Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

 

    2024              02                27                                                    2024/ШЦТ/25

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.С*********,

Шүүгдэгч Ч.М************* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*********** овгийн Ч************ М*********** холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ч.М************ нь 2024 оны 01 дүгээр сарын 13-15-нд шилжих шөнө *************** тоот тоотод хамтран амьдрагч Э.Б***********тай үл ялих зүйлээр маргалдаж, цохих өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, дагз орчмын хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун бөөр орчмын цус хуралт, нүүрний зүүн хэсэг дэх зулгаралт, гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ч.М*********** нь 2024 оны 01 дүгээр сарын 13-15-нд шилжих шөнө ************ тоот тоотод хамтран амьдрагч Э.Б**********тай үл ялих зүйлээр маргалдаж, цохих өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдсаны улмаас тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, дагз орчмын хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун бөөр орчмын цус хуралт, нүүрний зүүн хэсэг дэх зулгаралт, гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ 

Улсын яллагч дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Э.Б*************ийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед манай нөхрийн ажлын газрын найзууд бас манай найз бид нар нийлцгээж манай гэрт Ариун-Эрдэнийн төрсөн өдрийг тэмдэглэж хоол унд хийж идээд хөзөр тоглоод пиво ууцгааж сууцгаасан юм. Тэгээд дараа хэдүүлээ хоорондоо ярьцгааж байгаад Аврора бааранд 00 цаг өнгөрөөж ороод бид нар ширээ аваад архи пиво захиалж аваад ууж бүжиглэж байж байгаад 04 цаг өнгөрөөгөөд бид нар баарнаас гараад манай нөхрийн найзууд хүнтэй муудалцаад манай нөхөр бид нарт уурлаад би харилаа гээд бид баарны гадаа орхиод алхаад гэр лүүгээ явчихсан дараа нь би нөхрийнхөө араас алхаж байсан чинь замд нэг машин явж байхаар гар өргөөд намайг ************ хүргээд өгөөч гэж гуйгаад гэртээ хүргүүлж буугаад гэртээ ороход манай нөхөр гэрт харьчихсан унтаагүй сэрүүн байж байхаар нь би нөхөртөө чи одоо намайг харанхуй шөнө уучихсан согтсон байхад яагаад хаяад явчихсан юм бэ? Би арай гэж гэртээ ирлээ танай найзын төрсөн өдрийг л тэмдэглэсэн биз дээ гээд хэрүүл хийж байхдаа би өөрийнхөө гутлын аваад нөхөр лүүгээ шидсэн тэгсэн чинь манай нөхөр өөдөөс уурлаад босож ирээд хэн чамайг архи дарс уу гэж хэлсэн юм гээд уурлаад миний нүүр толгой руу гараараа их хүчтэй олон удаа цохиж, нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөсөн тухайн үед аль хөлөөрөө өшиглөсөн талаар мэдэхгүй байна би бүр ухаан балартаад нэг ухаан ороход намайг манай нөхөр толгой нүүр хүзүү нуруу бөөр лүү өшиглөөд зодоод л болихгүй байхаар нь би нөхрөөсөө чи болио гэрээс гараад намайг орхиод яваа гэж гуйхад миний үгэнд орохгүй зодоод уурлаад л бараг 05 болтол шахуу зодож цохиж хэл амаар доромжлоод нөхөр бид хоёр хэрэлдээд л байсан тэгээд сүүлдээ би хөдөлж чадахгүй болоод хэвтээд л байсан тэгсэн манай нөхөр намайг зодохоо больсон юм. Тэгээд энэ талаар би цагдаад хандаад байгаа юм...Манай нөхөр М********** бид хоёроос өөр хэн нэг хүн байгаагүй...М************* бид хоёр гэр бүл болж амьдраад 4 жил болсон дундаасаа гарсан хүүхэд байхгүй бөгөөд гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Би өөрөө урд өмнө нь нөхөр хүүхэдтэй амьдарч байгаад 2018 онд салаад энэ М***********тай 2020 онд танилцаж суугаад одоо хүртэл хамт амьдарч байгаа юм...Тухайн үед М***********бид хоёр хоёулаа төрсөн өдөр тэмдэглээд архи пиво уусан байсан, манай нөхөр нэлээн их согтсон байсан. тухайн үед бид хоёр биеэ хянах чадвартай байсан...Намайг гэртээ байхдаа манай нөхөр хэл амаар доромжилсон би ч өөдөөс хэрүүл ам хийсэн тэгээд миний нүүр, толгой, нуруу, хүзүү хөл гуянд цохиод өшиглө үсдээд зодоод л байсан. Миний биед Мөнхсайхан гэмтэл учруулсан...Би М****************тай 2020 оны 08 сараас хойш хамтдаа амьдарч байгаа. Түүнээс хойш миний биед 4 удаа гарч зодож байсан бөгөөд 2023 онд 02 дугаар сард намайг хүнтэй хардаад яг ийм байдлаар зодож цохиж байсан энэ талаар би зохих байгууллагад хандаагүй өнгөрсөн юм. Тухайн үед би гэр бүлийнхэндээ мэдэгдээгүй. Тухайн үед намайг зодохдоо М************ архи дарс уугаагүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20-р хуудас/,

Гэрч Б.Ариун-Эрдэнийн “...Бид нарыг бааранд орсноос хойш 4 хоногийн дараа Баяртуяаг эмнэлэгт үзүүлээд явж байсан талаар манай ажлынхан хоорондоо ярьж байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-н 26-р хуудас/,

Гэрч Б.Оюунсүрэнгийн “...Тухайн үед бааранд хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. 2024 оны 01 сарын 14-ний шөнийн 05 цаг өнгөрч үед миний фейсбүүк чат руу Б************ чат бичсэн байсан бөгөөд энэ найзыгаа ирж ав гэсэн чат бичсэн байсан. Тухайн үед би чатын өглөө 10 цагийн үед уншсан. Манай нөхөр намайг гарч орлоо гээд байсан болохоор миний чатыг уншчих болов уу гээд чатыг устгасан. Маргааш нь буюу 2024 оны 01 сарын 15-ны өдөр миний гар утас руу Б************* залгаад эмнэлэгт үзүүлээд явж байна М*********** 2024 оны 01 сарын 14-ний шөнө намайг гэрт ирэхэд М************** намайг зодсон гэж хэлж байсан. Тухайн үед би Б************* ямар эмнэлэгт үзүүлж байгаа талаар би асуугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын *************** бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 87 дугаартай “...1. Э.Б**********ийн биед тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, дагз орчмын хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун бөөр орчмын цус хуралт, нүүрний зүүн хэсэг дэх зулгаралт гэмтэл үүсчээ. Тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа гэмтлийн улмаас амь тэнссэн байдалд ороогүй байна. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 45-47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ч.М************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ч.М************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Ч.М****************ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Ч.М************ нь хохирогч Э.Б************** хохирол төлбөрт 1,497,000 төгрөг төлсөн. Хохирогч Э.Б************* нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Мөнхсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Ч.М************** нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ч.М*************** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.М************* торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

2.3. Бусад асуудлын талаар  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б********* овгийн Ч********ын М***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М**********ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.М************ нь хохирогч Э.Б*********д хохирол төлбөрт 1,497,000 төгрөг төлсөн. Хохирогч Э.Б*********нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.М********** иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА