Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 125/ШШ2022/0012

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч:  Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга Б.Т нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, Н.О, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Б нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан сумын Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлсөнийг эс зөвшөөрч маргаж байна.

2. Нэхэмжлэгч О.Б нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 2 дугаартай "О.Б-г Засаг даргын орлогчоор томилох тухай" захирамжаар Буянт сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2021 оны 01 сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн -34 дугаар шүүгчийн захирамжаар “гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг арилгуулахаар Ховд аймгийн Засаг дарга Б.Д-д 2022 оны 02 сарын 21-ний өдөр гомдол гаргаж, хариуг 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 1/457 дугаартай албан тоотоор хариугаа авч, мөн өдөр тус шүүхэд “Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалин олговор 6804351/зургаан сая найман зуун дөрвөн мянга гурван зуун тавин нэгэн/ төгрөг гэж тодруулсан болно.

 

5.Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2021 оны 01 сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар намайг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22 дэх хэсгийг үндэслэжээ. Гэтэл захирамжийн үндэслэх хэсэг тодорхойгүй, яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж намайг ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын орлогчийн нэг сарын үндсэн цалин 928.000 төгрөг, ур чадвар бусад нэмэгдэл 229.017 төгрөгөөр тооцож 2022 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Би ажлын байран дээрээ архи уугаагүй, ажлаа таслаагүй. Мөн надтай ажлаас халах талаар ярилцаагүй. Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр захирамжаа гаргаад, тухайн өдрийн оройгоо над руу утсаар ярихад нь би хөдөө байсан тул маргааш уулзъя гэж хэлсэн. Улмаар би маргааш нь очиж Засаг даргатай уулзахад намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг өгсөн. Захирамж гаргахдаа надтай ярилцаж сонсгол хийх ёстой байсан. Мөн тус захирамж нь бичиг хэргээр дамжиж надад ирэх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь надад өөрөө захирамжаа гардуулж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Сумын Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар улс төрийн албан хаагч байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон бодит үндэслэлийг захирамжинд заагаагүй. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “....” гэж заасан. Мөн сумын Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлд зааснаар төрийн улс төрийн албан тушаалтанд хамаардаг. Захиргааны актын үндэслэлийг харахад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т заасныг баримталсан. Тус заалтанд “Сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” гэж заасан. Эрх олгосон зохицуулалт болон ажилд томилох чөлөөлөх хүсэл сонирхлоор захирамжийн үндэслэл тайлбарлагдахгүй. Хариуцагчийн дээд шатны албан тушаалтан буюу аймгийн засаг даргаас бүрэн эрхтэй тул захирамжийн үндэслэлийг зөв байна гэсэн утгатай хариуг өгсөн. Уг бүрэн эрхийг хориглосон зохицуулалт нь холбогдох хуулиудад тусгагдсан. Аливаа эрх нь бусдын эрхээр хязгаарлагддаг. Төрийн удирдлагыг хэрэгжүүлж буй Засаг даргын хувьд хууль зүйн хүрээнд захирамж гаргах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар улс төрийн зарим албан хаагчийн хувьд зөвхөн өөрт нь үйлчлэхээр заасан. Сумын засаг даргын орлогч нь сумын Засаг даргад бодлого боловсруулахад нь туслалцаа үзүүлэх, бусад үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, мөн Засаг даргыг эзгүйд түүний үүргийг орлон гүйцэтгэхээр заасан. Засаг даргад туслах, бие даан шийдвэр гаргах эрхгүй ч төрийн албан хаагчийн хувьд сумын Засаг даргын тамгын газарт харьялагддаг. Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаар захирамжаас харахад Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын хууль зүйн хэд хэдэн шаардлагыг хангахгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан. Нэхэмжлэгч талаас хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх гэхэд ажлаас чөлөөлөх үндэслэл нь ойлгомжгүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийнн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамжид Засаг даргын эрхтэй холбоотой заалтыг үндэслэсэн байсан. байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийнн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасан нөхцөл нь ямар ч ойлгомжгүй байгаа. Төрийн албанд хамтарч ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх боломжгүй байхаар хуульчилсан. Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөх асуудлаас хамаараад төрийн улсын төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулсан. Нэхэмжлэгч нь Сумын Засаг даргын орлогчийн ажлыг өгсний дараа Ховд аймгийн Засаг даргад хандсан. Аймгийн Засаг даргаас “Таниас ирүүлсэн гомдлын дагуу Буянт сумын Засаг дарга Б.Т-аас тайлбар авсан ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга нь өөрийн бүрийн эрхийн хүрээнд гаргасан захирамж байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн хариуг өгсөн. Улмаар нэхэмжлэгч нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаанд гомдлоо гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага буюу Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд ажлаас чөлөөлөх тухай тушаалын захирамжлах хэсэгт “Засаг даргын орлогч Очирбатын Баатарчулууныг 2022 оны 01 дүгээр сарын 31-ны едреер дуусгавар болгон ажлаас челеелсугэй. О.Б-ны ажлыг хариуцаж хулээж авахыг Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Д, нягтлан бодогч Д.Б, Эрхзүйн ажилтан Ж.Б. ААХХ-ийн ажилтан Ш.А нарт даалгасугай. О.Б-тай холбоотой санхүүгийн тооцоог хийж дуусгавар болгохыг нягтлан бодогч /Д.Б/-д даалгасугай” гэсэн байсан. Тус захирамжаас харахад ямар үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байгаа. Мөн тухайн захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-т заасан сонсох ажиллагаа явуулах журмыг баримтлаагүй. Ажлаас чөлөөлөх үндэслэлээ мэдэгдэж, тайлбар авч, тайлбарын дагуу нэхэмжлэгч нь нотлох баримт болон тайлбараа гаргаж өгөх боломжтой байсан. Сонсох ажиллагаа нь нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримтлаж, сонсох ажиллагаа хийлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь улсын төрийн албан тушаалтны хувьд ажлын туршлагатай албан тушаалтан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчүүд мэдүүлэг өгсөн. Тэдгээрийн мэдүүлэгт “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл бичигдээгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй. Хамтарч ажиллаж чадахгүй болсон тул ажлаас чөлөөлсөн гэсэн” гэж мэдүүлсэн. Үүнээс сонсох ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж харагдаж байгаа гэв.

8. Хариуцагч, Ховд аймгийн Буянт сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 19-ны едрийн сумын Иргэдийн төлөөлгчдийн хурлаас  Засаг дарга Ч.Н-н жилийн эцсийн тайланг хэлэлцэн Хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар хангалттуй унэлгээ авч сумын Засаг даргаас огцоруулсан. Мен өдрийн Хурлаар Монгол ардын намаас сонгогдсон Б.Т миний бие олонхийн санал авч сумын Засаг даргаар сонгогдoхooр болж, сумын Засаг даргаар батлах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 тоот захирамжийн дагуу миний бие Буянт сумын Засаг даргаар томилогдсон. Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа хүлээж авсан. Миний бие засаг даргын орлогчоор ажиллаж байсан О.Б-г 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр утсаар холбогдож сонсох ажиллагаа явуулах гэж байгаагаа хэлсэн боловч хувийн ажилтай гэх шалтгаанаар ирж уулзаагүй. О.Б-тай хамтарч ажиллах боломжгүй улс төрийн шалтгаан үүссэн тул 2022 оны 01 дүгээр 31-ний өдөр Б/05 тоот захирамжаар ажлаас челеелсен. Миний энэ шийдвэр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22 дахь заалтын дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр болно

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь сумын Засаг даргын орлогч нь улс төрийн албан хаагч. Нэхэмжлэгч нь ардчилсан намын гишүүн Засаг даргаар ажиллаж байх үед Сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Би Ардын намын гишүүн. байгаа. Захиргааны ерөнхий хуульд Засаг даргын бүрэн эрхэд Засаг даргын орлогчийг ажилд томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг хамааруулж заасан. Шинээр сонгогдсон Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан тул өөрийн багаа бүрдүүлэх ёстой. Би захирамж гарахын өмнө уулзахаар утсаар ярихад нэхэмжлэгч ирээгүй тул захирамж гаргасан. Үүнийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа. Маргааш нь захирамж гарсан талаар ярилцсан. Бид өөр намын гишүүд тул нэхэмжлэгчтэй үзэл бодол нийлэхгүй. Хурал зөвлөгөөн дээр улс төрийн асуудал дээр нэхэмжлэгчтэй зөрчилддөг бусдаар бол хувийн таарамжгүй харилцаа байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын орлогчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж, хариуцагчаас улс төрийн шалтгаанаар хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлсөн гэж тус тус тайлбарлан маргана.

 3. Нэхэмжлэгч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д “...сумын Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж зааснаар Буянт сумын Засаг даргаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/31 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг орлогчоор ажиллуулахаар зөвшилцөхөөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд санал хүргүүлж, Хурлын тэргүүлэгчдийн 12 дугаар тогтолоор саналыг дэмжсэн хариу ирүүлснээр 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар  Буянт сумын Засаг даргын орлогчоор томилогдож байсан бол 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-т “.. сумын Засаг дарга нь Засаг даргыг орлогчийг томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй” гэж зааснаар сумын засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ .

  4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал хамаарна” гээд 11.1.9-т “...сумын Засаг даргын орлогч дарга” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь сонгуулийн үр дүнгээс хамааран томилолтын журмаар ажилладаг Сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хамтарч ажилладаг орон тооны улс төрийн албан тушаал мөн байна.

5. Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 4/06 дугаар тогтоол, мөн хуралдааны  тэмдэглэлээс үзвэл тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ч.Нэргүйг хуралдаанд оролцсон гишүүдийн 52,3 хувийн саналаар огцруулж, хариуцагчийг  Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад нэр дэвшүүлж томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Буянт сумын Засаг даргаар томилогджээ.

6. Нэхэмжлэгчийг сумын Засаг дарга Ч.Нбайхдаа орлогчоор томилж ажиллуулсан байх ба хариуцагч Засаг даргаар томилогдсоноор “нэхэмжлэгчээс өөр намаас Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажилладаг тул улсын төрийн үзэл бодлын хувьд хамтарч ажиллах боломжгүй” гэж ажлаас чөлөөлсөнийг буруутгахааргүй.

7. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх” нь төрийн албаны зарчим байхаар, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэгтэй” гэж гэж  тус тус заасан. Энэ нь улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотойгоор гишүүнчлэлтэй улсын төрийн нам, эвслийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах, үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байна.   

8. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Энэ хуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийг чөлөөлөхдөө холбогдох хуулийн заалтыг баримталсан нь үндэслэлтэй.

9. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа нь улс төрийн албан тушаалдтанд адил хамаарах ч мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” баталгаа нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах нэмэгдэл баталгаа юм.

  10. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргах ба Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зохицуулалт нь сонгуулийн үр дүнгээр ажиллах улс төрийн албан тушаалтаны хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх бус хуулиар тогтоосон эрх зүйн байдалтай холбоотой байх тул улс төрийн шалтгаантай шийдвэр гаргахад нөлөөлөлгүй буюу ач холбогдолгүй гэж үзнэ.

 

11. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б-ны“Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын орлогчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, 2022 оны 01 сарын 31-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор 6804351/зургаан сая найман зуун дөрвөн мянга гурван зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ