Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Ундармаа

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000320064 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* Б-******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын 03-ны  хооронд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг 6-01 тоотод оршин суух хохирогч *******тэй хамтран амьдарч байх үедээ түүний эзэмшлийн байшингаас барилгын шат, цахилгаан дрилл, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн амортизатор 2 ширхэг, 2 ширхэг машины дугуй, 6 ширхэг усны сав зэрэг эд хөрөнгийг хохирогчид мэдэгдэлгүй, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж авсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг 6-01 тоотод байрлах хохирогч *******гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... бид 2 хамтран амьдраад эхний үед сайхан байсан. 06 дугаар сард ажил хийж байх үедээ архи ууж эхэлсэн. Би өглөө ажилдаа явахдаа гэрээ цоожлоод гараад явдаг байсан учир гэртээ очоод эд зүйл алга болсон талаар анзаараагүй. манай таамбарт байсан эд зүйлийг хулгайлсан байсан. Зүгээр болчих байх гэж бодсон ч болоогүй. Өөрийн мөнгөөр олсон эд зүйлийг маань архи авах гэж зарсан байсан тул гомдож Цагдаагийн газар гомдол гаргасан. ... бид 2 одоо хамт амьдрахгүй байгаа. Манай гэрт ирдэг боловч би яв гэж хэлдэг. Би аас алга болсон эд зүйлийнхээ төлбөрийг нэхэмжилж байна. Харин сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэв.

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анх цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ эд зүйлс алдсан гэж дуудлага мэдээлэл өгч байсан юм. Улмаар дахин мэдүүлэг өгөх шалтгаан маань гэвэл надтай хамтран амьдарч байсан нь надад мэдэгдэлгүйгээр ******* сумын 1 дүгээр баг ын 6-01 тоотод  хамт амьдарч байхдаа миний ажилдаа хэрэглэдэг Япон угсардаг шат, баттерей дрилл, 6 ширхэг канистр, машины 2 ширхэг дугуй, Приус-20 машины 2 ширхэг амортизатор зэргийг надад мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан. Тухайн үед би тай энэ үйлдлээс нь болоод хамтран амьдрахаа болиод хөөгөөд явуулсан юм. Харин 2023 оны 08 дугаар сарын сүүлээр би цагаан өнгийн цоожийг шар өнгийн цоожоор сольж байшингийнхаа хаалгыг гарах болгондоо цоожилдог байсан юм. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай хөрш айлын хүн надад утсаар ярьж хэлэхдээ танай гэрт хулгай орчих шиг боллоо, хаалга чинь онгорхой байна гэхэд нь би ажлаасаа чөлөө аваад 13 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоожийг эвдээд үл таних хүн манай гэрт нэвтрэн миний гар цүнхэнд байсан монетон бөгжийг хулгайлсан байсан. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор цагдаад яаж дуудлага мэдээлэл өгөх талаараа мэдэхгүй байж байгаад он гаргаад ажил гайгүй болохоор нь өгч байгаа нь энэ юм. тай хамт амьдарч байхдаа хамтдаа сайхан амьдаръя, болгоё, бүтээе гэж л нийлсэн. Харин энэ хүн болохоор байнгын архи согтууруулах ундааны зүйл уугаад намайг зовоож манай гэрийн эд зүйлийг надад хэлэхгүй зарж борлуулахаас өөр зүйлгүй болохоор би сүүлдээ халшраад гэртээ ч харьж амрахгүй өөрийн том эгч гэрт нь амьдарч байгаа. нь манай гэрээс надад мэдэгдэлгүй эд зүйл авч зарж борлуулж байгаа үйлдлийг нь би хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлд нь манай гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод миний монетон бөгжийг хулгайлсан. Ийм учраас би ын манайхаас хулгайлж авсан эд зүйлсийг барагдуулаасай гэж хүсэж байна. ******* манай гэрээс надад хэлэхгүйгээр эд зүйл авч зарж борлуулах эрх байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 06 дугаар сарын сүүлээр би өөрийн ажиллаж байсан ******* сумын 7 дугаар баг 8 дугаар сургуулийн гадна талын пассатыг хийж байх үед орой 19 цагийн орчим миний төрсөн дүү  согтуу ирээд гэрт хүргээд өгөөч гээд гуйхад тухайн үед манай ажил тарж байгаа таарсан. Ингээд би ыг хамтран амьдрагч гэр буюу 1 дүгээр баг ын 6-01 тоотод өөрийн унаж байсан тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. Ингээд тухайн үед өөрийн биед байсан гэрийн түлхүүрээ халааснаасаа гаргаж байшингийн хаалгыг түгжсэн цагаан өнгийн цоожийг онгойлгож гэрт нь орсон. Ингээд урьд өмнө надад усны сав өгнө гэж байсан болохоор байшингийн үүдний амбаарт байсан 20 литрийн багтаамжтай усны савнаас 3 ширхгийг өгөөд, та энийг гэр орондоо хэрэглэхгүй юу, бид 2-т усны сав байгаа гэж хэлээд өгсөн юм. Тухайн усны савыг үзэхэд дотор ханандаа тос наалдсан гэрт огт ашиглаагүй савнууд байсан. Ингэж л би аас 3 ширхэг усны сав авсан. Одоо тэр сав нь хөдөө байдаг манай аавын дүү эгчийн гэрт байгаа. Үүнээс хойш болон өмнө нь би аас эд зүйл авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 12 сар хүртэл ******* сумын 6 дугаар баг 19 дүгээр байрны ХХК-ны барьцаат зээлийн газрын теллерээр сар бүрийн эхний 15 хоногт ажилладаг байсан. Ингээд надтай уулзуулсан гэх хүн 2023 оны 10 дугаар сард манай ломбардад намайг сууж байх үед надтай харьцаж үйлчлүүлж байгаагүй. Ер нь бол тухайн хүний дүү нь гэх эмэгтэй намайг ажиллаж байхад 2 удаа гар утас барьцаанд тавиад үйлчлүүлсэн.  Гэхдээ эмэгтэй дүү нь гэх хүн сонсгол муутай их чанга ярьдаг болохоор би санаад байна. гэх хүн нь цаад талд нь дуугүй л зогсоод байдаг. Би гэх хүний нэрийг нь ч мэдэхгүй сая л мэдэж байна. ...Би тухайн үед ажлынхаа үүднээс хувь хүний гар дээрээс шалгаж үзэхгүй үнэт эдлэл худалдаж авна гэж байхгүй. Тухайн цаг хугацаанд бол би ажил дээрээ ганцаараа сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр /өдрийг нь тодорхой санахгүй байна/ гэрт байхад ажилдаа явлаа гээд гараад явчихсан, би гэрт нь ганцаараа үлдсэн юм. Учир нь тухайн өдрийн урд өдөр нь би архи уучихсан толгой өвдөөд ажил руугаа явж чадаагүй үлдсэн. Ингэхдээ би байшинд байх гал тогооны тавиурын доод талд байсан баттерейгаар ажилладаг гар дриллийг авч гадагшаа гарч баруун талын гудмаар хойшоо гараад уурхайн хар засмал замын зүүн талын хамгийн урд талын хүнсний дэлгүүрийн хажууд зогсож байсан жижиг машин дээр очиж жолоочтой нь уулзаад та гар дрилл сонирхохгүй биз гэж хэлэхэд тухайн машины жолооч 40 орчим насны эрэгтэй хүн ажилладаг юм уу гэхэд нь би баттерейг нь хийгээд дарж ажиллуулж үзүүлээд 15,000 төгрөгөөр зарна гэхэд тухайн залуу надад бэлнээр 15,000 төгрөг өгөөд явсан. ...Ингээд би 2,3 хоногийн дараа дахин гэрт нь ганцаараа үлдэхдээ ...буяны ажил хийгээд явж байсан машиныг зогсоогоод жолоочтой нь уулзахдаа та барилгын угсардаг Япон шат сонирхохгүй биз 20,000 төгрөгт зарлаа гэхэд жолооч нь тэр шат чинь эндээс ойрхон байгаа юм уу, хаана байгаа юм гэхэд нь би хажуу талын хашаагаа заагаад энэ манай хашаа байгаа юм одоохон гаргаад ирье гэж хэлээд би дотогш ороод шатныхаа нэг хөлийг нь бариад харуулахад тухайн машины жолооч нь хойш нь хийчих гээд бууж ирээд машиныхаа арын суудлаа хэвтүүлээд миний гаргаж ирсэн 2 хөл, 1 тушаа, 1 тавцан нийт 4 ширхэг зүйлийг машины ард хийхдээ би шаттай хамт байсан приус машины 2 ширхэг дугуйг тухайн машины жолоочид таны машинд энэ 2 дугуй таарвал хадгалчихна биз дээ гээд шатаа дагалдуулаад өгөхөд надад тухайн машины жолооч 20,000 төгрөг өгөхөөр нь би архи авч уусан. ...Ингээд би тэй хамт амьдардаг байхдаа сар өдрийг нь санахгүй байна ямар ч байсан дулаан орчихсон байхад нэг өдөр ажлаа тараад мөн л архи уучихсан байхдаа өөрийн төрсөн ах ... гэр болох ******* сумын 1-р баг Силикат 6-01 тоотод хүргүүлж ирээд би өөрт байсан түлхүүрээрээ байшинг нь онгойлгоод байшингийн таамбарт байсан 6-н ширхэг 20 литрийн багтаамжтай канистрнаас 3-ыг нь ах өгсөн юм. Харин ахыг гэрээс гарсны дараа үлдсэн 3 ширхэг канистрийг авч гараад гэрийн хойно байрлах 24 цагийн картаар ажилладаг худаг дээр очоод машинтай ус авах гээд ирсэн хүнд 10,000 төгрөгт зараад хажуу талын хүнсний дэлгүүрээс Хамаг Монгол нэртэй 0.5 литрийн архи авч гэр рүү явах замдаа архиа ууж дуусгаад нэг мэдэхэд гэрт ороод унтчихсан байсан. Одоо 3 ширхэг канистрийг ямар хүнд зарж борлуулсан эсэхээ санахгүй байна. Харин үүнээс хойш 2023 оны 10 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ гэрт нь би согтуу ирээд байшингийн хаалгыг шар өнгийн цоожоор түгжсэн байсан ба надад түлхүүр байхгүй гэрийн цоожоо сольчихсон байсан. Ингээд би хашаан дотор байсан жижиг төмрөөр цоожийг хөшиж онгойлгоод гэрт ороод баруун талд байрлах орон дээр байсан хар өнгийн гар цүнхийг онгойлгож үзэхэд тухайн цүнхэн дотор гоо сайхны ойр зуурын зүйл мөн зүүдэг шаргал өнгийн бөөрөнхий цулгуй монетон бөгж байсныг нь авч гэрээс нь гарсан. ...би монетон бөгжийг өмднийхөө халаасанд хийж яваад ******* сумын 6 дугаар багт байрлах 19-р байрны барьцаалан зээлдүүлэх газарт ороод тухайн монетон бөгжийг үзүүлээд барьцаанд тавих гэхэд тухайн ломбардны ажилтан бичиг баримтгүй согтуу хүнд үйлчлэхгүй гэхэд нь би тухайн ломбарднаас гараад үүдний шатан дээр зогсож байхад тус ломбарданд хуучин ажиллаж байсан ажилтан 30 гаран насны намхан эмэгтэй хүн 4,5 орчим насны хүүхэд хөтөлчихсөн ломбард руу орох гэж байхад нь би тухайн монетон бөгжийг үзүүлээд та 40,000 төгрөгт энэ бөгжийг авчих, бичиг баримтгүй болохоор ломбард авахгүй байна гэж хэлээд тухайн хүүхнээс 40,000 төгрөг аваад би цааш явж архи авч уугаад аавын гэрт согтуу очиж унтсан байсан. ...би гэрт 1 удаа л хууль бусаар нэвтэрч монетон бөгжийг нь авч зарж борлуулсан. Өмнө нь бид 2 хамт амьдардаг байсан болохоор би гэрт нь өөрт байсан түлхүүрээрээ онгойлгож нэвтэрдэг байсан бөгөөд цахилгаан гар дрилл, угсардаг шат, 2 ширхэг машины зуны дугуй, 6 ширхэг усны 20 литрийн сав зэргийг архины үнээр танихгүй хүмүүст зарж борлуулсан. Мөн би 2 ширхэг амартизаторыг анх өөрийн төрсөн ах үнэгүй миний машинд таарна гээд өгөхөд нь аваад байшингийн үүдний таамбарт хаалганы ард ногоон өнгийн шуудайнд хийсэн байж байгаад нэг л өдөр авч гарч яваад хүнд зарсан уу, хаясан уу ямартай ч авч явж байгаад алга болгосон. Согтуурсан архи уусан байсан болохоор яг хэзээ гэдгийг мөн яасан талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

- Хохирогч *******гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 04/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31/

- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-37/

- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 67-69/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-82/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ын 6-01 тоотод оршин суух хохирогч *******тэй хамтран амьдарч байх үедээ түүний эзэмшлийн байшингаас барилгын шат, цахилгаан дрилл, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн амортизатор 2 ширхэг, машины 2 ширхэг дугуй, 6 ширхэг усны сав зэрэг эд хөрөнгийг хохирогчид мэдэгдэлгүй, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж авсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ын 6-01 тоотод оршин суух хохирогч *******гийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Орон байр гэдэгт “хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан орон сууц, байшин, гэр зэргийг ойлгоно. Харин орон байранд нэвтрэх гэдгийг сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч орохыг ойлгох ба шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сараас 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хохирогч *******тэй хамтран амьдарч байхдаа *******г ажилдаа явсан хойгуур гэрээс нь түүний эзэмшлийн барилгын шат, цахилгаан дрилл, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн амортизатор 2 ширхэг, машины 2 ширхэг дугуй, 6 ширхэг усны сав зэрэг эд хөрөнгийг нь хохирогчид мэдэгдэлгүй авсан, мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч *******г гэрийнхээ цоожийг сольж эзгүй байх үед нь цоожийг нь эвдэн орж *******гийн монетон бөгжийг нь хулгайлсан байна. Хохирогч ******* нь мөрдөн байцаалтад “... нь надтай хамт амьдарч байхдаа миний ажилдаа хэрэглэдэг  угсардаг шат, цахилгаан дрилл, 6 ширхэг канистр, машины 2 ширхэг дугуй, Приус-20 машины 2 ширхэг амортизатор зэргийг надад мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан байхаар нь би тай энэ үйлдлээс нь болоод хамтран амьдрахаа болиод хөөгөөд явуулсан. Тэгээд би цагаан өнгийн цоожоо шар өнгийн цоожоор сольж байшингийнхаа хаалгыг гарах болгондоо цоожилдог байсан юм. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ...13 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн хаалганы цоожийг эвдээд гэрт нэвтрэн миний гар цүнхэнд байсан монетон бөгжийг хулгайлсан байсан. ...******* манай гэрээс надад хэлэхгүйгээр эд зүйл авч зарж борлуулах эрх байхгүй...” гэж, шүүгдэгч ******* нь “...өмнөх эд зүйлсийг хамтран амьдарч байхдаа авч бусдад зарж архи авч уусан. Харин үүнээс хойш 2023 оны 10 дугаар сарын эхээр гэрт нь согтуу очиход гэрийнхээ цоожоо сольчихсон байсан. Ингээд би хашаан дотор байсан жижиг төмрөөр цоожийг хөшиж онгойлгоод гэрт ороод баруун талд байрлах орон дээр байсан хар өнгийн гар цүнхийг онгойлгож үзэхэд тухайн цүнхэн дотор гоо сайхны ойр зуурын зүйл, мөн зүүдэг шаргал өнгийн бөөрөнхий цулгуй монетон бөгж байсныг нь авч гэрээс нь гарсан...” гэж тус тус мэдүүлсэн байх ба эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хэрэг авагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

            Уг гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эд хөрөнгөд 843,500 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч ******* нь алдагдсан эд зүйлийнхээ үнийг нэхэмжилж, сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 843,500 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч *******аас 843,500 /найман зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА