| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2020/03911/И |
| Дугаар | 184/ШШ2021/00796 |
| Огноо | 2021-03-25 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2021/00796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээ болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөрт хураасан буюу барьцааны хөрөнгө болох ... хаягт байрлах нэгж талбарын 1... дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийн өмнө надаас үнийн санал авах авах ажиллагааг хийгээгүйн улмаас иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Эрх бүхий этгээдээр үнэлгээ тогтоосны дараа энэ талаар надад мэдэгдээгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бол түүний дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх ажиллагааг хийх атал энэхүү хуульд заасан ажиллагааг төлөгч надад холбогдуулан огт хийгээгүй, эрх ашгийг зөрчсөн. Дээрх байдлаар хуульд заасан ажиллагаа явагдаагүй учраас миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргах боломж бүрдээгүй. Төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг ХХК 1.021.250.000 төгрөгөөр үнэлсэн талаар хамтран гүйцэтгэгч нарын амаар хэлснээр мэдсэн бөгөөд анхны албадан дуудлага худалдаанд дээрх үнийг 70 хувиар тооцон оруулсан. Нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг талын буюу оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн байхад уг ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхгүй. Мөн анхны дуудлага худалдаа явуулах доод үнийг тогтоох талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөнтэй холбоотойгоор 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/12 тоот тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1629 дугаартай захирамжаар Ү ХХК, Ж. С нараас 552,958,000 төгрөг гаргуулж, Х-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 30-нд ирсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч биелүүлээгүй тул .... хаягт байрлах 200 мкв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-нд битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 03-нд хураах ажиллагаа хийгдсэн бөгөөд хураах ажиллагаанд төлбөр төлөгч Ү ХХК-ийн захирал Д.Г өөрийн биеэр оролцсон. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны дотор үнийн санал ирүүлэхээр үүрэг болгон Д.Г-д 4/10360 дугаартай үнийн санал авах мэдэгдлийг гардуулж, Ж.С-д дамжуулан өгөхөөр мэдэгдлийг үүрэг болгон хүлээлгэн өгсөн ч үнийн санал ирээгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 10-нд дахин үнийн санал ирүүлэх мэдэгдлийг ...хаягаар баталгаат шуудангаар илгээсэн. Ингээд төлбөр төлөгч үнийн саналаа ирээгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 15-нд шинжээч томилох 4/205 тогтоолоор М ХХК-ийн үнэлгээчин н.Э гэх хүнийг томилж, үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, тухайн өдрөө төлбөр төлөгч Ү ХХК-ийн захирал Д.Г-д танилцуулж, нэхэмжлэгч Ж.С-д мэдэгдэхээр үүрэг болгон тэмдэглэлд дурдаж, гарын үсэг зуруулсан. Үүний дараагаар 2020 оны 04 дүгээр сарын 26-нд төлбөр төлөгч Ү ХХК, Ж.С нар бие даан худалдан борлуулах нэг сарын хугацаа авсны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дуудлага худалдааг хойшлуулсан. Ингээд бие даан худалдан борлуулж чадаагүй тул анхны албадан дуудлага худалдааны тогтоол 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулж, 2 дахь дуудлага худалдааны тогтоол 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гараад, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр явагдсан. Одоогоор 2 дахь албадан дуудлага худалдааны гүйцэтгэл нь үнэлэгдсэн үнийн 50 хувиар буюу 514,625,000 төгрөгөөр худалдан борлогдож, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр талуудад мэдэгдсэн байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.С нь НШШГ газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/12 дугаартай тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч НШШГГ газар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч НШШГГ нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/01629 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1242 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг үндэслэн, 19271782 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. /хх 33-39 дүгээр тал/
Хариуцагч НШШГГ нь гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагааг хийж гүйцэтгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 19271782/11, 19271782/12 дугаартай тогтоолуудаар, Д.Г-ын өмчлөлийн, ... байрлах, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй 544.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1.... дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай газрын хамт хураан авч, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэ тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.
Төлбөр төлөгч Ү ХХК, Ж.С, Д.Г нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нартай харилцан тохиролцож тогтоон үнийн саналаа ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/11360, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/13272 дугаартай мэдэгдлээр тус тус мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нараас үнийн саналыг ирүүлээгүй байна. /хх 64-67 дугаар тал/
Төлбөр авагч Х ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/492 тоот албан бичгээр, төлбөр төлөгч Ү ХХК, Ж.С, Д.Г нартай барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар санал зөрсөн гэж үзэж, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг НШШГГ ирүүлсэн байна. /хх 68 дугаар тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг талууд, өмчлөгч харилцан тохиролцож чадаагүй бол шинжээчээр үнэлүүлэхээр заажээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/205 дугаар тогтоолоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15083 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Г-ын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээч 1.021.250.000 төгрөгөөр үнэлсэн болохыг төлбөр төлөгч нарт мэдэгдэж, уг мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Д.Г-д гардуулан өгчээ. Энэ өдөр нэхэмжлэгч Ж.С болон бусад төлбөр төлөгч нараас албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт бичгээр гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч, бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тогтоожээ. /хх 108-118 дугаар тал/
Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ж.С нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хөрөнгийг бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасан атлаа үнэлгээ тогтоосныг мэдээгүй, үнийн санал гаргах боломж олгоогүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ж.С нь 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд хөрөнгө үнэлсэн ажиллагааг мэдээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д: Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байна. Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр төлөгч нарын хаягаар, шуудангаар хүргүүлсэн байхад төлбөр төлөгч нар нь энэ талаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.
Талууд хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч нар хөрөнгөө худалдан борлуулаагүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7/60 дугаартай тогтоолоор, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д нийцсэн байх ба мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг зөрчөөгүй байна.
Мөн анхны албадан дуудлага худалдааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4-177/24200, 4-177/24202 дугаартай мэдэгдэх хуудаснуудыг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн байна.
Анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг худалдан авах санал гаргаагүй байх ба төлбөр авагч дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/12 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ талаарх мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4-130/33599 дугаартай мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр авагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, төлбөр төлөгч Д.Г нарт танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгч Д.М-ийн уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 130-133 дугаар тал/
Ийнхүү хариуцагч НШШГГ нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх болон худалдан борлуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэгдсэн, ... хамт байрлах, 544.62 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын .... дугаарт бүртгэлтэй 200 м.кв талбайтай газрыг үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үнэ тогтоосон ажиллагаа, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/12 дугаартай тогтоолоор зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай Ж.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР