Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2021/00040/И |
Дугаар | 143/ШШ2021/00133 |
Огноо | 2021-05-05 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 143/ШШ2021/00133
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.С
Хариуцагч: У.Н
Эмчилгээний зардалд 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С*******, хариуцагч У.Н, иргэдийн төлөөлөгч Б.Дэлгэрсайхан, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж******* овогтой С******* нь Ө тоотод оршин суудаг. Ам бүл 4 хамгийн том хүү А******* нь 8 дугаар анги, Н.А******* нь 5 настай, С.З******* нь 3 настай гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Хамгийн бага охин З******* маань хөгжлийн бэрхшээлтэй 2018 онд оношлогдож Д оноштойгоор эмчийн хяналтад байдаг ба Монголд эмчлэгдэх боломгүй Энэтхэг улс явж эмчлүүлэх шаардлагатай болж, эмчлүүлэх мөнгө нь 45 880 000 төгрөг болсон боловч эцэг У.Н эцгийн үүрэг биелүүлэхгүй байгааг шүүхээр үнэн зөвийг тогтоолгож, эцэг У.Нэс охин З*******д 20 000 000 төгрөгийн эмчилгээний төлбөрийг гаргуулан олгохыг хүсэж байна. Охин З*******д амьдрал бэлэглэж өгнө үү. У.Н бага охин З*******г гэдсэнд байхад нь гудамжинд, ах, эгч, эхтэй нь хүний нутагт хаяад явсан орох оронгүй орхисонд маш их гомдож охин З*******г төрөхөд миний охин биш гэсэн үндэслэлээр эцэг У.Нийг шинжилгээ хийлгэсэн боловч З*******гийн эцэг нь мөн гэж 99 хувьтай шинжилгээний хариу гарсан. Гэтэл одоо болтол З*******г миний хүүхэд биш гэж доромжилж хүүхдийн хувь заяа, хүүхдийг минь гадуурхаж өдий болтол хувцас авч өгч үзээгүй. Маш их гомдолтой байна.
2007 онд гэр бүл болж 3 хүүхдийн эцэг болж 13 жил У.Нтэй Ж.С******* ханилж охин З*******, охин А*******, хүү А******* гэсэн 3 хүүхэдтэй болсон юм. Гэтэл өөрийн 3 хүүхдээ 13 жил ханилсан ханиа хүний нутагт гудамжинд хаяж ирээдүйн амьдрал хүүхдүүдийн маань эрх чөлөөнд халдаж гутаан доромжилж эрэмдэг болтол нь явсанд маш их гомдолтой байна. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхээр орж хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч эцгийн үүргийг биелүүлэхгүй байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба одоо болтол авч өгдөг. Гэтэл 3 сар өгөхгүй удаад байгаа боловч 2018 онд 3 291 600 төгрөг өгсөн хагас сар нь дутуу байгаа 388 400 төгрөг дутуу 2019 онд 3 187 000 өгсөн дутуу нь 1 024 200 төгрөг, 2020 онд 4 505 500 өгсөн дутуу нь 400 000 төгрөг байгаа. Иймд шүүхээр 3 хүүхдийг гомдолгүй болгож эцгийн үүргийг биелүүлэхгүй байгаа У.Нтэй уулзаж 13 жилийн сэтгэл санаанаагаар хохирч 3 хүүхдийг 3 жил ганцаараа авч явна гэдэг эмэгтэй надад гэр оронгүй хүний нутагт маш том үүрэг хариуцлагатай байлаа.
Өнөөдөр С.З*******гийн эмчилгээнд нь дэм болж Х*******инд 1 жил 2 сар ажиллаж байсан боловч З******* охин маань бие нь өвдөж гар нь хатангирч зовж зүдэрч байгаа хүүхдээ эмчлэхээс өөр арга байсангүй болоод ажлаасаа гарсныг олон түмэн мэдэж байгаа. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа гараад эмчилгээнд явах гээд эх миний эмчилгээний зардал хаа ч хүрэхгүй байна. Гэтэл эцгийн үүргээ биелүүлэхгүй 3 хүүхдээ харж хандахаа больж утсаа авахаа больж байгаад маш их гомдолтой байна. 1 хүүхэд биш 3 хүүхэд тэгээд эрэмдэг хүүхэдтэй хаячхаад явсанд амьдралаар минь хохироож сэтгэл санааны хохиролд учруулсанд маш их гомдолтой байна. Үр хүүхдээ харж ханддаг, эрүүл саруул хүүхэдтэй хоцорсон бол би ингэж гомдохгүй. 2019 онд салхинд гэр нураад орох оронгүй 3 хүүхдээ чирээд гэртэй болтлоо айлаар явж зовж байхад У.Н нь гэр чинь хураалттай байсан би харсан гээд ичих булчирхайгүй доог тохуу хийж тавласан юм шиг ярьж байсанд их гомдсон хүүхдүүдийн зовлонгоор жаргал хийж яваа эцэгт үнэхээр маш их гомдолтой байна. У.Н өөрийн гэсэн 1000, 100 гаруй малтай байсан. Миний хүүхдүүдийн мал зөндөө би 13 жил хамт амьдрахад миний хийсэн хөдөлмөрийн мал ч бий. Гэтэл бид нарын малыг өгдөггүй, дээр нь залилан хийж өөрийн нэр дээр юу ч тоолуулаагүй хэдэн хүүхдийн тэтгэлгийг хурааж авна гээд хүүхдүүдийн зовлонгоор жаргал хийж яваа эцгээс 3 хүүхэд иднэ ууна, өмсөж зүүнэ өвдөж зовно амьдралд У.Нийн өгсөн тэтгэлэг хүрэлцээгүй, амьдралд хэцүү байгааг үнэхээр ойлгохгүй байгаад шүүхээр орж 3 хүүхдийг хохиролгүй болгож охин З*******д эмчилгээний 20 сая төгрөгийг гаргуулан авч 3 нялх үр нь гомдож өвчиндөө зовж шаналж зовсондоо хуулийн дагуу шийдүүлэхийг та бүгдээс үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. 3 хүүхэд яаж зовж байгааг эх нь мэднэ өөр хэн ч мэдэхгүй ярих юм их байгаа боловч товчхон өөрийн амьдралд болсон процессыг бичиж хэлэх нь зөв юм. 3 хүүхдийн эцэг 3 хүүхдээ гудамжинд хаячхаад одоо болтол орох орон хүнс тэжээлийн малыг өгөхгүй байгаа учир хүүхдүүд нь эцгээс авах эрх нь байгаа учир гурван хүүхдийг гомдолгүй болгож өгнө үү. Үнэхээр гомдолтой одоо болтол 3 хүүхэд эцгийгээ нэхэж уйлна аав одоо ирнэ гэж уйлна. Өнөөдөр гэр бүл үймүүлж байгаа хүнд үнэхээр арга хэмжээ авахгүй байгаа нь олон хүүхэд хохирч байгаа юм. Өнөөдөр 3 хүүхдийн эцэг үр хүүхэд хань ижлээ орхиж өөр гэр бүл үймүүлсэн өөр хүн сонгосонд эцгийн буруу үйлдэл. Тийм учир эцэг үүргээ биелүүлээгүй байгаа хүнд хатуу арга хэмжээ авахгүй өнөөдөр танил талаараа Н их яриулна.
У.Н 30 хоногийн баривчилгаа аваад аймагт очоод 3 хоноод гарсныг сонсоод очиход Т******* гэдэг цагдаа байсан уулзуулахгүй худлаа хэлээд байсан ч газар дээр нь барьж авсан. У.Н энд байдаггүй дуртай нь аваад явдаг гээд баривчилгаанд байсан улсууд нь хөлсөө гартал ажил хийж байхад Н нь ямар ч ажил хийдэггүй. Гэрээс нь дөнгөж аваад ирээд эрүүлжүүлэх гэсэн хувцас өмсгөж уулзуулсан. Т******* гээд цагдаа байсан үүнийг хахууль авсан гэнэ биз дээ. Хэдэн хүүхдэд өгөх мөнгөө цагдаа, шүүх, прокурор, шийдвэрийн улсуудад хахуул болгож өгөөд сурчихсан юм байна лээ үнэхээр хууль бол миний 3 нялх үрд гууль болж хандаж байсанд маш их гомдолтой байгаа шүү. Зовлон үзсэн эх хүний хувьд хүн ер нь эмэгтэй хүнээс гардаг шүү. Эмэгтэй хүний зовлонг хуулийн улсууд мэддэг байх хэрэгтэй. Өөрсөнд нь гэж зовлон учирдаггүй баймааргүй юм. 3 хүүхдийн эцгийг ингэж авлигал авч жаргуулмааргүй байна. Эцгийн бузар булай үйлдлээс болж 3 хүүхэд хохирч эрэмдэг хоцорлоо. Үнэхээр гомдолтой байна. У.Н хувиараа алтанд явж ямар их бурзайж өөрөө Ланд-80 аваад унасан, дугаартай. Приус-30 авсан Улаанбаатар дугаартай байсан. Алт олдог хайгч 20 сая төгрөгийн үнэтэй. Ингээд тэр бүгдийг миний 3 хүүхдийг эцгээс нь салгасан Д.М******* нэр дээрээ болгочихсон залилан хийж явдаг. М******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тоотод амьдардаг. Хүүхдүүдийг минь очихоор эцгийг нь чиний 3 хүүхдийг би тэжээж чадахгүй гээд загнаад хоол хүнс өгүүлдэггүй. Том хүү их очдог байсан загнаж дарамталсаар байгаад очихоо байсан. А******* охин очсон чинь хоол асгалаа гээд зодоод байдаг байсан. Мэдэж аваад магадгүй хүүхдүүдийн амь насыг хохироож мэдэх хүүхэн байна гээд явуулахаа больсон. Намайг сэтгэл санааны гүн цочрол, доромжлол хүүхдээ алдсан эмэгтэй эх хүн яаж зовж байгааг хүн болгон мэдэх байх. Би 18 настай охиноо 2009 онд зуурдаар алдсан 3 хүүхдийн эцэг мэдэж байгаа. Гэтэл Д.М******* намайг хүүхдээ алдсан эх гэж мессеж бичиж доромжилсон. Намайг сэтгэл санааны хохиролд оруулсан, гүтгэн доромжилсон ч шалгуулан хуулийн дагуу нэр хүндээ сэргээж, миний эрхэнд халдаж 3 хүүхдийн эрхэнд халдсан даварсан авгайг хуулийн дагуу арга хэмжээ авхуулсан нэр хүндээ сэргээж авмаар байна шалгаж өгнө үү. Манай 3 хүүхдийн эцэг бол уг нь хүн чанар сайтай юм байгаа. Гэтэл аймаар хүнтэй учраад энэ хүүхнээс болж хүүхдүүддээ мөнгө хоол хүнс өгөх эрх нь хаагдсан юм. Хүн болгон хэлж байгаа. Энэ М*******д хариуцлага тооцохгүй болохоор ийм аймшигтай хүүхнүүдээс болж олон хүүхдүүд өнчирмөөргүй байна. Одоо эцгийг хүүхдүүдээс нь хөндийрүүлж утсаа ч авахаа болилоо. Хүүхдүүд эцэгтэйгээ уулзах, амьдралд туслах харж хандах үүрэгтэй маш их гомдолтой байна. Эрэмдэг болгож хаясан нь эцгийн буруу үйлдлээс болж хүүхэд хохирч байна. Д.М******* өөрийн нөхөр болох хүнээ хөөж явуулчхаад 2 хүүхдийн тэтгэлэг авдаг, дээр нь машинтай амьдарч байшин орон сууцыг нь хураагаад авчихсан. Гэтэл миний 3 хүүхдийг эцгээс нь салгачихаад, хүүхдийн эрхийг хааж хорьж эцэгтэй нь уулзахгүй, хөндийрүүлэх гүтгэн доромжлох, эцгээс нь хөндийрүүлж байгаа нь хууль зөрчиж байгаа үндэслэл болж байна. Миний 3 хүүхдийн эрхэнд халдсан Д.Мөнх-Ургамлыг шалгуулмаар байна. Энэ бол байж болох асуудал биш. Үнэхээр 3 хүүхдийнхээ өмнөөс гомдож байна. Би бол эх хүн. М******* дандаа бөө ламаар юм хийлгэнэ. Тэр болгон нь мэдэгдэж хүүхдүүд өвдөж зовдог. Тэр ч байтугай миний охины эрэмдэг болсон үндэслэл Д.М*******, У.Н нарын бөө ламын хийлгэсэн үйлдлээс болж 2 гарын шөрмөс татсан гэж боддог. Д.М******* миний том хүүг гүтгэн доромжилж сэтгэл санааны хохиролд оруулсан мессежийг хамт хавсаргалаа. Миний нялх 3 хүүхэд ямар ч эрх байхгүй дарамтад амьдардаг. 3 хүүхдийн эцэг У.Н 3 хүүхдээ өөрийн гэсэн хөрөнгөтэй болгох үүрэг эцэгт нь байгаа. Үнэхээр залилан хийж чадаж байна. 100 гаруй мал Нэс өөр хэн ч авах эрх байхгүй. Харин 3 хүүхэд авах эрхтэй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход би 3 хүүхдээ тэжээн тэтгэх. Миний хөрөнгийг хэн ч булаалдахгүй. Би 3 хүүхдүүддээ өгнө гэж ноднин хүртэл хэлж байсан. У.Н том хүү А*******д бол зөндөө хэлсэн. Энэ хэдэн мал миний хүүгийнх аав нь хүүхдүүддээ өгөх ёстой гэж хэлсэн байдаг. Үнэхээр муухай хүнтэй уулзаж учирч хүүхдүүддээ хөрөнгө өгөх эрхгүй болсонд шүүхээр нь шийдүүлэхээс аргагүй юм. Олон түмэн мэднэ Н бид хоёрыг ямар амьдарч байсныг хэлнэ. 3 хүүхдийг хохироож хүүхдийн эрх гэдэг нь зөрчигдөж доромжлол, дарамтад хохирч байна. Алтанд хэн их бурзайж байна. Надад таньдаг хүмүүс их бурзайж байна. 3 хүүхэд, хань ижилдээ өгдөг үү, өгөхгүй бол хуулиар яв гэж сайхан сэтгэлтэй нь хэлсэн. 3 хүүхдээ хохирсон болохоор сайхан сэтгэлтэй хүмүүс хэлдэг юм. Эцгийн буруу үйлдэл энэ олон хүүхдүүдийг гомдоосон гэж хэлдэг юм. Тэгтэл бурзайчхаад хүний урамд ярьдаггүй. Хэл амтай би л шийдвэр рүү ярихгүй бол Нэс Ч******* авч өгч үзээгүй. Тэр ч байтугай Ч******* намайг өөрөө ч гэсэн мөнгө гаргах ёстой гэж хотод явахад олон хүний дунд доромжилж загнасан. Одоо болтол Ч*******т маш их гомдож явдаг. Н 3 сар мөнгө өгөхгүй байхад хариуцлага тооцдоггүй. Тухайн үед авлигал аваал өнгөрдөг байсан гэж боддог. Надад худлаа ярина, Ч******* утас нь холбогдохгүй байна гэж хэлэхэд би залгахад утас нь дуудаж л байна. Хуулийн хүн хариуцагчтай холбоотой болчихдог юм байна лээ. Би бол 3 хүүхдийнхээ төлөө хөлөө хүрэх газар явна. Би бол зовлон үзсэн 18 настай охиноо алдаж байсан одоо сайхан хүүхдээ хайрлаж хамгаалж амьдралд хүргэх нь эцэг, эх хүний үүрэг учир хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж явна. У.Нэс тэтгэлэг авч өгч үзээгүй. Хамгийн гол гомдол байгаа юм, эцэг үүргээ биелүүлэхгүй байна. 3 хүүхдээ хаяж, ханилсан ханийнхаа 13 жил амьдралаар нь хохироож хүний нутагт гудамжинд хаячхаад 3 сарын хүүхдийн 300 000 гаруй мөнгө өгвөл миний үүрэг гэж бодож хоног өнгөрөөж байна. Маш их гомдолтой байна. Н нууцаар ирж хүүхдүүдтэйгээ уулзана, хүүхдүүдтэйгээ уулзаад хүүхдүүдээ санаж байна, би хэцүү амьдарч байна, гэж хэд хэдэн удаа уйлж ярьдаг байсан. Би энэ 3 хүүхдийн эрх зөрчиж байгаа М*******ыг миний хүү А*******г гүтгэсэн намайг охиноо алдсан гэх гомдлуудыг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Хэрвээ У.Н охин З*******даа 20 сая төгрөг өгч чадахгүй гэдэг бол миний охиныг авч явж эмчилж эрүүл болгож эх С*******д хүлээлгэж өгнө үү.
Би 3 жил болоход орох оронтой, хэнээс ч дутаахгүй сургууль цэцэрлэгт нь явуулан авч явааг мэднэ. Засаг захиргааны хүмүүс бүгд мэднэ. Тийм болохоор эцгийн үүрэг үлдлээ. Хүүхдүүдийн тэтгэлэг өгөх үед нь хэл амгүй өгч, эрэмдэг болгосон охиноо эмчилгээний мөнгө болох 45 880 000 төгрөгийг гаргаж охин үрээ зовлон шаналалаас гаргаж өгнө үү.
Энэ нялх хүүхдийн 2 гар нь өвчтэй зовж байгаа. Эцэг хүүхдүүдийн зовлонгоор жаргал хийх хугацаа дууслаа. Одоо харин хүүхдүүдээ харж, хандаж, эмчлэх цаг ирлээ. Эцэг Н үүргээ биелүүл хууль бас 3 хүүхэд өнчирөөгөөд байхад 1 хүүхдийн тэтгэлэг 80 000 төгрөгөөр тогтоосонд маш их гомдолтой байгаа. Хүүхдийн тэтгэлгийг нэмэгдүүлэх саналтай байна. Манай амьдралд хүрэлцдэггүй юм. 1 хүүхдийн 80 000 одоо цалингийн доод хэмжээ 420 000 болсон шүү дээ.
У.Н бол залилан хийж байна өөрт байгаа зүйлээ үр хүүхдүүдээсээ харамлаж гомдоож байдаг бол хүүхдүүдийнхээ эрхэнд халдаж байна гэсэн үг. Хэрвээ миний 3 нялх хүүхэд эх надад манай амьдралд үхэл, хагацал, дахин өвчин тохиолдвол, У.Н, Д.М******* бөө, ламаар хийсэн болгон нь үр хүүхдүүдэд мэдэгддэг учир үр хүүхдээ хань ижлийнхээ амьдралд битгий гай болооч. Хэрвээ янз бүрийн асуудал тохиолдвол энэ 2 хүнтэй хамаатай хэлэх нь зөв мэдэхгүй нэг нь мэдэж аваг хууль амьдрал ийм хүмүүс гэр бүлээрээ хохирч байгааг мэдэж аваг. Бид нар амьд явах өөрийн эрхээр амьдрах айж, ичиж, дарамтгүй амьдрах эрүүл саруул амьдрах эрхтэй.
Хүний эрхэнд халдах эрх энэ 2 хүнд байхгүй. 2 айлын газар өгнө гэсэн үүн дээр ирээд буучихсан байгаа. Гэтэл Нийг хараад 2 жил боллоо. Хаяг хийх хашаатай болмоор байдаг. 2 хүүхдийн нэрэн дээр өгнө гээд одоо болтол байдаггүй. Үүнийг бас шалгуулмаар байна. Наана чинь 3 хүүхдийн амьдрал шийдэгдэж байгаа учир хууль үнэн зөвөөр нь шалгаж хүүхдүүдээ харж хандах үүрэг дуусаагүй байгаа гэдгийг ойлгож байгаа байлгүй. Одоо 2 сарын мөнгө өгөөгүй түрүү түрүүний мөнгийг нөхөж олгож өгнө үү.
Эцэг Н охин үрдээ амьдрал бэлэглэж, гартай болгож өгөх нь эцгийн үүрэг хоног өнгөрөх тусам сэтгэл өвдөж эмтэрч зовж шаналж байна охиноо хараад үнэхээр өрөвдөлтэй миний охинд амьдрал бэлэглэе гэжээ.
Нэхэмжлэгч Ж.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчилгээний талаар энэ хугацаанд нотлох баримт нэмж бүрдүүлж чадаагүй. Энэ өвчнийг 2018 онд оношилсон. Тэр цагаас хойш миний асаргаанд байсан. Тэгээд гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Гадаадын эмнэлгээс нь 45.800.000 төгрөгийг бэлдээд ирвэл хүүхдийг чинь эмчилж өгье гэсэн. Гэтэл миний хувьд өөрөө бүрдүүлэх боломж бололцоо байхгүй. Бага насны гурван хүүхэдтэй. Энэ хүн миний 13 жилийн амьдралаар тоглож байгаа. Орох оронгүй гудамжинд бид нарыг хаячихаад явж байсан. Тэгчихээд гурван хүүхдийн тэтгэлэг тогтоосон нэртэй. Өмнө гэр бүлийн хүчирхийллээр сарын баривчилгаа авсан боловч гуравхан хоноод л баривчилгаанаас гарчихсан. Энэ хүн цагдаа, прокурор, шүүгч гээд бүгдэд нь хахуул өгчихсөн байгаа гэж бодож байна. Цагдаа, шүүх, прокурор гээд бүгд л У.Нийн талд байгаа харагддаг. Би энэ хүүхдээ эмчлүүлээд эрүүл саруул болгохыг л эцэг хүнээс гуйж байгаа. Надад энэ хүүхдээ эмчлүүлэх боломж алга. Би гурван хүүхдээ болон өвчтэй хүүхдээ эмчлүүлэхээр Х******* ХХК- д жил гаруй ажилласан боловч өвчтэй хүүхдийн маань бие нь өвдөөд ажил хийх ямар ч боломжгүй болсон. Гэтэл У.Н нь юмтай. Хүүхдийн нэртэй мал хүртэл байдаг. Гэтэл өөрийнхөө эд хөрөнгийг өөр хүний нэр дээр болгочихсон. У.Н нь надтай 13 жил ханилж байхдаа зан төлөвийн хувьд ямар нэгэн ааш авир гаргаж байгаагүй. Гэтэл одоо бид нараар оролдоод байгаа. Өчигдөр наашаа явах гэсэн чинь хүүхдийн гар хугарчихсан. Хамгийн бага хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй. Бид нарт бөө, ламаар юм хийлгэдэг. Тэр нь бид нарт биетээр мэдэгддэг. Хамгийн бага охиноо төрүүлэх гээд Дундговь аймагт очиход араас гэнэт хүрээд ирсэн. Тэгэхдээ хоёр чихэр, нэг ёотонтой ирсэн. Тэгснээ том хүүхдэдээ өгчихсөн. Тэгэхээр нь би хүүхдээ идэж болохгүй шүү гэж хэлсэн. Гэтэл намайг хоол хийж байх хооронд дөрвөн настай дүүд нь өгчихсөн байсан. Тэгээд нөгөө хүүхэд маань шүлсэндээ хахаж цацаад хачин болсон. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гээд хэлсэн. Энэ хүн тэр чигээр нь үхүүлчихгүй яасан юм бэ гэж хэлсэн. Энэ хүн эхэлж гурван хүүхдээ өнчрүүлж, миний 13 жилийн амьдралаар тоглочихоод одоо сэтгэл санаагаар минь тоглоод байж байна шүү дээ. Би чинь эх хүн шүү дээ. Миний бага охин эрүүл байсан бол би ингэхгүй. Энэ хүн намайг хүний нутагт дагуулж авчирчхаад орон гэргүй гудамжид хаячихаад явсан шүү дээ. Олон түмэн энэ талаар мэднэ. Энэ хүн өгөлгүй яахав гэж хэлээд өгдөггүй. Хүүхдүүд нь хурдан том болоод насанд хүрээсэй гэсэн бодолтой байдаг. Тэгээд дандаа шүүх, цагдаа, прокурор гээд бүх зүйл нь энэ хүнд арын хаалга байдаг. Шүүхээс Насаа гэдэг шүүгч байдаг. Тэр хүний нөлөө бас байгаа гэж бодож байгаа. Энэ хүн ийм л хүн. Өнөөдрийг хүртэл ингээд л худлаа хэлээд яваад байгаа. Өнөөдрийн байдлаар хоёр айлыг газар дээрээ буулгачихаад гялс гэрчилгээг нь шилжүүлээд өгчихнө гэсэн. Одоо болтол өгөөгүй. Хүүхдүүдийнхээ төлөө явдаггүй. Гурван хүүхдийнхээ зовлонгоор жаргал хийгээд л явдаг. Энэ хүн хувиараа алтанд явж зөндөө их мөнгө хийж байгаа. Тэгээд байр сав аваад л байгаа. Тэгснээ яагаад хэдэн хүүхдүүдээ хэдэн төгрөг өгчихье гэж бодохгүй байгаа юм бэ? Ядаж эмчилгээнийх нь мөнгийг өгье гэж яагаад боддоггүй юм бэ? Тэгснээ хийж байгаа юм нь бөө, ламаар бид нарт муу юм хийлгээд л байдаг. Тэр нь бид нарт мэдэгддэг. Би гурван хүүхдээ ганцаараа тэжээгээд дөрвөн жил болж байна. Гэр оронгүй байсан. Би өөрөө гэр бариад хэнээс дутахгүй амьдраад явж байна. Гэхдээ эцэг хүн үүргээ биелүүлэх ёстой шүү дээ. Энэ хүн өөрөө эхэлж гэр бүлээ үймүүлж хаяад явсан шүү дээ. Би хаяггүй шүү дээ. Энэ хүн өөрөө л бүгдийг эхлүүлсэн. Би маш их гомдолтой байна гэв.
Нэхэмжлэгч Ж.С******* нэхэмжлэлийн шааардлагаа тодруулсан тайлбартаа: У.Н 2016 оноос 13 жил ханилсан ханиа гурван хүүхдээ өнчилөж амьдралаар хохироож сэтгэл санааны гүн хохиролд оруулж хүний нутагт оргонох оронгүй гудманд хаячихаад явсан маш их гомдолтой байна. Ингээд 2017 онд охин З******* нь хөгжлийн бэрхшээлтэй гарсан юм. Охиноо 2018 онош тодруулж төрлөхийн гажиг оноштойгоор Бүгд Найрамдах Энэтхэг улсын хүүхдийн эмнэлэгт, ясны мэс засал, дотоод шүүрлийн эмчилгээ гэх олон төрлийн эмчилгээ хийгдэх шаардлагатай эмчлүүл 45 880 000 төгрөг болж байгаа нь үнэн болно. Ингээд тэр цагаас хойш намайг 45 880 000 төгрөг бүрдүүлээд хүүхдээ аваад ир гэж хэлсэн боловч тухайн үед өөрийн боломж бололцоогүй нялх хүүхэдтэй хандив нээгээгүй 2020 онд хандив нээсэн боловч энэ Ковид өвчнөөс болж хойш урагшаа явах боломж хязгаарлагдаж өдий хүрсэн. Ингээд Н эцэг хүний үүргийг биелүүлэхгүй хүүхдүүдээ өнчилж хаячихаад өөрийн буруу үйлдэл үүргээ биелүүлэхгүй гурван хүүхдийн амьдрал сэттгэл санаа бие эрхтнээр нь хохироож өдий болтол гурван хүүхдээ харж хандахгүй байгаад эх миний зүгээс нялх охин З*******д амьдрал бэлэглэж эмчилгээний зардао 20 000 000 төгрөг нэхэмжилсэн гэв.
Хариуцагч У.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Уртнасан овогтой Н би нэхэмжлэгч Ж******* овогтой С*******д гурван хүүхдийн тэтгэлэг боломжоороо өгдөг тул нэхэмжлээд байгаа 20 000 000 төгрөгийг өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байна гэжээ.
Хариуцагч У.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.С******* нь хүүхдийн эмчилгээний зардалд 20 000 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хүн буруу зөрүү, дэмий балай юм яриад л байх юм. Миний хувьд энэ хүн ямар ч шаардлагагүй зүйл ярьж байна. Тэр шүүх, цагдаа гээд миний хувьд нөлөөлөх зүйл огт байхгүй. Энэ хүн өөрөө шүүхийн шийдвэр дээр мөнгө төгрөг өгөхгүй байна гээд байнга хэрүүл хийдэг. Шүүхийн шийдвэрийн дарга руу нь утсаар ярьж доромжилж, дарамталдаг. Энэ хүн чинь тийм хүн. Өөрийнх ааш зан нь хэтэрхий байдаг. Ямар нэгэн зүйлийг эвээр ярина гэж байхгүй. Надад өмнө 20.000.000 төгрөг өг энэ тэр гэж юу ч хэлээгүй. Гэнэт л шүүхэд нэхэмжлэл ирлээ гэсэн. Надаас салснаасаа хойш цагдаа, шүүхэд маш их өргөдөл өгсөн. Цагдаа, шүүхээр нилээн олон удаа явсан. Ханбогд руу ч гэсэн олон удаа явсан. Сүүлдээ би сарын баривчилгаанд нь явсан. Байнга л шүүх, цагдаа гээд л өргөдөл бичээд байдаг. Би энэ байдлаас нь үнэндээ залхаж байна. Энэ удаа хүүхдийн төлөө гэж явж байна. Энэ байдлыг буруу гэж бодохгүй байна. Би ч гэсэн хүүхдүүдийнхээ төлөө л явж байгаа. Би энэ мөнгийг өгөхгүй зайлсхийх гээд байгаа юм байхгүй. Би өөрөө мундаг мөнгө олчихоод мөнгө өгөхгүй цаашаа санаа гаргаад байгаа зүйл надад байхгүй. Яг өнөө, маргаашдаа 20.000.000 төгрөг гаргаад өгөхөд надад хэцүү байна. COVID цар тахал гээд дэлхий даяараа тарсан байгаа учраас хаа хаана хүнд хэцүү л байна. Одоо Энэтхэг улсад очоод эмчлүүлэх арга юу байна. Би цахимаар харахад Энэтхэг улс чинь COVID-оос болоод сүйрч байгаа орон байна лээ. Зөндөө хүн үхээд л байгаа, тийм улсад Монгол хүүхэд эмчилнэ гэдэг тийм сонин зүйл байх уу? Дээр нь энэ хүн надтай уулзаад хоёулаа эвлэрье, чиний нэр дээр байдаг газраа миний дээр болгоод өгчихье. Би зараад мөнгө гаргаж авъя. Мөн Дундговь аймагт сайн үздэг хардаг хүн байдаг. Тэр хүнд үзүүлж бариулъя, энэ тэр гээд мөнгө төгрөгийн асуудлыг ярьж байсан. Ер нь бол хоёулаа шүүхээр яваад яах юм бэ гэж ярилцаж, зөвлөлдөж байсан. Одоо тэр талаараа ч ярихгүй байх юм. Миний хувьд иймэрхүү л байдалтай байна гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн хувьд хүүхдийнхээ эмчилгээний зардлаас 50 хувь, бараг 60 хувийг нь өөрөө гаргаад үлдсэнийг нь хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгаа тул 20.000.000 төгрөгийг хариуцагч У.Нэс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.С******* өөрийн асрамжид байгаа, хөгжлийн бэрхшээлтэй охин С.З*******гийн эмчилгээний зардалд 20 000 000 төгрөг гаргуулахаар эцэг У.Нэс шаарджээ.
2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин С.З*******гийн эцэг У.Н болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, тэрээр охиндоо хуульд зааснаар тэтгэлэг төлдөг үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.
Охин С.З******* одоо 4 нас 2 сар 14 хоногтой, хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн ясны гажиг оноштойгоор эх Ж.С*******гийн байнгын асаргаанд байдаг болох нь С.З*******гийн төрсний гэрчилгээ, Цогтцэций сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Цогтцэций сум дундын эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.С******* Хамгийн бага охин З******* маань хөгжлийн бэрхшээлтэй, 2018 оноос Дисплазия в обойх плеч суставы оноштойгоор эмчийн хяналтад байдаг ба Монголд эмчлэгдэх боломжгүй Энэтхэг улс явж эмчлүүлэх шаардлагатай болж, эмчлүүлэх мөнгө нь 45 880 000 төгрөг болсон боловч У.Н эцгийн үүргээ биелүүлэхгүй байгаа тул эцэг У.Нэс охин З*******гийн эмчилгээний төлбөрт 20 000 000 төгрөгийг гаргуулах ...үлдсэн мөнгийг би өөрөө босгоно. Энэ хүүхдийнхээ төлөө шүү дээ гэсэн тайлбарыг гаргадаг.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-д заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ.
Тэжээн тэтгүүлэгч С.З*******д зайлшгүй эмчлүүлэх шаардлага бий болсон, бусдын санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдийн гэрэл зураг, Юнайтэд экспресс ХХК-ийн С.З*******гийн эмчилгээний талаарх тодорхойлолт, олон улсын эрүүл мэндийн аялал зуучлалын төвийн медитур үйлчилгээний мэдээлэл, лавлагаа өгөх мэдээллийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүнд онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэх үндэслэлтэй байна .
Охин С.З*******г нийгмийн халамжийн газрын байнгын асаргаанд байгаа, хамт амьдарч байгаа эх Ж.С*******гийн өрхийн нэг хүнд ногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг байдлаас үзвэл охин С.З*******д тогтоогдсон тэтгэлгийн хэмжээгээр хүүхдэд зарцуулагдах эмчилгээний зардал хангагдах боломжгүй байна.
Насанд хүрээгүй охин С.З*******г асран хамгаалах тэжээн тэтгэхэд эцэг, эх хуульд заасанчлан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.
Ц.С*******гийн ...хүүхдээ эмчлүүлэх зардалд 20 000 000 төгрөгийг эцэг У.Нэс гаргуулж, үлдэх эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргана... гэсэн тайлбарыг хариуцагч У.Н баримтаар болон тайлбараар няцаахгүй байна.
Иймд эмчилгээнд зарцуулагдах зардлыг хуульд заасны дагуу эцэг, эхийн зайлшгүй тэжээн тэтгэх үүргийн хувьд нэмэлт тэтгэлэг гэж үзэн У.Нд тодорхой хэсгийг хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.
Ирээдүйд гарах зардлыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг төсөөтэй хэрэглэж, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээдээс нэмэлт тэтгэлэг хэлбэрээр гаргуулж шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгчийн Нэхэмжлэгчийн хувьд хүүхдийнхээ эмчилгээний зардлаас 50 хувь, бараг 60 хувийг нь өөрөө гаргаад үлдсэнийг нь хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгаа тул 20.000.000 төгрөгийг хариуцагч У.Нэс гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эцэг, эх нь насанд хүрээгүй ...хүүхдээ тэжээн тэтгэхэд адил үүрэг хүлээнэ гэсэнтэй нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497, 228 дугаар зүйлийн 228.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар У.Н-с 20 000 000 төгрөг гаргуулан Ж.С-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар У.Нэс улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Нэхэмжлэгч Ж.С улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Б.ОТГОНСҮРЭН