Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 0181

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч  Ч.Алтанцэцэг, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

улсын яллагч: Г.Батбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч :Э.Ганбат

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч :Б.Оюун-Эрдэнэ, Ю.Баярсайхан

тэдний өмгөөлөгч: С.Дашдорж

иргэдийн төлөөлөгч: Ч.Жамьянсүрэн

шинжээч эмч: Д.Чулуунбаатар, Т.Сэлэнгэ.

Гэрч Б.Оньгэрэл, Б.Оюунцэцэг

Иргэний нэхэмжлэгч Ж.Золжаргал

шүүгдэгч:З.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сартуул овогт  Зандраагийн Баасандоржид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625013864 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сартуул овогт Зандраагийн Баасандорж, 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан  аймгийн Улиастай  суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнүүн хотхоны 21-27 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ИЭ88012211,

Холбогдсон хэргийн талаар:

             З.Баасандорж нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнүүн хотхоны 21-27 тоотод эхнэр Б.Ганчимэгийг санаатай алсан  гэмт хэрэгт  холбогджээ.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч З.Баасандорж   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13 цаг 40 минутын үед  талийгаач эхнэр маань хоёр хүүхэдтэйгээ Улиастайгаас гэртээ ирсэн. Бид 17.00 цагийн үед гэрээсээ гарсан ба тэр үед ээжтэй үүдэнд тааралдсан. Хил хамгаалах ерөнхий газрын зааланд төгсөгчидын сагсны тэмцээн болж байсан. Тэнд бид хоёр бага хүүхдээ ээлжилж машиндаа хараад тэмцээн рүү ороод гарсан. 18 цагийн үед Хүүхдийн урлан бүтээх төвийн ойролцоо байдаг манай ээжийнд очиж хоол, унд идээд 19 цаг 30 минут гэхэд гэр рүү явсан. Замаараа Номин дэлгүүрээр ороод хүүхдийн нэмэлт тэжээл, сүү авсан. Мөн замаараа машинаа угаалгаад, бензин аваад гэртээ 21 цагт орсон. Маргааш нэгдэх өдөр байсан тул эхнэр маань маргаашийн ажилдаа бэлдэж, халатаа индүүдсэн. Тэр хооронд би хүүхдээ харж байсан. 24 цагийн үед манай бага унтаад бид орондоо орсон. Бид айлд хоол идсэн тул гэртээ хоол хийгээгүй. Эхнэр маань толгойгоор хатгаад байна гээд сүүтэй цай чанаж уусан. 07-ы өглөө унтаж байхад хаалга нүдэх чимээгээр би сэрсэн. Тэгээд хаалга нээхэд хадам ээж хоёр журнал өгсөн. Би ээжтэй мэндлээд гэрт орох байх гээд хойшоо ухарсан чинь ээж нь яараад байна гээд манайд оролгүй цаашаа явсан. Би хаалгаа хаагаад хоёр журналыг жижиг хоолны ширээн дээр тавиад буцаад орондоо ороод хэвтсэн. Бидний унтаж байсан дараалал нь том матрасны цаад талаар манай том, тэгээд эхнэр, тэгээд бага, тэгээд би унтаж байсан. Өдийд ажилдаа явах гээд боссон байдаг хүн яагаад унтаад байгаа юм бол гэж бодоод харахад хойшоо гэдийгээд ам нь ангайгаад нүд нь хараатай байж байсан. Би гайхаад үнэртэй ус үнэртүүлж, хамрын дээр зөөлөн дарсан. Хадам ээж рүү залгаад та буцаад хүрээд ир, Ганаа сонин болчихлоо гэж хэлсэн. Өөрийнхөө ээж, эгч нарыг дуудсан. Хадам ээж удалгүй орж ирсэн. Түргэн удаж ирсэн. Би түргэн ирэхгүй байхаар нь гарч түргэний машиныг тосч аваад түргэний эмчтэй хамт орж ирсэн. Түгэний эмч ирээд зүрхний тариа хийж, зүрхний массаж хийсэн. Гэтэл өнгөрсөн байна гэж хэлсэн. Дараа нь манай ээж, эгч хоёр орж ирсэн. Тэгээд манай ааваас авахуулаад хүмүүс ар араасаа орж ирсэн гэв.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Л.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баасандорж яалт ч үгүй миний охиныг алсан байна. Би тэр өглөө Баасандоржийнд очиж журнал өгөөд буцаад гарсан. Хүн эмнэлэгт хэвтүүлэх гээд яарч явж байсан тул гэрт нь оролгүй үүднээс нь буцсан. Намайг тойрог дээр явж байхад Баасандорж над руу залгаад Ганчимэг сонин болчихлоо гэж хэлсэн. Би буцаж эргээд гэр рүү нь машинаа ч унтраахгүй орсон. Гэтэл Баасандорж охиныг маань тэврээд суусан байдалтай байсан. Би арай ч ийм зүйл болно гэж бодоогүй. Би Баасандоржийг түргэн дууд гээд охиноо газар хэвтүүлсэн нь дээр гэж хэлсэн. Би охиноо нэрээр нь хэд хэдэн удаа дуудсан боловч ямар ч хариу байгаагүй. Надад нэг л бүтэлгүй санагдаж байсан. Түргэн иртэл би охиныхоо дөрвөн мөчинд массаж хийсэн. Түргэний эмч чагнаж үзээд, зүрхний тариа хийгээд нүдэнд нь гэрэл тусгаад нас барсан байна гэж хэлсэн. Манай охин зүрхээр нас барах ямар ч боломжгүй. Би тухайн үед Баасандоржийг арай ч алчаагүй байх гэж бодож байсан. Тэр үед Баасандорж их сонин байдалтай байсан. Гэтэл сүүлд мөрдөн байцаалтын шатанд Баасандорж миний охин руу муухай үгтэй дарамталсан мессэж бичдэг байсныг мэдсэн. Тэр мессэжид “Лаларуудад харуулнаа” гэж байсан. Ямар ч байсан би охиныхоо амыг амиар нэхэж байна. Тавхан сарын өмнө миний охин бараг 5 кг шахуу хүүг өөрөө төрүүлж байсан тул зүрхээр нас барна гэж байхгүй. Баасандорж оо чи хоёр хүүхдээ бодсонгүй юу, миний охиныг алж хоёр хүүхдийнхээ ирээдүйг бузарлаа. Хоёр хүүхэд нь маш их уйлж, байнга ээжийгээ асууж байна. Би охиноо ламаас асуухад нөхрийнхөө дарамтанд нас барсан байна гэсэн. Би хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмж, оршуулгын зардал, байрны зээлийн төлбөр зэргийг Баасандоржоос нэхэмжилж байна. Мөн миний охины хоёр хүүхдүүдийн асран хамгаалагчаар намайг тогтоож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр охин сонин болсон байна хурдан ир гэсэн. Би хэлснээс хойш 15 минутын дараа очсон. Намайг очиход охин маань нас барсан байсан. Баасандорж манай охиныг 06 цагт алсан гэж бодож байна. Тухайн үед нь түргэн дуудсан бол амьд байх байсан. Үхэхийг нь хүлээгээд байж байсан байх. Хэрэг гарснаас хойш 6 сар болж байна. Хоёр хүүхэд маш хэцүү байдалтай байна. Бага нь хэлж орж байгаа, том нь байнга ээжийгээ ярьж байна. Би маш их харамсаж байна. Баасандорж бидний амьдралыг орвонгоор нь эргүүллээ. Хохиролд их мөнгө гарсан. Бид боломжтой хүмүүс биш. Миний хэдэн төгрөгийн орлогоор амьдардаг. Хүүхдүүд нь сүүндээ цадахгүй хэцүү байна. Иймд Баасандоржид хуулийн дагуу ял оногдуулж өгнө үү гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Талийгаач Б.Ганчимэг нь миний 2 дахь хүүхэд байгаа юм. Би 1 охин 2 хүүтэй талийгаач ганц охин минь байсан болохоор маш их харамсалтай байна. Талийгаач бага насаа эцэг эхийн гар дээр өсөж цэцэрлэг яслиар хүмүүжээд Завхан аймгийн Улиастайд 4 дүгээр 10-н жилд 8 настай орж 10 дугаар ангиа төгсөөд Этүгэн дээд сургуульд сурч төгсөөд сургуульдаа багшаар үлдэж ажиллаж байсан юм. Талийгаач 10-н жилд байхдаа эрэгтэй хүүхэдтэй үерхэж байгаагүй. Нөхөр нь парлел анги байсан юм байна лээ.  Гэхдээ энэ 2 тухайн үед үерхэж байгаагүй дээд сургуульд байхдаа ч үерхэж байгаагүй яг хэзээнээс үерхэж эхэлсэнийг нь мэдэхгүй юм. 2010 оны үеэс л ээжээ би нэг найзтай болж байгаа гэж ярьж байсан. Дээд сургуулиа төгсчихсөн юм болохоор нь би хэрэггүй гэж хэлээгүй. Тэгж байгаад нээх удалгүй жирэмсэн болоод том хүүхдээ манайд амьдарч байхдаа гэртээ гаргасан. Том хүүхдээ ой гарантай байхад сургуулиасаа зээлд хамрагдаад өөрийнхөө эгчтэй хамтран зээлдэгчээр ороод 1 өрөө байр аваад нөхөр хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан юм. Бага хүүхэд нь 2016 оны 05 дугаар сарын 26-нд гараад тэгээд хичээл цуглахад бага хүүхэд нь 3 сартай байсан ээжээ би ажилдаа орчих уу байрны түрээс гээд мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би зөвшөөрч надад хүүхдээ харуулахаар болсон. 2016 оны 08 дугаар сарын 31-нээс хойш би өөрөө машинтай болохоор хүүхдийг нь харж байгаад орой ажлаасаа ирэхээр нь гэрлүүгээ явчихдаг зарим үед хамт хонодог байсан. Том хүүхэд нь цэцэрлэгт явдаггүй гэртээ байдаг юм. Баасандорж болохоор онцын хийсэн ажил байхгүй тэжээвэр загас тэжээдэг тэрийгээ нааш цааш нь зөөгөөд заримдаа ажилтай гээд гараад явчихдаг байсан. Гэрт байх үедээ компьютер тоглоод цаашаа хараад л суучихдаг юм. Шөнө хүүхэд нь уйлахад авахгүй унтаж л байдаг хүн. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой би зах орчихоод буцах замаараа гэрт нь ороход тэр 4 гадагшаа гарах гээд хувцасласан байсан. Би оёдолын машинаа авчихаад буцаад гарсан. Тэгэхэд талийгаач өө таныг ирэхийг мэдсэн бол танай гэрт 2 ширхэг журнал орхичихсон байсан аваад ир гэж хэлдэг байж гэхээр нь би маргааш өглөө нь эмнэлэгт хүн хэвтүүлэх байсан болохоор Баасандоржоо чи хүүхүүдээ хараарай гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 6.30 цагт эмнэлэгт хэвтүүлэх хүнээ аваад улиастайн эцсээс гэрээсээ гараад 07.00 цагийн үед гэрт нь нөгөө мартсан зүйлийг нь хүргэж өгөхөөр болоод нөгөө хүнээ машиндаа суулгачихаад тэдний хаалгыг тогшиход охин гарч ирэлгүй харин Баасандорж турсиктэйгээ босож ирээд хаалгаа онгойлгосон. Би 2 ширхэг журнал өгчихөөд дотогшоо оролгүй шууд явсан. Тэгээд офицерүүдийн ордны тойрог өнгөрөөд явж байтал Баасандорж утасдаад ээжээ яадаг билээ хүрээд ир Ганаа сонин болчихлоо гэхээр нь юу гэнээ яасан гэнээ гээд л шууд дохиогоо өгч эргээд маш хурдан яваад очиход Баасандорж  миний охиныг тэвэрчихсэн орон дээрээ сууж байхаар нь ингэж тэвэрч болохгүй гээд хойшоо орон дээр хэвтүүлэн цээжин дээр нь 2-3 удаа дараад хиймэл амьсгаа хийх гэтэл гар хөл нь цул мөс болж ам нь хүйтэн болчихсон ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь яаанаа энэ чинь нас барчихсан байна ш дээ түргэн чинь яааваа гэхэд Баасандорж гарч түргэний эмчийг дагуулж орж ирсэн. Эмч орж ирээд орон дээр нь чагнаж үзээд болохоо байчихсан байна юу ч байсан газар хэвтүүлээдхи гэхээр нь ээдээ миний хүү бүх арга хэмжээгээ аваарай гэхэд зүрхэнд нь тариа хийсэн, дараа нь нүдийг нь гэрэл тусгаж харчихаад өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд эмч гарч цагдаа дуудах шиг болсон. Тэгж байтал Баасандоржийн ээж эгч 2 ирсэн. Мөн манай нөхөр ирээд манайхан бүгд цугларсан. Лам ирчихсэн ном уншиж байсан хэн лам дуудсаныг би мэдээгүй. Манай охин Ганчимэг үе үе Улиастайд ээж аавынхаа гэрт хоёр хүүхдээ авч ирдэг байсан. Тэр болгонд нь миний охин амьдрал ахуйгаа хэлээд байдаггүй ч гэсэн ээжийн хувьд царай зүсийг нь харахад нөхөр нь дарамталсан байдал ажиглагдаж байсан. Нэг удаа охиныг минь зодсон байсан. Нүүр нь хөхөрсөн байсан. Баасандорж гэртээ ганцаараа байнга шөнөжин компьютер тоглодог. Хааяа би гэрт нь очиж хүүхдүүдийг нь хардаг байсан. Тэгээд нэг удаа шөнө тоглоод байхаар нь хүүе чи унтаач гэхэд манай охин чимээгүй таныг явсаны дараа том хүү бид хоёрыг дарамтлаад байдаг юм гэж хэлж байсан болохоор би дахин юм хэлэхээ больсон. Миний тухайд маш их гомдолтой байна гэжээ. /1-р хх-ийн 35-36, 37-39/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өглөө миний охин Ганчимэг гэртээ учир битүүлгээр нас барсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллага шалгаад гадны нөлөөтэйгээр нас барсныг нь тогтоосон. Миний охин Ганчимэг ямар нэгэн өвчин зовлонгүй эрүүл саруул хүүхэд байсан. Тэр гэрт талийгаач охин нөхөр Баасандорж түүний 5 настай хүү, 6 сартай хүү нар байсан. Гаднаас ямар нэгэн хүн орж гараагүй байхад надны нөлөөтэйгээр нас барсан нь нөхөр Баасандоржтой холбоотой гэж би үзэж байна. Тиймээс хоёрдогч хохирогчоор оролцож байна. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд 4.650.000 төгрөг гарсан.  Түүнээс Баасандоржийн тал 2.325.000 төгрөгийг төлсөн. Одоо 4.0 сая төгрөг нэхэмжлиж байна гэжээ. /1-р хх-ийн 40-41/

Шүүгдэгч З.Баасандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13.30 цагийн үед эхнэр Ганчимэг Улиастайгаас ирсэн. Тэгээд Ганчимэг бид хоёр хоёр хүүхдийнхээ хамтаар 17.00 цагийн орчимд гэрээсээ гараад Хил хамгаалах Ерөнхий газрын спорт зааланд очсон. Эхлээд би том хүү Цэрэнпунцагтайгаа орж тэмцээн хальт харчихаад 15 орчим минут болчихоод гарсан. Эхнэр бас тэр спорт заал руу том хүүтэйгээ орчихоод 15 минут орчим болоод л гараад ирсэн. 18.30 цагийн үед Урлан бүтээх төвийн хажууд байдаг манай ээжийнд очоод тэндээ хоол цай идэж ууж байгаад хэсэг хугацаанд байж байгаад орой 20.00 цагийн үед ээж Чимгээгийн гэрээс 4-үүлээ гараад Жуковын автобусны буудлын хажуу талын авто угаалгын газарт орж машиныхаа гадны талыг угаалгасан. Тэндээс гараад Дүүргийн Номин хүнсний дэлгүүр орж хүүхдийн найруулдаг сүү авсан. Тэндээсээ гараад Улаанхуаран луу салдаг бензин колонк руу очсон. Тэгээд гэртээ харьсан. Гэртээ 21.00 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд хоол унд хийж идэлгүй байж байгаад зурагт үзэж байгаад унтсан. 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өглөө хаалга нүдсэн. Тэр чимээнээр сэрээд хаалгаа онгойлгосон чинь хадам ээж Оюун-Эрдэнэ байж байсан. Эхнэрийн ангийн хоёр журналыг хаалганы цаанаас өгөөд явсан. Би хаалгаа түгжээд буцаад орондоо ороод хэвтсэн. Эхнэрлүүгээ харахад тэрээр толгой нь хойшоогоо гэдийсэн байдалтай сонин амьсгаа авах шиг болсон. Тэгээд юу болов гээд эхнэрээ дуудтал ямар ч хариу өгөхгүй байсан. Татсан чинь бие нь сулбайсан байсан. Би босоод үнэртэй ус үнэртүүлсэн, хамрых нь доод хэсэгт уруул дээр нь хуруугаараа дарсан гэтэл ямар ч хариу байгаагүй ухаангүй байсан. Тэгэхээр нь хадам ээж Оюун-Эрдэнэ лүү утасдсан. Мөн өөрийнхөө ах дүүсийг дуудсан. Бид нар хоорондоо ямар нэгэн зүйлээс болж маргасан хэрэлдсэн зүйл байгаагүй энгийн харьцаатай байдаг. Тухайн өдөр ч тийм байсан гэжээ. /1-р хх-ийн 125/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэлд: Иргэн З.Эгэлхандын өгсөн мэдээлэлийн дагуу хэргийн газар 8.30-д ирсэнбайна./ 12-р хх-н 4/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10/

Цогцост хийсэн үзлэг  тэмдэглэл /хх-н 11-17/

Камеын бичлэгт үзлэг хийсэн илтгэх хуудас /хх-н 25-27/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд: hp invent гэсэн бичигтэй СД нэг ширхэгийг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргав гэжээ. /хх-н 29/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийж гар утсаар хуулбарлан авчирч ирүүлсэн СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 30-33 /

Гэрч Б.Батбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би талийгаачтай Завхан аймагт Улиастай суманд байрлах 4 дүгээр 10 жилд хамт буюу парлел ангид сурч байсан юм. Талийгаач манай ангийн Баасандоржтой гэр бүл болсон. 10 жилд байхдаа дотно найзалж байсан талаар сайн мэдэхгүй байна. Оюутан болсон байхдаа гэр бүл болсон гэж сонссон. Би Баасандоржтой дотно найзууд бол биш. Нэг ангид хамт суралцаж байсан л харилцаатай. Баасандорж 10 жилийн 9 дүгээр ангиас Улиастайн 1 дүгээр 10 жилийн сургуулиас шилжиж орж ирсэн санагдаж байна. Сургууль төгссөнөөсөө хойш хэд хэдэн удаа уулзаж байсан. Сая 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сургуулийн уулзалт болоход уулзсан. Тэрнээс өмнө хамгийн сүүлд 2 жил гарны өмнө хотод найзуудаараа тааралдаж ангийнхаа хоёр гурван хүүхдүүдтэй уулзсан. Манай сургуулийн уулзалт 2016 оны 11 дүгээр сарын 5,6-ны өдөр болсон. 5-ны өдөр бол уулзалт хүлээн авалт ХААИС-ийн зааланд болоод хүлээн авалт хурал тараад анги ангиараа салаад явсан. Манай анги 4-р дэлгүүрийн орчим байрлах Ноёд караокед ойролцоогоор гэгээ тасарч байхад орсон. Би ямар ч байсан 3.00 цагт гэртээ орж ирсэн байсан. Тэр үед Баасандорж хамт байсан.  Хэзээ яаж явсан талаар мэдэхгүй байна. Би өөрөө бас их муудсан байсан тул гэртээ яаж хэдэн цагт орсон талаар санахгүй байгаа. 6-ны өдөр сагсний тэмцээн болсон. Тэр тэмцээн дээр талийгаач ирсэн явж байна гэж байсан. Харин нөхөр нь болох Баасандорж ирээгүй байсан. Тэмцээн өглөө 08.00 цагаас эхэлсэн байх. Манай анги нилээд уусан болохоор тэмцээнд оролцоогүй. Тийм болохоор бид нар тэмцээн дуусахаас өмнө гараад  явчихсан. Баасандорж бид нарыг гарах үед ч ирээгүй байсан. Талийгаач өчигдөр хэвийн байдалтай явж байсан. Талийгаач том хүүтэйгээ явж байсан. Талийгаач болон Баасандорж нартай нэг их холбоотой биш болохоор сайн мэдэхгүй байна. Талийгаачтай юм ярих ч юм уу ямар нэг харилцаа байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Баасандорж ерөнхийдөө энгийн байдаг л залуу. Ааш зангийн хувьд төлөв, даруухан хүүхэд. Хичээлдээ сайн хүүхэд байсан. Баасандоржтой манай ангиас намайг бодуул Батцоож илүү найзалж нөхөрлөдөг юм. 9 дүгээр ангиас орсон болохоор тийм дотно найз байсан эсэхийг мэдэхгүй байна. Талийгаачийн хувьд манай ангийн Энхжаргал гэх залуутай садан төрлийн холбоотой байсан. Өөрийнхөө ангиас Нямсүрэн гэх эмэгтэйтэй илүү найз байсан байх гэжээ. /хх-н 44-46/

Гэрч Н.Батцоож  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би талийгаачийн нөхөр болох Баасандоржтой нэг ангид сурч байсан юм. Талийгаачийг 10 жилд байхын мэднэ. Сургууль төгссөнөөсөө хойш сураггүй байж байгаад талийгаачтай болон Баасандоржтой сая сургуулийн уулзалтаар л уулзсан. Бид нар Завхан аймаг Улиастай сумын 4 дүгээр 10 жилийн сургуульд сурдаг байсан. Талийгаачийг айхтар сайн мэдэхгүй. Баасандоржтой 8,9,10 дугаар ангидаа 3 жил хамт нэг ангид сурсан. Тийм айхтар дотно найзууд бол байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны уулзалтаар л Баасандорж талийгаачтай хамт ирсэн. Тэр уулзалтан дээр таарсан. Уулзалт хүлээн авалт тарсаны дараа анги ангиараа салаад явсан. Манай анги хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим Ноёд караокед орсон. Тэнд бид нар 19 юм уу 20.00 цагийн үед орсон байх цагийг тодорхой санахгүй байна. Би тэнд ганцаараа ариун цэврийн өрөөнд дотроосоо цоожлоод бөөлжөөд үлдсэн байсан. Намайг 04.00 цагийн үед цэвэрлэгч нь шалны модоор хатгаад сэрээсэн. Тэр үед манай ангийхан бүгд гараад явсан байсан. 6-ны  тэмцээн дээр бол би босож чадалгүй гэртээ байсан. Талийгаачийг нас барсан асуудлыг өнөөдөр өдөр 17.00 цагийн үед Батбаатараас утсаар мэдсэн. Талийгаач болон Баасандорж хоёр хоёулаа 10 жилд байхдаа хамт олноо манлайлсан хичээл сургалт, олон нийтийн ажилд хамт олноо манлайлсан сурагч нар байсан гэжээ.  /хх-н 47-48/

Гэрч Ц.Алтанбаатар  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Талийгаач манай Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр 10 жилд манай Б бүлэгт сурдаг байсан юм. Манайх А бүлэг нь байсан. Талийгаачийн нөхөр Баасандорж нь манай ангид сурдаг байсан юм. Баасандорж манай ангид 8 дугаар ангиа төгсөөд 9,10 дугаар ангидаа шилжиж орж ирээд 2 жил хамт сурсан. Талийгаач манай эсрэг анги байсан юм. Хувь хүнийх нь талаар сайн мэдэхгүй байна. Манай ажил талийгаачийн гэрийн орчим газрыг хариуцдаг болохоор заримдаа дуудлаганд явж байгаад тэдний гэрийн орчим явахдаа тааралддаг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай сургуулийн уулзалт хүлээн авалт болоод уулзалт тарсаны дараа бид нар хүнсний 4 дүгээр дэлгүүрт байрлах Ноёд караокед багш нараа дагуулаад анги ангиараа салж яваад орсон. Тийшээ 20 юм уу 21.00 цагийн орчим орсон байх. Тэндээс би Жаргалсайхан, Ган-Эрдэнэ, Батдэлгэр, Гансүх нарын хамт 02.00 цагийн үед гарсан. Тэр үед Баасандорж байсан эсэх талаар мэдэхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би ажилтай байсан болохоор очоогүй. Талийгаачийг нас барсан талаар сая цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдлээ. Талийгаач Баасандорж хоёр хоёулаа их эв найртай хүмүүс. Би ойрхон болохоор хааяа дуудхаар нь очиж сангийн ажлыг нь хийж өгдөг байсан. Гэр орноор нь орж байхад гайгүй л байдаг байсан. Тэд хоёулаа төлөв даруу хүмүүс гэжээ.  /хх-н 49-50/

Гэрч Б.Ган-Эрдэнэ  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний бие Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Жуковын урд талын буудлын баруун талд байх автомашин угаалгын газарт ажилладаг юм.  Багацаагаар 21-22 цагийн үед шиг санаж байна угаалгын газраа байж байтал ногоон өнгөтэй Приус-10 маркийн машинтай, 30 орчим насны эрэгтэй, эхнэр 2 хүүхдийн хамтаар ирж машинаа угаалгана гэсэн. Би уг газар ажилд ороод 2-3 хонож байгаа учир өмнө нь үйлчлүүлж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би уг машиныг нь 30 орчим гадна талыг нь угаагаад үйлчилгээний хөлс гэж 10.000 төгрөг авсан. Намайг машин угааж байхад  эхнэр нь  хүүхдээ хөхүүлээд машиныхаа урд талд, ард нь том хүүхэд нь сууж байсан. Машинаас энэ гурван хүн гараагүй.  Харин нөхөр нь болох залуу машинаасаа гараад машиныхаа тал талаас нь зургийг нь аваад байсан. Энэ залуу надаас машин хэдээр угаах бэ, бүтэн угаалга хийлгэвэл хэд бэ гэж л асуусан өөр юм хэлээгүй. Тэгээд гадна угаалга хийхээр болсон. Уг залуугийн бие болон сэтгэл санааны байдал хэвийн харагдаж байсан. Эхнэр нь надтай ямар нэгэн зүйл яриагүй. Манай угаалгын газарт камер байдаггүй гэжээ.  /хх-н  51-52/

Гэрч Г.Отгонжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би талийгаач Ганчимэгтэй 1995 онд нэг ангид ороод найзууд болж анги дотроо дотно байсан юм. Би талийгаач Ганчимэгтэй сүүлийн 8-9 жил уулзаагүй байж байгаад сая 2016 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр манай Улиастай бүрэн дунд сургуулийн 30 жилийн ойг угтсан хүндэтгэлийн арга хэмжээ болсон тэнд үе үеийн баг төгсөгчид ирсэн. Тэнд Ганчимэг нөхрийнхөө хамт ирсэн байсан тэгээд л уулзсан. Гэр орон амьдралыхаа талаар ярьж чадаагүй.  Арван жилийн талаараа л ярьсан. 5 сартай хүүхэдтэй, том хүү 3-тай гэж байсан. Ганчимэг бол их дайчин шударга зантай.  Уулзалтан дээр бол их цоглог хөгжилтэй байсан гэжээ. /хх-н 53/

Гэрч Б.Оньгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би талийгаачтай  хамт Этүгэн их сургуульд багшилдаг байсан. Талийгаачийг мэддэг болоод 6-7 жил болж байна. Энэ жилээс хамт нэг өрөөнд суух болсон. Талийгаач бол манай тэнхимийн эрхлэгч байсан. Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 11.00 цагийн орчимд сургууль дээр ирэхэд манай сургууль арц хүж үнэртсэн байж байсан. Тэгээд манай багш нар бүгдээрээ гөлийсөн шинжтэй байцгаасан.  өрөө рүүгээ ортол талийгаачийн ширээн дээр зул асаачихсан Ганаа маань өнгөрчихсөн байна гэсэн. Би юу гэсэн үг бэ гэтэл өнөө өглөө өнгөрчихөж гэсэн. Тэр үед надад юу бодогдсон бэ гэвэл сүүлийн үед нөхөр нь зовоогоод байсан юу болсон юм болдоо гэж бодогдсон. Яагаад өнгөрсөн юм болоо өвчин зовлон өмнө нь огт хэлж байгаагүй хүн дээ гэсэн. Ер нь манай ажлын газрын хүмүүс надад л хамгийн түрүүнд ирж биеээ үзүүлдэг юм. Талийгаач надад огт үзүүлж байгаагүй. Би талийгаачтай 2016 оны 9 дүгээр сараас хойш нэг тэнхимд орж хамт суух болсон. Өнгөрсөн 7 хоногт талийгаач аав ээжийнхээ гэрээс буюу Улиастайгаас ажилдаа явж байсныг мэднэ. Яагаад гэвэл талийгаач лекц тараад л хол явах болохоор эрт яваад өгдөг байсан. 4,5 дахь өдөр  талийгаач ажлаа хийж чадахгүй нэг үйлдлээ олон дахин давтаж хийгээд гадаад дүр төрх нь болон хийж байгаа үйлдэл, биеээ авч яваа байдал нь их стрестсэн байдалтай байдаг байсан. Шанаагаа тулж суугаад хичээлээ зааж чадахгүй дундаас нь гарч явж байсан. Өрөөндөө сууж байхад нь утас нь байнга дуугардаг. Нөхөртэйгээ ярьж байгаа бололтой чамтай яриад байх юм байхгүй гэж хэлээд хэд хэдэн удаа утсаа таслаж байсан. Харин дахин дахин эргэж залгаж байсан. Тэр үед талийгаач чамтай ярих юм байхгүй чи гэрээс авах юм байвал аваад яваа гэж хэлээд утсаа таслаж байсан. Ингэж утсаар ярьсаны дараа талийгаач их хямарсан байдалтай шанаагаа тулаад орж гараад яваад байдаг байсан. 4 өдөр хичээлээ зааж чадахгүй хичээлээ зогсоож байсан. Талийгаач ийм байдалтай байгааг миний хувьд 4, 5 дах өдөр мэдэрсэн. Өмнөх өдрүүдийг бол би сайн анзаараагүй. Миний мэдэж байгаагаар талийгаач их зарчимч, ажилсаг, хариуцлагатай мундаг хүүхэд байсан. Олон хүн удирдаж байсан ч хүмүүстэй муудалцаж байгаагүй. Их даруу төлөв дотогшоо хүүхэд. Өөрийн хувийн амьдрал болон ар гэр амьдралын талаар хүмүүстэй яриад байдаггүй байсан. Нөхрийх нь хувьд зүс харж байгаагүй. Манай залуу багш нар ярихдаа их хартай, зовоодог, амьдралд нь огт нэмэр болдоггүй гэж ярьдаг байсан. Талийгаач бага насны 2 хүүхэдтэй гэжээ. хх-н 57-59/

  Гэрч Н.Тогтохмэнд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Талийгаач бид 2 Завханы Улиастай хотын 4 дүгээр 10 жилийн сургуульд 2000 оноос хойш 2005 он хүртэл хамт сурч байсан. Талийгаач бол айлын ганц охин. Дээрээ нэг ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Талийгаач багаасаа аливаа зүйлд их идэвхитэй охин байсан. Тэрээр Этүгэн дээд сургуулийг сувилахуйн чиглэлээр төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн. Тэгээд тэнхимийн эрхлэгч хүртэл дэвшиж ажиллаж байсан юм. Талийгаач манай нөгөө ангийн хүүхэд болох Баасандоржтой гэр бүл болсон. Дундаасаа 2 хүүхэдтэй. Би гэр орноор нь орж гарч байгаагүй. Би өдөр бүхэн уулзаад байдаггүй юм. Хамгийн сүүлд сургуулийн ойн арга хэмжээн дээр уулзсан гэжээ.  /хх-н 60-61/

 Гэрч Б.Нямсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Ганчимэгийг багаас нь мэднэ. Учир нь бид 2 хамт Завхан аймагт 10 жилийн 4 дүгээр сургуульд бэлтгэлээсээ 10-н жилээ төгстлөө хамт нэг ангид сурч байсан. Тэгээд Этүгэн их сургуульд талийгаач 2005 онд элсэн орсон ба би 2006 онд элсэн орсон юм. Талийгаач уг сургуульд багшаар ажиллаж би үргэлжлүүлэн сурч байна. 2016 оны 11 дүгээр сарын 7-ний өдөр 15.00 цаг өнгөрч байхад тэнхмийх нь багшаас болсон асуудлын талаар мэдсэн гэжээ. /1-р хх-ийн 65-66/

Гэрч З.Эгэлханд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Талийгаач манай төрсөн дүү З.Баасандоржийн эхнэр юм. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны 07.10 цагийн үед дүү Баасандорж залгаад эхнэр Б.Ганчимэгийн бие сонин болчихлоо хурдан ирээрэй гэж сандрангуй сонин хоолойгоор хэлэхээр нь түргэн дуудсан юм уу гэхэд дуудсан гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийн урлан бүтээх төвөөс гэрт нь 7.25 цагийн үед иртэл түргэн ирчихсэн тариа хийгээд 2-3 удаа амьсгал хийгээд нэмэр болсонгүй нас барчихлаа гээд бичиг хийж өгөөд цагдаа дуудчихья гээд гарсан. Цагдаа ирэхгүй болохоор нь 102 луу 8.10 цагт ярьж дуудлага өгсөн. Хамгийн сүүлд манай ээжийн гэрийн гадаа таарсан. Би ээжийнхээс 18.00 цагийн үед гарч байхад гэр бүлээрээ ээжийх рүү орж байсан. Би 21.00 цагийн үед ээжийнд ирэхэд талийгаач нөхөр хүүхдийн хамт гэрлүүгээ харьсан байсан. Гадаа тааралдахад эрүүл саруул явж байсан гэжээ. /1-р хх-ийн 67/

 Гэрч Р.Санжмятав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Манай дээд талын айл болох 27 тоотод залуу гэр бүл амьдардаг юм. Эхнэр нь их боловсролтой, соёлтой байрын хүүхэн байдаг юм байлаа. Мэнд устай ааш сайтай хүүхэд байдаг байсан.  Нялх нярай хүүхэдтэй юм шиг байсан. Нөхөр нь өндөр томоотой бор залуу байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө уйлсан хайлсан чимээ гарсан гэсэн.  Би ч бас их нойртой учраас унтсан байсан. Дараа нь хүмүүсээс сонссон. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар мэдэх юм алга.  Ер нь чимээ шуугиан гарвал дуулддаг л юм. Одоо бол хүүхэд уйлах чимээ л гарах юм гэжээ.  /хх-н 68-69/

Гэрч Н.Шуурай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 11  дүгээр сарын 7-ны өдөр би гэртээ байгаагүй эмнэлэгт хэвтэж байсан юм. Намайг 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр эмнэлэгээс гарч ирэхэд ажил явдал нь болсон гээд хүмүүс орсон гарсан байдалтай байсан. Ер нь бол чимээ шуугиан гарвал сонсогддог юм. Манайх 26 тоот хажуу айл 27 тоот гэж  явдаг юм. 27 тоотод нэг машинтай залуу эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Нялх нярай хүүхэд уйлж байгаа сонсогддог юм. Залуу хүмүүс байж мэнд мэдээд өнгөрдөг юм. Түүнээс цааш мэдэхгүй. Өндөр биерхүү залуу байдаг юм. Эхнэрийг нь танихгүй. Ээж аав нь хааяа ирж харагддаг юм байлаа. Манайх коридор байсан хэсэгтээ битүүлж хаалга гаргасан тэгээд 27 тоотын хаалга онгойхоор манай хаалга давхар сонсогддог юм. Би тэр өдөр байгаагүй болохоор болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Ер нь намдуу чимээ дуулдаад байх нь гайгүй. Хааяа хүүхэд л уйлж байдаг юм. Үе үе чимээгүй болчихдог юм. Тэр үедээ байхгүй болчихдог юм. Залуу нь ганцаараа орж гараад байгаа харагддаг юм. Би уг байранд 3 жил амьдарч байна гэжээ.  /хх-н 70-71/

Гэрч М.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Гачуурт 10-аас 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өглөө 08.15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнүүн хотхоны 21 дүгээр байрны 27 тоотод хүн нас барсан байна гэсэн дуудлагыг хүлээн авч очиж шалгахад хаалга хаалттай цоожтой байсан. Хаалгыг цохиход 30-35 орчим насны эмэгтэй хүн хаалга онгойлгосон. Хаалгаар нь явж ороод үүдний коридороор явахад нилээн хэдэн хүн ирсэн байсан. Хүүхэд тэвэрсэн эмэгтэй болон 4-5 орчим хүмүүс ирсэн шахцалдаад зогсож байсан гэжээ. /1-р хх-ийн 74-75/

Гэрч Б.Батжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Баасандоржийг би багаас нь мэднэ. Эгч нартаа эрхэлсэн сонин ааш зантай голдуу Сега тоглоом тоглосон хүүхэд байдаг байсан. Би сүүлийн 5 жилийх нь асуудлыг ярья. Би анх төрсөн дүү Ганчимэгтэй маань найзлаад явж байна гэхэд дургүй л байсан. Дүүдээ ч хэлж байсан. БНСУ руу явж ажил хийж байгаа гэхлээр нь хүний газар очоод ажил хийж амьдрал мэддэг болсон байхдаа гэж бодоод өнгөрсөн юм. Баасандорж маш муу санаатай хүн байгаа юм. Ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн ч гэсэн өөр хэн нэгэн рүү буруугаа чихдэг залуу. Тэр болгоных нь хэрүүл маргааныг бид үл тоож байсан. Том хүү нь ааваасаа их айдаг байсан. Бид нар том хүүхдээс нь асуухад аавдаа их дургүй айж байна гээд байдаг байсан. Гэртээ байнга л РС тоглоом тоглоод байж байдаг хүн. Манайхнаас их хөндий байдаг байсан гэжээ. /1-р хх-ийн 78-79/

  Гэрч Г.Чимгээ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баасандоржийн ээж нь байгаа юм. Би болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 07.00 цаг өнгөрч байхад хүү Баасандорж утсаар яриад ээжээ хурдан ирээрэй, эхнэр ухаан алдчихлаа гэсэн. Тэгэхээр нь би охин Эгэлхандтай хамт Баасандоржийн гэр болох  Тэнүүн хотхонд очсон. Намайг очиход талийгаачийг газарт хэвтүүлсэн түргэний эмч ирчихсэн цээжин дээр нь массаж хийгээд байж байсан. Тэгээд эмч нь нэг тариа хийсэн. Тэгснээ одоо хэрэггүй зүрх нь зогссон байна гэсэн. Тэгэхээр нь би талийгаачийг тэврээд хөлнөөс нь барьсан.  Хөлнийх нь үзүүр хүйтэн байсан. Тэгээд бид нар уйлалдаад хажууд нь байж байсан. Би хүүгээ ийм хэрэг хийчихээд ээжийгээ дуудна гэж бодохгүй байна. Миний хүү халуун дулаан гэр бүлд өссөн.  Миний хүү эхнэртэйгээ маргалдаж байгаагүй. Бид элэгсэг дотно байцгаадаг. 2016 оны 11 дүгээр сарын 6-ний өдөр 17.00 цаг өнгөрч байхад Баасандорж над руу залгаад ээжээ сайхан хоол хийж бай бид 4 яваад очий гэсэн.  Хаана яваа юм бэ гэхэд тэмцээн дээр явж байна гэсэн.  Тэгээд удалгүй манайд 4-үүлээ ирсэн. Манайд 2 цаг орчим байж байгаад эхнэр нь яараад Номин орж хүүхдийнхээ хоол сүүг авий гээд гарцгаасан. Миний хүү 1987 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн.  Бага насаа эцэг эхийн гар дээр дүүргэсэн. Завхан аймгийн Улиастай сумын  4 дүгээр арван жилийн сургуульд суралцаж 10 дугаар ангийг төгссөн.  Баасандорж бол дөлгөөн даруухан ямар нэгэн зүйлд ултай суурьтай ханддаг. Би 2 хүү 4 охинтой юм. Талийгаач бол их даруу үг дуу цөөтэй хир баргийн хүнтэй үг хэл яриад байдаггүй юм. Би өөрөө олон охидуудтай учраас их дотно байсан. Баасандорж эхнэрээ өмөөрөөд намайг загнаж л байсан гэжээ. /хх-н 83-84/

Гэрч Ю.Болд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би талийгаач Ганчимэгийн аав Баярсайханы төрсөн дүү нь байгаа юм. Намайг бичиг үсэг сайтай юм байна гээд ламын хэлсэн болгоныг бич гэсэн учраас би бичсэн. Тухайн үед бид нар гадны нөлөөтэй нас барсан гэж мэдээгүй. Баасандорж лам ном уншиж байхад миний өмнө ирж суусан. Тэгэхэд хөл гар нь чичрээд сууж чадахгүй байсан ба би гайхаж л байсан гэжээ. /1-р хх-ийн 85/ /хх-н 85-

Гэрч Б.Батчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр нас барсан байна гэдгийг нь аав ээжээсээ дуулсан. Гэтэл гадны нөлөөтэйгээр нас барсан болж таарсан. Нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Ээж ах 2-той өмнө нь ярьж байгаад уйлсан гэсэн яасан гэж асуухад зүгээрээ би гэртээ 2 хүүхэдтэйгээ буцаж ирмээр байна гэсэн гэнэлээ гэжээ. /1-р хх-ийн 86/

Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-н 87/

Цогцост  хийсэн шүүх эмнэлэгийн Онош 2016 дүгнэлтэд:

1.Талийгаачийн цогцост хөвч ясны хугарал, жолоо булчингийн цус хуралт, залгиур болон бамбай мөгөөрс орчмын булчин, зүүн бамбай булчирхайн цус хуралт, уушгины гялтан доорхи ба зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, баруун нүдний доод зовхины цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3.Талийгаач ВIII бүлгийн цустай байна.

4.Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно.

5.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаач нь хүзүү гаднаас дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ.

7.Талийгаач 2016 оны 11 дүгээр сарын 07-ны 06 цаг 00 минутаас 08 цаг 00 минутын хооронд нас барсан байх боломжтой байна. /жижүүр эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр/

8.Талийгаачийн үтрээний арчдас шинжилгээгээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэжээ. /1-р хх-ийн 88-92/

2016 оны 11 дүгээр сарын 11-ний 9685 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн “А-2056 11/07 Б.Ганчимэг 29н/эм ш/э Чулуунбаатар, Оюун-Эрдэнэ, Т.Сэлэнгэ” гэж хаягласан цус, шээс, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн “А-2056 11/07 Б.Ганчимэг 29н/эм ш/э Чулуунбаатар, Оюун-Эрдэнэ, Т.Сэлэнгэ” гэж хаягласан шээсэнд масууруулах бодис илрээгүй.

Жич:Хорт бодис тодорхойлох шинжилгээнд ходоодны шингэн 50-100 мл ирүүлнэ үү гэжээ. /1-р хх-ийн 93/

2016 оны 11 дүгээр сарын 11-ний 9686 дугаартай, биологийн шинжилгээ, шинжээчийн  дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Ганчимэгийн гэх цус нь В/III/ харьяалалтай байна.

2.Б.Ганчимэгийн үтрээний гэх арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй гэжээ. /1-р хх-ийн 94/

2016 оны 11 дүгээр сарын 30-ны 10083 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн гадуураа шаргал өнгийн даавуутай дотор тал нь тод ногоон өнгийн цэцгэн хээтэй хөнжил дээр цус, эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэжээ. /1-р хх-ийн 97/

10535 тоот дүгнэлтэд:

1.Шинжилгээнд  ирүүлсэн хувцаснууд дээр үрийн шингэн илрээгүй

2.Ариун цэврийн хэрэгсэл үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ. /1-р хх-н 98/

Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-н 99/

Шүүх сэтгэц эмгэг судлалын1172 тоот дүгнэлтэд:

1.З.Баасандорж нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай байна.

2.З.Баасандорж нь сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.З.Баасандорж нь гэмт хэрэг үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна.

4.З.Баасандорж нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.Баасандорж нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна.

5.З.Баасандоржид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

6.З.Баасандорж нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хх-ийн 101/

Шүү эмнэлэгийн задлан шинжилгээний дүгнэлт, материалыг байцаан шийлэгх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-н 102-103/

Шинжээч Д.Чулуунбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Жолоо булчингийн цус хуралт нь гадны нөлөөллийн улмаас амьд ахуйд үүсгэгдсэн ер нь аливаа цус хуралт амьддаа үүсгэгдсэн гэмтэл байдаг. Ховч ясны хугарал нь гадны нөлөөлөл буй хүзүү гаднаас дарагдсаны улмаас үүсгэгдсэн гэмтэл юмаа. Ховч ясны хугарлын түвшин нь зүүн жолоо булчингийн цус хуралттай нэгэн түвшинд байгаа нь гадны ямар нэгэн үйлчлэлээр үүссэн гэдгийг  батлаж байна. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Амь насны заалтаар эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх тухайлбал зүрхэнд шууд бус массаж хийхэд хавирга хугарах хүндрэл гарч болдог. Тухайн талийгаачийн цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр тогтоогдсон ховч ясны хугарал гэмтэл нь яаралтай тусламж үйлчилгээний үед үүсэхгүй болно. Уушигны гэмтэл доорхи ба зүрхний гадаргуу дахь  цэгчилсэн цус харвалтууд нь,  толбонууд нь амьсгал бүтэлтийн үед үүсдэг шинж тэмдгүүд юмаа. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт  ир ирмэг бүхий  зүйл /хутга, гэх мэт иртэй зүйл/ орохгүй бөгөөд бусад хатуу болон зөөлөн эд материалууд орж болно. Зөөлөн материалд тухайлбал уяа, оосор, бүс, даавуу гэх мэт. Хатуу эд материалуудад мод, чулуу, хүний гар гэх мэт орж болно гэжээ. /хх-н 104-106/

     Сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжигчид хүлээлгэн өгөх тогтоол /хх-н 142-144/, Б.Ганчимэгийн нас барсаны гэрчилгээний хуулбар /хх-н 145/

Оршуулгын болон бусад зардлын талаарх баримтууд /хх-н 147-192/

Талийгаач Б.Ганчимэгийн гар утсанд үзлэг хийж Ю.Баярсайханд хүлээлгөн өгсөн байна /хх-н 193-204/

      Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах тогтоолд: 2016.11.08-ны өдрийн 01-.34-д          

          З.Баасандоржийг баривчилсан байна. Сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжууд /хх-н 107-116/

          З.Баасандоржийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл,яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-117-127/

          З.Баасандоржийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 129, 205/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 128/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 130-140/ зэрэг болно.

     З.Баасандорж нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнүүн хотхоны 21-27 тоотод эхнэр Б.Ганчимэгийг  санаатай алсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн …..

Талийгаач нь хүзүү гаднаас дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ. Талийгаач 2016 оны 11 дүгээр сарын 07-ны 06 цаг 00 минутаас 08 цаг 00 минутын хооронд нас барсан байх боломжтой байна. /жижүүр эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр/ гэсэн шинжээчийн дүгнэлт/ Шинжээч Д.Чулуунбаатарын  мөрдөн байцаалтад өгсөн … Жолоо булчингийн цус хуралт нь гадны нөлөөллийн улмаас амьд ахуйд үүсгэгдсэн ер нь аливаа цус хуралт амьддаа үүсгэгдсэн гэмтэл байдаг. Ховч ясны хугарал нь гадны нөлөөлөл буй хүзүү гаднаас дарагдсаны улмаас үүсгэгдсэн гэмтэл юмаа. Ховч ясны хугарлын түвшин нь зүүн жолоо булчингийн цус хуралттай нэгэн түвшинд байгаа нь гадны ямар нэгэн үйлчлэлээр үүссэн гэдгийг  батлаж байна. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой Тухайн талийгаачийн цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр тогтоогдсон ховч ясны хугарал гэмтэл нь яаралтай тусламж үйлчилгээний үед үүсэхгүй болно. Уушигны гэмтэл доорхи ба зүрхний гадаргуу дахь  цэгчилсэн цус харвалтууд нь,  толбонууд нь амьсгал бүтэлтийн үед үүсдэг шинж тэмдгүүд юмаа. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.. Зөөлөн материалд тухайлбал уяа, оосор, бүс, даавуу гэх мэт. Хатуу эд материалуудад мод, чулуу, хүний гар гэх мэт орж болно гэсэн мэдүүлэг  /хх-н 104-106/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оюун-Эрдэнийн өгсөн … хүрээд ир Ганаа сонин болчихлоо гэхээр нь юу гэнээ яасан гэнээ гээд л шууд дохиогоо өгч эргээд маш хурдан яваад очиход Баасандорж  миний охиныг тэвэрчихсэн орон дээрээ сууж байхаар нь ингэж тэвэрч болохгүй гээд хойшоо орон дээр хэвтүүлэн цээжин дээр нь 2-3 удаа дараад хиймэл амьсгаа хийх гэтэл гар хөл нь цул мөс болж ам нь хүйтэн болчихсон ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь яанаа энэ чинь нас барчихсан байна ш дээ түргэн чинь яааваа гэхэд Баасандорж гарч түргэний эмчийг дагуулж орж ирсэн. Эмч орж ирээд орон дээр нь чагнаж үзээд болохоо байчихсан байна юу ч байсан газар хэвтүүлээдхи гэхээр нь ээдээ миний хүү бүх арга хэмжээгээ аваарай гэхэд зүрхэнд нь тариа хийсэн, дараа нь нүдийг нь гэрэл тусгаж харчихаад өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

З.Баасандорж нь хоёр хүүхэд, эхнэрийн хамт 2016.11.06-ны орой 21.00 цагийн орчимд гэр лүүгээ орсон, үүнээс хойш гэрээсээ гараагүй, гэрийнх нь хаалга, үүд эвдрээгүй, шөнө хэн нэгэн тэднийд ирээгүй бөгөөд  өглөө сэрэхэд эхнэр нас барсан байсан гэж мэдүүлж байгаа боловч, энэ гэрт насанд хүрсэн З.Баасандорж, Б.Ганчимэг, 3 сартай, 5 настай хоёр хүүхэд байсан байна

З.Баасандоржийн үйлдлийн улмаас  болж Б.Ганчимэг нас барсан байна гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

З.Баасандоржийг Б.Ганчимэгийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг  санаатай алах  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

З.Баасандоржийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91дүгээр зүйлийн  91.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнг харгалзан үзэв.

Оршуулгын зардалд 5.960.077 төгрөгөөс 2.325.500 төгрөг өгсөнийг хасаж үлдэх 3.634.577 төгрөгийг З.Баасандоржоос гаргуурж төлүүлэх, цалин, хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой зардал нь нотлох баримтаар нотлогдож ирээгүй, мөн хүүхдийн асран хамгаалагчийн асуудал шийдэгдээгүй байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Монгол Даатгал ХХК-ны нэхэмжилсэн 12.409.000 төгрөгийг З.Баасандоржоос гаргуулан төлүүлэх үндэслэлтэй байна. Тус даатгалын компани нь  ХААН банкны орон сууцны зээлдэгч Б.Ганчимэг нь гадны нөлөөгөөр нас барсан тул Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкинд төлсөн тул З.Баасандоржоос уг төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гарсанг хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнжил нэг ширхэг, майк нэг ширхэг, түрсик нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, СӨХ-н хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг  СД-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн, 246 дугаар зүйлийн 246.1.,283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сартуул  овогт Зандраагийн Баасандоржийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91дүгээр зүйлийн  91.1 дэх хэсэгт зааснаар З.Баасандоржийг 12 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснааар З.Баасандоржид оногдуулсан хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар З.Баасандоржийн цагдан хоригдсон 138 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөнжил нэг ширхэг, майк нэг ширхэг, түрсик нэг ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, СӨХ-н хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар З.Баасандоржоос 3.634.577 төгрөгийг гаргуулж Л.Оюун-Эрдэнэд, 12.409.000 төгрөгийг гаргуулж Монгол Даатгал ХХК-д тус тус олгох, бусад зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд

З.Баасандоржид цагдан хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

9.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Баасандоржид   цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН

  

                 ШҮҮГЧИД                                    Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                      Д.МӨНХТУЯА