| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0041/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
2024 04 01 2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Энхзул,
Улсын яллагч В.Т***********,
Шүүгдэгч З.Б********* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П****** овгийн З******ын Б*********д холбогдох **********дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч З.Б******** нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр **********3-р багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн *********улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б***********мэдүүлэхдээ: “Тэр өдөр найзынхаа төрсөн өдөрт очсон байсан. Тэгээд гэрт ирээд хүүхэд дэлгүүр оръё гээд дэлгүүр 200 метрийн зайд байсан. Шөнө болсон болохоор давсанд явах гээд фургон янзлаад тавьсан байсныг асааж унаад дэлгүүр ороод буцаж явахдаа цагдаад баригдсан. Дахиж архи уухгүй, архины эмчилгээнд яваад ирсэн. Одоо компанид гэрээгээр ажиллаж байгаа” гэв.
Улсын яллагч В.Т********* нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т********** би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн З.Б************ холбогдох эрүүгийн *********** дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч З.Б******** нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ********** 3-р багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******** улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. З.Б********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хэлж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /3.05 хувийн согтолттой/, /хх-ийн 7-8-р хуудас/,
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч З.Б********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч З.Б********* нь жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу эрхгүй байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 24-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Б*********** нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч З.Б**********ийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч З.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Энэ хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй, нийтээр дагаж мөрдөн хэм хэмжээний акт буюу журам зөрчигдсөн энэ хэргийн улмаас баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна” гэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П******* овгийн З*******ын Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ба*********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Б***********д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б*********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Б********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Б**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА