Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

 

       2024             03                 12                                                      2024/ШЦТ/31

 

                 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч В.Т**************,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Э************,

Шүүгдэгч Э.Х************, Ц.Б************ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * Ц*********** Б*********, Б********* овгийн Э************ Х********** нарт холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.Х*********, Ц.Б*********** нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ************* 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ************ ХХК-ийн өртөөний барилга дотор байсан вагоны түлшний банкны цоожийг эвдэж 200 литр түлшийг хулгайлан 828,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х********** мэдүүлэхдээ: “Энэ хэргийг хийсэндээ үнэхээр харамсаж байна. Хүндэрнэ гэж төсөөлсөнгүй. Миний бие **********”, *********** төслийн төмөр замд гар бие оролцоод улсынхаа бүтээн байгуулалтад оролцож байсан хүн байгаа. Вагоны савнаас түлш авсандаа, энэ хэргийг хийсэндээ харамсаж байна. Бид нарын хийсэн үйлдэл буруутай үйлдлүүд байгаа. Энэ үйл явдлаа ойлгоод цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө тухайн байгууллагынхаа хохирол гомдлыг бүрэн барагдуулсан. Байцаалт өгөхдөө болсон үйл явдлуудаа нэг бүрчлэн ярьсан байгаа. Хуулийн анхан шатны мэдлэг байхгүй. Байцаалт өгч байх явцдаа цагдаагаас энэ хэрэг маань яаж шийдэгдэх бол, яах бол гээд асуухад 17.1-ээр шийдэгдэнэ, хөнгөн шийдвэрлэгдэнэ, хохирол, гомдлоо барагдуулсан гэсэн. Хялбаршуулсан журам гэдгийг ойлгоогүй байсан. Хялбаршуулсан журам гээд мэдүүлэг өгч байх явцад прокурорын тогтоол, танилцуулсан. Хялбаршуулсан журмаар санал дүгнэлтээ биччих, хурдан шийдвэрлэгдэнэ гэхээр нь хурдан шийдвэрлүүлэх гээд материалуудаа өгсөн байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б********** мэдүүлэхдээ: “Ийм хэрэг хийсэндээ үнэхээр гэмшиж байна. Буруугаа хүлээж байна. Байгууллагаас ч гэсэн арга хэмжээг авсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Энэ хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Улсын яллагч В.Т************ нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.25,  Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйлд заасны дагуу улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Э.************ Ц.Б******** нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 26-наас, 12 сарын 01-ний өдрийн хооронд ************багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** төмөр зам” компанийн өртөөний барилга дотор байсан вагоны түлшний банкнаас 200 литр түлшийг хулгайлж, 828.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болоод Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсний дагуу хэргийг хялбаршуулсан тогтоол гаргаад шийдвэрлэсэн боловч өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн хэргийн зүйлчлэл дээр маргаж байна. Маргаж байгаа зүйлтэй нь холбогдуулаад дараах зүйлүүдийг хэлье. Хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс асуусан. Банк гэдэг зүйл аливаа шингэн зүйлийг агуулах зориулалт бүхий савыг хэлнэ, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б*********** болоод шүүгдэгч Э.Х***********нар нь тухайн банкны түлхүүрийг өөрт нь байгаагүй цоожийг яах гэж хийдэг юм, туухайн банканд гаднын этгээд зөвшөөрөлгүйгээр халдахыг хориглосны улмаас зөвхөн түлхүүрээр онгойлгох зориулалттайгаар цоожийг хийж байгаа. Гэтэл цоожийг түлхүүргүйгээр онгойлгоод, банкнаас 200 литр түлш хулгайлж байгаа үйлдэл нь агуулах саванд нэвтэрсэн үйлдэл гэж зүйлчилсэн. Зүйлчлэлийн дагуу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан агуулах саванд нэвтэрч тухайн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар шүүгдэгч нар нь байр саванд байнга байдаг л гээд байгаа. Гэтэл ажлаа хийх зориулалтаар орж байгаа. Ажлаа хийх зориулалтаар орохын тулд хаалгыг онгойлгож нэвтэрч орж байгаа. Банк нь ямар зориулалттай вэ гэхээр банк тухайн түлшийг шатааж, цахилгаан гаргаж, тээврийн хэрэгслийг хөдөлгөх зориулалтай. Эзэмшигчийн, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авах зориулалт байхгүй. Тийм зориулалтаар авахыг хүсвэл түлхүүрээрээ цоожийг онгойлгож байж авах ёстой. Гэтэл эд нарт түлхүүр байгаагүй. Агуулах саванд нэвтэрсэн байна гэдэг зүйлчлэлээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн саналаа дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд бусдад төлөх төлбөргүй, хохирлоо төлж барагдуулсан гэсэн саналтай байна” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Э*************гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд гэж цаг хугацааг тогтоосон байдаг. Гэтэл хохирогчийн мэдүүлгээр 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ц.Б*********ын түлш авч байгаа бичлэг камерт бичигдсэн гэсэн мэдүүлгийг өгдөг. Хохирогчийн мэдүүлэг камерт бичигдсэн бичлэгээс үзэхээр гэмт хэргийн үйлдсэн цаг хугацаа 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжиж шөнө байсан байна гэдгийг тогтоогоод байгаа. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөв тогтоогоогүй байна гэж үзэж байна. Үүнийг шүүхээс залруулах боломжтой гэж үзэж байна. Уг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хаана, хэзээ яаж үйлдсэн талаар нотолбол зохих байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааж өгсөн байдаг. Хэзээ, яаж үйлдсэн талаар тодорхой баримт байхгүй байна. Камерын бичлэг байгаа гээд хохирогч нь мэдүүлэг өгөөд байхад вагоны банкнаас түлш авч байгаа бичлэг нь хэрэгт байхгүй. Улсын яллагчийн зүгээс цоожийг эвдсэн гэсэн зүйл яриад байгаа. Шүүгдэгчийн хувьд тухайн цоожийг эвдсэн зүйл байхгүй. Татахад онгойсон гэсэн зүйл яриад байдаг. Эвдсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хувьд тухайн банкнаас түлш авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангуулаад байгаа. Энэ дээр маргах зүйл байхгүй. Тухайн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад хохирол учирсан 828.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Тухайн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл нь тохироогүй байна. Шүүгдэгч нар нь тухайн вагоны банкнаас түлш авч байгаа нь улсын яллагчийн үзэж байгаа шиг түлшний банк түлш агуулах сав юм гэж үзээд хэргийг хүндрүүлж эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэл байхгүй байна. Гэмт хэргийн үндсэн шинж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч энэ гэмт хэргийг үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх зүйлчлэлээр зүйлчлэхээр хууль тогтоосон байдаг. Банкнаас авч байгаа үйлдэл нь тухайн банкны банканд нэвтэрсэн гэсэн ойлголт биш. Мөн тусгайлан, хамгаалсан байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн зүйл байхгүй. Шүүгдэгч нарын хувьд тухайн орон байранд ажилладаг, тэндээ амьдардаг, орж гарахад ямар нэгэн хүнээс зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Ямар нэгэн байдлаар хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Орон байранд ч, тусгайлан хамгаалсан байранд, агуулахад нэвтэрсэн зүйл байхгүй учраас хэргийн зүйлчлэл тохироогүй байна. Тийм учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, тухайн зүйл заалтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Түлшний савыг түлш агуулах сав гэж улсын яллагчийн зүгээс үзээд байгаа. Хэрвээ түлш агуулах том орон байр, агуулах саванд байсан түлшнээс очоод, дотор нь ороод, савтай түлшнээс юүлээд аваад гарсан бол хууль бусаар нэвтрээд авчихжээ гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарын хувьд агуулах саванд байсан түвшнээс аваагүй, зөвхөн вагоны банкнаас авсан нь хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Үүнд тооцуулах, нотлох баримт хангалттай бүрдээгүй гэж үзэх юм хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч нар хүсэлтээсээ татгалзсан бол шүүх хэргийг прокурорт буцаах, эсвэл ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Шүүхээс шийдвэрлэх хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэх юм бол буцаах боломжтой гэсэн саналыг хэлж байгаа юм” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*************ийн: ”...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө гагнуурчин Ц.Б*************2 удаа түлш авч байгаа үйлдэл, Мөн инженер Э.Х**********, жолооч Ц.Батсуурь нар 12 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед Ланд 76 маркийн машинд түлш ачиж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Э.Х********** гаргаж өгсөн ************ дугаартай дансны хуулга /хх-ийн 48-49-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б***********ээс гаргаж өгсөн 3 минут 58 секундийн дүрс бичлэг,

“Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 1717 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-59-р хуудас/,

“**************ХХК-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-46-р хуудас/,

Гэрч Ц.Батсуурийн: “Би Ө*********** суманд **************ХХК-д жолоочоор ажилладаг юм. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Гашуун сухайтаас *********** төмөр замын суурь бүтцийн засварын байранд ирчхээд байж байсан чинь манай инженер Э.Х************ миний утас руу залгаад “та гараад ир, нэг тийш нь юм хүргэх шаардлагатай байна” гээд намайг дуудсан. Тэгээд би граж руу ороод өөрийн унадаг албаны ********** улсын дугаартай Ланд-76 маркийн автомашиныг асаагаад тухайн гражаас 200 литр поошиктой түлш ачсан. Тэгээд Хатанбат инженертэй өртөөнөөс гараад Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт очиж Э.Х*********** инженерийг нөгөө литр түлштэй нь хамт буулгаж үлдээгээд би буцаад кемп рүү ганцаараа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Хохирол төлж барагдуулсан баримт /хх-ийн 93-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлтээсээ татгалзсан оролцогчийн эрхийн хэрэгжилтийг хязгаарласан, шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлхүйц нөхцөл байдал биш гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6-д заасан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх  хууль зүйн үр дагаварыг гүйцэд ойлгоогүй байна гэж дүгнэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэв.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ  “…200 литр түлш хулгайлж байгаа үйлдэл нь агуулах саванд нэвтэрсэн үйлдэл гэж зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан агуулах саванд нэвтэрч тухайн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байна” гэж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Э*********** гэм буруугийн талаар дүгнэлтдээ  “Шүүгдэгч нар нь тухайн вагоны банкнаас түлш авч байгаа нь улсын яллагчийн үзэж байгаа шиг түлшний банк түлш агуулах сав юм гэж үзээд хэргийг хүндрүүлж эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэл байхгүй байна” гэж мэтгэлцдэг.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 05  сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд “…агуулах сав гэдэг нь эд хөрөнгийг байнга түр хадгалах зориулттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн хэрэгслийн чингэлэг, бүр төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалга, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга хадгалах зориулттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно” гэжээ.

Мөн Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 сарын 30-ны өдрийн 570 дугаар тогтоолд “…Хүн амьдрах байр, хамгаалагдсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчдийг Эрүүгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй, тухайн гэмт хэргийн хувьд тогтоогдохгүй байна гэж дүгнэв. Дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоолоор улсын яллагчийн “Тавантолгой төмөр зам” компанийн өртөөний барилга дотор байсан вагоны түлшний банкнаас 200 литр түлшийг хулгайлсан үйлдлийг буюу вагоны түлшний сав / банк/- аас авсан үйлдлийг агуулах сав гэж дүгнэж, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлтэй байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х**********, Ц.Б************ нарт холбогдох хэргийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Э.Х*********, Ц.Б********* нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Х********** Ц.Б*********** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналаа хэлье. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х**********, Ц.Б***********нарт тус бүрд нь 240 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Э**********эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүхээс хэргийн зөрчлийг өнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчиллээ. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт тус бүрд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх санал оруулж байна. Шүүгдэгч нарын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, тогтсон орлоготой хүмүүс байдаг. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг заасан байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. Шүүгдэгч нар нь өмнө ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэх талаар шалгах хуудсаар нотлогддог. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байна. Мөн тухайн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Гэмт хэргийн улмаас 828.000 төгрөгийн хохирол учирсан, учруулсан хохирлын хувьд хэмжээний хувьд бага байдаг. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэсэн хөнгөрүүлэх нөхцөлүүд тогтоогдож байна. Тийм учраас шүүгдэгч нарт улсын яллагчийн санал болгосон 240 цаг, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн, хөнгөрүүлж, эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Тухайн хэргийн хувьд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг. 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял  Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан бол тухайн хууль хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан байдаг. Шүүгдэгч нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хохирол төлбөрийг барагдуулсан, тодорхой ажил төрөлтэй, ар гэрийн байдал, хувийн байдал, шүүгдэгч Ц.Б***********ын хувьд бага хүүхэд нь 3 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Э.Х********* хувьд мөн бага хүүхэд нь 3 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан  дүгнэлт нь шүүгдэгчдийн хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирсон байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж дүгнэв.  Шүүгдэгчдийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х*********, Ц.Б********** нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Д******* овгийн Ц*******ын Б******, Б******* овгийн Э*********ны Х******** нарыг бүлэглэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б*********, Э.Х********** нарт  тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х**********, Ц.Б******** нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD, 1 ширхэг флашийг тус тус хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Б**********, Э.Х******** нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б**********т хохирол төлбөрт 828,000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б********** нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б**********, Э.Х******* нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА