлыг хийсэн хүмүүсийг шүүмжилсэн сэтгэгдлүүд байдаг. Тиймээс хариуцагч нарын зүгээс Д.А-ийн нэр хүндэд гэм хор учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Мөн ажил хэргийн нэр хүнд нь яг энэ мэдээллээс болоод яаж алдагдсан болох нь тодорхойгүй байдаг. Хариуцагч нарын мэдээлсэн мэдээлэл нь бүгд нотлох баримттай, хууль зүйн үндэслэлтэй. Эдгээр мэдээллүүд нь хэн нэгний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүндэд халдсан агуулгагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд хандаж:

- Хариуцагч Н.Т, Д.Б нар 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх үедээ, мөн www.daam.mn сайтад ярилцлага өгөхдөө нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан,

- Хариуцагч Н.Т, Д.Б нарын бусдын нэр хүндэд халдсан 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хэвлэлийн хурлын бичлэгийг хариуцагч С.Э өөрийн фэйсбүүк хуудсаа ашиглан бусдад түгээсэн,

- Хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нар өөрийн фэйсбүүк хуудсаа ашиглан Эрдэнэтийн 24.500 иргэдээс их хэмжээний мөнгө авч луйвардсан, луйварчин Д.А гэх мэдээллийг бусдад түгээж нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж, эдгээр үндэслэлээр өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгах, мөн сонгогдох эрхэд халдсан аливаа хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь сонгогдох эрхэд халдсан аливаа хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах шаардлагаасаа татгалзсан ба 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх мэдээний агуулгыг дараах байдлаар тодруулжээ.

Үүнд: Нэхэмжлэгч Д.А нь Олон мянган хувьцаа эзэмшигчдийг хохироосон, Ерөнхийлөгчийн дүү гэж хэлээд хууль хяналтын байгууллагад зүй бусаар нөлөөлж байна, Хувьцаа эзэмшигчдийг луйвардаж, луйврын аргаар компанийн хэлбэрийг өөрчилсөн, Шүүхэд нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулсан, М прокурор болон хууль хяналтын байгууллагад зүй бусаар нөлөөлж хэргээ хаалгасан, Шударга бусын хонгилын схемийн нэг хэсэг гэх агуулгаар ойлгогдохуйц мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзжээ.

Хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхдээ нэхэмжлэгч Д.А-ийн талаар яриагүй З ХХК-ийн талаар ярьсан, хуулийн байгууллагын ажилтан албан хаагчдын шударга бус үйл ажиллагааны талаар ярьсан, мөн Д.А-ийн талаар ярьсан мэдээлэл нь үнэн зөв ба баримтаар тогтоогдсон хэмээн маргажээ.

Хариуцагч Н.Т, Д.Б нар нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийсэн, энэ хурлын бичлэгийг хариуцагч С.Э өөрийн фэйсбүүк хуудсаар бусадтай хуваалцсан, хариуцагч Н.Т, Д.Б нар www.daam.mn сайтад ярилцлага өгсөн, хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нар өөрсдийн фэйсбүүк хуудсаа ашиглаж Эрдэнэтийн 24.500 иргэдээс их хэмжээний мөнгө авч луйвардсан, луйварчин Д.А гэсэн мэдээллийг олон нийтэд тараасан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. / хх 136-142 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө, нэхэмжлэгч Д.А-ийн талаар бус З ХХК-ийн талаар ярьсан, Д.А-т хамаатуулахгүйгээр шүүх, прокурор, хуулийн байгууллагын ажилтнуудын шударга бус шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн хэмээн тайлбарлах атлаа Д.А-ийн талаар ярьсан зүйл үнэн бөгөөд баримтаар нотлогдсон хэмээн тайлбарлаж байгаа нь хоорондоо учир зүйн хувьд зөрчилтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч үнэн, зөв тайлбар гаргах үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч нар шүүхэд тайлбар гаргахдаа Д.А-ийн талаар яриагүй, Д.А-т хамаагүй гэж, эсхүл Д.А дээрх зүй бус үйлдлийг хийсэн нь үнэн хэмээн зөрчилтэй тайлбар гаргаж байгааг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

Хэрэв хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.А-ийн талаар мэдээлэл хийгээгүй, түүнд хамаатуулж ярилцлага өгөөгүй, өөр этгээдийн талаар ярих явцад санамсаргүй Д.А-ийн нэр дурдагдсан бол энэ нь хариуцагч нарын санаатай бус болгоомжгүй үйлдэл болно. Хэдийгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулагч болгоомжгүй үйлдэлдээ ч мөн хариуцлага хүлээдэг боловч санамсаргүй алдаа гаргасны улмаас нэхэмжлэгчийн нэр төрд халдсан бол залруулга хийхэд эрх зүйн албадлага шаардлагагүй болох боломжтой юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хариуцагч Н.Т, Д.Б нарын зохион байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хэвлэлийн хурлын бичлэг, мөн www.daam.mn сайтад хариуцагч Н.Т, Д.Б нарын өгсөн ярилцлагын дуу, дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба хэргийн оролцогчийн хүсэлтээр уг бичлэгт шүүх үзлэг хийж баримтжуулсан. /хх (2) ___ р тал/

Дуу, дүрсний бичлэг болон түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл хариуцагч Н.Т, Д.Б нар нь хэвлэлийн хурал хийх үедээ, мөн www.daam.mn сайтад ярилцлага өгөх үедээ нэхэмжлэгч Д.А-ийг Олон хувьцаа эзэмшигчдийг хохироосон, Ерөнхийлөгчийн дүү гэж хэлээд хууль хяналтын байгууллагад зүй бусаар нөлөөлсөн, Хувьцаа эзэмшигчдийг луйвардаж, луйврын аргаар компанийн хэлбэрийг өөрчилсөн, Шүүхэд нөлөөлж хууль бус шийдвэр гаргуулсан, М прокурор болон хууль хяналтын байгууллагад зүй бусаар нөлөөлж хэргээ хаалгасан, Шударга бусын хонгилын схемийн нэг хэсэг гэж гуравдагч этгээд буюу олон нийтэд ойлгогдохуйц мэдээлэл хийсэн гэж үзэхээр байна.

Дээрх мэдээ нь иргэн хувийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн агуулгагүй, харин тодорхой нэг этгээд рүү чиглэсэн буюу нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй мэдээ байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тухайлбал: Хариуцагч Н.Т, Д.Б нар 2020 оны 3 дугаар сарын 04ний өдрийн хэвлэлийн хурлаа Эрдэнэт хотын иргэд З ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байна гэж нэрлэсэн байх ба хариуцагч Д.Б яриагаа эхлэхдээ: ... Эрдэнэтийн залилуулж хохирсон иргэдийн холбоо ... энэ хурлыг зарлаж байна..., ...гол зорилго нь хууль шүүхийн байгууллагын шударга бус байдлын нэгээхэн хэсгийг илчлэхийн тулд хэвлэлийн хурал зарлаж байна ... гэж эхэлсэн ба улмаар ...Д.А гэдэг хүн Зэс эрдэнийн хувь гэдэг компанийг байгуулаад өнөөдрийг хүртэл үйлдвэр бариагүй 10-аад жил болоод байна. Зэс эрдэнийн хувь компаниас нийтдээ 24.500 хүн хувьцаа авч их, бага хэмжээгээр хохирлоо..., ...манай холбоо Орхон аймгийн хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахаар сүүлийн 3 жил тэмцэж байна... хэмээн яриагаа үргэлжлүүлжээ.

Компани буюу хуулийн этгээд нь хийсвэр ойлголт тул компанийн үйлдлийн тухай яриа нь бусдад тухайн байгууллагатай хамаарал бүхий хүний үйлдэл гэж ойлгогддог. Хариуцагч Д.Б-ын дээрх ярианаас үзвэл З ХХК-ийн үйлдлийн талаар бус тухайн компанийн үүсгэн байгуулагч Д.А-ийн үйлдлийн талаар ярьж байгаа гэж ойлгогдохоор байна.

Ийнхүү Д.А-ийг олон иргэдийг хохироосон талаар ярьж эхэлсэн Д.Б-ын яриа нь Орхон аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн нэр, үйлдэлтэй, прокурор М, Д нарын нэр, үйлдэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалтай тус тус холбогдсон байгаа нь хуулийн салбарын ажилтнууд шударга бус шийдвэр гаргасан, нөгөө талаас Д.А уг шударга бус шийдвэрийг гаргуулдаг гэж ойлгогдохуйц болжээ. Мөн хэвлэлийн хурлын үеэр З ХХК-н хэлбэрийг хууль бусаар өөрчилсөн гэж ярьсан нь нэхэмжлэгч Д.А-ийн талаар ярьж байгаа гэж ойлгогдохоор байна.

Түүнчлэн, хариуцагч Н.Т, Д.Б нар 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний мэдээллийн төвд дээрх агуулга бүхий мэдээллийг олон нийтэд хүргэсний дараа хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлч асуулт асуусан байна. Сэтгүүлч: - Одоо тэр Д.А гэдэг хүн чинь Төв аймагт нэр дэвших гээд явж байгаа гэсэн үү? гэж асуужээ. Энэ үйл баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх(2)____ р тал/

Сэтгүүлчийн асуусан асуултаас үзвэл, хариуцагч Н.Т, Д.Б нарын хэвлэлийн хурал дээр ярьсан яриа бүхэлдээ нэхэмжлэгч Д.А-ийн талаар ярьсан гэж хөндлөнгийн дор хаяж нэг этгээд ойлгожээ. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь хамгаалагдаж буй объектын мөн чанараараа харьцангуй эмзэг объектод тооцогддог. Өөрөөр хэлбэл, аливаа этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ дор хаяж нэг хүнд хүрсэн байхад уг мэдээ олон нийтэд тарсан гэж үздэг.

Хариуцагч Д.Б болон Н.Т нар нь мөн www.daam.mn сайтад ярилцлага өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх (2)____ р тал/

Хариуцагч Д.Б, Н.Т нар www.daam.mn сайтад өгсөн ярилцлагаа ... Д.А  та олон мянган хуурамч хувьцааны асуудлаа шийдчихээд сонгуульдаа оролцоно уу хэмээн нэрлэсэн байх ба энэ ярилцлага нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хэвлэлийн хурал дээр ярьсан тэдний яриатай ижил агуулгатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар татгалзлаа нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч Д.Б, Н.Т нар дээрх мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Хариуцагч Д.Б, Н.Т нарын хувьд Д.А олон иргэдийг хохироосон, хууль бусаар компанийн хэлбэрийг өөрчилсөн нь хэрэгт цугларсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн З ХХК-ийн үүсгэн байгуулах бичиг баримтууд, Х ТӨХК, Ү төв, С хорооноос ирүүлсэн албан бичиг, мөн Г ХХК-ийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон гэж үзжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн З ХХК-ийн үүсгэн байгуулах баримтад З ХК, З ХХК гэсэн хоёр өөр хэлбэрээр байгуулагдсан компанийн гэрчилгээ авагдсан байна. Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс гаргаж өгсөн баримтыг шалгаж, улмаар бүртгэл хийж байгаа үйлдэл нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа юм. Ийнхүү захиргааны байгууллага шийдвэр гаргаж, ХК, ХХК хэлбэрээр З компанийг бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул Д.А-ийг хууль зөрчиж компанийн хэлбэрийг өөрчилсөн гэж үзэх боломжгүй.

Ү төв, С хороо, М ТӨХК-ийн албан бичгүүд нь З ХХК-ийн бичиг баримтыг бүртгэх боломжгүй талаар, мөн нээлттэй болон хаалттай хувьцаат компанийг бүртгүүлэхэд тавигдах шаардлагын талаар, түүнчлэн хувьцаа бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаагүй талаар өгсөн хариу албан бичгүүд байна. Дан ганц эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.А хувьцаа эзэмшигчдийг хороосон гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн, Г ХХК нь хууль тогтоомжийн зөрчил, компанийн татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ, зарцуулалтын тайлан, хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл, хөрөнгө зарцуулахдаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр зарцуулсан үйлдлийн талаар дүгнэлт гаргажээ. Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д: аудитын үйл ажиллагаа гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг хэлнэ гэжээ. Хуулийн энэ зохицуулалтын дагуу аудитын байгууллага нь зөрчлийн гэм буруугийн талаар эцсийн дүгнэлт гаргадаг эрх бүхий байгууллага биш юм.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг тул энэ үндэслэлээр хариуцагч Д.Б болон Н.Т нь мэдээ тараасан арга хэлбэрээрээ няцаалт өгөх ёстой.

Хариуцагч С.Э нь хариуцагч Д.Б, Н.Т нарын зохион байгуулсан хэвлэлийн хурлын бичлэгийг өөрийн фэйсбүүк хуудсаараа бусадтай хуваалцсан /share/ талаараа маргаагүй ба харин өөрөө уг мэдээг тараагаагүй, зөвхөн бусадтай хуваалцсан тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргасан. Хариуцагч Э нь мэдээллийг өөрөө бэлтгээгүй ч тухайн мэдээллийн үнэн зөвийг нягтлалгүйгээр бусадтай хуваалцах нь мэдээ тараах нэг хэлбэрт тооцогдоно.

Мөн хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нар өөрсдийн фэйсбүүк хуудсаа ашиглан Эрдэнэтийн 24.500 иргэдээс их хэмжээний мөнгө авч луйвардсан, луйварчин Д.А гэх мэдээлэл тараасан талаараа маргаагүй ба энэ мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар энэ мэдээлэлдээ няцаалт хийх үүрэгтэй.

Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэх ойлголт нь хоорондоо харилцан хамааралтай, салгаж үл болох, хуулиар хамгаалагдвал зохих иргэний эрх зүйн харилцааны объект юм. Энэ төрлийн объект зөрчигдвөл эдийн бус гэм хорыг иргэнд учруулдаг тул тухайн этгээдийн нэр хүнд гутаагдсан эсэхийг тогтооход материаллаг хохирол учирсан эсэхийг шалгуур болгодоггүй. Иймд, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд гэм хор учирсан болох нь тогтоогдоогүй, тэрээр ажил, орлогоо алдаагүй гэх хариуцагч нарын өмгөөлөгчдийн тайлбар үндэслэлгүй юм. Түүнчлэн, хариуцагч нарын өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэж маргасан. Нэхэмжлэгч Д.А нь, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хэвлэлийн хурлын мэдээлэл, www.daam.mn сайтад өгсөн хариуцагч нарын ярилцлага, хариуцагч нарын фэйсбүүк хуудсаар тараасан мэдээний улмаас өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгах шаардлага гаргасныг тодорхой бус шаардлага гаргасан гэж үзэх боломжгүй юм. Харин 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан ба энэ үндэслэлээр зохигчид 8 сарын хугацаанд мэтгэлцсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нар нь нэхэмжлэгч Д.А-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, тараасан мэдээ нь бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар эдийн бус гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба энэ талаар шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй ба хэргийн нөхцөл байдлаас хамаарч шүүхийн шийдвэр биелүүлэх арга, журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар нарийвчлан заах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан Д.А-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг Н.Т, Д.Б, С.Э нарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний мэдээллийн төвд хийсэн мэдээлэл, www.daam.mn сайтад өгсөн ярилцлагаа хэвлэлийн хурал хийх, мөн мэдээллийн сайтад ярилцлага өгөх хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч Н.Т, Д.Б нарт, няцаалт хийсэн хэвлэлийн хурлын бичлэгийг өөрийн фэйсбүүк хуудсаараа бусадтай хуваалцахыг хариуцагч С.Э-т, Эрдэнэтийн 24.500 иргэдээс их хэмжээний мөнгө авч луйвардсан, луйварчин Д.А гэх мэдээллийг өөрсдийн фэйсбүүк хуудсыг ашиглан няцаалт хийхийг хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нарт тус тус даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар сонгогдох эрхэд халдсан аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах шаардлагаасаа нэхэмжлэгч Д.А татгалзсан болохыг баталж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т, Д.Б, С.Э нараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН

 

Б.БАЯРМАА