Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 125/ШШ2020/0020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.А-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: А.А-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хорооны 2020 оны 9 сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж тус сумын Ардчилсан намын хорооноос албан ёсоор сумын сонгуулийн хороонд холбогдох материалыг хүргүүлсэн.

Гэтэл сумын сонгуулийн хорооны 2020 оны 9 сарын 10-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр намайг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт зааснаар нэр дэвшүүлэх боломжгүй талаар Ардчилсан намын хороонд мэдэгдэл хүргүүлсэн байсан. 

Миний бие Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн юм. Гэтэл сумын сонгуулийн хороо миний хорих ялгүйгээр тэнссэн хугацааг ял эдэлж байгаа хугацаа мэтээр ойлгож миний нэрийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд ялын төрлийг тодорхой зааж хуульчилсан байх ба хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь ял эдэлж байгаа хэлбэр биш юм.

Булган сумын сонгуулийн хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 тоот нэр дэвшүүлэхээс татгалзсан тогтоол гаргасан байсан ба уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Иймд Булган сумын Сонгуулийн хороо 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болгож, намайг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хороо шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дагуу намуудаас сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ирүүлсэн материалыг хүлээн авч нягтлан шалгаж үзэхэд нэр дэвшигч А.А нь Цагдаагийн Ерөнхий газрын иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолтод Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 66 дугаар шийтгэх тогтоолын дугаартай дууссан эсэх гэдэгт үгүй гэсэн байсан тул сум дундын шүүхээс шүүгчийн тогтоол гаргуулан авч хянаж үзэхэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 32 дугаар зүйлийн 32.1.2-д заасныг зөрчиж байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг сумын сонгуулийн хорооны гишүүд гаргасан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай 12 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолын үндэслэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д зааснаар ял эдэлж байгаа үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. А.А-ын хувьд 2018 оны 12 дугаар сард Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 66 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн. Хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь ялын төрөл биш. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, эрх хасах ял хэмээн 5 төрлийн ялыг хуульчилж өгсөн. Тиймээс сонгуулийн хороо хууль бусаар хүний сонгох, сонгогдох эрхийг боогдуулж байна.  Иймд Ховд аймгийн Булган сумын Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчийг бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь А.Ань Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хороонд холбогдуулан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчийг бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгах гэж тодруулсан.  

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай 14 дүгээр зүйлийн 14.10-д зааснаар сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байх тул мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэрэг хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүхээс хариуцагчийн тайлбар, шүүхэд хуралдаанд нэхэмжлэгч,түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хорооноос хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр А.А нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсаныг эс зөвшөөрч маргана. 

Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан байх тул мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр А.А нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч А.А нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан үндэслэлд хамаарах үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай 31 дүгээр зүйлийн 31.2-д нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийг дурдсаны дотор 31.2.8-д ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа авахаар заажээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн агуулгаас үзвэл А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэх хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-д Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гээд 5.2 дүгээр зүйлийн 1-д торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах гэсэн ялын 5 /таван/ төрлийг хуульчилжээ.

Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.”, 7.2 дугаар зүйлийн 1-д “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гээд 1.1-д үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ гэж  тус тус заажээ.

Эндээс дүгнэвэл шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч А.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байх тул тэнсэх, албадлагын арга хэмжээ үүнд хамаарахгүй гэж дүгнэлээ.

Цагдаагийн төв байгууллагын тодорхойлолтын тухайд тус мэдээллийн санд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял болон албадлагын арга хэмжээ бүртгэгдэх ба 2020 оны 09 сарын 05-ны өдрийн тодорхойлолтод Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор А.А-д авсан албадлагын арга хэмжээний хугацаа дуусаагүй болохыг тодорхойлсон байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай 31 дүгээр зүйлийн 31.7-д зааснаар сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагын туслалцаа, эрх бүхий этгээдээс лавлагаа авах боломжтой байтал нэр дэвшигчийн баримт бичигт буруу дүгнэлт хийснээс хууль хэрэглээний алдаа гаргаж, ял эдэлж байгаа гэдэг үндэслэлээр А.А нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь буруу болжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Анэр дэвшигчийг бүртгэхийг тус сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэв.  

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай 19 дүгээр зүйлийн 19.1-д, 39 дүгээр зүйлийн 39.1-д  зааснаар сумын сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргах ёстой.

Булган сумын сонгуулийн хорооноос А.А нэр дэвшигчийг  бүртгэхээс татгалзах мэдэгдлийг 2020 оны 09 сарын 10-ны өдөр сумын Ардчилсан намын хороонд хүргүүлж, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тогтоолыг 09 сарын 14-ний өдөр гаргасан байх бөгөөд хариуцагчаас хуралдаан хийсэн эсэх талаар баримтыг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

  Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 32 дугаар зүйлийн 32.1.2  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Булган сумын сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.А нэр дэвшигчийг бүртгэхийг тус сумын сонгуулийн хороонд даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭЛ