Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 768

 

 

 

 

 

 

 

2020            6             16                                            2020/ДШМ/768

 

 

Г.У, О.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шүүгдэгч О.Э,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүгдэгч О.Эийн өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.У, О.Э нарт холбогдох эрүүгийн 1905015121320 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хар бүргэд овгийн Оломбаярын О.Э, 1998 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, “Шонхор тас” ХХК-д харуул ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 2 дугаар гудамж, 11б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД: БИ98080318.

Башигт овгийн Ганцэцэгийн Г.У, 1997 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түмэн сант трейд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 4, ээж, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 4 дүгээр гудамж 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД: УП97100711.

            Шүүгдэгч О.Э, Г.У нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “БИГ” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн эзэмшдэг агуулахаас нийт 12.779.000 төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн бараа материалыг хулгайлан авсан,

2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “БИГ” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн эзэмшдэг агуулахаас нийт 605.000 төгрөгийн үнэ бүхий f-30 загварын хадагч хадаас 100 ширхэг, Т-50 загварын хадагч хадаас 120 ширхэгийг тус тус хулгайлан авахыг завдсан, бусдад нийт 13.384.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Э, Г.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харбүргэд овгийн Оломбаярын О.Эийг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Башигт овгийн Ганцэцэгийн Г.Уыг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар О.Эийг 3 жил, 6 сар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Уыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Эт оногдуулсан 3 жил 6 сарын, Г.Ут оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Э, Г.У нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э, Г.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эээс 9.639.500 төгрөг, Г.Уаас 1.639.500 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч “Таян сонор” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г. Г.У нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг илэрхийлсэн байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Хохирогч “Таян сонор хайрхан” ХХК-ийн үлдэх төлбөр болох 1.639.500 төгрөгийг ар гэрийн зүгээс төлсөн болно. Г.У нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, Г.Ут шүүхээс оногдуулсан байгаа 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ял шийтгэлийг нэг жилийн хугацаагаар багасгуулах, мөн төлбөрийг нөхөн төлсөн зэргээр шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх хэсгүүдэд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч О.Эийн өмгөөлөгч А.Нацагдорж тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч О.Э нь “Таян сонор хайрхан” ХХК-д ажиллаад 5 жил болж байхдаа энэ хэргийн үйлдлийг үйлдсэн байдаг.

О.Э нь тухайн байгууллагад ачигч хийдэг боловч хохирогч байгууллагын удирдлагаас түүнд аж ахуй эрхэлсэн нярав мэтээр агуулах савны түлхүүрийг өгч, бараа материалыг бусдад хүлээлгэн өгөх бололцоог олгосон байдаг. Байгууллагын дотоод зохион байгуулалт муу хараа хяналт сул байдал нь О.Эийг энэ хэргийг үйлдэх нөхцлийг бүрдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. О.Э нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад өөрийн үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн байдаг. Гэрч Болдбаатар мэдүүлэхдээ “тухайн өдөр О.Э складнаас өөр бараа гаргаж байхыг нь үзээд асуухдаа манайд өмнө нь ажиллаж байсан Г.Утай хамт бараа хулгайлж байсныг нь мэдсэн. О.Эээс энэ талаар асуухад би 10 орчим удаа хулгай хийсэн нь үнэн гээд Г.Уын хамт хулгай хийсэн тухай бичиг хийж өгсөн” гэх мэдүүлгээс үзэхэд О.Э нь хийсэн гэмт хэргээ эхнээсээ шударгаар хүлээн зөвшөөрдөг, хувийн байдлыг харгалзан 3.6 жил хорих ялыг хөнгөрүүлж өгөх гомдлыг гаргаж байна. О.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, аав ээж ах дүү нарын хамт амьдардаг. Ээж нь бусдын эмчилгээ асаргаанд байдаг.

Мөрдөн байцаалт болон прокурор шүүхийн шатанд төлбөр төлөх чадваргүй үүднээс төлбөрөө төлж чадаагүй өдий хүрсэн. Давж заалдах шатны шүүх хурлын өмнө хохирогч байгууллагатай төлбөр төлөхөө илэрхийлж хэлцэл хийх боломжийг хайж байгаа болно. Иймд О.Эт авсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч О.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй” гэв.

Шүүгдэгч Г.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна.” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын зүгээс хохирол төлбөр төлөх талаар завсарлага авч хохирлын асуудлыг шийдвэрлэхээр хандаж байсан. Тухайн үед шүүгдэгч Г.У 1.500.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч О.Э учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хохирогчоос хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэж хохирлыг бүрэн барагдуулахыг шаардсан тул шүүх үүнийг харгалзаж шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Г.Уын хувьд хохирол төлбөрөө төлсөн, О.Эийн хувьд хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлууд байна. Иймд шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

О.Э, Г.У нар нь үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан болох нь:

хохирогч Ч.Хаш-Эрдэнийн “...Камерын бичлэгийг шүүж үзэхэд хүмүүс бараа авахад гаргаж өгөхдөө илүү бараа гаргаж хулгайлж байгаа нь тогтоогдсон. О.Э нэг найзтайгаа хамт бараа хулгайлж байсан. Манай 2 дүү яагаад хулгай хийж байгаа юм бэ гэж асуухад юм дуугахаргүй байсан. О.Э нь би хулгайсан бараагаа төлнө, цагдаад битгий хэлээрэй гэж уйлсан байсан. Тэгээд манай дүү хулгайлсан зүйлүүдийг нь Г.У, О.Э нараар нь өөрсдөөр нь бичүүлсэн байсан. Юу, юу хулгайлсан талаараа өөрсдөө бичиж өгсөн байсан. ...Ингээд нийт дүн нь 13.626.500 төгрөг болж байна. ...” /хх 16/,

гэрч Ж.Болдбаатарын “...Би О.Эийн хулгай хийж байгаад баригддаг өдөр агуулахын доторх камерыг хараад сууж байтал О.Э оруулж өгөх бараанаас шал өөр бараа болох сликон, Т-50 гэх барилгын материалын сум гэх бараа зөөгөөд байсан. ...Би гараад очиход О.Э нь складны хажууд приус 10 маркийн автомашин тавьчихсан бараа ачиж байсан.  О.Эээс гадна өмнө нь манайд ирж хэсэг ажиллаж байсан Г.У, жолооч гурав байсан. ...О.Э би 10 гаруй удаагийн үйлдлээр бараа авсан. Танд бичиг хийж өгье гээд өөрөө машинд сууж байгаад гар бичмэл бичиж өгсөн. Г.У бас бичиж өгсөн байгаа. ...” /хх 26/,

гэрч Ч.Туяагийн “...Тэгээд сувилалаас ирж ажилдаа ирээд скаладандаа ирэхэд миний үлдээсэн хөөс, силкон, авто замаасаг, нэмэх, хасах гэрэл зэрэг бараа материалаас нэлээд их хэмжээгээр байхгүй болохоор нь би эргэж гараад камераа шүүж үзтэл манайд ажиллаж байсан О.Э складнаас бараа гаргаад зөөж байгаа нь бичигдсэн байсан болохоор нь захирал Хаш-Эрдэнэд мэдэгдэж складнаас бараа материалдаа тооллого хийсэн. ...” /хх 29/,

гэрч М.Олонбаярын “...Ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сард намайг Хаш-Эрдэнэ дуудаад О.Э хулгай хийсэн байна. 14 орчим сая төгрөгийн эд зүйлс хулгайлсан байна, үүнийг яах вэ гэхээр нь О.Эээс асуухад тиймээ би хулгай хийсэн үнэн, найз Г.Утайгаа хамт хулгай хийсэн гэсэн. ...” /хх 33/,

гэрч М.Тэмүүжингийн “...Тэр залуу машин дотор сууж байхад “БИГ” захаас нэг залуу хайрцагтай барилгын материал гаргаж ирсэн. 1 билүү, 2 хайрцагтай юм байсан. ... Дараа нь хэд хоногийн дараа Богд-Ар хороололд намайг дуудаад такси аваад “БИГ” зах руу мөн очсон. Хэсэг хүлээж байгаад нөгөө найз нь гарч ирээд 2-3 хайрцагтай зүйлүүд өгч байсан. Такси авсан залуу намайг ачилцаад өгөөч ахаа гэхээр нь би ачиж өгч байтал дэлгүүрийн эзэн бололтой нэг ах гарч ирээд надаас юу ачаад байгаан гэхээр нь би мэдэхгүй, таксинд явж байна гэж хэлсэн. Гэтэл тэр ах нөгөө нүдний шилтэй залуутай маргалдаад дотроос найз нь гарч ирээд тэр ах тэр 2 залууг загнаад байсан. ...” /хх 35/,

гэрч П.Дөлгөөний “...2019 оны эхээр гэж санаж байна. Г.У гэх залуу “барилга барьж байгаад илүү гарсан эмулсь, хөөс, цилкон гэх мэт бараанууд байна, та худалдаж авах уу” гэхээр нь тэгье гэж хэлээд худалдаж авсан. .../хх 143/,

гэрч Н.Пүрэвсүрэнгийн “...эгч нь хулгайн эд зүйл авахгүй гэсэн чинь санаа зоволтгүй, манай гэр бүлийнхэн Солонгос улсаас авчирдаг юм. Би өөрөө Солонгос улсад ажиллаж байгаа ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд худалдаж авсан. ...” /хх 144/,

гэрч Д.Пүрэвцолын “...Г.У гэх залуу №7 тоотын Баасанжав ахад 2019 оны 3 сар орчим солонгос хөөс зарж байсан ба намайг харж байхад 2-3 хайрцагийг зарж байсан. ...” /хх 146/,

шүүгдэгч Г.Уын “...Зарсан барааныхаа мөнгийг би ихэвчлэн О.Эийн ажил дээр аваачиж өгдөг байсан ба мөнгөө өгчихөөд өөрийнхөө ашгийг авдаг байсан. ...” /хх 20/,

шүүгдэгч О.Эийн “...бүгдэд нь Г.У надтай хамт явсан байсан. Би ганцаараа хулгайн гэмт хэрэг хийгээгүй. ...” /хх 21/ гэх мэдүүлгүүд,

хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 11/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3516 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 38-39/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 47-48, 194-195/, Г.Уын 5005543446 тоот ХААН банкны дансны хуулга /хх 111-132/, О.Эийн 5005728358 тоот ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 155-161/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүдээс яллагддаг.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах байдлаар илэрдэг.

Хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан тодорхойлохдоо хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж, төгсөж буй цаг хугацааг нарийн тогтоох, гэмт этгээдүүд гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдвол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэг.    

Шүүгдэгч нар үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, хохирогч “Таян сонор хайрхан” ХХК-ийн эзэмшдэг агуулахаас эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан, хулгайлсан болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч О.Э, Г.У нарыг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Э, Г.У нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Эийн өмгөөлөгч А.Нацагдоржийн “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч О.Эийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “БИГ” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн эзэмшдэг агуулахаас 11 төрлийн бараа материалыг хулгайлан авсан, 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “БИГ” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн эзэмшдэг агуулахаас нийт 605.000 төгрөгийн үнэ бүхий f-30 загварын хадагч хадаас 100 ширхэг, Т-50 загварын хадагч хадаас 120 ширхэгийг тус тус хулгайлан авахыг завдсан, бусдад нийт 13.384.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан байх тул давж заалдах шатны шүүхээс түүнд хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн хохирол, хор уршигт зэргээс гадна шударга ёсны зарчимд тохирохгүй.

Хэдийгээр шүүгдэгч О.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн үзэх боломжтой боловч нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршгийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Уын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ут анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь буруу болжээ.

 Гэмт хэргийг төгссөн болон төгсөөгүй шинжээр нь ялгаатай авч үзэх нь хэргийг зүйлчлэх, ял оногдуулах болон эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа тоолох, гэмт хэрэгт хамтран оролцогчдын асуудлыг шйдвэрлэх өршөөлийн хуулийг хэрхэн хэрэглэх зэрэгт харгалзан үзэх хууль зүйн ач холбогдолтой юм.

Шүүгдэгч Г.У, О.Э нарын гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн, нэг гэмт хэрэгт тооцогдох бөгөөд тэдний үйлдсэн өмнөх гэмт хэрэг төгссөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй юм.

 

Нөгөөтэйгүүр шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан тохиолдолд хууль зүйн хувьд  хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт ял оногдуулах ойлголтыг үүсгэж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар О.Эийг 3 жил, 6 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Уыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын “...Г.Ут оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. ...,” гэснийг “...Г.Ут оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Эийн өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан “...О.Эт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Г.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

 

         ШҮҮГЧ                                                                                       Б.АРИУНХИШИГ

           

                                                                                                                                    

          ШҮҮГЧ                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ