Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2021/00730

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Д.Уранзул, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И-д холбогдох,

Гэм хорын хохирлын төлбөрт 1.894.480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч И , түүний өмгөөлөгч Я.Э, хэлмэрч Б.Х, иргэдийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б би 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 17.55 цагийн орчин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа-1 хорооллын урд замд өөрийн өмчлөлийн Хьюндай Соната-7 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Тоёота Кроун маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан И гэх БНСУ-ын иргэний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд өртөж, тухайн ослын үед машинд явсан 9 настай хүү Б.Б-ийн хамт эд хөрөнгө болон эрүүл мэндийн хохирол амссан. Зам тээврийн ослыг эрх бүхий байгууллагаас шалгасан. Мөн ослын улмаас миний хүүд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Надад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Гэвч тухайн ослоос хүү бид хоёр их хэмжээний гэмтэл авсан. Хэдийгээр энэ зовуурь нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ч осол болсноос хойш тасралтгүй 3 сарын хугацаанд тархи болон гол нуруу, хөл ясны бүтэн биеийн бариа хийлгэж, байнгын өвчин намдаагч, эмийн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Одоогоор 3 сарын турш тасралтгүй эмчлүүлж байгаа боловч миний нурууны өвдөлт намжихгүй байна. Харин хүүгийн минь толгой маш их өвддөг болсон. Машин техникт сууж явахаас айдаг болсон. Толгойны өвдөлтөөсөө болоод маш их ууртай бухимдуу болсон. Миний хувьд өмнө хариуцагчаас тээврийн хэрэгслийн хохирол, эмчилгээнд нийт 8.186.800 төгрөг авсан ба одоо бариачийн төлбөрт төлсөн 450.000 төгрөг, эм худалдаж авахад төлсөн 779.280 төгрөг, шатахуун худалдаж авахад төлсөн 630.000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд төлсөн 24.200 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн 11.000 төгрөг, нийт 1.894.480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зөрчлийн хэрэг шалгах явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд яг намайг буруутай гэж үзсэн зүйл байдаггүй боловч зөрчлийн хэрэг шалгасан цагдаагийн албан хаагчийн шийдвэрийг хүндэтгэж байна. Өөрөөр хэлбэл би өөрийгөө 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн авто осолд буруутай гэж үзэж байгаа тул гэм буруугийн талаараа маргахгүй. Харин миний хувьд тээврийн хэрэгслийн хохиролд тооцон 7.399.000 төгрөг, эмчилгээний зардалд тооцон 787.000 төгрөг, нийт 8.186.800 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг түүний өөрийн нэхсэн хэмжээгээр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зам тээврийн ослын улмаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын төлбөрт 1.894.480 төгрөг шаардсаныг Хариуцагч И бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 17.55 цагийн үед, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа-1 хорооллын урд замд, өөрийн өмчлөлийн Хьюндай Соната-7 /Hyundai Sonata-7/ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осолд орсон байна. Зам тээврийн энэ осолд хариуцагч И гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзлаа үндэслэж буй үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэж, нотлох ажиллагаа явуулдаггүй. /хх 30-33 дугаар тал/

Харин хариуцагчийн зүгээс, нэхэмжлэгч Д.Б-ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын төлбөрт 7.399.000 төгрөг, хүүхдийн эмчилгээний зардалд 787.800 төгрөг, нийт 8.186.800 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, хохирлыг бүрэн барагдуулсан тул нэмж мөнгө төлөх үндэслэлгүй гэж үзжээ. Нэхэмжлэгч Д.Б хариуцагчаас нийт 8.186.800 төгрөг авсан талаараа маргаагүй.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчаас авсан 8.186.800 төгрөгөөс гадна бариачийн төлбөрт 450.000 төгрөг, эмийн зардалд 779.280 төгрөг, шатахууны зардалд 630.000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний зардалд 24.200 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авахад гарсан зардалд 11.000 төгрөг, нийт 1.894.480 төгрөгийн зардал нэмж гарсан хэмээн нэхэмжилсэн.

Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

1. Нэхэмжлэгчээс бариачийн төлбөрт төлсөн гэх 450.000 төгрөгийн талаар

Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас өөрийн болон хамт зорчиж явсан хүүгийнх нь биед гэмтэл учирсан, уг гэмтлийг эмчлэх зорилгоор бариа засал хийлгэхэд 450.000 төгрөгийн зардал гаргасан гэжээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны ....0 дугаартай дансны хуулганаас үзвэл, Д.Б нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Барианы төлбөр гэх гүйлгээний утгаар 250.000 төгрөгийг, мөн өдөр Хүүгийн барианы төлбөр гэх гүйлгээний утгаар 200.000 төгрөгийг, нийт 450.000 төгрөгийг Хаан банкны ... дугаартай данс руу шилжүүлжээ. /хх 36 дугаар тал/

2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.Б-ийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан түүний хүү Б.Б-ийн биед тархи доргилт, зүүн зовхины гадна буланд цус хуралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, Д.Б-ийн өөрийн биед өвдөг болон шилбэний зулгаралт үүссэн байна. /хх 13-16 дугаар тал/

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар, нэхэмжлэгч Д.Б-ийн бие махбодод учирсан өвдөг, шилбэний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж шинжээч эмч үзжээ. /хх 15-19 дүгээр тал/

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар, гэм хор учруулсан этгээд нь нэхэмжлэгчид учруулсан бодит хохирол буюу түүнээс гарсан зайлшгүй зардал-ыг нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгчийн биед учирсан өвдөг, шилбэний зулгаралт нь гэмтлийн зэрэгт тооцогдохгүйгээс гадна мэргэжлийн эмчийн зүгээс зайлшгүй уламжлалт бариа заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн баримт хэрэгт байхгүй байна. Энэ тохиолдолд, нэхэмжлэгчээс бариачид төлсөн гэх 250.000 төлбөрийг зайлшгүй зардал үзэж, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүү Б.Б-ийн бие махбодод тархи доргилт, зүүн зовхины буланд цус хуралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж шинжээч эмч үзсэн байна. /хх 13-14 дүгээр тал/

Дээрх гэмтэл нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Б.Б-д учирчээ. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-т зааснаас үзвэл гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах тохиолдолд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж үздэг байна. Журмын энэ зохицуулалт болон Б.Б-д хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх эмчийн дүгнэлтээс үзвэл түүний эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал дөрвөн 7 хоног буюу ойролцоогоор 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх магадлалтай юм. Харин осол болсноос хойш 2 сар 19 хоногийн дараа төлсөн төлбөрийг, зам тээврийн ослын улмаас Б.Б-ийн доргисон тархийг эмчлүүлэхэд гарсан зардал гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй байдаг тул дээр дурдсан эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Иймд өөрийн болон хүүгийн эрүүл мэндийг эмчлүүлэх зорилгоор бариачид төлсөн гэх 450.000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

2. Нэхэмжлэгчээс эмийн зардалд төлсөн гэх 779.280 төгрөгийн талаар

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д.Б-ийн бие махбодод гарсан өөрчлөлт нь гэмтлийн зэрэгт тооцогдохгүй гэж шинжээч эмч үзсэн болохыг дээр дурдсан. Нэхэмжлэгч нь өөрийн хүү Б.Б-ийн эмчилгээний зардалд хариуцагчаас 787.800 төгрөг авсан байх боловч уг төлбөрийг эрүүл мэндийн ямар эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ тохиолдолд, нэхэмжлэгчээс хожим шүүхэд гаргаж өгсөн баримтын хэмжээнд хариуцагч уг төлбөрийг барагдуулсан гэж үзнэ. Түүнчлэн, хүү Б.Б-ийг эмчлэх зорилгоор худалдаж авсан гэх эм, эмийн бүтээгдэхүүн нь мэргэжлийн эмчийн зөвлөгөө, дүгнэлтээр баталгаажаагүй байна. Энэ тохиолдолд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй зардлыг мөн л зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй юм. /хх 37-38 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчээс эм худалдан авахад төлсөн гэх 779.280 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

3. Нэхэмжлэгчээс шатахууны төлбөрт төлсөн гэх 630.000 төгрөгийн талаар

Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд шатахуун худалдан авсан нийт 630.000 төгрөгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тэрээр энэ зардлыг 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн авто ослын улмаас өөрт учирсан хохирол буюу, өөрөөс зайлшгүй гарсан зардал гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэв 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зам тээврийн осол болоогүй, нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл эвдрээгүй бол түүнийг ашиглахын тулд нэхэмжлэгч зайлшгүй шатахуун худалдаж авна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөлийн авто машин эвдрээгүй үед ч түүнээс мөн адил шатахууны зардал гарах тул уг зардлыг авто ослын улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй юм.

Нөгөө талаас, хүн өдөр тутам тээврийн хэрэгслээр зорчих шаардлага гардаг ба нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 630.000 төгрөгийн шатахууны зардал нь бүхэлдээ зам тээврийн осолтой хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд шатахуун худалдаж авахад төлсөн гэх 630.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй.

4. Бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд төлсөн гэх 24.200 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн гэх 11.000 төгрөгийн талаар

Шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор архиваас бичиг баримт хуулбарлаж авах, нотариатаар баримт бичиг гэрчлүүлэх зэрэгт гаргасан зардал нь зайлшгүй зардалд тооцогдохгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т зааснаар хэргийн оролцогч нь нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөх, хэрэв боломгүй бол түүний хүсэлтээр шүүх эх хувийг шаардан авах, эсхүл баримт бичиг хадгалагдаж байгаа газарт үзлэг хийх замаар нотлох баримтыг бэхжүүлэх боломжтой байдаг. Хэргийн оролцогч нь архиваас баримт бичиг хуулбарлах, бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэх зэргээр сайн дураар зардал гаргасан байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгчээс бариачид төлсөн гэх 450.000 төгрөг, эм, эмийн бүтээгдэхүүний төлбөрт төлсөн гэх 779.280 төгрөг, шатахуун худалдаж авахад төлсөн гэх 630.000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд төлсөн гэх 24.200 төгрөг, архиваас баримт хуулбарлаж авахад төлсөн гэх 1.000 төгрөг, нийт 1.894.480 төгрөгийг хариуцагч И Жон Угаас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй байна.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон ба нэхэмжлэлийн шаардлагаас 787.800 төгрөг /эрүүл мэндэд учирсан хохиролд тооцон хариуцагчаас өмнө 787.800 төгрөгийг нэхэмжлэгч авсан/-ийг хасаж, үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн дүгнэлт гаргасан нь дээр дурдсан үндэслэлүүдээр няцаагдсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч И-аас 1.894.480 төгрөг гаргуулах тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ

А.ЭНХТӨР