| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0084/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
2024 4 30 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Ц.А, Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ций А, Цгийн Ч нарт холбогдох эрүүгийн 2435000000079 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр *************** суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж аавын хамт *************** сумын 10 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Ций А, /РД:***********/;
Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 11-ний өдөр *************** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт *************** сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Б ургийн овогт Цгийн Ч /РД:***********/.
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Ц.А, Ц.Ч нар бүлэглэн *************** сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 192/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 30 метр газраар 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А, Ц.Ч нар бүлэглэн *************** сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн 192/1 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 30 метр газраар 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал),
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хил гарч өвс зулгааж ирэхээр гэрээсээ гарсан. Манай гэрийн ойр хавиар ямар ч өвс байхгүй. Тэгээд доошоо эргэж хилийн тор гарч мал хариулж байгаа иргэдийн хажуугаас очиж өвс түүхээр явсан. Тэгсэн хилийн тор хаачихсан байсан учраас хил гарч өвс авч байгаад Орос цэргүүдтэй тааралдаж зугтаад Монгол тал руу гараад ирсэн гэж хэлсэн. Тэр орой 12 цагийн үед хилийн цэргийн хүмүүс ирэхээр нь хаалгаа тайлж өгөөгүй, маргааш нь хилийн цэргийн хүмүүс ирж уулзсан. Тэгээд түүж байсан өвсөө Оросын талд хаяад гараад ирсэн гэсэн. Манайд нэг муудсан адуу байгаа юм, түүндээ л өвс авах гэж байгаад ийм асуудал болсон. Өөр ямар нэгэн асуудал болоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал),
-Гэрч Э.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Улсын хилийн 191 дүгээр тэмдэгтийн чиглэлд явж байхад Хоол бураа хилийн харуулаас холбоогоор дуудаж “Улсын хилийн 192/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2 хүн Монгол Улсын талаас ОХУ руу нэвтэрч өвс түүж байгаад ОХУ-ын хилчдийг хараад Монгол Улсын тал руу нутгийн гүн рүү зугтлаа гэж хилийн заставаас мэдээлэл өгсний дагуу хилийн харуулаас дамжуулсан. Зөрчил гарсан хилийн хэсэгт мэдээлэл авагдсанаас хойш 15 минутын дараа очиход улсын хилийн 192/1 дүгээр тэмдэгтийн зүүн гар талаар 30 метр газраар Монгол Улсын талаас ОХУ руу нэвтэрч, ОХУ-ын нутгийн талдаа 35 метрт эхний хүний орхиод үлдээсэн 2 шуудай өвс, түүнээс цааш явахад 70 метр газарт хүрэн өнгийн хиймэл үсэн дотортой дээл, шар өнгийн даавуун бүс, 1 ширхэг хайч зэрэг эд зүйлс илэрч олдсон. Намайг очиход ОХУ-ын хилийн манаа тэндээ байсан. Тэгээд надад 2 хүн мотоциклоо унаад зугтсан гэж орилсон. Тухайн үед илэрч олдсон эд зүйлийг баримтжуулаад хил зөрчигчийн зугтсан зүгт нь мөрдөлт хийсэн. Тус мотоциклийн мөр зөрчил гарсан газраас 100 метрт байрлах эзэнгүй өвөлжөө ороод тэндээ нааш цааш эргэлдэж байгаад улсын хилийн 192 дугаар тэмдгийн чиглэлд хилээс 50 метр зайд байрлах малчин Бийн гэрийн гадаа очоод буцаад нутгийн гүн рүү Хошит эрэг голын чиглэлд явсан ул мөр гарсан тус мөрөөр мөшгөхөд иргэн Ц гэх айлын гадаа очоод мөр баларсан. Энэ талаар заставын даргад танилцуулахад очиж явна мөрөө хадгалалтад аваад байж бай гэх чиглэл өсөн. Тэгээд удалгүй заставын дарга ирээд намайг аваад ОХУ-ын талтай хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалт зохион байгуулж хил зөрчигч нарын эд зүйл болон ул мөрийг хүлээлцсэн. Манай улсын хил зөрчигч нарын ул мөр хилийн шугам, мөн ОХУ-ын талд нэлээн тодорхой байсан. Тэгж байтал хэсэг хариуцсан хилийн албаны дарга ирээд хил зөрчигчийн орхиж явсан эд зүйлсийг хүлээн аваад зөрчигчийг илрүүлэхээр явсан. Би цаашаа хилийн манааны үүргээ гүйцэтгээд явсан. Ийм л үйл явдал болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-114 дэх тал),
-Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн үед Хоол бураа харуулаас дэслэгч Э.Лгээр ахлуулсан манаа улсын хилийн 191 дүгээр тэмдэгтийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан тул холбоонд орж яаралтай очиж ул мөрний үзлэг шалгалт хийж холбоонд орох талаар радио станцаар хэлсэн. Заставаас ахлах дэслэгч Б.Э би ахлах ахлагч Д.Хын хамтаар тухайн чиглэлд хөдөлгөөн үйлдэж байх хугацаанд дэслэгч Э.Л холбоонд орж хил зөрчигчид торны цаанаас өвс түүж байгаад мотоцикл уналгатай зугтсан талаар мэдээлсэн. Миний бие зөрчлийн газар очиж үзлэг шалгалтыг хийгээд тухайн чиглэлийн ард иргэдээс асуумж авах зорилгоор хөдөлгөөн үйлдэж байгаад ОХУ-ын талтай 18 цагаас 19 цагийн хооронд уулзалт зохион байгуулж тухайн хил зөрчигч иргэний өмсөж явсан дээл, шар дурдан бүс, хайч, 3 шуудай өвс зэргийг хүлээн авсан. Хэргийн газар дээр очиход уг иргэдийн ул мөр ОХУ-ын талд тодоос тод зурайж байсан. Дээрх иргэд нь өглөөний хилийн манаа цааш явсны дараа орж ирээд мотоциклоо торны хажууд хилийн дагуу замд үлдээгээд өөрөө явганаар хил нэвтэрсэн байсан. ...Үүний дараа хэсэг хариуцсан хил хамгаалалтын албаны дарга, хошууч Б.П тухайн зөрчлийн газарт ирж үзлэг шалгалт явуулахад хил зөрчигчийн ул мөр Улсын хилийн 192 дугаар тэмдгийн чиглэлд хилээс 200 метр зайд байрлах Б.Б, Ц гэдэг хоёр айлд ороод мөр баларсан тул тухайн айлуудад таниулах арга хэмжээ аваад орой 21 цагийн орчимд үзэгдэх орчин нөхцөл хязгаарлагдсан тул Хоол бураа хилийн харуулд очиж хоноглосон. Маргааш өглөө нь буюу 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 07 цаг 30 минутаас 8 цаг 30 минутын орчимд Б, Ц гэх айлуудыг хилийн зөрчил гаргасан байж болзошгүй учраас тухайн хоёр айлд очиж уулзаад байж байтал Б нь Ций хүүхэд юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд Ций дугаар руу залгаад дуудаад асуухад хил зөрчсөн гэдгээ хүлээсэн. Мөн хамт байсан хилийн 193 дугаар тэмдгийн чиглэлд 700 метрийн зайд байрлах Ч гэдгийг хэлж өгсөн. Уг мэдээллийн дагуу хэсэг хариуцсан хил хамгаалалтын дарга хошууч Б.П очиж уулзахад хил хууль бусаар нэвтэрч малдаа өвс түүсэн гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117-119 дэх тал),
-Шүүгдэгч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134-136 дахь тал),
-Шүүгдэгч Ц.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140-142 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А, Ц.Ч нарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид 314,300 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг иргэний нэхэмжлэгчид бүрэн төлсөн байх тул шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.А, Ц.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх санал гаргасан, шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.А, Ц.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн хуучин дээл 1 ширхэг, бүс 1 ширхэг, хар бариултай хайч 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Аэд буцаан олгож, Эрх бүхий албан тушаалтны эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Энэхүү шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл байна гэж үзвэл шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Ций А, Б ургийн овогт Цгийн Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.А, Ц.Ч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.А, Ц.Ч нар нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд ялтан нарт хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ц.А, Ц.Ч нар бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгчид 314,300 төгрөгийг нөхөн төлсөн, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн хуучин дээл 1 ширхэг, бүс 1 ширхэг, хар бариултай хайч 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Аэд буцаан олгож, Эрх бүхий албан тушаалтны эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН