Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2023/00100

 

                                                                       М.Н-ын нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03261 дүгээр шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00476 дугаар магадлалтай,   

М.Н-ын нэхэмжлэлтэй,

Д.Э-ад холбогдох

Автомашины үнэ 161,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, түүний өмгөөлөгч П.А, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Н- нь хариуцагч Д.Э-ад холбогдуулан автомашины үнэ 161,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03261 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч М.Н-ын хариуцагч Д.Э-ад холбогдуулан гаргасан автомашины үнэ болох 133,247,042 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00476 дугаар  магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03261 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 42,273,367 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 90,973,675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 369,317 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-ад олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 824,125 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 210/МА2023/00476 дугаар магадлалыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн Магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

1 хавтаст хэргийн 26-35 дугаар талд авагдсан баримт нь М.Н- болон Д.Э нарын дундаа хамтран эзэмшдэг 5040056607 дугаар хаан банкны дансны хуулга бөгөөд нэхэмжлэгч М.Н- нь хх-26-35 дугаар талд авагдсан дансны хуулгын хамтран эзэмшигч гэх хэсгийг дарж шүүхэд хуурамчаар нотлох баримт бүрдүүлж өгсөн байдаг. Гэвч хэрэгт авагдсан ... дугаар дансыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 00588 дугаар шийдвэрээр дундын данс болохыг тогтоосон. Мөн тус данснаас 2018 оны 10 сарын 10-ны өдөр 22,650,000 төгрөгийн зарлага гаргаж, мөн Д.Э. М.Н- нарын хамтран худалдаа хөгжлийн банкны 473026027 дугаар дансруу шилжүүлэн Австрали улсаас эвдрэлтэй 3 автомашин Д.Э-ын нэр дээр худалдан авч, 2018 оны 06 сарын 14-ны өдөр зээлсэн 40,000,000 зээлийн төлбөрт шилжүүлсэн болохыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 00588 дугаар шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт дурдсан нэхэмжлэгч Д.Эийн тайлбар, үндэслэх нь хэсгийн 6 дугаар дүгнэлт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлалын Хянавал хэсгийн 4 дүгээр дүгнэлт, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 00822 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 2.2 дахь дүгнэлтээр тогтоосон болно. Шүүх нэхэмжлэгчийн хуурамчаар үйлдсэн. хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байдаг. Тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр талд авагдсан баримтыг нэхэмжлэгч нь хуурамчаар үйлдэж тухайн маргаан бүхий 3 автомашинуудыг Д.Эийн нэр дээр орж ирсэн гэх байдлаар шүүхэд харуулж “Д.Э, М.Н- нарын гэр бүлийн дундын өмч учир нэхэмжлэгч М.Н- би өмчлөх эрхтэй гэх мэтээр” шүүхэд харуулах зорилго бүхий хуурамч баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ноцтой зөрчил юм. Бодит байдал дээр маргаан бүхий 3 автомашин нь хариуцагч Д.Э-ын нэр дээр орж ирсэн болох нь /1хх 210-245/ дугаар талд авагдсан Гаалийн ерөнхий газрын хуулбар үнэн тамга тэмдэг бүхий баримт, Гаалийн барааны мэдүүлэг, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тус тус нотлогдох юм. Нэгдүгээр дүгээр хавтаст хэргийн 143-147 дугаар талд авагдсан В.О, Б.О нарын гэрчийн мэдүүлгийг үндэслэн М.Н- тухайн машинуудыг худалдаж авсан гэх үйл баримтыг тогтоосон нь илтэд үндэслэлгүй юм. Учир нь гэрчээр мэдүүлэг өгөөд буй этгээдүүд нь М.Н-ын хамаарал бүхий этгээдүүд бөгөөд шүүх хурал бүрт өөр өөр гэрчийн мэдүүлэг өгдөг болно. Тодруулбал Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрч “Б.О нь Д.Э, М.Н- нараас өглөг авлага байхгүй” хэмээн тайлбар мэдүүлэг өгсөн байдаг. /1хх 246-247 тал/

Жич: Давж заалдах шатны шүүхийн зүгээс хэргийг бүрэн уншиж судлаагүй бөгөөд маргаан бүхий 3 тээврийн хэрэгслийн арлын дугаарыг шүүн үзэлгүй хэрэгт хамааралгүй баримтуудыг үнэлж дүгнээд буйг анхаарч үзнэ үү.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй бөгөөд нотлох баримтыг шаардлага хангахгүй, хуурамч нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 172.2.2-т заасан үндэслэл болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 3-т дахь дүгнэлт нь Улсын дээд шүүхийн 2006 оны 04 сарын 24-ны өдрийн 21 дугаар тогтоолыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь тус тогтоолын 2.2.3-т  ... Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй.

Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй ба шүүх тухайн хэрэгт цугларсан баримтыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана. Иргэний болон захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг эрүүгийн хэрэгт дахин нотлох шаардлагагүй ... ” хэмээн тайлбарласан байдаг. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 00588 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлтэй Н-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд тухайн маргаанд хариуцагч М.Н- нь дээрх маргаан бүхийн 3 автомашинуудыг гэр бүлийн дундын өмч хэмээн үзэж тухайн 3 автомашинуудаас өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд тус маргаанд Д.Э- нь гуравдагч этгээдээр оролцон маргаан бүхийн тээврийн хэрэгслүүдийг Д.Э-ын зээлийн төлбөрт шилжүүлсэн гэх талуудын тайлбар, түүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт гарган өгч талууд маргаанаа гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байдаг. Тус шийдвэрээр дараах үйл баримтыг тогтоосон хэмээн хариуцагчийн зүгээс үзэж байна. Үүнд: “Д.Э М.Н- нар нь хамтран амьдарч байх хугацаандаа 40,000,000 төгрөгийг Д.Э-аас зээлсэн, тус зээлийн төлбөрт 22,457,000 төгрөгөөр Австрали улсаас эвдрэлтэй 3 автомашинуудыг захиалан өгч зээлийн төлбөрөө хаасан тул Д.Э- нь тухайн тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч болж, гааль, татвар, засвар үйлчилгээг хийж бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон байдаг”.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн 00588 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6 дахь хэсэг. Нийслэл дэх иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлалын Хянавал хэсгийн 4 дүгээр дүгнэлт Улсын дээд шүүхийн 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 00822 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 2.2 дахь дүгнэлтээр тогтоосон хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэний өмчлөлд ямар учир шалтгааны улмаас шилжсэн талаар маргаж тайлбар татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байхад, нэхэмжлэгч М.Н- нь дахин тухайн үйл баримтаар маргаан үүсгэж, шүүхээр хэлэлцүүлж буй нь талуудын хооронд маргааныг шийдвэрлэсэн үйл баримтыг дахин дахин нотлуулах гэж буй үйлдэл бөгөөд нэгэнт өмнө нь тухайн үйл баримтаар талууд мэтгэлцсэн тул нэхэмжлэгч М.Н- хариуцагч Д.Э- нарын хооронд тус 3 машины маргаан нь тогтоогдсон үйл баримт юм. Иймд давж заалдах шатны шүүхийн тогтоогдсон үйл баримтын тухайд хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй байх тул ИХШХШтХ-ийн 172.2.3-т заасан дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл тогтоосон үйл баримтыг хариуцагчид ашиггүй байдлаар дүгнэж тайлбар хийсэн байна. Хариуцагч Д.Э- нь тухайн 3 тээврийн хэрэгслийг засварлахад 43,705,500 төгрөг зарцуулсан бол татварт 16,313,267 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон. Гэвч “ ... гаалийн бүрдүүлэлт, онцгой албан татвар, гаалийн бүрдүүлэлт, онцгой албан татвар, засварын зардалд 42,430,000 төгрөг зарцуулсан ... ” гэх байдлаар хэргийг дүгнэж буй нь илтэд үндэслэлгүй байна. Бодитоор хариуцагч нь маргаан бүхий тээврийн хэрэгсэлд 60,018,767 төгрөг зарцуулсан болохыг дүгнээгүй, тээврийн зардал болон бусад холбогдох зардал нэмэгдэхээр байна. /1 хх 15 тал шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэг/

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 4-т “ ... Хариуцагч Д.Э- нь автомашинуудын татвар, засварын зардлыг төлсөн нь түүний автомашинуудыг дангаар өмчлөх эрхийг нотлохгүй. Иймд нэхэмжлэгч М.Н- нь ИХ-112.1-т зааснаар 3 автомашины үнийг төлснөөр, хариуцагч Д.Э- нь мөн хуулийн 120 дугаар зүйл 120.1 дэх хэсэгт зааснаар засан сайжруулснаар тэд мөн хуулийн 108 дугаар зүйл 108.1 дэх хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгчид болжээ ... ” хэмээн дүгнэжээ.

Нэхэмжлэгч М.Н- нь маргаан бүхий 3 автомашинуудыг өөрийн өмч болохыг тогтоогоогүй, тогтоосон үйл баримт байхгүй байхад шүүх шууд тухайн автомашинуудыг М.Н-ын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж байгаа нь илт үндэслэл муутай байна. Учир нь тухайн автомашинуудыг худалдан авахдаа Д.Этэй хамтран эзэмшдэг дундын данснаас авч буйг анхаараагүй буюу гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн илэрхий алдаатай шийдвэр болсон байна. Түүнчлэн М.Н- нь “би тухайн автомашинуудыг худалдаа хөгжлийн банкнаас 22,457,600 төгрөг гаргаж худалдан авсан тус мөнгөн хөрөнгө нь миний ийм хөдөлмөрөөр бий болсон хуваарьт хөрөнгө юм” гэж маргаагүй байхад давж заалдах шатны шүүх өөрийн үзэмжээр хэргийг өнгөцхөн харж шийдвэрлэж буй нь ИХШХШтХ-ийн 6 дугаар зүйл 116.2, 116.3-т заасныг зөрчсөн. Мөн шүүх хөндлөнгийн байр сууринаас хэргийг шийдвэрлэх үндсэн зарчмаа зөрчиж нэхэмжлэгчийн маргаагүй үйл баримтаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Нэхэмжлэгч М.Н- нь тухайн 3 автомашинуудыг худалдаж авсан гэх үйл баримт хэрхэн тогтоогдож буй талаар шүүх хуульд заасан дүгнэлт хийлгүй шууд М.Н- нь мөнгийг төлсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон. Дээр дурдсанчлан тус мөнгийг Д.Э, М.Н- нарын дундын худалдаа хөгжлийн банкнаас данснаас шилжүүлсэн нь шууд М.Н-ын машин худалдаж авсан мөнгө гэж үзэх боломжгүй юм. Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйл 126.1-д “... Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн ...” хэмээн заасан бөгөөд Д.Э, М.Н- нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Д.Э-аас зээлсэн мөнгөн төлбөртөө 3 автомашин захиалж өгөхөөр тохиролцсоны дагуу дээрх 3 автомашинуудыг үнийг Д.Э-тай харилцан тохиролцсоны дагуу М.Н-, Д.Э нар нь төлсөн байдаг. Цаашлаад тухайн мөнгөн төлбөр буюу Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн 22,457,600 төгрөг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэх эсэх асуудал, дундын хөрөнгө мөн бол хамтын амьдралын хугацаанд хэний ямар хөдөлмөрийн үндсэн дээр тухайн мөнгөн хөрөнгө бий болсон талаар, тухайн мөнгөн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө мөн эсэх, талаар зайлшгүй дүгнэх шаардлагатай юм. Гэвч шүүхийн зүгээс дээрх дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 118 дугаар зүйл 118.4-т заасныг зөрчсөн./2020 оны 03 сарын 02-ны өдрийн 00588 дугаар шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн Д.Эийн тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэг./ Иймд М.Н-ын тухайн автомашинуудыг үнийг төлсөн гэж үзэж байгаа нь илт үндэслэлгүй байна. Түүнчлэн Иргэний хуульд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх зохицуулалт 111 дүгээр зүйл 111.1 -т “ ... Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно ...” хэмээн зааснаар тодорхойлогдох хуульчилж өгсөн байхад ИХ-112.1 дэх хэсгийг баримталж буй нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй болсон байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт, магадлалаар дараах маргаанууд талуудын хооронд бий болохоор болоод байна. Хариуцагч Д.Э- нь М.Н-, Д.Э нарт холбогдуулан 2018 оны 06 сарын 14-ны өдөр зээлсэн 40,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг буцаан шаардах. Учир нь тус зээлийн төлбөрийг маргаан бүхий 3 автомашинаар төлсөн гэж ойлгож байсан боловч дээрх магадлалаар өөрчлөгдсөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 210МА2023/00476 дугаар магадлалаар 42,273,367 төгрөгийг Д.Э-аас гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий 3 автомашинуудыг тухайн хоёр этгээдийн дундын хөрөнгө гэж үзсэн. Гэвч нэхэмжлэгч М.Н-ын худалдаж авсан гэх мөнгөний эх үүсвэр нь Д.Э. М.Н- нарын дундаа хамтран эзэмшдэг худалдаа хөгжлийн 473026027 дугаар данс бөгөөд тухайн мөнгөн төлбөрөөс Д.Э хэдэн төгрөг ногдох нь тодорхойгүй. Мөн Д.Э нь маргаан бүхий 3 тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, улмаар өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргах үндэслэл бүрдээд байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх хууль болон нотлох баримтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байх тул ИХШХШтХ-ийн 172.2.1-т заасан нөхцөл байдал үүсээд байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль болон нотлох баримтыг зөрүүтэй тайлбарласан зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт гарган хууль хэрэглээний зөв туршлага үлдээх үүднээс энэхүү хэргийг хяналтын журмаар хэлэлцүүлж өгнө үү. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 210/МА2023/00476 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.11-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00547 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

6.  Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч М.Н- хариуцагч Д.Э-ад холбогдуулан автомашинуудын үнэ болох 161,000,000 төгрөгөөс тээвэрлэлтийн хөлс 11,400,000 төгрөгийг хасч, үлдэх 133,247,042 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...Lexus RX450, Lexus IS300, Toyota Kluger маркийн автомашинуудыг дуудлага худалдааны үнийг өөрөө төлж, захиалан Монгол улсад авчирсан боловч хариуцагч нь бусдад зарж борлуулаад үнийг нь өгөхгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн тул үнийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэн байтал хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагч Д.Э-ад холбогдуулан гаргасан автомашины үнэ болох 133,247,042 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагч Д.Э-аас 42,273,367 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 90,973,675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

9. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Эд хөрөнгийн засан сайжруулалтад гаалийн болон онцгой албар татвар, тээвэрлэлтийн хөлс орж тооцогдохгүй тул дээрх 3 автомашины үнэ 112,300,000 төгрөгөөс хариуцагчаас гаалийн болон онцгой албар татвар, тээвэрлэлтийн хөлсөнд төлсөн 27,753,266 төгрөгийг хасахад талуудын өмчлөх эд хөрөнгийн бодит үнэ 84,546,734 төгрөг байна. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар автомашинуудын үнийн тал хувь буюу 42,273,367 /84,546,734 төгрөг*50 хувь/ төгрөгийг хариуцагч Д.Э-аас гаргуулан нэхэмжлэгч М.Н-ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 90,973,675 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэхдээ маргааны үйл баримтын талаар хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

9.1 Давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №181/ШШ2020/00588 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Эийн нэхэмжлэлтэй, М.Н-ад холбогдох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э- нарт холбогдох гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2010 оны Lexus RX450h, 2013 оны Lexus IS300h, 2015 оны Toyota Kluger маркийн автомашинуудаас ногдох хувийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэн баримт байхад энэ талаар анхаараагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

11. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоолоор Д.Эийн нэхэмжлэлтэй, М.Н-ад холбогдох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э- нарт холбогдох гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2010 оны Lexus RX450h, 2013 оны Lexus IS300h, 2015 оны Toyota Kluger маркийн автомашинуудаас ногдох хувийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хэлэлцсэн, маргааны зүйл болсон автомашинуудыг Австрали улсаас худалдан авахад гэрлэгчдийн хамтран эзэмшдэг дундын данс дахь буюу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д заасан мөнгөн хуримтлалаас 22,456,600 төгрөгийг зарцуулсан нь тогтоогдсон боловч тэдгээрийг мөн зүйлийн 126.2.2-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан дундаа хамтран өмчлөх хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй, автомашинуудыг худалдан авсан зардал 22,456,600 төгрөгөөс гадна тээвэр, татвар, засварт 67,794,378 төгрөгийн зардал гарсныг Д.Э- төлсөн” гэж маргааны үйл баримтын талаар дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

11.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн маргаан бүхий автомашинууд гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарахгүй, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хэдийгээр автомашинуудын үнийг төлсөн гэх боловч дээрх автомашинуудын бусад зардал, мөн завсар үйлчилгээний хөлсийг нь хариуцагч төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа талаар дурдан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

11.2 Нэхэмжлэгч М.Н- хариуцагч Д.Э-аас автомашины үнэ болох 133,247,042 төгрөгийг шаардах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлээ нотлоогүй байна.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Д.Э, М.Н- нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Д.Э-аас зээлсэн мөнгөн төлбөртөө 3 автомашин захиалж өгөхөөр тохиролцсоны дагуу дээрх 3 автомашинуудыг үнийг Д.Э-ад М.Н-, Д.Э нар нь төлсөн байдаг. Тус зээлийн төлбөрт 22,457,000 төгрөгөөр Австрали улсаас эвдрэлтэй 3 автомашинуудыг захиалан өгч зээлийн төлбөрөө хаасан. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэний өмчлөлд ямар учир шалтгааны улмаас шилжсэн талаар маргаж тайлбар татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байхад, нэхэмжлэгч М.Н- нь дахин тухайн үйл баримтаар маргаан үүсгэж, үйл баримтыг дахин дахин нотлуулах гэж буй үйлдэл тул нэхэмжлэгч М.Н- хариуцагч Д.Э- нарын хооронд тус 3 машины маргаан нь тогтоогдсон үйл баримт юм. Иймд давж заалдах шатны шүүхийн тогтоогдсон үйл баримтын тухайд хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй....” гэснийг хангах үндэслэлтэй.  

12.1 Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2021.10.18-ны өдөр гардаж авсан, мөн Г.Мд 2021.10.25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон ба хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00476 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/03261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 369,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ    

                        ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА   

                                                                                        Д.ЦОЛМОН                                                           

     Х.ЭРДЭНЭСУВД