| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00359/И |
| Дугаар | 154/ШШ2021/00001 |
| Огноо | 2020-12-28 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2021/00001
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1967 оны 03 сарын 18-нд төрсөн, 53 настай, эмэгтэй, Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, /РД: / Т овогт И ийн М агийн нэхэмжлэлтэй,
Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлэн цагаатгагдсан эцэг Н.И ийн нөхөх олговорт 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хяналтын прокурор Б.Оюунцэцэг, нэхэмжлэгч И.М аг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.М аг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний эцэг Нашилийн И нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдаж, 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор, шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг Улсын дээд шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар магадлалаар цагаатгасан юм. Бид цагаатгалынх нь үнэмлэхийг олж авч чадаагүй. Харин Улсын Дээд шүүхийн Магадлалыг олж авсан. Нашилийн И нь миний төрсөн эцэг мөн. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох заалтын дагуу нөхөх олговорын нэхэмжлэлийнхээ материалыг цагаатгалын байгууллагад явуулсан юм. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт Зууны мэдээ сонинд нийтлэгдэн гарсан юм. Миний эцэг Н.Имаш 1910 онд төрсөн. Миний ээж А.Забихай гэдэг хүн байсан. Миний эцэг 1974 онд намайг 7 настай байхад нас барсан. Ээж А.Забихай 1991 онд Казакстан улс руу шилжиж яваад 2004 онд тэндээ нас барсан. Төрсөн ах дүү нараас би ганцаараа Монгол улсад амьдардаг. Бид эцэг эхээс 12 уулаа төрсөн. Бигайча, Хонасхан, Балсхан, Ордхан, Нурбайча нар нас барсан. Бусад нь казакстан улсад амьдарч байна. Монгол улсад би ганцаараа амьдардаг юм. Намайг эцэг И ийн нөхөн олговорын мөнгийг авахад татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолтыг Казакстан улсад амьдарч байгаа ах дүү нар маань ирүүлсэн. Тэр материалыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа.
Иймд И.М аг надад нөхөх олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг олгох шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нашилийн И ийн төрсөн охин болох И ийн М агт нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцож байна. Нашилийн И 1938 онд улс төрийн хэрэгт баривчлагдсан байна. 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор, шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийдэгдэж хорих ял оногдуулсаныг 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаартай магадлалаар цагаатгах шийдвэр гарсан байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохиролыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр төлнө гэж заасан байдаг. Мөн дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан үндэслэлээр 40,000,000 сая төгрөгийн нөхөх олговрыг Н.И ийн төрсөн охин И ийн М агт гаргуулж олгох нь зүйтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.М аг нь тус шүүхэд цагаатгалын нөхөх олговорт 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэлмэгдэгч Нашилийн И улс төрийн хэрэгт холбогдон 1938 онд баривчлагдан мөрдөгдөж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор Шүүх цаазын бичгийн 42,43,47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэн 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн магадлалаар цагаатгагдсан болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаартай магадлалын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/148 дугаартай архивын лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар И.М аг нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь Үндэсний төв архивын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03-10/3547 дугаартай Хүн ам орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 61 дүгээр хуудсанд: Сэлэнгэ аймгийн Сант сумын оршин суугч өрхийн тэргүүн Арманий Завхай 72 настай, эмэгтэй, охин И.Кумисай 23 настай, охин И.М аг 21 настай, хүү И.Эсенхалди 0 настай гэж бүртгэгдсэн байна гэх лавлагаа, нэхэмжлэгчийн регистрийн дугаар бүхий Т овогт И ийн М аг гэх цахим үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 126/005990 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ...эцгийн нэр Нашин И , эхийн нэр Армин Завхай нарын гэр бүлд 1967 оны 03 дугаар сарын 18-нд төрүүлсэн И ийн М агийг 1967 оны 04 дүгээр сарын 11-нд Ховд Булган сумын 96 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэж тэмдэглэгдсэн, Нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт нийтлэсэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №205 дугаартай Зууны мэдээ сонин зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгоно гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын төсвөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан Т овогт И ийн М агт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар энэ нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх нэхэмжлэл байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч И.М агт буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар улсын төсвөөс 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулан регистрийн дугаар бүхий Т овогт И ийн М агт олгосгуай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч И.М агт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.