| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2023/0141/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/72 |
| Огноо | 2024-04-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/72
2024 4 17 2024/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, Ерөнхий шүүгч Б.Гансүх, шүүгч Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Иргэдийн төлөөлөгч: Ө.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,
Шүүгдэгч: Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б Лд холбогдох эрүүгийн 2235002020006 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Бийн Л, 1976 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******************д төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******************т оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар: ************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ******************ийн нутагт амь хохирогч Л.Зыг хүзүү, нурууны хэсгээр нь тэвэрч орон дээр тавьж, дээрээс нь дарснаас болж амь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлийн улмаас хохирогчийн 4 мөч саажиж, хэвтэрт орсноор холголтын шарх үүсч, хэсэг газрын нянгийн халдвар, 2 талын уушгины хатгалгаа, үхжилээр хүндэрч олон эрхтний дутагдлаар хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2235002020006 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч А.Анхбаяраас: Яллах дүгнэгт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лаас: “1 дэх хавтаст хэргийн 245, 248, 250 дугаар тал, 2 дахь хавтаст хэргийн 04-07 дугаар тал, 3 дахь хавтаст хэргийн 20, 132-133 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй тул шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно, шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохиролгүй, гомдолгүй болохоо илэрхийлсэн 2 хуудас баримт шинээр гаргаж өгнө” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Л “өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа” гэж мэдүүлжээ.
1. Шүүгдэгч Б.Лг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ******************ийн нутагт байх амь хохирогч Л.Зыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ амарч байхад нь ирсэн байх бөгөөд улмаар шүүгдэгч Б.Л нь амь хохирогчийн эхнэр Н.Отой тэврэлдэн үнсэлцэж байхыг Л.З нь харж эхнэр Н.Оыг Б.Лтэй хардаж, агсам тавьж, хүүхдийн цүнх авч эхнэр рүүгээ шидэх зэрэг үйлдлийг нь зогсоох зорилгоор амь хохирогчийн хүзүү нугас хэсгээр нь тэвэрч, орон дээр нь дарж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан. Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн 4 мөч саажиж, хэвтэрт орсноор холголтын шарх үүсч, хэсэг газрын нянгийн халдвар, 2 талын уушгины хатгалгаа, үхжилээр хүндэрч олон эрхтний дутагдлаар хохирогч нас барсан болох нь:
-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-11 дүгээр тал),
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 12-14 дүгээр тал),
-DVD-д үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
-амь хохирогч Л.Зын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 19-55 дугаар тал),
-амь хохирогч Л.Зын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 58-76, 78-97 дугаар тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оы “...2022 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө 06:00 цагт манайхан боссон бөгөөд миний нөхөр З 08:00 цагийн үед хонио аваад явсан. Харин тухайн үед би гэртээ ганцаараа байсан, бага охин Д, бага хүү З.Л нар С сумын төвд сургуулийн дотуур байранд байрлаж тэндээсээ хичээлдээ явж байсан юм. Тэр өглөө нөхөр бид хоёр босоод нөхөр маань хониндоо явсан, би гэртээ үлдээд үхрээ саачхаад 08:00 цаг өнгөрөөд би өөрийн бэр Б буюу Дгийн хамт тэдний суудлын машинтай С сумын төв рүү хүүхдээ авахаар явсан. Тэр өдөр тав дахь өдөр байсан учраас хүүхдүүдээ сургуулиас нь авахаар явсан. ...Бид хоёр сумын төв ороод хүүхдүүдийн хичээл тарахыг хүлээгээд хичээл нь тарахаар нь хүүхдүүдээ сумын төвд хоолонд оруулчхаад буцаад хоёр хүүхдээ аваад сумын төвөөс гэр лүүгээ явсан ба буцаж 16:00 цаг өнгөрч байх үед гэрт ирсэн. Д бид хоёр сумын төв ороод ирэх үед манай нөхөр З гэрийн ард бог малаа авч ирчхээд морьтойгоо манай урд талын айл болох Гэрлээгийн гэр лүү явчихсан. Тэгэхээр нь би бэр Д, хүү Лгийн хамт мотоциклоор явуулсан. Тэгээд удалгүй манай нөхрийн морийг хүү Л хөтөлж ирсэн, харин бэр Д мотоциклоо унаад миний нөхөр Зыг гэрт авч ирсэн. Тухайн үед нөхөр маань архи уучихсан согтуу байсан гэхдээ ухаан санаа нь хэвийн байсан нэг их тасартлаа уугаагүй байсан. Тэр үед нөхөр маань “хонио маллаж яваад адуугаа хайгаад манай нутгийн Мгийн гэрт очсон, тэднийх тогоон дээрээ шимийн архи нэрж байсан. М архи уучихсан согтуу байгаад намайг архиар шахаад гаргадаггүй, тэгээд тэднийд архи уусан” гэж хэлсэн. Тэгээд манай бэр бид хоёр Зын дээлийг нь тайлаад цамц, өмд гутал зэрэг хувцастай нь хамт гэрийн голын пүршгүй том диван орон дээр хэвтүүлчхээд манай бэр гэр лүүгээ харьчихсан. Харин манай хүү Л тугал, бяруугаа уях гээд гараад явчихсан байсан. Тэгээд би гэр дотор охин Дтэй хамт, нөхөр маань голын орон дээр унтаагүй сэрүүн хэвтэж байсан. Тэгээд би гал дээр тогоогоо тавиад ус хийгээд яс чанаад байж байтал гаднаас манай сумын Л гэх залуу халамцуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, мотоциклтой ганцаараа манай гэрт орж ирсэн. Л гэрт орж ирээд надад “энэ хүн хэзээ явах вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би Лд “маргааш, нөгөөдрөөс явна, хэд хоногтоо дахиж ирэхгүй байх” гэж хэлэхэд Л надад “явсны дараа хоёулаа уулзъя, би өдрийн цагаар нэг хүрээд ирье” гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр голын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд би нөхрийгөө унтаж байна гэж бодож байсан. Тэр үед манай бага охин Д хичээлээ хийгээд Б.Л бид хоёрын яриаг нэг их анзаараагүй байх. Тухайн үед би Б.Лг ирэх үед гэрийнхээ зүүн талд галын хөвөөнд хоол хийгээд сууж байсан, харин Л гэрийн баруун талын баганын хажууд сууж байсан, нөхөр маань голын орон дээр унтаж байх шиг байсан, Д гэрийн зүүн хойморт хичээлээ хийж байсан. Б.Л надад “хоёулаа нэг тэврэлдээд авъя” гэж хэлэхээр би галын хөвөөнөөс босоод гэрийн баруун талын баганын хажууд сууж байсан Б.Л дээр очиход босоод ирсэн. Тэгээд бид хоёр гэрийн баруун талын баганын хажууд зогсоогоороо тэврэлдээд үнсэлцэж байтал миний нөхөр голын орон дээр хажуу тийш хараад хэвтчихсэн Л бид хоёрыг хараад хэвтэж байсан. Тэгээд би нөхрөө харчхаад галын ам руу буцаад гүйсэн. Тэгэхэд миний нөхөр Л.З босож ирээд Б.Лд хандаж “чи хүн элэг барьж доромжилж байдаг юу юм” гээд уурласан, мөн над руу хүүхдийн хичээлийн цүнх авч шидчихээд галын дээд талд завилж суугаад “доромжлоод байгаарай” гээд над руу уурлаад босож ирээд гал дээр буцалж байсан тогооны тагийг цохиход хальт цохиод баруун талынхаа гарын тохойг буцалж байсан тогоотой шөл рүү хийсэн. Тэгээд би цамцыг нь тайлахад нөхрийн маань баруун талын тохой устчихсан байсан. Тэгээд цамцыг нь тайлаад галын хөвөөнд суухаар нь би Лд хандаж “босгоод орон дээр хэвтүүлчих” гэж хэлэхэд Л босож ирээд Зыг суганаас нь дээш татаж босгоход манай нөхөр З уурлаад “аятайхан байгаарай, битгий ийм муухай ааш гаргаарай, тийм юм байж болохгүй шүү” гэж хэлэхэд Л нь Зд “тийм юм байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Б.Л нь Зыг галын дээд талд сууж байхад нь тэвэрч босгоод цээжээр нь өргөөд голын орон дээр аваачиж хэвтүүлсэн. Тэр үед манай нөхөр Л.З Б.Лд уурлаад байсан бөгөөд Б.Л нь Л.Зыг голын орон дээр аваачиж хэвтүүлчхээд цээж хэсгээр нь дараад байсан бөгөөд Б.Л нь Зыг 5-6 минут орчим цээжээр нь дараад босгохгүй байсан. Тухайн үед Л нь уурлаад Л.Зын дээрээс босохгүй цээжээр нь дараад байсан. Тэр үед миний нөхөр Л.З нь хоёр хөлөө тийрчээд Б.Лд хандаж “намайг босгочих” гэж хэлээд байсан. Тэгэхэд Б.Л түүнийг дарж авчхаад босгохгүй байсан. Тэгэхэд Л.З нь “нуруугаар халуун гүйгээд нугас тасарчихлаа, миний гар хөл амьгүй боллоо, одоо би ингээд үхэх юм байваа, би өөрийгөө мэдэж байна” гэж хэлээд орилсон. Тэгэхэд Б.Л миний нөхрийг дарж байгаад больчихсон. Тэгээд нөхөр маань над руу хараад “миний хөл гар амьгүй болчихлоо” гээд орилсон. Тэр үед би Дгөөр бэр Дг дуудаад ир гэж хэлээд явуулсан. Тэгчхээд би нөхрийнхөө гар хөлийг нь барьж үзэхэд гар хөл нь амьгүй, хөдлөхгүй байсан ба нөхөр маань гар хөлийг нь базахад мэдрэхгүй байна гэж хэлж байсан. Тэгж байтал удалгүй манай бэр Д гэрт орж ирээд манай нөхрийн гар хөлийг нь барьсан, харин тэр үед Б.Л сумын эмчийг дуудаж ирнэ гээд явсан бөгөөд 1 цаг орчмын дараа манай гэрт сумын их эмч айлд дуудлагаар ирсэн байхад нь очиж авч ирсэн. Тэр зуурт манай бэр Д нь манай хүүхдүүдийг утсаар дуудсан. Тэр үед Д юу болсон талаар асуухаар нь би Дд Б.Л аавыг чинь орон дээр аваачиж тавиад дарж байгаад гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай сумын эмч ирж нөхрийг маань үзээд халбагаар хөл гарыг нь цохиж үзээд “мэдрэлгүй байна, өглөө аймаг руу авч явна” гэж хэлчхээд явсан. Эмч явсны дараа аймгаас манай хүү З.Г ирсэн ба замаараа манай хүү Сын хамт ирсэн. Тэгээд хүүхдүүд ирээд ааваасаа буюу Заас юу болсон бэ гэж асууж байхад манай нөхөр З нь хүү Г, С нарт “аавынх нь нугасыг тасалчихлаа, Б.Л намайг дараад нугас тасалчихлаа” гэж хэлсэн. Тэр үед Л манайд байсан бөгөөд манай хүүхдүүд Б.Лгээс болсон явдлын талаар асуугаад байсан. ...Тухайн үед манай нөхрийн хүзүүний нугас гэмтэж тасарсан бөгөөд эмчлэх боломжгүй, нугас няцарсан гэж хэлсэн. Ингээд бид нар Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад буцаж Увс аймагт ирээд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой нөхөр маань гэмтлийнхээ улмаас нас барсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107-109 дүгээр тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Гийн гэрчээр өгсөн “...Манай аав Лгийн З нь ******************ийн нутагт эхнэр Н.О, хүү З.Л /13 настай, эрэгтэй/, охин З.Д /7 настай, эмэгтэй/ нарын хамтаар мал маллаж амьдардаг. Одоо тэднийх С сумын 3 дугаар багийн нутаг “Х Б” гэх газарт байдаг юм. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 19 цаг 40 минутын үед миний ******** дугаар луу манай бэргэн эгч Д утсаар залгаж “аавын бие муу байна, чи ирсэн нь дээр байх аа” гэж хэлсэн. Тухайн үед би Улаангом сумын төвд гэртээ байсан бөгөөд би Дтай утсаар ярьчхаад өөрийн машиныг авга ах Л.Баас 22:00 цагийн үед очиж аваад, хүргэн ах Дгийн охид болох У, Ш нарыг аваад Улаангом сумаас С сумын 3-р багт байх Х Б гэх газар луу явсан. ...манай ээж О, бэр эгч Д, аав З нар гэрт байсан ба манай бэр эгч Д надад “аав өдөр морь хайхаар яваад Мгийн гэрт архи шахуулж уучхаад Өын гэрт ирээд унтаж байтал Б.Л ирээд аавтай ноцолдоод, аавын хүзүүг нугасалж дараад гэмтээчихлээ” гэж хэлсэн бөгөөд тухайн үед манай аав Л.Зыг гэрийн голын орон дээр дэр тавиад хөнжлөөр хучаад хэвтүүлсэн байсан. Би аав дээр очиход аавын ухаан санаа эрүүл, хүзүүнээс доошоо мэдээгүй, гар нь мөр хэсгээрээ бага зэрэг хөдөлсөн бусад биед нь ямар нэгэн мэдээ байхгүй, гэдсийг нь хүртэл чимхэж үзэхэд ямар нэгэн мэдээгүй байсан. Мөн аавын баруун гарын тохой нь Лтэй маргалдаж байхад тогоотой шөл рүү ороод түлэгдчихсэн байсан ба тохойны арьс нь түлэгдээд устчихсан байсан. Тэрийгээ огт мэдрэхгүй байсан ба тухайн үед хүзүүний ар хэсгээрээ жаахан хавантай, бусад хэсгээр нүүр, биед ил харагдах ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Тухайн үед аав маань надад “Б.Л гэдэг гайтай юм ирээд, намайг эвгүй тэвэрчихлээ, нугас тасрах шиг болсон, тэрнээс хойш ийм юм боллоо, аавынхаа гарыг бариад өгөөд гар бадайраад байна” гэж хэлсэн. ...Тэр үед би аавын гар, хөлийг нь барихад бүх бие нь халуун байсан, тэгээд 5-10 орчим минутын дараа аавыг гэмтээсэн гэх Б.Л ах мотоциклтой ганцаараа ирсэн бөгөөд тухайн үед архи нь гарчихсан бололтой байсан. Б.Л орж ирээд “З ахын бие гайгүй юу, эмч ирсэн үү” гэж хэлээд Б.Л нь С сумын эрүүл мэндийн төвийн эмч рүү яриад “энэ хүнийг маргааш яах вэ, аймгийн эмнэлэг рүү авч явах ёстой юу, чи хамт явах ёстой юу” гэхэд С сумын эмч нь “би заавал явах ёстой маргааш өглөө хамт явъя” гэж ярьж тохирсон. Тэр үед би Б.Лгээс “та яагаад аавын хүзүүг дарсан юм, яаж дарсан юм бэ” гэхэд Б.Л надад “би Л.З ахыг голын орон дээр унтуулах гээд тавихад З ах тийрээд байхаар нь би баруун гараа мөр далны араар нь оруулаад, зүүн гараараа цээжээр нь чанга тэврээд хэсэг барьсны дараа Л.З ах гол тасарлаа гэж орилсон, тэрнийх нь дараа би гараа тавьсан, өөр ямар нэгэн юм болоогүй, ийм л юм болсон” гэж хэлээд гараараа үйлдлээ хийж үзүүлсэн. ...Бид нар яаралтай гэсэн учраас 9 дүгээр сарын 22-ны өглөө 09:00 цагт гэмтэл согог судлалын үндэсний төвийн эсрэг талд байх “Медтравма” гэх хувийн эмнэлэгт аавыг хүзүүний нарийн имерайд оруулаад сидиг нь аваад /хариуг/ Мөнх-Очир эмчид үзүүлэхэд эмч бид нарт “танай хүний хүзүүний нугас СЗ-С7 хүртэл няцрал, хугаралтай, няцрал нь 10 см, амь насны өндөр эрсдэлтэй, энэ хүн хэзээ ч хөл дээрээ босохгүй энэ гэмтлийг аль ч улс оронд эмчлэх боломжгүй, энэ нугасны гэмтлийг эмчлэх боломжгүй, энэ хүний хүзүүний нугас гэмтсэнээс болоод бүх эд эрхтнүүдийн үйл ажиллагаа нь саатсан байгаа, тийм учраас бид мэс заслын хагалгааны заалт байхгүй, хүний бие маш муу байгаа шүү, юу ч гэсэн манай эмнэлэг дээр шимэгдүүлэх эмчилгээ хийж өгнө, манай талаас шаардлагатай бүх эмчилгээг хийнэ” гэж хэлээд эмчилгээг хийлгэж эхэлсэн. Эмнэлэгт хэвтээд эхний 7-8 хоногийн дараа өндөр халуураад халуун нь огт буугаагүй бөгөөд цээжинд нь цэр хуралдаж хахуулж эхэлсэн, тэрийг нь эмч үзээд хүчилтөрөгчтэй өрөө рүү шилжүүлсэн, тэгээд маш зовуурьтай дахин 7 хоног ханиалгаж хэвтээд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө аавыг орон дээр нь байрлалыг нь сольж эргүүлж хэвтүүлснээс 10 минутын дараа аав хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан алдсан, тэгээд шууд аавыг сэхээний тасагт шилжүүлж хэвтүүлсэн бөгөөд сэхээнд ороод 2 хоногийн дараа ухаан орсон тэр үед эмч Бямбаренчин энэ хүний зүрх 8 минутын дараа ажиллаж эхэлсэн, амьсгал нь зогссон, ухаан санаа нь 2 хоногийн дараа нүдээ нээсэн, тэгээд энэ хүн дахиж сэхээнээс гараад тасаг руу ороход дахин зүрх нь зогсох эрсдэлтэй тийм учраас мөгөөрсөн хоолойд нь гуурс тавина гэж хэлээд гуурсыг нь тавьсан. Тухайн үед сэхээний эмч бидэнд “танай хүний тавилан тодорхой, цаг хугацааны асуудал, юу ч болж байж магадгүй, нутгийнх нь барааг гайгүй байсан дээр нь харуулсан дээр байх” гэж зөвлөсөн. ...Тухайн өдөр Б.Л нь архи уучихсан согтуу байхдаа аавын хүзүүг нугасалж дарж гэмтээсэн байсан, манай аав ч гэсэн тухайн үед согтуу байсан байна лээ. Тэр хоёр хоорондоо зодолдсон эсэхийг нь бол мэдэхгүй байна. Миний хувьд бол өөрийн аав Л.Зыг хүзүүний нугасандаа гэмтэл авч нас барсан явдалд маш их гомдолтой байна. Манай аав Л.Зын биед гэмтэл учруулж амь насыг нь хохироосон Б.Лд хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэх мэдүүлэг, (1 дэх хавтаст хэргийн 114-115, 117, 119-121 дүгээр тал),
-Гэрч Ш.Дгийн “...Тухайн өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагийн орчимд манайд нутгийн Б.Л ганцаараа мотоциклтой ирээд орж ирсэн, тухайн үед Л согтуу байсан бөгөөд намайг цай чанаж байх зуурт гэрээс гарахаар нь би цай уугаад гар гэхэд юм хэлэхгүй аавын гэр лүү орно гэхээр нь би Б.Лд аав согтуу байдаг, хүн үзэхээрээ агсамнаад байдаг, битгий ороорой гэж хэлэхэд Б.Л ах Л.З ах бид хоёр сайхан ярилцдаг, огт хэрэлдэж үзээгүй гэж хэлчхээд манайхаас гараад явсан. Би чанаж байсан цайгаа гаргаад байж байтал манай хадам дүү З.Д манайд орж ирээд аавын гар түлэгдчихлээ, ээж таныг дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад тэдний гэрт ороход манай хадам аав Л.З гэрийнхээ голын орон дээр хэвтэж байсан ба хадам аав З нь “хүзүү, нуруу гэмтчихлээ, нугас тасарчих шиг боллоо” гэж хэлсэн. Тухайн үед хадам аав маань надаас “миний хөл гар мэдээ алдчихлаа бариад өг” гэж хэлэхээр нь би хадам аавын хөлийг нь базаж барихад мэдрэгдэхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 129-132 дугаар тал),
-Гэрч Л.Өын “...2022 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө над руу манай эгч Дуламжав 10:00 цагийн үед яриад “Л.З ах бэртчихсэн гэнэ, наашаа ирж яваа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очоод хүлээж байтал тэд нар ирсэн. Тэгээд би Л.З ахаас юу болов оо гэж асуухад “би адуугаа хайгаад Мгийнд ороход тэднийх айраг нэрчихсэн байсан М согтуу байсан би тэднийд архи уусан тэгээд намайг согтуу гэртээ ирээд унтаж байтал Л орж ирээд сэрсэн. Намайг хамгаалах гээд орон дээр намайг шахаж өргөөд хэвтүүлэхдээ миний толгой, цээж хүзүүний хэсгээр дарчихсан, тэгээд миний нуруу сонин болоод нугас тасарчихлаа гэж орилсон тэгээд намайг дарахаа болиод боссон, тэр үед цээжнээс доошоо бие амьгүй болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134-135 дугаар тал),
-Насанд хүрээгүй гэрч З.Дгийн “...Тэр өдөр би гэртээ ээж, аав хоёртой хамт байсан, аав орон дээр хэвтэж байсан, харин ээж гал дээр шөлтэй хоол хийж, чанасан ясаа гаргаад шөлөө буцалгаж байсан. Тэр өдөр аав согтуу орон дээр хэвтэж байсан, тэгж байтал манайд Б.Л ах ганцаараа орж ирсэн. Л ах гэрт орж ирээд баганын хажууд суугаад ээжтэй юм ярьж байсан /Л танай ээжтэй юу гэж ярьж байсан бэ гэхэд мэдэхгүй гэв/ би тэгж байхад хичээлээ хийгээд сууж байсан. Тэгээд аав орноос босож ирсэн, орилж хашгираагүй, чанга дуугаар юм хэлээгүй, тэгээд аав босож ирээд газарт байсан миний цүнхийг аваад шидсэн /танай аав яагаад цүнх авч шидсэн бэ, хаашаа шидсэн бэ гэхэд мэдэхгүй гэв/. Тэгээд аавын гар тогоо руу орчихсон /яагаад танай аавын гар тогоо руу орсон бэ гэхэд мэдэхгүй гэж хэлж байв/, тэгээд аавыг босоод зогсчихсон байж байтал Б.Л аавыг голын орон дээр дарж унагаад аавыг орон дээр дараад байсан, харин аав хөлөө тийрээд боль, намайг босго гэж хэлсэн чинь Б.Л ах болихгүй, аавыг босгохгүй байсан. Тэгж байтал манай аав “миний нуруу тасарчихлаа, одоо би үхэх юм байваа” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Л ах аавыг дарахаа больсон, тэгээд ээж намайг “Б эгчийгээ дуудаад ир” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Б эгчийн гэр лүү орж Б эгчид “аавын нуруу тасарчихлаа, одоо би үхэх юм байваа” гэж хэлээд байна, ээж таныг дуудаж байна гэж хэлсэн. Б эгч бид хоёр тэднийхээс гараад манай гэрт орсон бөгөөд аав орон дээрээ хөдлөхгүй хэвтэж байсан. ...Манай аав Б.Л ахыг цохиогүй, бас ээжийг цохиогүй. Харин Б.Л ах манай аавыг орон дээр дараад байсан. Тэр өдөр аав гал дээр байсан тогоотой шөлийг өргөөгүй, бариагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 151-152 дугаар тал),
-Гэрч Б.Бгийн “...Би Лгийн Зын цогцост эмгэг судлалын шинжилгээг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт морогт туслах ажилтан Ц.Ганхуяг болон гэмтлийн эмч Г.Энхжаргал, Г.Батгэрэл эмч нарын хамт эмгэг судлалын шинжилгээ хийсэн. Л.Зын цогцсын гадна үзлэгээр 50 орчим насны, өндөр, туранхай буурал суусан үстэй, гар хөлд нь тариа хийсэн оромтой, аньсага нээлттэй, туранхай, үзэгдэх үүдэн шүднүүд бүрэн, арьс цэвэр зэвхий саарал өнгөтэй, цагаан мөгөөрсөн хоолой трахеостомия /цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, амьсгалуулах/ тавигдсан эрэгтэй хүний цогцост үзлэг хийсэн. Үзлэгээр Ахар сүүл ууцны хэсэгт 9*8 см үхжиж харласан холгогдсон шархтай, баруун талын тохойнд 17*12 см хэмжээтэй түлэгдсэн сорвитой. 2 см цус шүүрч тав тогтсон шархтай Баруун зүүн өсгийнд 5*4 см ижил хэмжээтэй холгогдсон шархтай. Орчны эд үхжиж харласан Баруун хөлийн тавхайн дээд хэсэгт 1,5*2 см хэмжээтэй эдгэж байгаа шархтай байсан. Тухайн цогцсын баруун уушги 966 гр зүүн 496 гр хүнд чилдгэр тогтоцтой. Хүрэн улаан цайвар ягаан алагласан өнгөтэй. Зүслэгт гуурсан хоолойнууд сөрдийсөн. Их хэмжээний хавангийн шингэн урсан гарсан. Хаван ихтэй байсан ба уушги хавагнасан байсан. Уг уушги нь хавагнасан, их хэмжээний үрэвсэлтэй учир амьсгалын дутагдалтай нь геслогоор батлагдсан. Нурууны ТН10 нугалмын эргэн тойронд эдэд цус хуралттай уг цус хуралт цогцсын гадна арьсанд ил харагдахгүй боловч эмгэг судлалын шинжилгээгээр цус хуралттай байсан, багана нурууг дотор талаас нь шалгахад ТМ0 нугалмын дотор талд сэртэнгийн сэлтэрсэн хугаралтай, орчны эдэд цус хурсан. Хүзүүний шилэн хонхроос ахар сүүл хүртэл гадна арьсанд илэрхий хөхрөлт улайлт өөрчлөлтгүй, нээж үзэхэд Хүзүүний СЗ нугалмын түвшинд эдэд цус хурсан уг цус хурсан, нугас С5-ТН2 түвшинд няцарч орчны эдэд зэвэрхэг бор шаргал хемоседрин үүссэн. Эдийн бүтэц алдагдаж зөөлөрч тараг мэт болсон байсан. Талийгаач Л.Зын үхлийн шалтгаан нь хүзүүний СЗ-ТН2 нугалмын түвшинд нугас няцарч 4 мөчний тетрапарезтэй /4 мөчний саа, саажилттай/ хэвтрийн холголт цооролтой хэсэг буюу талийгаачийн 2 талын өсгий, ахар сүүл хонцогийн үхжилт цооролтой шархнуудаас хэсэг газрын нянгын халдвараар хүндэрч 2 талын уушгины хатгалгаа, амьсгал гачаал, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан байна. ТМ0 түвшний хугарал үхэлд хүргэх шалтгаан болоогүй байсан. Хэсэг газрын нянгийн халдварын батлах шинжилгээг аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторид хийгдсэн бөгөөд өвчний түүхэнд шинжилгээний хариуг хавсаргасан байгаа. Амь хохирогч Л.Зын хүзүүний СЗ-ТН2 нугалмын түвшинд нугас няцарч 4 мөчний тетрапарезтэй /4 мөчний саа, саажилттай/ хэвтрийн холголт цооролтой хэсэг буюу талийгаачийн 2 талын өсгий, ахар сүүл хонцогны үхжилт цооролтой шархнуудаас хэсэг газрын нянгийн халдвараар хүндэрч 2 талын уушгины хатгалгаа, амьсгал гачаал, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан байсан. Уг гэмтлийн улмаас амь хохирогч Л.Зын захын мэдрэлжүүлэлт бүрэн алдагдаж олон тооны цоорол үхжилт шарх үүссэний улмаас халдвар орж хоёрдогчоор буюу уушгины хатгалгаагаар хүндэрч амьсгалын дутагдлаар нас барсан. Л.Зын хүзүүний хэсгийн нугас няцарч гэмтсэнээс 4 мөч нь саа, саажил үүсэж, мэдрэлжүүлэлт алдагдсанаас хэвтрийн цооролт үүсэж уг цоорсон шарханд халдвар орсноор хүндрэл үүссэн. Л.Зын хүзүүний хэсгийн нугас няцарч гэмтсэн учраас түүний 4 мөч ямар нэгэн мэдрэл алдагдсан, ямар нэгэн мэдрэлгүй болсон, үүнээс болж хэвтрийн цооролт үүссэн хэрэв мэдрэл алдаагүй бол хэвтрийн цооролт үүсэхгүй юм. Нугас бол хүний биеийн мэдрэлийн маш том тогтолцоо, нарийн үйл ажиллагаа явуулдаг олон тооны мэдрэлийн эсээс тогтсон бүтэцтэй, мэдрэлийн эрхтэн юм. Нугас гэмтсэнээр бүх төрлийн мэдрэлжүүлэлт, хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдаж, өтгөн шингэнээ барих чадвар, өвдөлт мэдрэх байдал, булчин, рефлекс бүрэн алдагддаг юм. Нугасны гэмтэл, няцралыг дэлхийд төгс эмчилсэн тохиолдол байхгүй, эмчлэгдэх бүрэн эдгэрэх боломжгүй өвчин юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179-181 дүгээр тал),
-Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Одбаярын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Амь хохирогч Лгийн Зын биед хүзүүний 3 дугаар нугалмаас сээрний 2 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал, нугасанд цус хуралт, хүзүүний 6, 7 дугаар нугалам болон сээрний 2, 3 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 3 дугаар нугалмын баруун талын үений хэсэгт хугарал, хүзүүний 2, 3 дугаар нугалам хоорондын холбоосны урагдалт, хүзүүний 2 дугаар нугалмаас сээрний 5 дугаар нугалмын түвшинд нугалмуудын арын сэртэн хоорондын холбоосны суналт, хүзүүний 4-5 болон 5-6 дугаар нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ урагдалт, хүзүү-сээрний түвшинд булчингууд болон арын арьсан доор өөхөн эдэд зөөлөн эдийн няцрал, сээрний 10-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, сээрний 10 дугаар нугалмын эргэн тойронд эдэд цус хуралттай, баруун тохойд 17х12 см хэмжээтэй 2-3-р зэргийн түлэгдэлт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Хүзүүний 3 дугаар нугалмаас сээрний 2 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал, нугасанд цус хуралт, хүзүүний 6, 7 дугаар нугалам болон сээрний 2, 3 дугаар нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 3 дугаар нугалмын баруун талын үений хэсэгт хугарал, хүзүүний 2, 3 дугаар нугалам хоорондын холбоосны урагдалт, хүзүүний 2 дугаар нугалмаас сээрний 5 дугаар нугалмын түвшинд нугалмуудын арын сэртэн хоорондын холбоосны суналт, хүзүүний 4-5 болон 5-6 дугаар нугалмын түвшинд жийргэвч мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ урагдалт, хүзүү-сээрний түвшинд булчингууд болон арын арьсан доор өөхөн эдэд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2022/09/17-нд үүсчихсэн байсан, шинэ гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.7 зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 196-202 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Лгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би гэрээс гарахынхаа өмнө гэрт байсан шимийн архинаас нэг аяга архи уусан. ...би хадлан хадаж дуусаад 17:00 цагийн үед гэрлүүгээ харьж явах замдаа тус багийн иргэн Сын гэрт очсон. Тэднийд очиход С Улаангом сумын баярт явчихсан байсан. Эхнэр нь хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд би тэднийд ороход Сын эхнэр Д надад бэлэн байсан цайнаасаа нэг аяга хийж өгөхөөр нь би тэр цайг нь уусан. Тэгээд би Дд хандаж “ахынд буугаад явъя” гэхэд Д надад “аав согтуу байгаа” гэж хэлсэн тэр үед би Дд хандаж “ах бид хоёр ямар маргах биш, би ахын гэрээр ороод явна гэж хэлчихээд тэднийхээс гараад тэдний зэргэлдээ байсан Л.З ахын гэрт орсон. Тухайн үед намайг тэднийд ороход Л.З ах гэрийнхээ голын орон дээр хэвтэж байсан. Харин түүний эхнэр О нь гал дээр тогоо тавьчихсан байсан мөн тэдний бага охин Д хичээлээ хийж байсан ба О нь хүүхэддээ хичээлийг нь зааж өгч байсан гэрт өөр хүн байгаагүй. Намайг гэрт орох үед Л.З ах гэрийн голд хэвтэж байсан орноосоо босож ирсэн бөгөөд тухайн үед Л.З ах нэлээд согтуу байсан. Тэгээд бид хоёр мэнд мэдэлцээд ямар сонинтой энэ тэр гээд юм яриад сууж байтал эхнэр нь надад цай хийж өгчихөөд хүүхэд рүүгээ буцаад явах үед Л.З ах ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр орны урд байсан хуванцар сандлыг авч эхнэрлүүгээ шидсэн. Тэгээд орны өмнө байсан хүүхдийнхээ цүнхийг аваад охин руугаа буюу Д руу шидсэн уг цүнхийг Л.З ах шидэхдээ “муу сайн яатуунууд” гэж хэлээд шидсэн. Тухайн үед Л.З ах ердөөсөө юм хэлээгүй. Үгийн зөрүүгүй эхнэр хүүхэддээ агсам тавьж эхэлсэн. Тэгээд ах орноосоо босч ирээд эхнэрийнхээ толгой руу гараараа нэг удаа цохисон. Би гэрийн баруун талын баганы хажууд газарт цай уугаад сууж байсан. Тухайн үед Л.З нь эхнэрийгээ гараараа цохих үед, түүний эхнэр О нь “энийг аваач ээ” гээд Л.Зын цээж рүү гараараа түлхсэн, тэр үед Л.З, О нар нь гэрийн зүүн талын баганы дээд талд зогсож байсан. Тэр үед Л.З арагшаа унах үед гал дээр байсан тогоотой шөл рүү нь баруун талын тохой нь орчихсон. Тэгээд З ах уначихаад буцаад тогооноосоо татаад босоод ирсэн тэгчхээд Л.З ах гал дээр байсан тогоотой шөлийг хоёр гараараа барьж аваад “мулзалж ална” гэж өөрийн эхнэр О руу хэлсэн. Тэр үед би З ахыг тогоотой шөлөө аваад босох үед нь барьж аваад тогоотой шөлийг нь хариу гал дээр нь тавиулаад тухайн үед Л.З ахыг галын дээр зогсож байхад нь би түүнийг урд талаас нь цээж хэсгээр нь тэвэрсэн. Тэр үед би Л.З ахыг тэврэхдээ би өөрийн баруун гараараа түүний зүүн гарыг биетэй нь хамт шахаж, зүүн гараа түүний баруун талын суганы доод талаар оруулж түүний цээжний хэсгийн харалдаа нурууны арын хэсэгт өөрийн хоёр гараа зөрүүлж бариад түүнийг өргөж гэрийн голд байсан бор шаргал өнгийн дэвсгэртэй байсан диваан орон дээр аваачиж хэвтүүлсэн. Би түүнийг орон дээр хэвтүүлэхдээ өргөж авч явсан байрлалтайгаараа хэвтүүлээд би орон дээр З ахын урд талд хажуу тийш харж суугаад Л.З ахын хөдөлгөөнийг хязгаарлаж цээжээрээ дарах үед З ах надад “тавьчих чи” гэж хэлээд баруун талын сул байсан гараараа миний толгой, мөр хэсэг рүү цохиод, хөлөөрөө тийрчээд гэрийн унь, тэрэм рүү хөлөөрөө өшиглөж жийгээд байхаар нь би баруун талын сул байсан гарыг нь барьж аваад түүний баруун гарыг орон дээр зүүн талынхаа гараараа дарсан, тэр үед Л.З ах миний толгой руу мөргөж эхэлсэн тухайн үед миний толгойд ямар нэгэн гэмтэл учраагүй, тэгээд Л.З ах тийрчээд хөлөөрөө тийрчиж босох гээд байсан бөгөөд би түүнийг орон дээр 5-10 орчим минут цээжээрээ дарсан, тэгж байтал гаднаас бэр нь ороод ирсэн. Тухайн үед О гэр дотор зуухаа тэгшилсэн галын орчимд байсан, тэгээд тэдний бэр Д нь гэрт орж ирээд “аав та яагаад байгаа юм бэ, амарч хэвтэлдээ” гэж хэлсэн. Би Дг гэрт орж ирэхээр нь Л.З ахыг тавиад орны хөлийн хэсэгт очсон. Тэгээд Д нь хадам аав Л.Зыг орон дээр чиглүүлж хэвтүүлэх гэхэд “аавынх нь хүзүү сонин болчихлоо, гол тасарч байх шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд Л.З ах надад “Л намайг өргөөд босгооч” гэхээр нь би түүнийг өргөөд орноос босгож өндийлгөж суулгахад “өвдөж байна, буцаагаад хэвтүүлчих” гэж хэлсэн.Тэгээд би буцаагаад хэвтүүлсэн. Тэгээд бид нар цай уугаад тэр хооронд 30 орчим минут болсны дараа Л.З ах “хөл, гар мэдрэхгүй байна, мэдээгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд Д С сумын эмнэлэг рүү эмч дуудсан. Тэр үед эмч нь тэр газарт дуудлагатай явж байна гэхээр нь би тэднийхээс мотоциклтой гараад эмчийг очиж тосч авч ирсэн. Тэгээд эмч үзээд “энэ хүн дэндүү согтуу байна, өглөө аймаг руу оруулж үзүүлье” гэж хэлчхээд буцаад явсан. Тэгээд аймгаас Л.З ахын хүүг дуудсан бөгөөд аймгаас Л.З ахын хүү З.Г, С нар ирсэн. Тэд нар ирээд болсон явдлын талаар надаас болон ааваасаа асуусан юм. Тэгээд бид нар цаашид яах, ямар эмнэлэгт очих талаар ярилцаад шөнө 01:00-02:00 цаг орчим хүртэл ярьсан. Тэгээд би тэд нар унтахаар нь шөнийн 02:00 цагийн үед гэртээ харьж унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө нь Л.З ахыг аймгийн эмнэлэг рүү авч явсан бөгөөд нөгөөдөр нь буюу 2022.09.18-ны өдөр З.Г над руу утсаар залгаж “аавыг Улаанбаатар хот руу авч явахаар боллоо, нугасны гэмтэлтэй байна гэнэ, та ороод ирээч” гэж дуудсан. Би тэр өглөө нь С сумын 3 дугаар багаас аймгийн төв рүү орж Л.З болон түүний ар гэрийнхэнтэй нь уулзахад түүнийг Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явахаар болоод тэр өдөр Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар явсан. Тэгээд З ах яваад 2 хоногийн дараа З.Г утсаар залгаж “аавын бие сайн биш байна, та энд ирж эмч нартай нь уулзаач” гэж хэлэхээр нь би автобусанд сууж маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Би Улаанбаатар хотод очоод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилж байгаа эмчтэй уулзахад “энэ хүний биед учирсан нугасны няцрал, хүзүүний сэртэн гэмтсэн гэмтлүүд нь эдгэрэх боломж бараг байхгүй, эдгэрэх боломж нь буюу хөл дээрээ босох магадлал нь мянгад нэг тохиолддог гэж хэлсэн. Тэгээд гаднаас хийгдэх эм тариа хэрэгтэй байна гэхээр нь би тухайн үед тэр эмнүүдийг нь 700,000 орчим төгрөгөөр худалдаж авч өгсөн. ...Одоогийн байдлаар би хохирол нийт 6,300,000 төгрөг төлж барагдуулсан. Цаашид учирсан хохирлыг баримтад тулгуурлан төлөх болно” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 229-231 дүгээр тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах гэмт хэргийг хүнийг алах, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргүүдээс ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон учирч болох хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго түүнчлэн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт хийх ёстой.
Эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод “хүнийг алах” гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг учруулдаг бол “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн хувьд хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан хөнгөмсөг хандлага байна. Харин “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан байхыг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Л нь амь хохирогчийн эсрэг идэвхтэй үйлдэл үзүүлж түүний хүзүү, цээжний хэсгээр нь тэвэрч орон дээр тавьж, дарсан байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэ хор уршгийг хүсээгүй боловч түүний үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч улмаар хохирогчийн 4 мөч саажиж, хэвтэрт орсноор холголтын шарх үүсч, хэсэг газрын нянгийн халдвар, 2 талын уушгины хатгалгаа, үхжилээр хүндэрч олон эрхтний дутагдлаар хохирогч нас барсан.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд хохирогчийн амь насыг хохироох шууд санаа зорилго агуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” буюу гэм буруугийн холимог хэлбэрийг агуулжээ.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Лг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн иргэдийн төлөөлөгч Ө.Н “Санамсаргүй байдлаар үүссэн гэмт хэрэг байна. Гэм буруутай гэж үзэж байна. Хохирлоо барагдуулсан учир хөнгөлттэй шийдэж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Б.Лгээс хохирлоо авсан тул нэмж нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Б.Л нь манай аавтай өс хонзонгийн асуудал байхгүй бөгөөд өөрийн болгоомжгүй үйлдэлд хариуцлагагүйгээр хандаж энэхүү хэрэгт холбогдсон тул тухайн хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэхийг хүсэж байна” гэж дурдсан байх ба уг хүсэлтийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
Шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г, Н.О нарт 56.700.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 248 дугаар тал)-аар тогтоогдож байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Тийм ч учраас хохирогчийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлсээр ирсэн. Шүүгдэгч өнөөдрийн байдлаар хохирогчийн ар гэрт нийт 56,700,000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байна гэж харж байгаа. Тиймээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж тус тус саналаа гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэж үзэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж дүгнэлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 03 /гурав/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Лгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 138 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөр тогтоох нь зүйтэй.
Хэрэгт хавсарган ирүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Сиди, амь хохирогчийн “Медтравма” эмнэлэгт дүрс оношлогоо хийлгэсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Бийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 03 /гурав/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 138 (нэг зуун гучин найм) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Гт 56.700.000 (тавин зургаан сая долоон зуун мянга)-н төгрөгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт хавсарган ирүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Сиди, амь хохирогчийн “Медтравма” эмнэлэгт дүрс оношлогоо хийлгэсэн 2 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
ШҮҮГЧ Б.БОЛОРМАА