| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000126 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1-р баг Улаан худагийн 1-10 тоотод оршин суух, одоо ******* сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Улаанхудаг хорооллын 1-10 тоотод орших өөрийн хашааны гадна “машин журамлалаа” гэх шалтгаанаар олон нийтийн цагдаа албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн толгойн тус газарт нь 2 удаа цохиж биед нь халдан хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Улаанхудаг хорооллын 1-10 тоотод орших өөрийн хашааны гадна “машин журамлалаа” гэх шалтгаанаар олон нийтийн цагдаа толгойн тус газарт нь 2 удаа цохиж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ амарч байхад орой 21 цагийн орчимд найз эхнэрийн хамт нэг шил архитай ирсэн. Бид хэд манайд архиа ууж байгаад шөнө 03 цагийн орчим дэлгүүр орохоор өөрийн эзэмшлийн машинаа унаад найз , түүний найз /нэрийг нь мэдэхгүй/ бид 3 манайхаас хөдлөөд ертөнцийн зүгээр баруун тийш төв замд ороод 500 метр явж байхад замын цагдаа таарч зогсоогоод намайг багажаар шалгаад архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байна гээд нэг цагдаа нь миний машиныг бариад журмын хашаа руу явж саатуулсан. Тэгээд бид гурвыг хаана буух вэ хүргэж өгье гэхэд нь гэртээ бууя гээд ******* сумын 1 дүгээр баг Улаан худаг хорооллын 1-10 тоотын гадаа ирээд буулгасан. Би машинаас буугаад намайг журамласан гэх цагдаа руу уур хүрээд дөхөж очоод толгойн тус газар нь 2 удаа цохисон. Тэгэхэд надтай хамт явж байсан хоёр найз салгасан. Би тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэчихсэн байсан учраас олон нийтийн цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан. Миний буруу...” гэх мэдүүлэг, хохирогч ийн “...2024 оны 03 дугаар сарын 09-ний орой 00 цагаас 08 цаг хүртэл цагдаагийн ахлах ахлагч хамт үүрэг гүйцэтгэсэн. Шөнө үүрэг гүйцэтгэх хугацаанд 03 цагийн орчим ******* сумын 1 дүгээр баг төмөр замын тойрог дээр ...ертөнцийн зүгээр зүүн талаас Тоёота приус-20 маркийн автомашин ирэхээр нь зогсоож жолоочийг тандагч багажаар шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь түр саатуулах байр руу авч яваад шалгаж тээврийн хэрэгслийг нь түр саатуулсан. Тухайн үед шөнө байсан учир жолоочийг 2 найзынх нь хамт ******* сумын 1 дүгээр баг таван байрны гадаа буулгах үед жолооч ******* нь над руу дөхөж ирээд үгийн зөрүүгүй толгойн ар тал руу 2 удаа цохиход, хамт явж байсан 2 найз нь салгасан. ...*******ыг драгер багажаар үлээлгэхэд 2,55%-ийн согтолттой байсан. ...чи намайг журамлалаа гээд миний толгойн тус газар гэмтэл учруулсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний орой ... ахтай уулзахаар очих үедээ дэлгүүрээс нэг шил архи аваад гэрт нь ууж байгаад архи дуусаж дахиж архи авахаар ах машинаа бариад намайг авах гэж ирсэн манай найз бид 3 гэрээс нь баруун тийш хөдлөөд төв зам руу ороод явж байхад цагдаагийн машин ирээд бид нарыг зогсоож ахыг шалгаж, журмын хашаа руу дагуулаад авч явсан. Тэгээд журмын хашаан дээр очиж машиныг саатуулж бид нарыг машиндаа суулган ахын гэрийн гадаа буулгасан. ах машинаас эхэлж буугаад нэг цагдаатай маргалдаж, тухайн цагдаа нь ахыг та намайг цохичихлоо гэж хэлэхээр нь би ахыг аваад гэр рүү нь оруулсан...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олон нийтийн цагдаа гийн хамт 00 цагаас ...шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 03 цагийн орчим ******* сумын 8 дугаар баг төмөр зам эргэх тойрог дээр үүрэг гүйцэтгэж байхад ертөнцийн зүгээр зүүн талаас төв замаар Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь олон нийтийн цагдаа тухайн машиныг дохиур модоор дохиж зогсоож, жолоочийг тандагч багажаар шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тухайн жолоочийг миний бие машины арын суудалд суулгаж тээврийн хэрэгслийг түр саатуулах байр руу авч яваад драгер багажаар үлээлгэж шалгахад жолооч ******* 2,55% согтолтын зэрэг тогтоогдсон тул машиныг түр саатуулсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийн жолоочийг 2 найзынх нь хамт машиндаа суулгаж ******* сумын 1 дүгээр баг Улаан худгийн 1-10 тоот гэрийнх нь гадаа ирээд олон нийтийн цагдаа машины арын хаалга онгойлгож тухайн хүмүүсийг буулгах үед жолооч нь гийн толгойн тус газар нь 2 удаа цохихоор нь би машинаасаа бууж г салгаж аваад явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 169 тоот “ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, олон нийтийн цагдаагаар ажиллуулах тухай цагдаагийн газрын даргын тушаал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б. нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 /зургаа/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА