| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0046/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/55 |
| Огноо | 2024-04-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/55
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Г.Н, Г.Ш,
Өмгөөлөгч Н.Н,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Г-ын Н, А овгийн Г-ын Ш нарт холбогдох 2328000920022 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Н, Г.Ш нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 08-аас 2023 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон овоот уурхайн эзэмшлийн кемпээс 22 ширхэг трубаг учрах саадыг арилгах зорилгоор “Kia Rhino” загварын ... улсын дугаартай ачааны машиныг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Олон овоот уурхайд 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Н, Г.Ш нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө ахтайгаа яваад Мандал-Овоо сумын Баянхошуу багт үйл ажиллагаа нь зогсоод 10 гаруй жил болсон уурхайн баруун талд нь төмөр хураагаатай хогийн цэгээс хүмүүс тийм юм авлаа гээд ярьж байдаг учраас болох юм байна гэж бодоод 22 ширхэг 6 метртэй труба авсан. Хавар тэмээний хашаа хийх бодолтой байсан. Сүүлд нь труба алга болсон гээд хамгаалагч нь асууж байна гэхээр нь хэрэгтэй зүйл байсан байх гээд буцаагаад аваачаад өсгөн. Гэтэл нэг өдөр цагдаагаас залгаад мэдүүлэг өг гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Ахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.
Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 03 дугаар сарын 08-ны өдөр дүүгийн хамт уурхайгаас труба авсан нь үнэн. Олон жил зогссон уурхай байсан. Труба нь шороо тоосонд дарагдсан байсан учраас ашиглахгүй юм байх гэж бодоод авсан. Труба авах санаачилгыг би гаргасан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Мандал-Овоо сумаас зүүн урагш 60 километрт байдаг Олон овоот уурхайн кемпийн хашаан дотор хураалттай байсан нийт 39 трубанаас 22 ширхгийг нь аваад явчихсан байсан...” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагаас ээлж хүлээж авсан. Шөнө 23 цагийн үед хоолонд орж 00 цагийн үед гарч ирсэн чинь нэг мөнгөлөг өнгийн машин кемпийн ойр хавиар явж байгаад Баянхошуу багийн үүдэнд очиж зогсоод гэрлээ унтраачихсан. Энэ ямар учиртай машин юм бол очиж шалгая гэж бодсон чинь тэр дороо хөдлөөд эзэнгүй айлын өвөлжөөн дээр очоод зогсчихсон. ...Өглөө сэрэхэд 06 цаг болж байсан. Э-тай уулзаж ээлж хүлээлцэхээр явж байсан чинь хашаан дотор машины мөр гарчихсан байсан. Тэгээд ээлжийн даргад мэдэгдсэн... Би тэр трубаг 03 дугаар сарын 08-ны өдөр ээлж солилцохдоо хүлээж авсан. Тэгэхэд бүрэн байсан.” /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 03 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө 00 цагийн үед манай кемпийн ойролцоо нэг машин яваад байсан. Тэгээд би очиж үзэх үү гэж хэлсэн чинь ээлжийн ахлах Б наадхыг чинь ажиглая гэж хэлсэн. Тэр машин тэндээсээ Баянхошуу багийн төв дээр очиж зогссон. ... өглөө 08 цагаас ээлж солилцохоор П руу явахдаа үйлдвэрийг тойрч харсан. Тэгсэн чинь давхар усан хээтэй машины мөр гарчихсан байсан. Би хаанаас явсан эсэхийг нь харсан чинь химийн агуулах руу ороод шууд гарчихсан байсан. Би ээлжийн ахлах Бд мэдэгдсэн. Ээлжийн ахлах бид хоёр химийн агуулах дээр очоод труба алга болсон байгааг мэдсэн. Тэгээд трубаг нь тоолоод өмнө хүлээлцэхдээ хийсэн бичлэгтэйгээ харьцуулж харахад 39 ширхэг труба байснаас 22 ширхгийг нь аваад явчихсан байсан.” /хавтаст хэргийн 40-41 дэх тал/
Гэрч Н.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Уг тээврийн хэрэгслийн нэр нь шилжээгүй миний нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг би хамт 3 жил тээвэр хийсэн Б гэх өөрийн хуурай дүүдээ 2019 онд 10 сая төгрөгөөр бодож зарсан. Тухайн үед би Б-тэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тухайн үед Бтэй хамт ажилладаг хуурай дүү маань байсан учраас 10 сая төгрөгөөр бодоод зарчихсан юм. Би 2019 онд Б-д уг тээврийн хэрэгслийг зарснаас хойш ашиглахгүй байгаа... Одоо уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой хэн нэгнээс нэхэмжлэх зүйл огт байхгүй... Уг тээврийн хэрэгслийг Б авахдаа мөнгөө бэлэн өгөөгүй баг багаар нь өгсөөр байгаад бид хоёрын 10 сая төгрөгийн тооцоо дууссан. Тэгээд Б над руу залгаж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх талаар яриагүй учраас ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн нэр нь миний нэр дээр байгаа юм.” /хавтаст хэргийн 55-56 дахь тал/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Уг тээврийн хэрэгслийг би П гэх хүнээс 2019 онд 10 сая төгрөгөөр бодож авсан. Тухайн үед би П-тэй хамт ажилладаг байсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийг би худалдаж аваад хот хооронд ачаа тээврийн ажил хийж байгаад 2020 онд Н-ын малыг ачиж хамт оторт явж тусалж байх үед мөнгөний хэрэг гараад Н-т машинаа зарчихсан. Тухайн үед Н уг машиныг отор нүүдэл хийхэд хэрэгтэй машин байна худалдаж авмаар байна гэхээр нь би 4 сая төгрөгөөр зарж байсан. Би 4 сая төгрөгийг бэлнээр нь аваад уг ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарчихсан. Уг машиныг одоо Н гэх хүн эзэмшиж ашиглаж байгаа. Уг машин П-ийн нэр дээр байдаг юм. Би П-ээс анх авахдаа нэрийг нь шилжүүлж авч амжаагүй байж байгаад Н-т зарчихсан. Тэгээд Н-ын ажил төрөл нь амжихгүй отор нүүдэл хийж яваад хааяа аймагт ирэхэд нь миний ажил төрөл амжихгүй таараад л байдаг болохоор уг тээврийн хэрэгслийн нэрийг нь шилжүүлж чадаагүй байгаа. Уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой хэн нэгнээс авах тооцоо мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн хэн нэгэнд өгөх тооцоо мөнгөний асуудал байхгүй.” /хавтаст хэргийн 58-59 дэх тал/
Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Уг трубанууд төмрийн хогийн хажууд байхаар нь би хаягдал хог юм байна гэж бодсон. Тухайн үед хөдөөгийн айлууд төмрийн хогийг нь авч болдог гэж ярилцаад байсан. Мөн нэг айл урт труба аваад тэмээний хашаа хийсэн талаар яриад байхаар нь авч болох юм байна гэж бодоод очоод авчихсан юм. Уг трубаг хог байх гэж бодсон. Эзэнтэй бусдад хэрэгтэй зүйл гэж бодолгүй авсан. Уг хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн трубануудыг очиж авахад шөнийн 23 цаг болж байсан. Өдөр нь тэмээ малын ажил хийж байгаад орой нь уг трубаг очиж авахаар гэрээсээ хөдөлсөн бөгөөд явсаар байгаад уг газарт очиход шөнө болчихсон байсан. Би уг газраас 22 ширхэг труба авсан бөгөөд тухайн трубаг буцаагаад эзэнд нь хүлээлгэж өгөөд бусдыг хохиролгүй болгосон байгаа. Би уг трубаг ашиглаагүй байж байгаад зун нүүгээд явчихсан. Тухайн трубануудыг Элс толгой гэх газарт буулгасан. Зун нүүгээд явж байхад нутгийн хүмүүс яриад тухайн трубаг хүмүүс ирж үзээд намайг сураад байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь тухайн газрын хамгаалалтын албаны дарга гэх хүний утсыг олж яриад тухайн 22 ширхэг трубаг 09 дүгээр сарын 10-ны өдрийн үед буцаагаад байсан газарт нь авч очоод хамгаалагч нарт нь хүлээлгэж өгсөн. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. ... Уг тээврийн хэрэгслийн нэр нь ямар хүн дээр байдаг талаар сайн мэдэхгүй байна. Лавлагаанаас харахад Н.П гэх хүний нэр дээр байгаа харагдсан. Би Н.П гэх хүнийг танихгүй. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 онд Б гэх хүнээс 2020 оны 06 дугаар сард отор нүүдэл хийх зорилгоор 4 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед би мөнгөө бэлнээр нь өгөөд авч байсан. Одоо Б гэх хүнтэй уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн тооцоо байхгүй. Би Б гэх хүнээс худалдаж авсан. Б отор нүүдэл хийх үед надад бүл болж явж байсан юм тэгээд би Бээс машиныг нь 4 сая төгрөгөөр аваад дээрээс нь надад бүл хүч болсон гэж 60 мал өгсөн байсан. Уг машины тооцоог Б П-тэй дуусгасан одоо ямар нэгэн тооцоо байхгүй нэрийг нь шилжүүлж ав гэсэн боловч би бичиг баримтыг нь алга болгочихсон байсан, тэгээд төв газарт очиж шилжүүлэг хийж амжаагүй байж байгаад уг машины мотор нь эвдрээд явахаа больсон болохоор нэрийг нь шилжүүлээгүй байгаа юм. Уг тээврийн хэрэгсэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 3 дугаар багийн нутагт байх Бөөрийн ихэр гэх газарт манай гэрийн гадаа байгаа. Уг тээврийн хэрэгсэл нь 2023 оны 12 дугаар сард мотор нь эвдрээд огт асахгүй байгаа. Анх авахад кабин нь ханзарчихсан байсан болохоор сольсон. Мөн тэвш нь жижиг тэвш байсан болохоор мөн сольсон байгаа. Одоо мотор нь эвдэрсэн асахгүй байгаа. Тэвш нь зэврээд гол хэсэгтээ цоороод зах хэсгээрээ урагдсан мөн кабин нь зэврээд ханзарчихсан байгаа. Өнгө үзэмж нэлээд муу будаг нь халцарч гандаж өнгөө алдсан, дугуйнууд мөн муудсан байгаа. 2023 оны 03 дугаар сараас хойш уг тээврийн хэрэгсэлд өөрчлөгдсөн зүйл нээх байхгүй мотор нь эвдрээд асахаа больсон тэрнээс өөр өөрчлөгдөж эвдэрсэн зүйл бараг байхгүй.” /хавтаст хэргийн 84-85, 90-91 дэх тал/
Шүүгдэгч Г.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн трубагаараа тэмээний хашаа хийх гээд авчихсан юм. Тухайн үед манай ах Н Баянхошуу багийн төв дээр байх Олон овоот уурхайн үйлдвэрийн байгууламжийн хашаанд труба байсан талаар хэлэхээр нь очиж үзье авахаар юм байвал авчихъя гэж бодоод очиж авсан. Тухайн трубануудыг шөнийн 23 цагийн үед очиж авсан. Өдөр нь малын ажил хийж байгаад орой нь уг газарт очиж төмөр үзэхээр хөдөлсөн бөгөөд явсаар байгаад уг газарт очиход шөнө болчихсон байсан. Би төрсөн ах Н-ын хамт Н-ын эзэмшлийн ... улсын дугаартай ачааны машинаар явж очоод 22 ширхэг трубаг авсан. Тухайн трубануудыг Н ахын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад аваад явсан. Тухайн трубанууд нь хогийн төмрийн ойролцоо байсан болохоор хэрэгцээгүй юм байна гэж бодоод ах бид хоёр авсан. Тэрнээс хүнд хэрэгтэй хүмүүс хэрэглэхээр уг газарт хураасан талаар нь мэдээгүй. Би уг трубаг ашиглаагүй Элс толгой гэх газарт буулгасан байсан бөгөөд хүмүүс тухайн трубаг авсан хүнийг сураад байна гэхээр нь ах бид хоёр тухайн хүмүүстэй холбогдож ярихад хаягдал хог төмөр биш үйлдвэрийн ажилд хэрэглэх гэж байсан талаар ярихаар нь бид хоёр хэрэглээгүй талаар хэлээд уучлалт гуйгаад буцаагаад аваачаад өгчихсөн байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл нь Н ахын машин байгаа юм. Тухайн үед уг машинаар труба ачих зорилгоор Н ах өөрөө унаж яваад тухайн газарт очсон. Тэгээд ах бид хоёр хамтдаа тухайн трубануудыг ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад авч явсан. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Шүүхээс надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна. Цас зуд ихтэй өвөлжилт их хүндэрч байгаа. Эхнэр, хүүхдийн хамт байдаг. Хүүхэд маань дөнгөж 1 ой хүрч байгаа. Эхнэр гэрээс гарч малын ажлаа хийж чадахгүй учир би ганцаараа гадуур явж малын ажлаа хийдэг. Малын ажилд туслах бүл хүч хүн байхгүй зэрэг миний хувийн байдлыг сайтар харж үзэн надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна.” /хавтаст хэргийн 87-88 дахь тал/
Эд хөрөнгө битүүмжлэх 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 22 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1288 дугаартай дүгнэлт: “Труба, 22 ширхэг, нэгжийн үнэ 65,000 төгрөг /хуучин/, нийт үнэ 1,430,000 төгрөг.” /хавтаст хэргийн 66-69 дэх тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт: “ “Kia Rhino” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн нийт үнэ 4,000,000 төгрөг.” /хавтаст хэргийн 72-74 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92, 93 дахь тал/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 95, 102, 202, 205 дахь тал/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 96, 99, 215-217 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 97, 100, 200, 204 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 98, 101, 201, 203 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 105-110 дахь тал/
Тээврийн хэрэгслийн мэдээлэлд “... дугаартай “Kia Rhino” загварын тээврийн хэрэгсэл гэжээ /хавтаст хэргийн 113 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Мандал-Овоо сумын Баянхошуу багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 213 дахь тал/
Р.Г-ын Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт /хавтаст хэргийн 214 дэх тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 218 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Н, Г.Ш нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Н, Г.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 30 хоногоор завсарлуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нарын зүгээс гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хулгайлсан эд зүйлээ буцаагаад аваачиж өгдөг. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татаж байгаа бол яллах болон цагаатгах талын нотлох баримтыг зэрэг цуглуулж явах ёстой. Гэрчийн мэдүүлгүүд дотор энэ хүмүүсийн хувийн байдлыг тогтоосон нэг ч зүйл байдаггүй. Лавлагаанууд хэрэгт авагдсан байгаа хэдий ч үүгээр хувийн байдал нь тогтоогдож байна гэж үзэхгүй байна. Нэг талаараа өмгөөлүүлэх эрхтэй нь холбоотойгоор хэсгийн байцаагч нь өмгөөлөгч авахын ач холбогдлыг хэлж өгсөн бол хувийн байдал талаасаа илүү нотлогдохоор, ял хойшлуулах эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломж байсан байна гэдэг өнцөг харагдаад байгаа юм. Харин энэ нь прокурорын шатанд засагдсан. Улсын яллагчийн зүгээс энэ гэмт хэрэг нь хорих ялтай хүнд төрлийн гэмт хэрэг гэж тайлбарлаж өгсний үндсэн дээр шүүх рүү хэрэг шилжсэний дараа өмгөөлөгч авсан. Хэрэг шүүх рүү шилжиж ирсэн учраас өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлж өгөх боломжгүй болоод байгаа юм. Ядаж аав Ганбаатар болон хамт амьдарч байсан эмэгтэйг нь мөн гэрчээр асуух, ял шийтгэлтэй холбоотойгоор шүүгдэгч Г.Шын ой гарантай хүүхдийн асуудал яригдаж байгаа учраас хүүхдийн асрамжийн асуудлыг тодорхойлох ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай болоод байна. Шүүхийн шатанд хүүхдийн асрамжийн асуудлыг сумын Засаг даргад даалгачихдаг. Энэ нь нэг талаар учир дутагдалтай. Шүүхийн шийдвэр нь бодит байдалд хэрэгжихэд хэцүү байдаг. Тийм учраас сумын Засаг дарга, аав, ээжийг нь ядаж гэрчээр асууж, энэ хүмүүсийн хувийн байдлыг нь тогтоолгох, мөн эхнэртэй нь холбоотой асуудлыг шийдвэрлүүлээд өрх толгойлсон эцэг гэдэг нь тогтоогдож байвал ял хойшлуулах хуулийн боломж байгаа. Тийм учраас энэ боломжийг ашиглах, ял хойшлуулахдаа харгалзаж үзэх үндэслэл байгаа учраас үүнийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг тодруулснаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзэж байна. Иймд шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү дүгнэлтүүдийг,
Шүүгдэгч Г.Н нь ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна гэх, шүүгдэгч Г.Ш нь өмгөөлөгчийн байр суурьтай нэг байна, шүүх хурлаас өмнө манай ахынх наашаа нүүгээд ирье гэсэн боловч цас ороод наашаа явж чадаагүй, одоо эхнэр, хүүхэд нь хөдөө айлын бууц дээр машин дотроо байгаа, мөн өөрийн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдмээр байна, гэм буруу дээрээ үнэхээр их гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Н, Г.Ш нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 08-аас 2023 оны 03 дугаар сарын 09-ний шилжих шөнө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баян хошуу 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон овоот уурхайн эзэмшлийн кемпээс 22 ширхэг трубаг учрах саадыг арилгах зорилгоор “Kia Rhino” загварын ... улсын дугаартай машиныг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Олон овоот уурхайд 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.Ш нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч Д.П-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, гэрч Д.Э-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, гэрч Н.П-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, гэрч Б.Б-ий мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/, эд хөрөнгө битүүмжлэх 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 22 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1288 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 66-69 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 72-74 дэх тал/, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоолгохоор гэрч асуулгах, хүүхдийн асрамжийн асуудлыг тодорхойлох, шүүгдэгч Г.Ш бага насны хүүхдийн хамт амьдардаг ганц бие өрх толгойлсон эцэг гэдгийг тогтоовол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой учраас хувийн байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай тул нэмж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр тус эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 30 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч шүүгдэгч Г.Н, Г.Ш нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхийг зөвшөөрсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгч нар энэ талаар маргаагүй, гомдол гаргаагүй байх тул тэдний хуулиар олгосон эрхийг хязгаарласан, хассан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хуульд заасан арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн гэх үзэх үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ оролцогчдын зүгээс энэ талаар гомдол гаргаагүй болно.
Түүнчлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өмгөөлөгчийн гаргасан хэргийг хянан хэлэлцэхийг 30 хоногоор хойшлуулах тухай дүгнэлтэд дурдсан үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гурван үндэслэлд хамаарахгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Н, Г.Ш нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно…” гэж хуульчилснаас үзвэл анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт энэхүү зохицуулалтыг хэрэглэх бөгөөд хэдийгээр шүүгдэгч Г.Ш-ын хувийн байдлын хувьд 2023 оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн хүү Ш.-ийн хамт амьдардаг ганц бие эцэг гэх боловч шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байна.
Шүүгдэгч Г.Ш, Г.Н нарын хувийн байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр өмгөөлөгч Н.Н-ын гаргасан шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахад ач холбогдолтой гэх дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Г.Н, Г.Ш нарын бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Н, Г.Ш нарын бүлэглэн Олон овоот уурхайн эзэмшлийн кемпээс 22 ширхэг трубаг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н нь бусдын эд хөрөнгийг хулгайлах талаар санаачилга гаргасныг шүүгдэгч Г.Ш дэмжиж хамт тээврийн хэрэгслээр явж, трубаг зөөлцсөн нөхцөл байдал тогтоогдсон тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн Г.Н, Г.Ш нар бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр үйлдэхдээ хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор “Kia Rhino” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр 15 гаран километрийн зайтай Олон овоот уурхайн кемпэд очиж, 6 метрийн урттай, 22 ширхэг трубаг зөөсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул машин механизм ашигласан гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Н, Г.Ш нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Иймд шүүх шүүгдэгч Г.Н, Г.Ш нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Г.Н, Г.Ш нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д 1,430,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1288 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 66-69 дэх тал/-ээр тогтоогдсон ба шүүгдэгч нар нь хохирогчид 22 ширхэг трубаг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах тухай,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Н-ын зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа биет байдлаар буцаан өгч хохиролгүй болгосон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Г.Ш-т 1 жил, Г.Н-т 1 жил 1 сарын хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтүүдийг,
Шүүгдэгч Г.Н нь өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэх, шүүгдэгч Г.Ш нь хийсэн гэм буруугаа хүлээж ухаарсан, хүүхдийн асрамжийн асуудал хэцүү байна, мөн хувьдаа оногдох 500 гаруй мал эзэнгүй үлдэж байгаадаа санаа зовж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.Ш нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг, шүүгдэгч Г.Н-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ийнхүү Г.Н, Г.Ш нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгч Г.Н, Г.Ш нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Н, Г.Ш нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Г.Н-ын хувьд гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан, шүүгдэгч Г.Ш-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог тус тус харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Н-т 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгч хохиролгүй болгосон хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Г.Н, Г.Ш нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, улсын орлогод оруулахаар заасан байх тул Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжлэгдсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Г.Н-ын эзэмшлийн 4,000,000 төгрөгийн үнэ бүхий “Kia Rhino” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчээр Н.П бүртгэгдсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Уг тээврийн хэрэгслийн нэр нь шилжээгүй миний нэр дээр байдаг тээврийн хэрэгслийг би хамт 3 жил тээвэр хийсэн Б гэх өөрийн хуурай дүүдээ 2019 онд 10 сая төгрөгөөр бодож зарсан... Одоо уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой хэн нэгнээс нэхэмжлэх зүйл огт байхгүй...” /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, гэрч Б.Б-ий мэдүүлэгт “Уг тээврийн хэрэгслийг би П гэх хүнээс 2019 онд 10 сая төгрөгөөр бодож авсан... 2020 онд Нын малыг ачиж хамт оторт явж тусалж байх үед мөнгөний хэрэг гараад Н-т машинаа зарчихсан... 4 сая төгрөгөөр зарж байсан... Уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой хэн нэгнээс авах тооцоо мөнгө нэхэмжлэх зүйл байхгүй, мөн хэн нэгэнд өгөх тооцоо мөнгөний асуудал байхгүй.” /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ гэж тус тус мэдүүлснээс үзвэл уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Н мөн болох нь тогтоогдож байх тул үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнг бус, тээврийн хэрэгслийг биет байдлаар улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизмын загварыг “irino mayti” гэж буруу бичсэнийг шүүгдэгч нарын мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн мэдээлэл /хавтаст хэргийн 113 дахь тал/-д үндэслэн “Kia Rhino” загварын тээврийн хэрэгсэл гэж зөвтгөж шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч болон шүүгдэгч Г.Ш-ын зүгээс хүү Ш.Ухаанбилэгийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай дүгнэлт, тайлбар гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалтад эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаалахаар заасан бөгөөд энэхүү асуудлыг мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Ш-т хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүний 2023 оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн хүү А овгийн Ш-ын У /регистрийн дугаар .../-ийг эцгийн зүгээс биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан бага насны хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжигч томилох, уг ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргад даалгав.
Мөн шүүгдэгч Г.Ш-ын хувьд “500 гаруй мал байгаа, эзэнгүй малаа хашчихаад ирсэн” гэж мэдүүлж байх тул Монгол Улсын иргэнийх нь хувьд Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг нь шүүх зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэн шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд түүний хувьд оногдох эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж хамгаалах, хариуцаж байх үүргийг хамаарал бүхий зохих хүмүүст хариуцуулах ажлыг зохион байгуулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Н, Г.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Г-ын Н, А овгийн Г-ын Ш нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Н-т 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.Шт нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Н, Г.Ш нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-д нийт 1,430,000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг трубаг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжлэгдсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Н-ын эзэмшлийн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий “Kia Rhino” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ын бага насны хүүхэд болох 2023 оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн хүү А овгийн Ш-ын У /регистрийн дугаар .../-ийг асран хамгаалах, харгалзан дэмжигч томилох, уг ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргад даалгасугай.
7. Шүүгдэгч Г.Ш ял эдэлж дуусах хүртэл хугацаанд түүний хувьд оногдох эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгаж хамгаалах, хариуцаж байх үүргийг хамаарал бүхий зохих хүмүүст хариуцуулах ажлыг зохион байгуулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Г.Н, Г.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч шүүгдэгч Г.Н, Г.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ