Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/00092

 

                                                                                              Д.Д, Ц.О нарын

                                                                            нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00065 дугаар шийдвэр,  

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 224/МА2023/00009 дүгээр магадлалтай,                                                                                                               

Д.Д, Ц.О нарын нэхэмжлэлтэй,

Н.Э, М.Тнарын холбогдох

Гэрээний дагуу худалдаж авахаар тохирсон объектын үнэ 117,600,000 төгрөг, хохиролд 26,044,000 төгрөг, нийт 143,644,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

297,637,251 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагч Н.Э, хариуцагч М.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Н.Э, хариуцагч М.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.Д, Ц.О нар нь хариуцагч Н.Э, М.Тнарт холбогдуулан гэрээний дагуу худалдаж авахаар тохирсон объектын үнэ 117,600,000 төгрөг, хохиролд 26,044,000 төгрөг, нийт 143,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 297,637,251 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00065 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Н.Э, М.Тнараас 117,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохирол 26,044,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас 283,054,297 төгрөг гаргуулж хариуцагч Н.Э, М.Тнарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,582,954 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э, М.Тнараас 745,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарт олгох, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,646,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас 1,573,221 төгрөг гаргуулж хариуцагч Н.Э, М.Тнарт олгож шийдвэрлэжээ. 

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 224/МА2023/00009 дүгээр  магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00065 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг гэж,

2 дугаар заалтыг: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Э, М.Тнарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага 297.637.251/ хоёр зуун ерөн долоон сая зургаан зуун гучин долоо мянга хоёр зуун тавин нэг / төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, 3 дугаар заалтын: ...нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.573.221 / нэг сая таван зуун далан гурван мянга хоёр зуун хорин нэг/ төгрөг гаргуулж, хариуцагч Н.Э, М.Тнарт олгосугай гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.703.441/ нэг сая долоон зуун гурван мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгөөс 1.573.221 / нэг сая таван зуун далан гурван мянга хоёр зуун хорин нэг/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Од олгож, үлдэх 130.220 / нэг зуун гучин мянга хоёр зуун хорь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолд: Увс аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 224/МА2023/00009 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Худалдан авагч тал Д.Д, Ц.О нар төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөний улмаас гэрээ цуцлагдах болсон. Гэрээ зөвхөн энэ шалтгаанаар цуцлагдсантай холбоотой маргаан байхгүй. Гэрээг байгуулах гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг гэрээний төлбөрийг худалдан авагч бүрэн төлсний дараа шилжүүлж өгөхөөр тохиролцсон ба гэрээний хугацаанд болон өмнө нь тухайн хөрөнгийг өмчлөгч нь барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулж байсан талаар худалдан авагч лавтай сайн мэдэж байгаа. Энэ талаар гэрээ байгуулах үед нуугаагүй. Харин гэрээний төлбөрөө бүрэн хийсний дараа хөрөнгийг нэр дээр нь буулгаж өгөхөөр гэрээнд харилцан тохиролцсон ба худалдан авагч үүргээ биелүүлсэн бол бид ч үүргээ шударгаар гэрээнд зааснаар биелүүлэх байсан.

Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бол, харин давж заалдах шатны шүүхээс гэрээний талуудын хооронд 243 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн гэж тодорхойлжээ. Үүнээс үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын талаар харилцан адилгүй дүгнэлт хийсэн, мөн холбогдох хуулийг зөрүүтэй хэрэглэсэн болох нь харагдаж байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжөөр “хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ гэж тайлбарласнаас гадна Иргэний хуулийн 243, 262, 312 дугаар зүйл, Иргэний хуулийн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах талаарх зохицуулалтыг зөв хэрэглэх талаар албан ёсоор тайлбарласан байдаг. Энэ тохиолдолд худалдан авагч тал үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй учраас худалдан авагч талын санаачилгаар гэрээнээс татгалзсан ба энэ талаар зохигчид маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Э би болон эхнэр М.Т/худалдагч тал/ өөрт учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч талаас шаардах эрхтэй байна. Гэтэл шүүхээс холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Н.Э, М.Тнарын ажиллуулдаг ... хуулийн этгээдтэй холбоотой баримтыг хэрэгт авагдаагүй мөртлөө ашиг, орлого олдоггүй буюу хохироогүй мэт дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дэндүү шударга бус шийдвэр болсноос гадна шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00062 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 224/МА2023/00009 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Эсвэл нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримт, нөхцөл байдалд үндэслэлтэй бодитой дүгнэлт хийж, хуулийг хэрэглэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч М.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нар хяналтын журмаар гаргасан гомдолд: Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 224/ МА2023/00009 дугаартай магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлд зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Д.Д, Ц.О нар нь гэрээний хугацаанд нийт 117 сая төгрөг төлбөрт шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө хийгээгүйн дээр гэрээний хугацаа дуусаад 9 сар болсны дараа худалдан авагч талын буюу Д.Д, Ц.О нарын санаачилгаар гэрээг цуцалсан. Үүний дараа Д.Д, Ц.О нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээ цуцалсан тул төлбөрт төлсөн 117.600,000 төгрөг, хохиролд 26,044,000 төгрөг нийт 143,644,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч тал 117,600.000 төгрөгийг хүлээн авсан гэдэг дээр маргаагүй бөгөөд харин хохирол гэж 26,044,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж гэрээ цуцалсантай холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлдээ гэрээ ёсоор рестораныг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай зээлээр худалдсан боловч төлбөрөө төлөөгүй тул 2022 оны 03 сарын 25-аар тасалбар болгон гэрээг цуцалсан. С ресторан нь 12 жил тогтмол ажилласан бэлэн бизнес байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын 24 хүртэл орлогоо/ дансны хуулгаар баталгаажуулж/ тооцож сарын дунджаар /19,520,986/ гаргаж үүнийгээ Д.Д, Ц.О нарын мэдэлд байсан 29 сараар үржүүлж 566,108,594 төгрөг нийт 29 сараасаа цар тахлын үед бүрэн хаагдсан 83 хоногийг 95 болгож хасаад олбол зохих орлогоо цар тахлын үе таарсан гээд 50% бууруулан тооцож олох байсан орлого 283,054,297 төгрөг үүн дээр нэмж С рестораныг хүлээн авахад НӨАТ-ийн өр 9,379,388, халаалтын төлбөрийн өр 5,203,566 төгрөг нэмж нийт 297,637,251 төгрөг нэхэмжилсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэж Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг хэрэглэсэн бол давж заалдах шатны шүүх уг харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн холбогдох хэсгээр зүйлчилсэн нь хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн буюу хяналтын журмаар хэргийг хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т хамаарч байна.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв сонгосон боловч анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй тайлбарлаж мөн хуулийн 227.3 дахь заалтыг буруу хэрэглэсэн тухайд: Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй буюу олох ёстой байсан гэж тодорхойлсон орлого нь гэрээ биелснээс зайлшгүй орох байсан орлого буюу хохиролд хамаарахгүй тул 283,054,297 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв /магадлалын 15 дахь нүүр/ гэжээ.

Давж заалдах шатны шүүх гэрээний харилцааг буруу дүгнэснээс үүдэн ийм дүгнэлт хийсэн байж болох ч Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл заалтыг хэрэглээгүй тул хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан. Худалдан авагч буюу нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж гэрээнээс татгалзах, улмаар цуцлагдах нөхцөл байдал үүссэн бөгөөд үүний гол буруутан нь нэхэмжлэгч тал өөрөө буюу худалдан авагч юм. Тэд гэрээгээр тохирсон сар бүрийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргийг зөрчсөнөөс болж гэрээ цуцлагдсан ба үүнд гагцхүү нэхэмжлэгч буюу худалдан авагч тал буруутай. Гэтэл хуульд гэрээг цуцлахад буруутай тал нөгөө талд гэрээг цуцалснаас үүссэний улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй гэж заасан. Энэ талаар Иргэний хуулийн 227.1, 227.3 дахь хэсэгт тодорхой хуульчилсан.

Сөрөг нэхэмжлэлд гэрээ байгуулахаас өмнө олж байсан орлого болон худалдан авагч талын олсон орлогыг баримтаар нотолсон. Иргэний хуулийн 88 дугаар зүйлд Эд юмс болон эрхийн үр шимийг хэн хэрхэн хүртэх талаар заасан. Өөрөөр хэлбэл, Н. Э, М.Тнар өөрийн шударга хөдөлмөрөөр бий болгосон эд хөрөнгийн үр шимийг хүртэх эрхтэй. Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар заасны дагуу бусдын мэдэлд байсан өөрийн хөрөнгийн 29 сард олох орлогоо нэхэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй гэм хорыг арилгах тал дээр хууль зөрүүтэй хэрэглэж тайлбарлаж байна. давж заалдах шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнээд авсан өгснөө буцаагаад болно гэж дүгнэсэн нь хиймэгц биелдэг цаг хугацаа бага шаарддаг ахуйн шинжтэй худалдах, худалдан авах гэрээнд байх боломжтой. Харин энэ тохиолдолд өндөр үнийн дүнтэй гэрээний хугацаа урт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, уг хөрөнгө нь бусдад худалдагдах, эсхүл түрээслэх зэргээр орлого олох боломжтой, объект урт хугацаагаар бусдын мэдэлд байсан, түүгээр орлого олж байсан зэрэг олон нөхцөлүүд байхад зөвхөн объектыг буцаан өгснөөр гэм хорыг арилгасан гэж үзэх боломжгүй. Харин анхан шатны шүүх энэ маргааныг зөв дүгнэж хэрэв энэ гэрээг хийж цаг хугацаа алдаагүй бол тухайн өмчлөгч орлого олж болох байсан мөн олох ёстой орлого зөв тодорхойлсон гэж дүгнэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийг хэрэглэж шийдсэн нь зөв гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 1,3 дахь хэсгийг зөрүүтэй тайлбарласан болно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг заавал урьдчилан төлөх хэрэв энэ шаардлага хангаагүй бол шүүгч захирамжаараа буцаахыг хуульчилсан. Гэтэл өмгөөлөгч Ц.М, нэхэмжлэгч Д.Д нар нь тус тусдаа 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй харин үүнээс 5 хоногийн дараа нэхэмжлэгч Ц.О тэмдэгтийн хураамж төлж тусдаа гомдол гаргасан. Гэтэл Ц.М, Д.Д нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх гомдлыг хүлээн авч хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим зөрчигдсөн болно. Энэ талаар давж заалдах шатны шүүх хурал эхлэх үед хэлсэн боловч энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй нь нэг талыг барьсан хараат бус байх зарчим алдагдсан явдал мөн.

Хэрэв нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар хамтран нэг гомдол бичсэн бол нэг тэмдэгтийн хураамж төлнө. Харин энэ удаа 3 оролцогч тусдаа 3 гомдол гаргасан. Хэрэв эхний оролцогч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаа төлөөд сүүлд нэмж өгч байгаа бол ойлгож болох юм. Гэтэл эхний 2 гомдолд ямар ч тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх хүлээн авч хэлэлцэж байгаа нь хэт нэг талыг барьсан хууль зөрчсөн үйлдэл мөн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хэрвээ шүүх хэргийн үйл баримтыг тогтоох болон нотлох баримтыг үнэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзвэл I хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү./

Эцэст нь хэлэхэд Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахын тулд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй бөгөөд давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хуулийн 1.2-д заасан зорилтод харш зүйл болж байгааг анхаарна уу. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг зөрүүтэй тайлбарласан болно.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.11-ний өдрийн хуралдааны 001/ШХТ/2023/00546 тогтоолоор хариуцагч Н.Э,  хариуцагч М.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч Д.Д, Ц.О нар хариуцагч Н.Э, М.Тнарт  холбогдуулан  гэрээний дагуу худалдаж авахаар тохирсон объектын үнэ 117,600,000 төгрөг, хохирол 26,044,000 төгрөг, нийт 143,644,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 297,637,251 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

8. Анхан шатны шүүх зохигчдын хооронд  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн, нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч нараас 117,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хохирол гэж тодорхойлсон 26,044,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас 283,054,297 төгрөг гаргуулж хариуцагч нарт олгож, үлдэх 14,582,954 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

9. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол тогтоогдоогүй гэж дүгнэн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Нэхэмжлэгч Д.Д, Ц.О болон хариуцагч Н.Э, М.Тнарын хооронд 2019.07.05-ны өдөр байгуулагдсан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-гээр  хариуцагч нарын өмчлөлийн С рестораны барилгын 2 давхрын 12x22 метр харьцаатай 270 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 316,800,000 төгрөгөөр, ... 42,000,000 төгрөгөөр худалдахаар талууд үнийг тохиролцсон, 24 сарын хугацаатай, худалдан авагч нь сар бүр төлбөрт 10,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлэх, энэ нь сар бүрийн төлбөрийн доод хэмжээ гэж заасан байх бөгөөд гэрээний хугацаа дуусах болон дуусахаас өмнө худалдан авагч тал объектын эрх шилжүүлэн авах санал гаргаж болох ба энэ үед сар бүрийн төлбөрийг үндсэн төлбөрт оруулан тооцож, үлдэгдэл төлбөрийг бөөн төлнө” гэж талууд тохиролцсон байна.

11. Нэхэмжлэгч тал “...объектыг хүлээн авч, сар бүр 10,000,000 төгрөг төлж, ...үүргээ биелүүлж байх үед 2021 оны 3 сард Н.Э, М.Тнар объектыг банкны барьцаанд тавьж гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. ...мөн цар тахал гарч  төлбөр төлөх хугацаа хойшлогдсон. 2022 оны 1  сараас ажиллаж эхэлж байхад Н.Э нар нь манай ажлыг зогсоож үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Гэрээнээс татгалзах, цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон. 2 тал гэрээнээс татгалзан, цуцалж, объектыг буцаан хүлээлгэж өгсөн боловч хариуцагч хохирол төлбөрөө төлөхгүй байна” гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан.

12. Хариуцагч тал  нь “... эзэнгүй объект аваагүй. С ресторан гээд танигдсан бэлэн бизнесийг урьдчилгаа төлбөргүйгээр авсан. ...ажилласан өдрөөсөө эхлээд орлогоо олоод явсан. Сар бүр 10,000,000 төгрөг, 24 сарын хугацаанд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй. Гэтэл 117,600,000 төгрөг төлөөд үүнээс хойш төлөөгүй. Гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нар гэрээг сунгах хүсэлт гаргаагүй, цуцалсан шалтгааныг ковидоос болсон уу, эсхүл барьцаанд тавьснаас уу гэдэг нь тодорхойгүй. ...татварын болон бусад баримтаар орлого олоогүй гэж үзэх боломжгүй байна. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар эрх нь худалдан авагч талд очдоггүй. Төлбөрийг бүрэн төлж дууссанаар эрх нь шилждэг. Объект нэхэмжлэгч нарын мэдэлд 2019.06.15-ны өдрөөс 2022.03.25-ны өдөр хүртэл байсан, энэ хугацаанд ажиллаж байсан учраас өөрсдөө гэрээнээсээ татгалзсан, гэрээний үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

13.  Хариуцагч тал  “... гэр бүлийн 16 жилийн туршлага бүхий нийтийн хоолны бизнесээ тоног төхөөрөмж, ажиллах хүч, нэр хүндийн хамт шилжүүлэн өгсөн. ...эхний үед төлбөрөө төлж байсан боловч төлөхөө зогсоосон. ...ресторанаас олсон орлогоо өөр бизнест зарцуулсан гэж үзэж байна. Өнгөрсөн 32 сарын хугацаанд объектод засвар үйлчилгээ хийгээгүй, ус алдуулсан, өнгө үзэмж муутгасан, мөн бизнесийн нэр хүнд унагаасан. ...гэрээний 1.6-д Төлбөр бүрэн төлж дууссанаар худалдан авагчид эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх үүснэ гэсэн, төлбөр бүрэн төлж дуусмагц эрхийн зөрчилгүй баримт бичгийг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг. Харин үүнээс өмнө өөрийн өмчийг барьцаалах эрх нь худалдагч талд байна. Коронавирус гарч анхны хязгаарлалт хийснээс хойш 39 захирамж гарснаас рестораныг нийт 83 хоног бүрэн хаасан бусад үед хязгаарлалттай ажиллаж байсан. ...нийт 2 жил 8 сар 5 хоног рестораныг ашигласан, захирамжаар хаагдсан 83 хоногийг 95 болгож өсгөж,  хасахад 29 сар үлдэж байна. Хариуцагч нарын дансны 2019 оны хуулгаар  эхний 5 сарын дундаж орлого 19,520,986 төгрөг байгааг 29 сараар тооцоход 566,108,594 төгрөгийн орлого олох байсан, цар тахлыг харгалзан 50 хувь бууруулж тооцон 283,054,297 төгрөг, рестораныг ажиллуулж байх үедээ үүсгэсэн НӨАТ-ын өр 9,379,388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5,203,566 төгрөг, нийт 297,637,251 төгрөгийг  гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа  тодорхойлжээ.

14. Нэхэмжлэгч тал “...гэрээтэй холбогдох ямар нэг зүйлийг нэхэмжлээгүй, ...олох байсан ашиг гэх зүйлийг хийсвэрлэн тооцож их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх үндэслэлгүй, ...гэрээнд объект худалдсан, ямар нэг бизнес худалдах заалт, тохиролцоо байхгүй, цар тахлын үеэр орлого олоогүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Орлого олсон гэж үзсэн ч хариуцагч үүнийг нэхэмжлэх үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан тохиролцоо, гэрээний нөхцөлөө баримтлах ёстой” гэж  сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэжээ.

15. Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааны эрх зүйн үндэслэлд өөр өөр дүгнэлт хийсэн /тогтоолын 8,9/, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг анхан шатны шүүх хангасан бол давж заалдах шатны шүүх сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гэрээний зүйл нэхэмжлэгчийн эзэмшилд 2019.06.15-ны өдрөөс 2022.03.25-ны өдөр хүртэл байсан байх бөгөөд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

16. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа хамааруулан өөрийн орлого болон нэхэмжлэгчийн олсон орлого гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн, сөрөг шаардлагаа Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь заалтыг хууль зүйн үндэслэл болгосон.

17. Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талууд гэрээнээс татгалзсан боловч нэхэмжлэгч, хариуцагчийн аль тал нь үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон нь тодорхой бус, энэ талаар шүүх тодруулж дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх байжээ.

18. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй буюу тухайн объект өөрт нь байсан бол өөрийн үйл ажиллагаанаас олох ёстой байсан орлогыг шаардаж байгаа, эсхүл нөгөө тал гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн алдагдал, түүнчлэн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол алийг болох нь тодорхой бус байхад шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйл, 227 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

19. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Н.Э, хариуцагч М.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарын  хяналтын журмаар гаргасан гомдлоос “анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00065 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 224/МА2023/00009 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 1,646,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ    

                        ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                        П.ЗОЛЗАЯА 

                                                                                        Д.ЦОЛМОН                                                           

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД