| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/0186/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/392 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/392
2024 04 16 2024/ШЦТ/392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал,
Шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овогт ********ийн ********д холбогдох эрүүгийн 2306 03794 2773 дугаартай хэргийг шүүх 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*** оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх эмээ 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо 16 дугаар хороолол 4 дүгээр байрны *** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,
******** овогт ********ийн ******** /РД:УШ93030183/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******** нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо 64 дүгээр гудамжны 1009 тоотод оршин суух ********ийн монгол гэрийн хаалганы цоожийг тоосгоор цохиж эвдэн орж гэрээс Самсунг маркийн зурагт 550.000 төгрөг, хос монет ээмэг 435.000 төгрөг, залгуур 18.000 төгрөг, удирдлага 2 ширхэг нийт 18.000 төгрөг бүгд 1.021.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “... Миний бие хохирогчийн дурдсан монет нь ээмгийг хулгайлаагүй, түүний гэрээс зурагт, залгуур, удирдлага л авсан...” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/ хохирогч ********ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар тал/, гэрч ******** өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-26 дугаар тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/, эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 40 дүгээр тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч, ахлах дэслэгч Г.Сайнбаярын 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 02/297 дугаар дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/, шүүгдэгч ********гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******** нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо 64 дүгээр гудамжны 1009 тоотод оршин суух ********ийн монгол гэрийн хаалганы цоожийг тоосгоор цохиж эвдэн орж гэрээс Самсунг маркийн зурагт 550.000 төгрөг, хос монет ээмэг 435.000 төгрөг, залгуур 18.000 төгрөг, удирдлага 2 ширхэг нийт 18.000 төгрөг бүгд 1.021.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг орон байранд нэвтэрч авсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ********ийн өгсөн: “... 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, 64-1009 тоотод оршин суудаг бөгөөд өглөө 10 цагт гэрээс гараад орой 19 цагт ирэхэд хаалга онгорхой, цоож нь байхгүй байсан. Өдөр улиастай ам руу өгсөөд гарчихсан байхад хөрш айлын хөгшин манай эхнэрийн гар утас руу залгаж “гэрт хулгай орсон байна” гэж залгасан. Манай гэрээс Самсунг маркийн 50 инчийн зурагт 1 ширхэг, хос монет нь ээмэг 1 ширхэг, залгуур 1 ширхэг, удирдлага 2 ширхэг алдагдсан. Манай хөрш айлын хүүхэн дээр ирээд байдаг 1-2 насны хүүхэдтэй эмэгтэйг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******** өгсөн: “... 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 1-3 тоотод байрлах Зоос нэртэй ломбардад байж байтал ******** гэх 1-2 орчим насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй Самсунг маркийн 50 инчийн зурагтыг барьцаанд тавьсан ба тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа цагдаагаас хулгайн зурагт гээд 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн прокурорын тогтоолоор ирж хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн БЗДЗ-23-446 дугаар: “... Шинжилгээний объектын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1.021.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-26 дугаар тал/,
Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-37 дугаар тал/,
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч ******** өгсөн: “... Уг зурагтыг барьцаанд 350.000 төгрөгийн барьцаанд тавьсан хүүг нь бодоод нийт 399.000 төгрөгийн хохирол учирсан уг мөнгийг нэхэмжилж байна. Хохирол төлж барагдуулсан зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр тал/,
Шүүгдэгч ********гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “... Шүүгдэгч ******** нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо 64 дүгээр гудамжны 1009 тоотод оршин суух ********ийн монгол гэрийн хаалганы цоожийг тоосгоор цохиж эвдэн орж гэрээс Самсунг маркийн зурагт 550.000 төгрөг, хос монет ээмэг 435.000 төгрөг, залгуур 18.000 төгрөг, удирдлага 2 ширхэг нийт 18.000 төгрөг бүгд 1.021.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагвийн зүгээс: “... Миний үйлчлүүлэгч нь монгол гэрт нэвтэрч эд зүйл авсан талаараа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэрээр хохирогчийн монет нь ээмгийг хулгайлаагүй мөн монгол гэр нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт хамаарахгүй. Орон байр гэдэгт үл хөдлөхийн гэрчилгээ гарсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн зүйлийг ойлгоно.” гэх тайлбарыг тус тус гарган мэтгэлцэх боловч уг тогтоолын тодорхойлох хэсэг болох дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Шүүгдэгч ******** нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо 64 дүгээр гудамжны 1009 тоотод оршин суух ********ийн монгол гэрийн хаалганы цоожийг тоосгоор цохиж эвдэн орж гэрээс Самсунг маркийн зурагт 550.000 төгрөг, хос монет ээмэг 435.000 төгрөг, залгуур 18.000 төгрөг, удирдлага 2 ширхэг нийт 18.000 төгрөг бүгд 1.021.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг орон байранд нэвтэрч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн…” бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.
Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зэргийг ойлгоно. Харин түр амьдрах зориулалттайгаар барьсан урц, майхан, түр амьдарч буй зуслангийн байр, зочид буудал, агуй, эмчилгээ, сувилгаа хийлгэж буй эмнэлэг, амралт сувиллын газар нь орон байранд хамаарахгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 1.021.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Төрбат нь 374.500 төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч ******** нь Самсунг брэндийн 50 инчийн зурагт, удирдлагын хамт буцаан олгож, 453.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 453.000 төгрөгийг хохирогч ********д олгож, шүүгдэгчээс 374.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Төрбатад олгохоор шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ********гийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч ********гийн өмгөөлөгч Д.Жамъяндагва зүгээс: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч ********гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/, эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 52-54 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/, ********гийн ******, ********гийн ****, ********гийн **** нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 78-80 дугаар тал/ зэрэгнотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч ********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** нь 2024 оны 2 дугаар сарын 20-ноос 2024 оны 2 дугаар сарын 29-нийг хүртэл 9 хоног цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********гийн хүүхдүүд болох 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төрсөн ******** овогт ********гийн **** /РД:********/, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ******** овогт ********гийн **** /РД:*******/, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн ******** овогт ********гийн **** /РД:*******/ нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********ийн ********г “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ********д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********гийн цагдан хоригдсон 9 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********гөөс 374.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *********-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ********гийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 453.000 төгрөгийг хохирогч ********д шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********гийн хүүхдүүд болох 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр төрсөн ******** овогт ********гийн **** /РД:*******/, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ******** овогт ********гийн **** /РД:******/, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн ******** овогт ********гийн **** /РД:*********/ нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч ********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС