Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

 

    2024              04                17                                                    2024/ШЦТ/50

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч В.Т**********,

Шүүгдэгч Б.Г********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******** овгийн Ба*******ийн Г********т холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Г******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *********** 4-р багийн Үүзэн 2-8 тоот хашаан дотор ********* улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ ******** улсын дугаартай Тоёота Прадо-150 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн А.А*******д 1,100,000 төгрөгийн хохирол учруулж “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Г**********нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ********** 4-р багийн Үүзэн 2-8 тоот хашаан дотор ******** улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ ********* улсын дугаартай Тоёота Прадо-150 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн А.А**********д 1,100,000 төгрөгийн хохирол учруулж “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ 

Улсын яллагч дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэрч Б.Жавзаны: “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ********** Далай 4-р багийн Үүзэн 2-8 тоотод байх гэртээ нөхөр А.А*********, нөхрийн ах А.Алтаншагай, болон хоёр бэр Энхчимэг, Алтанзул нарын хамтад гэртээ байсан. Манайх хашаандаа гурван гэрээр байдаг. Тэгээд Г******* болон Г********ийн эхнэр Отгонцэцэг нар манай хашаанд саарал өнгийн crown маркийн *********улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн. Тэгээд намайг гэртээ байж байхад гадаа машин мөргөх чимээ гарч тэгээд цонхоор хартал Ганхуяг хашаанаас ухарч гарах гэж байгаад манай машиныг мөргөсөн байсан. Тэгээд машин мөргөх чимээгээр хойд талд байсан гэрээс Төр, Баатар, Шагай болон манай нөхөр А********* нар гэрээс гарч очоод машин мөргөчихлөө гээд зураг авч байсан. Тэгээд удалгүй манай нөхөр А******** гаднаас орж ирээд манай машиныг Г********* ухарч гарах гэж байгаад мөргөчихсөн байна гэсэн. Дараа нь Ганхуяг манай нөхөр А******** Одоо машиныг чинь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө засаад чамайг хохиролгүй болгоод өгье” гэсэн гэж надад А*********** хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Г.Энхтөрийн: "...Тэгээд суугаад удаагүй Г*********Отгонцэцэг хоёр гэртээ харин гээд гэрээс гарсан. Тэр хоёр гэрээс гараад удаагүй байхад гадаа машин мөргөх чимээ гарахаар нь гэрт байсан хүмүүстэй хамт гэрээс гараад харахад Ганхуяг ухарч байгаад машиныг нь мөргөсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Хохирогч А.А*********ийн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн өдөр гэртээ байж байхад хашаан дотор чанга дуу гараад юм мөргөж байгаа юм шиг чимээ гарсан би гэрээсээ гараад харахад миний машиныг Г********** гэдэг хүн өөрийнхөө машинаар мөргөсөн байсан тэгээд Г************тай гараад уулзсан чинь Г********* цагдаа дуудаад яах вэ хоорондоо тохиръё гэсэн тэгэхээр нь цагдаа дуудаад бүртгүүлсэн тэгээд миний машины куперийг гэмтээснээс хойш нөхөр нь утсаа авахаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 24-27-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-34-р хуудас/,

“Хас үнэлгээ” үнэлгээний компанийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 238 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Г********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.  

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Б.Г*********ийг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Г*********нь хохирогч А.А********д хохирол төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн. Хохирогч А.А********** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г**********ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Б.Г********** нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Г*********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г***********т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

2.3. Бусад асуудлын талаар  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х********* овгийн Б*********ийн Г**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*********ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г********нь хохирогч А.А**********д хохирол төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн. Хохирогч А.А********** нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г*********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА