| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0073/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-04-17 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
2024 4 17 2024/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Ж.П, С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.П, С.Д нарт холбогдох эрүүгийн 2435000000046 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр **********суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **********сум **********оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************* ургийн овогт Ж.П /РД:**********/,
Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр **********суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт **********сум **********оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **************** ургийн овогт С.Д /РД:**********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.П, С.Д нь бүлэглэн **********сумын 5 дугаар багийн нутаг ************гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн ************, ************** нарын тус бүр нэг тооны, нийт 2 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж хохирогч нарт 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2435000000046 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул тэдэнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хохирогч Б.Р-д хохирлыг төлж барагдуулсан талаарх 1 хуудас баримтыг шинээр гаргаж өгөх хүсэлттэй байна. Хавтаст хэргээс 1, 7, 17, 21, 24, 48-49, 55, 57, 58, 64, 67, 69, 88-89, 91, 93, 114-116, 150, 157-160, 164, 167, 179 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Ж.П “Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Урьд мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа” гэж,
Шүүгдэгч С.Д “Мөн адил мэдүүлэг өгөхгүй, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа” гэж тус тус мэдүүлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.П, С.Д нар бүлэглэн **********сумын 5 дугаар багийн нутаг ******************* гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Р, Г.Э нарын тус бүр нэг тооны, нийт 2 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлсан болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн Б.Р-гээс “************ сум 5 дугаар баг ************ гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 13-ны үед миний хоёр тооны үхэр хулгайлагдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг гаргасан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дүгээр тал),
-Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-10, 12-15 дугаар тал),
-Мөрдөгчөөс шүүгдэгч С.Дийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хээр зүсмийн /төөлтэй, цагаан өсгийтэй/ нэг тооны морийг, шүүгдэгч Ж.Пийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хээр зүсмийн нэг тооны эр морийг тус тус битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11, 16 дугаар тал),
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-20 дугаар тал),
-Хохирогч Б.Рийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайх 2024 оны 01 дүгээр сарын байдлаар 20 орчим тооны үхэртэй, мөн манай малд цуг ээж Э, хүргэн ах Р нарын нийлсэн 50 гаруй үхэр байдаг бөгөөд энэ өвөл манайх сумын төв дээр өвөлжиж байгаа. Харин үхрийн хувьд ************гэх газар бэлчээрээр өвөлжиж 2-3 хоноод сумын төвд байх хашаанд ирж худгаас ус уудаг. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн төвөөс гэртээ ирэхэд ээж Э нь миний эзэмшлийн мухар халтар зүсмийн 5 настай, баруун чих нь он имтэй эр үхэр ирэхгүй байна гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед би өөрөө үхэр малаа бүртгэж бэлчээрээр нь хайхад байхгүй байсан. 2024 оны 01 дүгээр сарын 20-нд манай үхэр мөн сумын төвд ирж ус уугаад гарахад ээж зүсэлж тоолоход бүрэн байсан. Түүний дараа 2-3 хоноод усанд ирэхэд 4 тооны үхэр буюу 3 настай шар цоохор зүсмийн баруун чих нь он имтэй эм үхэр, улаан зүсмийн 2 настай баруун чих нь он имтэй эм үхэр, улаан зүсмийн 5 настай баруун чих нь он имтэй эр үхэр, хоо улаан зүсмийн 3 настай баруун чих нь он имтэй эм үхэр дутсан тул өөрөө лавлаж үхрээ дахин бүртгэж хайсан боловч олоогүй. Тухайн үхрүүд нь нэг зэлийн үхэр учраас өөрсдөө салж явж байгаагүй. Үхрээ хайж сураглаж байх явцад Х сумын иргэн Б гэх хүн надад манай суманд Н гэх айлд хулгайн үхэр ирсэн байх магадлалтай гэж хэлээд эзгүй байхад нь зургийг нь дарсан гэж хэлээд надад үзүүлэхэд миний гээгдсэн үхрүүдийн нэг болох улаан зүсмийн 2 настай баруун чих нь он имтэй үхэр байсан, мөн тухайн үхрийг Д гэх айл руу ачсан байх гэж хэлэхээр нь сумын цагдаа нарт мэдэгдэж Х сумын иргэн Д гэх айлд очиход миний алдсан үхэр зүс имээр нь таарч байсан тул миний алдсан үхэр энэ байна гэдгийг цагдаад хэлсэн. Мөн нэгэнт хулгайлагдаад өөр айлд очсон тул өөрийн үхрээ авахгүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар тал),
-Хохирогч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайх сумын төв дээр 12 тооны үхэр малладаг ба манай үхэр сумын төвөөс хойш Т гэх газар луу явж идээшилдэг юм. Тэгтэл 2024 оны 01 дүгээр сарын 21-ний орой манай үхрүүд гэртээ ирэхэд манай нэг үхэр ирээгүй байсан. Тухайн үхэр нь хар зүсмийн, эвэртэй, баруун чих нь он, зүүн чих нь гөлөм, сод гэсэн 2 имтэй, 5-6 орчим настай эм үхэр юм. Тэгээд би ************ сумын Н, О багийн Т гэх газраар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 27-ны өдрүүдэд хайгаад өөрийн үхрээ олоогүй. Тэгээд малчид иргэдээс өөрийн алга болсон үхрийг сураглаад хэд хонож байтал 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн ажилтан ирээд манай үхрийн зүс, им, содон шинж тэмдгийг асуугаад явсан гэсэн. Тухайн үед манай эхнэр байсан ба би хөдөө явсан байсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг ирж мэдүүлэг өг гэхээр ирж байна. Мөн 2024 оны 02 дугаар сарын 04-ний өглөө манай сумын О багийн Дын Ж, Жны С гэх 2 хөгшин ирээд манай залуучууд танай малыг хулгайлсан байна. Бид нар хохирлыг тань барагдуулж өгнө гээд уучлалт гуйгаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
-Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...улаан зүсмийн бяруу нь Х сумын айлд байна гэдгийг манай хүү цагдаа нарын хамт яваад таниад ирсэн бөгөөд тухайн үхрийг ************ сумын 3 дугаар багийн иргэн Д, П нар ачиж хүргэж өгсөн гэдгийг мэдээд ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал),
-Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын сүүлээр найз Д нь утсаар холбогдож Х сум руу хамт яваад өвс ачаад өг гэж дуудахаар нь би өглөө 10 цагийн үед өөрийн мотоциклоор гэрт нь очиход П, Д нар нь портер дээр хар, улаан зүсмийн хоёр үхэр ачсан байдалтай явахад бэлэн болчихсон байсан. Би П, Д нарын хамт машинд суугаад Х сумын нутаг Нуурын хөтөл даваад миний нэг мэдэхгүй айлд улаан зүсмийн үхэр буулгах гээд очиход малын хажууд явсан настай байрын хүн ирэхэд П, Д нар нь бууж уулзаж үхрийг хүлээлгэж өгөөд явсан. Харин би тухайн үед машин дотор сууж байсан учраас юу ярилцсан талаар хэлж мэдэхгүй байна. Тухайн айлаас хөдлөөд Шивир гэх газарт очиж мөн танихгүй айлд очиж орж уулзаад өвс худалдаж авахаар үхэр ачиж ирлээ гэж хэлээд мөн үхрийг хүлээлгэн өгч тухайн айлын хүнийг машиндаа суулгаад Х сумын төв орж нэг айлын хашаанд очиж бид дөрөв өвс ачсан. Тэгэхэд тухайн хашаанд нэг айл байсан боловч хүн гарч ирээгүй. Өвс ачиж дууссаны дараа сумын төвд байх шатахуун түгээх станцаас түлш аваад гэр лүүгээ буцахдаа үхэр авч өвс өгсөн хүнийг гэрт нь хүргэж буулгаад орой Пийн гэрт ирж өвсөө буулгаж дууссаны дараа би мотоциклоо унаад гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар тал),
-Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Д нь манай нөхрийн хамаатан бөгөөд 2023 оны 12 дугаар сараас хойш манайд ирж адуугаа тэжээдэг, мөн үхэр нь Т гэх газарт бэлчээрээр өвөлждөг тул манай гэрээс харж услаад байж байдаг. Мөн манай үхэр Т гэх газарт бэлчиж өдөр нь очиж усалж орой нь хашаанд ирдэг. Ихэвчлэн Д, П /П/ нар нь хамт адуу харахаар явахдаа үхрээ услах зэргээр малаа маллаж байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 20-23-ны хооронд би Ү гэх айлынд цайнд яваад орой нь ирэхэд П, Д нар нь 2 тооны үхэр хашаан дээр аваад ирсэн байхаар нь “Юун үхэр юм бэ?” гэж асуухад Д “Миний үхэр бөгөөд Х сум руу хүргэж өгч өвс худалдаж авна” гэдэг зүйлийг хэлсэн. Маргааш өглөө нь нөгөө 2 үхрийг П, Д нар машинд ачсаны дараа А гэх залуу ирээд хамт явсан. Тухайн өдрийн орой нь үхэр ачаад явсан 3 хүн Х сумаас өвч ачиж ирээд буулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80 дугаар тал),
-Гэрч А.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Х сумын зарын групп дээр “Өвс зарна” гээд пост оруулсан байхаар нь утас руу нь залгаж асуухад үхэр мал оролцуулж болно гэхээр нь би Д рүү залгаад “манай энд өвс зарна гэсэн 2 хүн байна, мал болохоор 3-4 насны эх үхрээр өгнө гэнэ” гэж хэлсэн юм. ...аав Алтангэрэл над руу залгаад “манайх руу үхэр ачсан машин ирж байна, ямар учиртай үхэр вэ” гэхээр нь би “мэдэхгүй байна, та өөрөө очоод асуучих” гэж хэлээд утсаа тасалсан, удалгүй ахиж аав залгаад “өвсний өртөгт өгч байгаа үхэр гэж байна, чи өвс үхрээр солино гэсэн юм уу, нэг тооны улаан зүсмийн гунжин үхэр буулгаж үлдээчхээд явсан” гэхээр нь би “наадах тань Д, А хоёрын өвсний өртгийн үхэр байх, Д ахыг танихгүй болохоор үхрийг манайд буулгаж байгаа юм байлгүй дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дугаар тал),
-Гэрч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ж.П, С.Д, Ц.А гэсэн 3 залуу 1 тооны хар зүсмийн 3-5 настай үхэр авч ирж буулгаж өгөөд Х сумын төв рүү өвс авч ирж өгсөн 3 залуутай орж сумын төвийн хашаанаас 1 портер өвс ачаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дүгээр тал),
-Шинжээч Я.Нгийн гаргасан 32 дугаартай эд зүйлийн үнэлгээний талаарх дүгнэлт (хавтаст хэргийн 121-122 дугаар тал) зэргийн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
Тодруулбал, хохирогч Б.Р мөрдөн байцаалтын шатанд өөрийн 5 тооны үхрийг хулгайд алдсан, гомдолтой гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар **********сумын 5 дугаар багийн нутаг ************гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Р, Г.Э нарын тус бүр нэг тооны, нийт 2 тооны үхрийг хулгайлсан үйл баримт тогтоогдсон тул хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч нар нь бусдын малыг нууцаар, хэнд ч мэдэгдэлгүйгээр бэлчээр дээрээс нь хулгайлан авч улмаар өөрсдийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан /өвс худалдан авсны өртөгт шилжүүлсэн/ идэвхтэй үйлдэл байх бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “олон тооны мал хулгайлж” гэж, мөн хэсгийн 2.2-т “бүлэглэж” гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 2 тооны үхэр нь “олон тооны мал”-д тооцогдохоор, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Ж.П, С.Д нар бүлэглэж бусдын олон тооны мал хулгайлсан нь тогтоогдсон тул тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “олон тооны мал хулгайлж”, мөн хэсгийн 2.2-т заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний хангасан, прокуророос хэргийг зөв зүйлчлэн ирүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Ж.П, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Шинжээч Я.Нгийн гаргасан 32 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 121-122 дугаар тал)-ээр хохирогч Г.Эийн 5 настай эм үхрийг 1,000,000 төгрөгөөр, хохирогч Б.Ргийн 3 настай эм үхрийг 800,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд хохирогч нар уг дүгнэлттэй танилцаад ямар нэг санал, хүсэлт илэрхийлээгүй байна.
Шүүгдэгч нараас хохирогч Г.Эийн 1 тооны үхрийг биет байдлаар буцаан төлсөн, хохирогч Б.Рд үнэлгээгээр тогтоогдсон 800,000 төгрөгийг “Балжинням Р” гэх эзэмшигчтэй Хаан банкны 5810206754 тоот дансаар шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч Б.Ргийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгчөөс “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар 2 дугаар зэрэглэлээр үнэлсэн, хохирогч хүлээн зөвшөөрч маягт дээр гарын үсэг зурсан бол хохирогч Г.Э энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршиг учраагүй, нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байна.
Шүүх хуралдаанд: Улсын яллагчаас “хохирогч Р Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар батлагдсан журам хүснэгт батлах тухай журмын дагуу сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн бөгөөд сэтгэл санааны 2 дугаар зэрэглэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг болсон бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-11,9 дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгийг гаргуулахаар заасан байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Рд олгуулах саналтай байна. ...Хэрвээ хүснэгтээр гаргасан сэтгэцийн хохирлын зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээ хийлгүүлж шинжээчийн дүгнэлтээр гаргуулахаар заасан байгаа. Хэрэв шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд хохирол учраагүй гэж гарвал хүсэлтэд зааснаар тогтоохгүй учир хохирол учраагүй гэж шийдвэрлэнэ гэх тодорхой заалтуудыг журамласан байгаа. Улсын яллагчийн зүгээс урьдчилан тааж мэдэх боломжгүй учир шүүгдэгч нарын өмгөөлөгчтэй адил байр суурьтай байна. Хохирогч Ргийн сэтгэцэд хохирол учирсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарч баталсан журам, Улсын Дээд шүүхээс гаргасан тогтоолын дагуу мөрдөгч нь хүснэгтийн дагуу хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхээр заасан байдаг. Хууль дүрэм журамд хохирогч нь гэмт хэргийн улмаас учир сэтгэцийн хохирлыг нэхэмжлэхээр заавал хэрэглэхээр заагдсан байх тул хэрэглэхээс өөр аргагүй” гэж,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарч баталсан журамлаад өгсөн журмын 2.1-д “шүүх шинжилгээний байгууллага нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох буюу шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзнэ” гэдгийг заасан байдаг. Дээрх журамд зааснаар тухайлан заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг 6 шалгуур үзүүлэлтээр баталсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь дээрх журмын хүснэгтэд зааснаар 2 дугаар зэрэглэлд хамаарахаар заасан. 2 дугаар зэрэглэлд “гэмтлээс үүдэлтэй үлдэц, гэмт хэргийн улмаас стресст үзүүлэх хариу урвал хэвийн хэмжээнээс удаан үргэлжлэх, танин мэдэхүйн өөрчлөлт, нийгмийн харилцааны өөрчлөлт, дасан зохицох хямрал үүсэх, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, сэтгэлээр унах, түгших шинж, хөнгөн зэргийн нойргүйдэл, амьсгал бачуурах, булчин чангарах хэмжээний мэдрэлийн илрэх хэмжээ ямар байсан гэх шалгуур үзүүлэлтээр дээрх шинжээр 2 дугаар зэргийн сэтгэцэд хохирол учирсан гэж үзүүлж байгаа хариу урвалаар тогтоох асуудал байгаа юм. ...Ямар шалгуур үзүүлэлтээр хохирогч Рд 2 дугаар зэрэглэлийн хохирол учирсан гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Хохирогч Ргийн хувьд 5 тооны үхрээ алдсан гэдэг боловч цагдаагийн газрын гомдол мэдээллийн бүртгэлд 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 тооны үхрээ алдсан гэдэг байдлаар тэмдэглүүлж байсан бөгөөд дараа нь 4, 5 тооны үхрээ хулгайд алдсан гэж хэлдэг. Ргийн хувьд миний үйлчлүүлэгч нараас 5 тооны үхэр 7,500,000 төгрөг хохирол нэхэмжилж байгаа. Хохирогч Ргийн сэтгэцэд учирсан хариу урвал нь 5 тооны үхрээ алдсан хүний эмгэг шинж илэрч байгаа юм. Ргийн бусад үхрийг хулгайлсан эзэн холбогдогчийг олж тогтоож байж тусдаа шалгагдах ёстой гэж үзэж байна. 1 тооны үхрээ алдсан хүний сэтгэл зүй ямар байх уу, 5 тооны үхрээ алдсан хүний сэтгэл зүй ямар байх уу гэдэг нь тус тусдаа ойлголт юм. Миний үйлчлүүлэгч Ж.П, С.Д нарын хувьд хохирогч Ргийн 1 тооны үхэр хулгайлсан гэж яллагдаж байгаа боловч хохирогч Ргийн хувьд 5 тооны үхэр хулгайд алдагдсан гэх сэтгэл зүйтэй 5 тооны үхрийн хохирол нэхэмжилж байгаа нь өөр өөр асуудал юм. Иймд хохирогч Ргийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Иймд бусад үхрийг хулгайлсан эзэн холбогдогч тогтоогдсоны дараа сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хохирогч Ргийн сэтгэл зүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоогдохгүй байх тул энэ хэрэгт хохирогчийн сэтгэл зүйд учирсан хохирлыг шийдвэрлэх боломжгүй юм. Ямар шалтгааны улмаас ямар нотлох баримтад үндэслэн 2 дугаар зэргийн сэтгэцэд учирсан хохирол гэх дүгнэлт хийж чадаагүй учир эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна” гэж тус тус мэтгэлцсэн болно.
Шүүхээс талуудын мэтгэлцсэн байдалд дүгнэлт хийхдээ хохирогч Б.Ргийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг эргэлзээтэй тогтоогдсон гэж үзэж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Учир нь, хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн 2 дугаар зэрэглэлд шууд хамаарч байгаа боловч хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал зэргийг харгалзан үзэлгүй гэмт хэргийн зүйлчлэлээс шалтгаалан шууд зэрэглэл тогтоож байгаа нь учир дутагдалтай, мөрдөгч үүнд мэдрэмжтэй хандаж шаардлагатай бол тус журмын 2.4-т зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох боломжтой юм.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ж.П, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч тус бүрд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол, хор уршгийн талаар шүүх хохиролгүй, хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Бусад зүйлийн талаар:
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан шүүгдэгч нарын эзэмшлийн тус бүр 1 тооны морь буюу 2 тооны адууг хураан авч битүүмжилсэн байгаа. Үүнийг гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан эд зүйл гэж хурааж, улсын О болгох саналтай байна. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон О буюу 2 тооны үхрийг шинжээчийн дүгнэлтээр 1,800,000 төгрөгөөр үнэлсэн боловч 2 тооны үхрийг өөр хүнд зарж борлуулан өвс худалдан авсан байдаг. Нэг үхрийг 700,000 төгрөг, нөгөө үхрийг 600,000 төгрөгөөр зарж нийт 1,300,000 төгрөгөөр зарж борлуулж портер автомашинаар өвс худалдан авсан байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 1,300,000 төгрөг гэж үзэж шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 650,000 төгрөг, 650,000 төгрөгөөр гаргуулж улсын орлого болгох саналтай байна. Шүүгдэгч нарын эмээл, хазаарыг өөр хүн ашиглах боломжгүй учир шүүгдэгч нарт буцаан олгох саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарын 2 тооны морийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр хэрэглэх саналтай байна” гэх саналыг гаргасан бол өмгөөлөгчийн зүгээс энэ талаар ямар нэг тайлбар гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрсдийн өмчлөлийн тус бүр 1 тооны, нийт 2 тооны адууг уналга болгон ашигласан нь тогтоогдож байх тул хуульд заасны дагуу уг 2 тооны адууг зүсээр нь хурааж улсын орлого болгох нь зүйтэй.
Харин гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогын тухайд шүүгдэгч нар нийт 1,300,000 төгрөгийг олсон гэж мэдүүлж байгаагаас бусад байдлаар хэрэгт чухам хэдэн төгрөгөөр өвс худалдан авч өртөгт нь хулгайлсан үхрээ зарсан талаарх нотлох баримт байхгүй байна.
Иймд шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого гэх 1,300,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох тухай саналыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн талаарх прокурорын тогтоол авагдаагүй байх тул хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зөөд ургийн овогт Жын П, Т ургийн овогт Сын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бүлэглэж бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.П, С.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, С.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нараас хохирогч Г.Эд хохирлыг биет байдлаар буцаан төлсөн, хохирогч Б.Рд 800,000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Г.Э гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй, хохирогч Б.Р нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан шүүгдэгч тус бүрийн 1 тооны, нийт 2 тооны адууг хурааж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шүүх хуралдаан хаасныг мэдэгдэв.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН