Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2021/00925

 

2021 04 05 184/ШШ2021/00925

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 16 хороо, ******* хороолол, 24 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, 14 хороо, ******* хороолол, 12 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:/

2 419 976 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, 16 хороо, 25 байр, 25 тоот 1 өрөө орон сууцыг иргэн А.тэй сарын 450 000 төгрөгөөр түрээслэх, сар бүрийн 20-ны өдөр түрээсээ авах, ашиглалтын зардлаа түрээслэгч тус тус төлөх нөхцөлөөр гэрээ байгуулахаар тохирч эхний сарын 450 000 төгрөгийг 2020 оны 04 сарын 27-ны өдөр Л. гэх хүний дансаар шилжүүлж, хариуцагч нь байрандаа нүүж орсон. А. нь үүнээс хойш түрээсийн гэрээ байгуулахгүй, ажилтай, хөдөө явж байна гэж удаа дараа худлаа ярьж, түрээсийн төлбөр болон СӨХ, цахилгаан, ус, дулаан зэрэг ашиглалтын зардлаа төлөхгүй байсаар 2020 оны 09 сарын 07-ны өдөр түлхүүрээ ч хүлээлгэж өгөлгүй байрнаас гарсан байдаг. Хариуцагч утсаа авдаггүй, мөнгөө өгөхгүй байснаас янз бүрийн байдалд орж, хар санасан тул цагдаад шалгаж өгнө үү гэж өргөдөл гаргасны дагуу цагдаагийн ажилтан дагуулан очиж усны тоолуурыг салгаж авсан. Хариуцагчийг гэрээгээ байгуулах байх, төлбөрөө өгөх байх гэж бодсон боловч төлбөрөө өгөхгүй болохоор арга буюу ******* дүүргийн Цахилгаан түгээх төв, цагдаа, орон сууцны конторт мэдэгдэж байрны усыг хаалгуулж, цахилгааныг салгуулсан боловч А. нь шөнө, оройн цагаар дур мэдэн ус, цахилгаан залгаж ашигласаар төлбөр гардаг байсан. Тус байр нь ипотекийн зээлээр авсан, сар бүрийн зээл төлөхөөс гадна ашиглалтын зардал хуримтлагдаж бидэнд хохирол учирч байна. Нэхэмжлэлийн шаардлагаа задалбал сарын 30 хоногоор тооцож нэг сарын түрээсийн төлбөрт 450 000 төгрөг, нийт 4 сарын 1 800 000 төгрөг, 10 хоногийн 150 000 төгрөг, цахилгааны зардалд 111 537 төгрөг, орон сууцны мөнгө /дулаан, халуун, хүйтэн усны төлбөр/ 223 689 төгрөг, СӨХ-ны төлбөр 134 750 төгрөг, нийт 2 419 976 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шуурхай зар сонины байр хөлслүүлнэ гэсэн зарын дагуу нэхэмжлэгч Х.*******тай уулзаж, байрыг нь үзэхэд байрандаа засвар хийж байсан тул засвар дуусахаар нь сар, сардаа мөнгөө өгөхөөр тохирч 2020 оны 04 сарын 27-ны өдөр эхнэр гийн дансаар 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс 06 сарын 01-ний өдөр хүртэл эхний 1 сарын төлбөр 450 000 төгрөгийг шилжүүлсэн. Засвар дууссан гэхээр нь 2020 оны 04 сарын 30-ны өдөр байрандаа нүүж ирэхэд засвар нь дутуу, өрөөний хулдаас хуучирсан, гал тогоо, том өрөөний розетка байхгүй байсан тул хулдаас, розетка солиход 450 000 төгрөгийг өөрөөсөө зарцуулсан. Энэ тухай 2020 оны 07 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийг байрны мөнгө асууж орж ирэхэд нь хэлэхэд 1 сарын түрээсийн мөнгө хасахаар тохиролцсон. Манай гэр бүл энэ байранд 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 сарын 07-ны өдөр хүртэл байсан ч цахилгаан, усыг тасалсан, амьдрах нөхцөлгүй байсан тул 2020 оны 08 сарын 01-ний өдрөөс аавындаа амьдарч байгаад 2020 оны 09 сарын 07-ны өдөр бүх эд зүйлээ авч нүүсэн. Эхний сарын 450 000 төгрөг төлсөн, харин 2020 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын төлбөрөө төлөөгүй нь үнэн. Үүнээс хулдаас, розеткны үнэ 450 000 төгрөг хасаад үлдэх 2 сарын төлбөр 900 000 төгрөг төлөх ёстой тул бусад төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Намайг эзгүй байх хойгуур нэхэмжлэгч нь гэрт хүмүүс дагуулж орж ирдэг байсан учраас эхэндээ хэн гэрт ороод байгааг мэдэхгүй айдаг байсан, гэрт ороод юм онгичсон, яг л хулгай хийсэн юм шиг болгосон байсан. Одоо 1 400 000 төгрөг өгөх боломжтой, үнэн байдлаа хэлж байна, бөөн өгөх мөнгө байхгүй, одоогоор хаа сайгүй ковид гараад ажил хийх боломж байхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* 2 419 976 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа 900 000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 1 400 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргана.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг иргэн А.тэй сарын 450 000 төгрөгөөр түрээслэхээр тохирч гэж /хэргийн 1 дүгээр тал/,

Хариуцагч тайлбартаа Шуурхай зар сонины байр хөлслүүлнэ гэсэн зарын дагуу нэхэмжлэгч Х.*******тай уулзаж, байрыг нь үзээд сар, сардаа мөнгөө өгөхөөр тохирч, 450 000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /хэргийн 28 тал/

2020 оны 04 сарын 27-ны өдөр хариуцагч А.ийн эхнэр Л.гаас 450 000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Х.*******гийн Голомт банкны дансны хуулгаар тогтоогддог. /хэргийн 12 тал/

2020 оны 04 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нь орон сууцандаа засвар хийж байсан, орон сууцны засварын ажил дуусаад 2020 оны 04 сарын 30-ны өдөр нүүж орсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаахгүй байна. /хэргийн 28 тал/

2020 оны 09 сарын 07-ны өдөр хариуцагч А. орон сууцнаас гарсан тухай талууд маргаагүй ба энэ нь гэрэл зургийн үзүүлэлтээр давхар нотлогдсон. /хэргийн 16-17 тал/

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн тохиолдолд гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нүүр тулан уулзаж, орон сууц түрээслүүлэх тухай харилцан тохиролцсоноор талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Талууд тайлбартаа орон сууц түрээслэх гэрээ байгуулсан гэх боловч бодит байдал дээр эд хөрөнгө хөлслөх гэрээ тодруулбал орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэж үзэх үндэстэй байна. Түрээсийн гэрээ болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинж бий боловч түрээсийн гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаад зогсохгүй үр шимийг нь хүртэх эрхтэй бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг ашиглах эрхтэй байдаг.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээнэ гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 1 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй ба орон сууцыг шилжүүлсэн, эхний сарын тохирсон хөлс 450 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон. Мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө гэж заасан ба нэхэмжлэгчийн ашиглалтын зардал / СӨХ, цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усны төлбөр/ шаардсаныг хариуцагч маргахгүй байна.

Нэхэмжлэгч 2020 оны 04 сарын 27-ны өдрөөс 2020 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэл орон сууц хөлслүүлсний төлбөрт 4 сарын хөлс 1 800 000 төгрөг /450 000 төгрөг х 4 сар = 1 800 000/ 2020 оны 08 сарын 27-ны өдрөөс 2020 оны 09 сарын 07-ны өдөр буюу 10 хоногийн хөлс 150 000 төгрөг нийт 1 950 000 төгрөг нэхэмжилжээ. Эхний сарын хөлс буюу 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс 06 сарын 01-ний өдөр хүртэл 450 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул 2020 оны 06 сарын 01-ний өдрөөс 09 сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын үлдэгдэл хөлс 1 350 000 төгрөг /3 сар х 450 000 = 1 350 000/ 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 09 сарын 07-ны өдрийн хөлс 105 000 төгрөг /7 өдөр х 15 000/ нийт 1 455 000 төгрөгийг хариуцагч А.ээс гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримтаас үзэхэд тэрээр 2020 оны 04 сараас 2020 оны 09 сарын СӨХ-ны төлбөр 134 750 төгрөг, 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 сарын 11-ний өдрийн цахилгааны төлбөр 111 537 төгрөг, 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 сарын 30-ны өдрийн халаалт, халуун, хүйтэн усны зардал 223 689 төгрөг тус тус төлжээ. /хэргийн 7-11 тал/

Хариуцагч А.ийн 2020 оны 05 сарын 01-ний өдрөөс тооцож орон сууц хөлслөхөөр тохирсон гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй тул мөн өдрөөс 2020 оны 09 сарын 07-ны өдөр хүртэл нэмэлт зардал /ашиглалтын зардал/ цахилгааны төлбөр 78 907 төгрөг /111 537-32 630 = 78 907/, халаалт, халуун, хүйтэн усны зардал 148 729 төгрөг /223 689 - 74 960 = 148 729/, СӨХ-ны төлбөр 134 750 төгрөг нийт 362 386 төгрөгийг хариуцагч төлөөгүй байна.

Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч А.ээс орон сууцны хөлс 1 455 000 төгрөг, нэмэлт зардал 362 386 төгрөг нийт 1 817 386 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, үлдэх 602 590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.2.6-д зааснаар хөлслөгч буюу хариуцагч нь хөлсөлж авсан орон сууцыг өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг төлүүлэх, салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дууссаны дараа түүнийгээ салгаж авах эрхтэй. Тодруулбал хариуцагч шалны хулдаас, розетка солиход гарсан зардал 450 000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр шаардах эрхтэй боловч ийм шаардлага гаргаагүйгээс гадна 450 000 төгрөгийн засан сайжруулалт зайлшгүй шаардлагатай байсан эсэх, 450 000 төгрөг зарцуулсан эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлага 2 419 976 төгрөгөөс 1 817 386 төгрөг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн 2 419 976 төгрөг гаргуулах шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангаж шийдвэрлэсэн 1 817 386 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 44 028 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч А.ээс орон сууцны хөлс 1 455 000 төгрөг, нэмэлт зардал 362 386 төгрөг нийт 1 817 386 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, үлдэх 602 590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 1 817 386 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 44 028 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР