| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 105/2024/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/322 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | К.Чимэгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/322
2024 03 27 2024/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Түмэннаст, Э.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
иргэдийн төлөөлөгч Э.Ундармаа,
улсын яллагч К.Чимгээ,
хохирогч Б.У, түүний өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Гомбо, Б.Очбадар нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 2206 03420 2700 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой. ХХХ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.Б /регистрийн дугаар ХХ00000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн эхнэр К.Мг найз Б.Утай хардаж 2022 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 09 минутад Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо, ХХ хотхоны ХХ байр ХХ тоот Б.Уын гэрт очиж, Б.Уыг хаалга онгойлгож өгөх үед өөрийн авч очсон хутгаар түүний цээжин тус газар нь хутгалж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Би эхнэртэйгээ хамт караоке ажиллуулдаг. Манай эхнэр өдөр нь, би шөнө нь ажил дээрээ байдаг. Тухайн өдөр 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байсан би гэртээ амарч байсан. Эхнэр шөнө нь найз эмэгтэйтэйгээ хамт гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ нэлээн согтолтой байсан. Тэгээд би бага зэрэг уурлаад “чи маргааш хүүхдүүдээ эрт авна, ямар их оройтдог юм” гэж хэлээд маргалдсан. Бид хоёр маргалдсан болохоор би том өрөөнд унтах гээд хэвтсэн. Манай эхнэр намайг “унтлагын өрөөндөө унт” гэж дуудсан. Тэгэхдээ би очоогүй. Би бага зэрэг бухимдалтай байсан болохоор электрон тамхиа олохгүй байсан. Тэгсэн манай эхнэр “CU” гэх дэлгүүр орох гэж гэрээсээ гарсан. Дэлгүүр орох гэж гараад 20-30 минут болсон. Би орж ирэхгүй удаад байхаар нь залгасан залгах үед байрны хажуу талын CU-д байна одоо орлоо гэж хэлсэн. Тэгж хэлснээс нь хойш 10 минут хүлээгээд дахин залгахад утсаа авахгүй байсан. Би эхнэрээ утсаа авахгүй байхаар нь олон удаа залгасан утсаа ерөөсөө авахгүй байсан. Тэр үеэр Б.У над руу залгасан би утсаа аваагүй. Өмнө нь ярихад нэлээн согтуу танай ажил дээр байна гээд яриад байхаар нь утсаа аваагүй. Тэгээд унтах санаатай хэвтсэн боловч эхнэртэй санаа зовоод унтаж чадахгүй байсан. Тэгээд Б.Уыг залгаад байсан болохоор нь мөн архи уусан гэдгийн мэдэж байсан болохоор архи, дарс уусан үедээ очдог байр луу нь очсон. Би тэднийд очихдоо хэн нэгнийг гэмтээх санаатай очоогүй. Сэтгэл санаа муу байсан болохоор найзтайгаа ганц пиво хувааж уух бодолтой л очсон. Б.У хаалга тайлж өгсөн. Тухайн үед Б.У саарал өнгийн дотуур хувцастай, дээгүүрээ подволктой, тэдний том өрөөний хөшиг хаалттай, манай эхнэр буйдан дээр нь суусан дээгүүрээ цамцаа дөнгөж өмсөж байгаа бололтой сандарсан байдалтай байсан. Б.Утай сүүлийн 5 жил жаргал, зовлонгоо хуваалцан байгаа миний дотны найзуудын маань нэг. Би найзыгаа, эхнэртэй маань тийм нөхцөл байдалтай намайг угтана гэж бодоогүй, би үнэхээр нь гайхсан, эвгүй байдалд орсон. Тэгээд өөрийн эрхгүй гал тогооны ардаас хутга аваад хутгалсан. Би тэр үед үнэхээр шоконд орсон. Б.Уын биеэр цус гарах үед би өөрийгөө юу хийсэн талаар бодох сөхөөтэй болсон. Би хийсэн гэртээ маш их гэмшиж байна. Б.Уынхаа биед хүнд хохирол учруулсандаа үнэхээр их харамсаж байна. Би хүн хутгалсан үйлдлээ зөвтгөхгүй. Би бүх зүйлийг үнэн зөв шийдэж өгөөсэй гэж хүсэж байгаа...” гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Б.У мэдүүлэхдээ: “... 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М гэх найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Төрсөн өдрийн үргэлжлүүлээд Ц.Б гэх найзынхаа караокед М, Мөнх-Эрдэнийн хамт очиж нэг нэг класс виски уугаад жоохон юм ярьж уусан. Караокеноос 04 цаг өнгөрч байхад гараад Мыг яармагийн ойролцоо гэрт нь хүргэж өгөөд би Мөнх-Эрдэнийн хамт гэртээ ирсэн. Би 06 цагийн үед Ц.Бын эхнэр К.М руу залгасан. К.М руу залгах болсон шалтгаан нь Ц.Бын талаар ярих гэж залгасан. Манай гэр бүл Ц.Бын гэр бүлтэй дотно, сайхан найзууд нэгнийхээрээ орж, гарч хоноод явдаг нэгэндээ жаргал зовлонгоо хуваалцдаг сайн найзуудаа тийм учраас эхнэртэй нь Ц.Бын талаар ярилцах гэж дуудсан. Тэгээд К.Мг Х.М очиж авчирсан. К.М манайд ирээд удаагүй байхад нь би К.Мгийн гар утсаар Ц.Б руу залгаж “К.Мг манайд байна гэж хэлсэн” тэгсэн Ц.Б “яваад очъё” гэж хэлээд удаагүй ирсэн. К.М манайд орж ирээд 20-30 минут л болж байсан. Тэр үед хаалга тогшиж Ц.Б гаднаас орж ирсэн. Тэгээд би бэртсэн миний шортны карманд гар утас байсан болохоор дүү рүүгээ залгаад “ах нь хутгалуулчихлаа” гэж хэлээд би ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би сэхээнд 14 хоног хэвтсэн. Монголд 1 том хагалгаанд орсон. 2022 оны 8 дугаар сарын сүүлээр би тэргэнцэр дээр суудаг болсон. Тэгээд 2022 оны 09 дүгээр сараас шинжилгээ өгч Энэтхэг улс руу явахаар болж Энэтхэгт очиж 2 хагалгаанд орсон. Тухайн үед миний биеийн байдал, эрүүл мэнд их муу байсан. Тэр үед Ц.Бд их гомдож байсан. Одоо надад гомдол санал байхгүй. Би Энэтхэг улсаас 2022 оны 10 дугаар сарын сүүлээр ирээд Ц.Бтай уулзаж, ярилцаж учраа олсон. Миний эмчилгээний зардал болон хохирол, төлбөрийн тухайд нотариатаар баталгаажсан эмчилгээний бодит зардал нь 50.000.000 төгрөг үүн дээр Монголд хийсэн эмчилгээний зардал нэмэгдээд 66.691.000 төгрөг болсон. Үүнээс гадна ажил төрөлтэй холбоотой хохирол их учирсан. Миний гэрээ хийж ажиллах гэж байсан 3 ажил бүтэлгүйтсэн түүний хор уршгийг өнөөдрийг хүртэл би өр зээл аваад өөрөө төлөөд явж байгаа. Энэ талаар би Ц.Б өөрт нь мөн хэлж байсан. Эмчилгээ зардалтай холбоо 33.391.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байгаа...” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо, ХХ хотхоны ХХ байр ХХ тоотод 2022 оны 6 сарын 22-ны өглөө Б.Уыг цээжин тус газар хутгалж гэмтээн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон” гэх Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,
2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн “...2 дугаар орц 40-78 дугаар бүхий цагаан өнгийн хаалттай хаалгаар ороход зүүн гар талд хоёр ширхэг лифттэй, лифтэнд сууж 9 давхарт гарахад шал хэсгээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүүн гар тийш явж харахад 65 дугаар бүхий хүрэн өнгийн бүргэд хаалганы үүд орчимд улаан хүрэн өнгийн арчиж бохирдуулсан. Коридор хэсэгт хяналтын камер үгүй. Хаалгыг нээж дотогш ороход үүдний хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур, нойлын цаас зэрэг байлаа. 19 цагийн зүгт гал тогоо, том өрөө орох хэсэг байх бөгөөд шалан дээр гутал, пүүз, тавилга, цагаан өнгийн гал тогооны тек хэсэгт хар өнгийн гар утас, түлхүүр зэрэг эд зүйлстэй, нумарсан тавилга хэсэгт №1 гэж дугаарласан хутга байсан газрыг дэд ахлагч Гансүхээр заалгав. Гал тогооны тавилга дээр нь эд зүйл, ахуйн хэрэгсэл угаалгын машин, хөргөгч зэрэг эд зүйлтэй, 24 цагийн зүгт шалан дээр хувцас пивоны лааз цагаан өнгийн буйдан, цагаан саарал өнгийн дугуй ширээн дээр пивоны лааз зэрэг эд зүйлс, буйдан дээр гадуур хувцас эд зүйл, залгаа төхөөрөмж, цонх, зургийн хэрэгсэл, хар өнгийн зурагт, цагаан өнгийн суурь байна. Залгаа шалан дээр пүүз, хувцас, цүнх байна...” гэх тэмдэглэл, /01 дэх хавтаст хэргийн 06 дахь тал/
2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед найзынхаа төрсөн өдөр тэмдэглэж байгаад үүрээр 03-04 цагийн үед М, жолооч Х.М нарын хамт багшийн дээдийн урд талд байдаг найз О.Ц.Бын ажиллуулдаг караокед очиход түүний эхнэр К.М байсан. Ц.Б руу залгаад гар утсаа аваагүй. Тэр караокед ганц хундага архи уучхаад нэг их удаагүй гэртээ харихаар гарсан. Тэгээд Мыг яармагт хүргэж өгчхөөд Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороонд Энканто хотхонд байрлах гэртээ 05-06 цагийн үед харьсан. Энэ үед К.М "гэртээ орж чадахгүй байна, гар хүрдэг, нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай" гэх утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би хоёр найзыгаа эвлэрүүлэх зорилготой Ц.Б руу залгасан чинь утсаа аваагүй. К.М "гадаа байна" гэхээр нь Х.М явуулж манайд хүргэж ирэхэд 2 пиво авч ирсэн. Х.М К.Мг хүргэж өгчхөөд явсан. Бид нар найз, нөхдүүд учраас асуудлаа илэн далангүй ярьж хуваалцдаг учраас энэ хооронд К.Мтай ярилцахад манай нөхөр Ц.Б мөнгөний асуудалтай байгаа учраас намайг зоддог болсон, сүүлийн үед мөнгөний өрөнд орж машин тэргээ алдсан, гэр бүлийн харилцаа таарамжгүй байна. Намайг найз нь учраас хэлж ойлгуулаад өгөөч гэсэн зүйл яриад сууж байсан чинь хаалга тогшихоор нь онгойлгосон чинь Ц.Б шууд цээжинд нэг удаа хутгалсан чинь би сонин болж орцонд хана налаад унасан чинь цээжнээс цус гарч байсан. Тэгээд гэрийн хаалга онгорхой байсан учраас Ц.Б цаашаа явж ороод "чамаас болж би найзыгаа ингэчихлээ, гичий минь гэж эхнэртэйгээ хэрэлдэж байхыг сонссон. Тэгээд би утсаараа Х.Мд ах нь хутгалуулчихлаа гэж хэлсэн түүнээс хойш юу болсныг санахгүй байна, эмнэлэгт сэрсэн. Намайг яагаад хутгалсан шалтгааны би мэдэхгүй байна. Бид хоёрын дунд өр, авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Ц.Б бид нар сагс тоглодог учраас 4 жил найзалж бие биенийхээ гэр орноор орж гардаг, зовлон жаргалаа ярилцдаг дотно харилцаатай найз нөхөдүүд байсан. Ц.Быг орж ирэхэд К.М хувцастайгаа буйдан дээр сууж байсан, би гэртээ байсан шорт, пудволктай хаалга тайлсан чинь үгийн зөрүүгүй хутгалчхаад цаашаа яваад орсон. Би эрүүл мэндээрээ хохирсон учраас гомдолтой байна. Нэхэмжлэх зардал мөнгийг баримтаар гаргаж өгөх болно" гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрч К.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2022 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө нөхрийн хамт ажил дээрээ байж байтал нөхрийн найз О.У нь эрэгтэй найз болон жолоочийн хамт 3 хүн орж ирсэн. Үйлчлүүлж байгаад бид шөнийн 4 цагийн орчим хааж, О.У найз болон жолоочийн хамт гарч, би нөхрийн хамт гэртээ харьж амарсан. Гэтэл шөнө 5 цагийн орчимд О.У миний дугаар луу залгахад манай нөхөр уурлаж, надтай хардаж, бид хоорондоо маргалдсанаар би гэрээсээ 05:40 цагийн орчим гарч гэрийнхээ ойролцоо Си юү дэлгүүрт кофе авч уугаад байж байтал дахин О.У залгахад чамаас болж нөхөртэйгөө маргалдаж гэрийнхээ гадаа байж байна гэхэд жолооч явууллаа хэдэн пиво аваад манай гэрт хүрээд ир гэхээр нь зөвшөөрч, удалгүй жолооч нь ирж Си Юү дэлгүүрээс 6 ширхэг пиво /нэрийг нь санахгүй байна/ түүний гэр болох Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо ХХ хотхоны ХХ байр ХХ тоотод очиход О.У гэртээ ганцаараа байсан ба жолоочтой нь хамт гэрт нь орж, О.У бид хоёр пиво уугаад байж байтал манай нөхөр над руу залгахаар нь би утсаа авахгүй байсан. Гэтэл О.У руу манай нөхөр залгахад хүрээд ир гэж О.У хэлж байсан. Энэ үед жолооч нь гарч явсан байсан. Удалгүй манай нөхөр О.Угийн гэрийн хаалгыг тогшиж О.У хаалгаа онгойлгоход манай нөхөр "та хоёр юу хийж байгаа юм" гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ үед манай нөхөр ширээн дээрээс миний ууж байсан пиво авч над руу цацсан би доош хараад сууж байтал манай нөхөр цагдаа эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Би О.У дээр очоод хартал цээжин хэсэгт хутгалуулсан цус гарсан байдалтай байхаар нь би эмнэлэг болон цагдаа дуудсан. Манай нөхөр хардсаны улмаас түүнтэй маргалдаж эхэлсэн. О.У Ц.Б нар нь нэг багт сагс тоглодог бөгөөд 3 жилийн өмнө хоорондоо танилцаж байсан. Бид хэд гэр бүлийн найзууд надад О.Утай ойр дотно харилцаа огт байхгүй. Шөнө нөхрийн хамт гэртээ унтаж байхад над руу залгасны улмаас намайг түүнтэй хардсан. Үүдний хэсэг хаалттай байсан учир би сайн хараагүй, удаан маргалдаагүй нэг мэдэхэд л манай нөхөр эмнэлэг цагдаа дуудаарай гэж байсан. Ямар хутга хаанаас яаж аваад түүнийг хутгалсан талаар би мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Мөнх-Эрдэнийн өгсөн "... Б.У ах удаагүй К.М эгчийгээ аваад ир гэсний дагуу утас руу нь залгаж Замын цагдаагийн зүүн талын CU дэлгүүрээс очиж авахад Ц.Бтай хэрэлдэж гэрээсээ хөөгдсөн гэсэн байдалтай 6-7 ширхэг пиво барьсан гарч ирсэн. Тэгээд би К.М эгчийг тэднийд хүргэж өгчхөөд цүнх, цэнэглэгчээ аваад гарч Сансар орчхоод байрных нь гадаа машин дотор сууж байсан чинь 1 цаг орчим болсон байх, Б.У ах 07 цаг 11 минутад залгаж хутга шаалгачихлаа хурдлаарай гэж хэлсэн чинь цаана нь хүмүүс хэрэлдээд байсан тул шууд 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. ... Б.У ах гэрийнхээ босгыг тэгнэсэн байдалтай, цээжин хэсэг нь хаалганы гадна, хөл хэсэг нь гэр дотроо орсон байдалтай ойр орчимд нь цус болсон байсан.." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 9197 дугаартай дүгнэлтэд "... Б.Уын биед цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 3-4-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушгины дээд дэлбэн, баруун уушгины уг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун уушгины бүрэн уналт, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралт, цус алдалтын шок 3-р зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт, /01 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрч Г.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагийн үед найз Ц.Б өөрийнхөө 91119593 дугаараас залгаж хаана байгаа юм бэ гэсэн, гэртээ унтаж байна яасан бэ гэсэн чинь найз нь Б.Уыг хутгалчихлаа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрч Б.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 113 чиглэл дээр үүрэг гүйцэтгэж байхад өглөө үүрээр хутгалуулсан, цус алдаад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо, ХХ хотхоны ХХ байр ХХ тоотод очиход хаалга нь онгорхой, шал нь тэр хэсгээр битүү цус болсон байдалтай, үүдэнд цээжиндээ хутгалуулсан байдалтай хүнийг 103-ын эмч үзээд байж байсан ... К.М гэх хүнээс юу болсныг тодруулахад нөхрийнхөө найзын гэрт сууж байсан чинь манай нөхөр гаднаас орж ирээд шууд хутгалчихлаа гэж хэлсэн. ...хутгалсан гэх саатуулсан хүнээс юу болсныг тодруулахад би эхнэртэйгээ маргалдсан чинь гэрээс гараад явчихаар нь утасны байршил тогтоогчоор харсан чинь байршил нь найз буюу хохирогчийн гэрт байгаа нь зааж байсан тул яваад очсон чинь манай найзтай хамт пиво уугаад сууж байхаар нь би өөрөө уусан байсан учраас юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд уурандаа хутгалсан байсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал/,
2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо, ХХ хотхоны ХХ дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...үзлэгээр хохирогч Б.У 05:32 цагт гэртээ ирсэн, түүний дараа гэрч Н.К.М 06:22 цагт, 07:09 цагт Ц.Б, 07:30 цагт гэрч Э.Х.М, 07:34 цагт түргэн тусламжийн эмч тус тус ирсэн нөхцөл байдал тогтоогдсон болно...” гэх тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 155 дахь тал/,
2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би хохирогч Б.Уын төрсөн дүү нь бөгөөд байнга ахындаа очиж махыг нь эвдэж янзлах, зарим тохиолдолд хоол хүнсний зүйлийг янзалж хийж өгдөг учраас ямар хутга хэрэглэдэг эсэхийг мэднэ. Хэрэгт хураагдаж ирсэн хутгыг харлаа, ийм хар өнгийн иштэй, хар төмөртэй хутга ахынд байдаггүй, харин хар бариултай төмөр нь цагаан /никэл/ өнгөтэй хутганууд байдаг байсан. Хэргийн талаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн өглөө ахын эхнэр над руу утсаар залгаж "ах чинь хүнд хутгалуулсан, бие нь муу байна" яаралтай цэргийн эмнэлэгт очоорой гэж хэлэхээр нь эмнэлэг дээр ирэхэд хагалгаанд орсон байсан. Тэгээд ахыг миний танихгүй найз Ц.Б гэх хүн хутгалсан талаар мэдсэн ба тэр хоёрыг найзалдаг ямар харилцаатай талаар мэддэггүй байсан. ... Би хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ахын гэрт очиж мах эвдэж, шулж өгөхөд надад харуулсан, хэрэгт хураагдсан ийм хар өнгөтэй хутга байгаагүй. Ахын гэрт өмнө нь ч ийм өнгөтэй хутга байдаггүй байсан" гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 173-174 дахь тал/
2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний нэхэмжлэгч А.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй" гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан заалт хэрэгжихгүй байгаа явдалд дүүргийн Прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо, ХХ хотхоны ХХ-65 тоотод Б.Уыг Ц.Б нь 2022 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө зодож эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.У нь 2022 оны 07 дугаар сарын 22-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын хооронд Нийслэлийн түргэн тусламж, Цэргийн төв эмнэлэг, Анагаах Шинжлэх Ухаан Үндэсний их сургуулийн Монгол Япон сургалтын эмнэлгүүдээс тус тус тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээний 8.594.600 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176-180 дахь тал/,
2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрч М.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би тэр өдөр манай эхнэрийн төрсөн дүү К.М, Ц.Б хүн хутгалчихлаа гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллага дууд гэж хэлчхээд байгаа газрыг заалгаж очиход цагдаа, эмнэлэг ирсэн хохирогч явсан, Ц.Быг эхнэр К.Мг зөрөөд цагдаа авч явсан. Цагдаагийн байгууллагаас үзлэг хийхэд гэрч байх ёстой учраас хамт байлцах хүсэлт тавьсны дагуу хүлээж байгаад цагдаа нар гэрт нь орсон би үүднээс нь харахад ... ширээн дээр нь архи пивоны шил хөглөрсөн байдалтай харагдсан..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “1. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Тус бичлэгийг уншуулахад 1.МР4. 1-a.MP4, 2. MP4, 3. MP4, 4. MP4, 5. MP4, 6. MP4, 7. MP4, 8. МР4, гэсэн хаягтай 8 төрлийн бичлэг байна. Эхний 1.МР4 гэсэн бичлэгийг уншуулахад 2022.06.22-ны 04:05:58 цагт хар өнгийн тээврийн хэрэгсэл хашаа руу орж ирээд зогсоход цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн бууж ирснээр тус бичлэг дууссан. 1-а.МР4 бичлэгт 2022.06.22-ны 04:06:ХХ цагт тус зогсож байсан хар өнгийн тээврийн хэрэгслээс цагаан цамцтай эрэгтэй хүн 2 хүний хамт машинаас буугаад оров. 2. МР4 бичлэгт 2022.06.22-ны 04:07:45 цагт хохирогч Б.У хар өнгийн пудволк, өмдтэй, жолооч гэх Э.Х.М бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, хамт явсан хохирогчийн найз М нар орж ирээд текний хажууд зогсож байгаад гурвуулаа өрөөнд орсноор 04:10:20 цагт дууссан. 3. МР4 бичлэгт хохирогч Б.У, түүнтэй хамт явсан М, Э.Х.М гурав эрэгтэй зөөгчийн хамт өрөөнд орсноор дууссан. 4. МР4 бичлэгт 04:47:13 цагт хохирогч Б.У цагаан өнгийн пудволктой эмэгтэй хүний хажууд нэлээн согтсон байдалтай сууж байхад К.М текны ард орж ирээд гар утсаа цэнэглэхэд тус газрын зөөгч эрэгтэй орж ирснээр тус бичлэг 04:49:11 цагт дуссан. 5. МР4 бичлэгт 2022.06.22-ны өдөр 04:49:18 цагт хохирогч Б.У текэн дээр эмэгтэй хүний хажууд суусан юм ярьж байна, текны ард К.М зогссон байдалтай тэр гурав юм ярьж байхад хохирогчтой хамт явж байсан М хохирогчийн хажууд суув. 04:55:23 цагт Д.Д текны ард К.Мгийн шивнэж хохирогч болон М хоёртой уулзав. Хохирогч чихэнд Б.У текны хойд талаар орж 04:56:21 цагт К.Маг гадуурх хувцсаа өмсөх үед бэлхүүсээр нь тэврэхэд дургүйцэж холдуулав. 04:56 цагт М хохирогчийг татаж цааш нь авч явахад шатан дээр зогсож байгаад буцаж текен дээр К.Матай юм ярих үед М түүнийг авч явахаар татахад явахгүй гэж эсэргүүцэж байв. К.Ма нар 04:58 гарахад хойноос нь хохирогч гарснаар тус бичлэг дууссан. /зураг-1/ 06 5, 6, 7 МР4 бичлэгүүд өмнө бичлэгтэй давхардсан байсныг тэмдэглэв. 8. МР4 бичлэгт 05:00 цагт хохирогч хамт явсан 2 хүний хамт машиндаа суугаад хашаанаас гараад баруун эргэж зогссон, түүний хойноос К.М хар өнгийн дунд оврын жийп машинтай гарч зүүн эргэхэд түүний араас хохирогчийн машин буцаж эргээд явсныг тэмдэглэж”... гэх тэмдэглэл, /02 дахь хавтаст хэргийн 71-76 дахь тал/
Хохирогч Б.У, гэрч К.М нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, /02 дахь хавтаст хэргийн 118-120 дахь тал/
2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэрч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2022 оны 06 дугаар сарын 22-ны өглөө Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо, ХХ хотхоны ХХ дугаар байрны тоотыг нь санахгүй байна, хутгалуулсан хүн цус алдаад байна гэх дуудлагад очихдоо цахилгаан шатаар очиход гэрийн хаалга нь онгорхой, гадаа коридорт хутгалуулсан хүн хэвтэж байсан. Тэр орчмын шал нь цус болсныг дутуу арчсан байдалтай хажууд нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байснаас эмэгтэй нь сандарсан байдалтай нэг их тодорхой зүйл хэлэхгүй байсан. Тэгээд би тэр хоёроос юу болсныг асуухад тодорхой зүйл хэлэхгүй, энэ хүн ийм болчихлоо гэж хэлсэн. Би доошоо харсан хэвтэж байсан хүнийг үзэж, дээш нь харуулахад цээжин тус газраа хутгалуулсан, нэлээн их хэмжээний цус алдсан учраас даралт нь унасан, арьс нь цайрсан шокийн хөнгөн зэргийн байдалтай байсан.... тэр үед хохирогчийн бие муу байсан тул хэнд яагаад хутгалуулсан, ямар зүйл болсон талаар тодорхой зүйл хэлээгүй... " гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 122 дахь тал/
2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...К.М бид 2 тэдний караоке pyy буцаад ороход Ц.Бын найз өндөр нуруутай, шардуу царайтай залуу нэлээн согтуу хажууд нь 2 эрэгтэй найз нь байсан ба саравчтай малгай өмссөн нөгөө хоёроо бодвол насаар арай залуу нь эрүүл байх шиг байсан. Тэгсэн чинь нөгөө Ц.Бын найз гэх залуу К.Мг үйлчлүүлж байсан караокены өрөө рүү тараад оруулчихаар нь хэсэг харж хүлээж байгаад хойноос явж ороход К.М буйдангийн хажууд ганцаараа зогсож байхаар нь гарнаас нь татаад аваад гарсан. Тэгээд К.М текнийхээ араар ороод ажлаа хийсэн ба би текний урд талын сандал дээр сууж байхад нөгөө залуу хажууд ирж зогсоочхоод хамт сууя гээд татаж чангаагаад байхаар нь би нүүр өгөхгүй цааш нь түлхээд холдуулсан. Хамт явсан 2 найз нь явъя гээд байхад явахгүй миний 2 талд гараад хоргоогоод би текний ард ороод К.Мд миний машин гадаа байгаа юм чинь хоёулаа дуудлагын жолооч дуудаад явъя гээд дуудлага дуудчихаад жолооч ирсэн гэхээр нь бид хоёр нөгөө залуугаас бараг л зугтаах шахам машиндаа суухад үүр цайж байсан ба шууд К.Мгийн гэрт оны очсон. Тухайн үед Ц.Б гэртээ байсан бөгөөд К.М намайг хүүхдийн өрөөнд ороод унтчих гэхээр нь хүүхдийн өрөөнд нь ороод унтсан. Тэгээд 10-11 цагийн хооронд сэрэхэд Ц.Б К.М хоёр байхгүй байсан ба К.М руу хэд хэдэн удаа залгасан ба хэсэг хугацааны дараа К.М гар утсаа аваад цагдаа дээр байна хаалга хаагаад явчих гэсэн юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 77-78 дахь тал/
Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /02 дахь хавтаст хэргийн 125-128 дахь тал/
Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, аж ахуйн нэгж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /02 дахь хавтаст хэргийн 129-134 дэх тал/
Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хоёр хутгыг харьцуулж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /02 дахь хавтаст хэргийн 135-139 дэх тал/
Хохирогч Т.Б.Уын мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд, /01 дэх хавтаст хэргийн 94-140 дэх тал, 01 дэх хавтаст хэргийн 188-02 дахь хавтаст хэргийн 33 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийлээ.
2022 оны 06 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө шүүгдэгч Ц.Б нь эхнэр К.Мг бусадтай хардаж, маргалдаж таарамжгүй харилцаа үүсгэсэн нь уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон болох нь
Гэрч О.К.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... бид шөнийн 4 цагийн орчим караокегоо хааж, О.У найз болон жолоочийн хамт гарч, би нөхрийн хамт гэртээ харьж амарсан. Гэтэл шөнө 5 цагийн орчимд О.У миний дугаар луу залгахад манай нөхөр уурлаж, надтай хардаж, бид хоорондоо маргалдсанаар би гэрээсээ 05:40 цагийн орчим гарсан... О.У бид хоёр пиво уугаад байж байтал манай нөхөр над руу залгахаар нь би утсаа авахгүй байсан. Гэтэл О.У руу манай нөхөр залгахад хүрээд ир гэж О.У хэлж байсан. Энэ үед жолооч нь гарч явсан байсан. Удалгүй манай нөхөр О.Угийн гэрийн хаалгыг тогшиж О.У хаалгаа онгойлгоход манай нөхөр "та хоёр юу хийж байгаа юм" гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ үед манай нөхөр ширээн дээрээс миний ууж байсан пиво авч над руу цацсан би доош хараад сууж байтал манай нөхөр цагдаа эмнэлэг дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Б.У ах К.М эгчийгээ аваад ир гэхээр нь К.М эгчийг СU дэлгүүрээс очиж авахад Ц.Бтай хэрэлдэж гэрээсээ хөөгдсөн гээд 6-7 пиво барьсан гарч ирсэн...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... хутгалсан гэх саатуулсан хүнээс юу болсныг тодруулахад би эхнэртэйгээ маргалдсан чинь гэрээс гараад явчихаар нь утасны байршил тогтоогчоор харсан байршил нь манай найз буюу хохирогчийн гэрт байгаа нь зааж байсан...гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал/, зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, үйлдэгдсэн газар, Ц.Б нь хохирогч Б.Уын цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл уруулсан үйлдэл зэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талууд маргаагүй болно.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бын үйлдлийг “Хүнийг санаатай алахыг завдсан”, “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний алах үйлдэл хийсэн”, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийн алийг нь үйлдсэн болохыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагч, өмгөөлөгч талууд мэтгэлцэж оролцов.
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн талуудын мэтгэлцээн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Уыг цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг “Хүнийг алахыг завдсан” гэмт үйлдэл гэж зүйлчилсэн улсын яллагчийн зүйлчлэл үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч Б.Уын “... К.М манайд ирээд удаагүй байхад К.Мгийн гар утсаар би Ц.Б руу залгаж К.Мг манайд байна гэж хэлсэн. Гэтэл Ц.Б удаагүй ирсэн. Ц.Б хаалга тогшихоор нь онгойлгосон чинь Ц.Б шууд цээжинд нэг удаа хутгалсан би сонин болж орцонд хана налаад унасан чинь цээжнээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... хүн хутгалуулсан цус алдаад байна гэх дуудлагад очихдоо цахилгаан шатаар очиход гэрийн хаалга нь онгорхой, гадаа коридорт хутгалуулсан хүн хэвтэж байсан, ойр орчмын шал нь цус болсныг дутуу арчсан байдалтай, хажууд нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/,
Гэрч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Б.У ах гэрийнхээ босгыг тэгнэсэн байдалтай, цээжин хэсэг нь хаалганы гадна, хөл хэсэг нь гэр дотроо орсон байдалтай ойр орчимд нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тэмдэглэж бэхжүүлэхэд “Б.Уын гэрийн хаалганы үүдний дотор хэсгээс хаалганы босго, хаалганы гадна коридорт урссан цусыг цэвэрлэсэн байдал, түүний хамарсан хэмжээ”, /01 дэх хавтаст хэргийн 6-7, 9 дэх тал/
Мөн хэргийн газраас 27.5 см урттай, ажлын хэсэг нь 16 см, хойд талын өргөн нь 45 мм, дунд өргөн нь 41 мм, үзүүрийн өргөн нь 31 мм ажлын хэсгийн үзүүр нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бариул нь 11.5 см урттай, ажлын хэсэг болон бариул нь хар өнгөтэй 1 ширхэг хутгыг хурааж авч, шинжилгээнд хүргүүл, шинжээчийн дүгнэлт гаргуулж, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөн шалгах ажиллагаа, /хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 6-7, 10-11 дэх тал, цус илэрснийг тогтоосон шинжээчийн дүгнэлт 44 дэх тал, хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол 154 дэх тал/
Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... би Б.Уын төрсөн дүү нь, ... хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ахын гэрт очиж мах эвдэж, шулж өгөхөд хэрэгт хураагдсан энэ хутга байгаагүй. Ахын гэрт нь ийм өнгөтэй хутга байдаггүй. Би ахын очиж байнга хүнсний зүйлийг нь бэлдэж өгдөг учраас ахын гэрт нь ямар хутга хэрэглэдэг гэдгийг нь мэднэ. Ахын гэрт нь хар бариултай, никель өнгөтэй хутганууд байдаг...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 173-174 дэх тал/
Хохирогч Б.Уын гэртээ хэрэглэж байсан гэх хутгануудад үзлэг хийж, мэдүүлэг шалгахад “Иш нь хар өнгөтэй, ажлын хэсэг нь никель өнгөтэй 5 ширхэг хутга, заазуур” байсныг бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, /02 дахь хавтаст хэргийн 125-128 дахь тал/,
Шүүгдэгч Ц.Бын ажиллуулж байсан караокед хэрэглэж байсан хутгануудад үзлэг хийхэд хэргийн газрын үзлэгээр хурааж, бэхжүүлж авсан хутгатай өнгө /ажлын хэсэг болон бариул нь хар өнгөтэй/, хэмжээ, хэлбэр бүтцээрээ ижил төстэй хутга байсныг, харьцуулж бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /02 дахь хавтаст хэргийн 135-136 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан 9197 дугаартай дүгнэлтэд "... Б.Уын биед цээжний баруун талд эгэмний дунд шугамаар 3-4-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрч баруун уушгины дээд дэлбэн, баруун уушгины уг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун уушгины бүрэн уналт, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралт, цус алдалтын шок 3-р зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар
шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хутгыг хохирогч Б.Уыг эхнэртэйгээ хардаж, хохирогчийг хутгалах зорилгоор гаднаас авч очсон, Ц.Б нь Б.Уыг гэрийнхээ хаалгыг онгойлгосон даруйд нь цээжин тус газар нь нэг удаа хутгалж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж гэмтээсэн, хохирогч нь цээжиндээ хутгалуулж гэмтэл авсны улмаас тэр даруйдаа гэрийнхээ гадна хаалгыг тэгнэж унаж цус алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь хутгаар хүний эрүүл мэнд, амь насыг нь хохироох бүрэн боломжтой, аюултай гэдгийг мэдсээр байж, хутгаар бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл хийхийн тулд гаднаас хутга авч очиж, ашиглан хохирогчийн эсрэг амь насанд нь аюултай шууд чиглэсэн санаатай үйлдэл хийж, үйлдлээ төгсгөсөн бөгөөд хохирогч нь бусдад хутгалуулсан даруйдаа гэрч Э.Х.Мд халаасандаа байсан гар утсаар бусдад хутгалуулсан талаараа хэлж, гэрч эмнэлгийн яаралтай тусламж дуудаж, хохирогч нь эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авснаар амь нас нь аврагдсан нөхцөл байдал бий болсон. Хохирогчийн амь нас эрсдээгүй нь Ц.Бын үйлдэл, хүсэл зоригоос үл хамраасан ба түүний үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан амь насанд аюултай хүнд гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах учруулах гэмт хэрэг нь хүнд гэмтэл, хохирол учруулснаар төгссөнд тооцогддог бөгөөд хүнийг алах санаа зорилгоор халдсан боловч амь насанд хохирол учраагүй тохиолдолд хүнийг алах гэмт хэргийн завдалт гэж зүйлчлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь эхнэр К.Мг найз Б.Уынд байгааг урьдчилан мэдээд гэрээсээ гараад тодорхой цаг хугацааг өнгөрүүлсний дараа Б.Уынд очсон, Ц.Быг Б.Уынд ороход нь К.М, Б.У нар нь ямар нэгэн эр, эмийн дотно харилцааны шинжтэй үйлдэл хийсэн болох, ийм нөхцөл байдал үүссэн болохыг Ц.Б гэнэт харсан, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан болох нь хохирогч Б.У, гэрч К.М нарын мэдүүлгүүдээр болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл Ц.Б болон түүний гэр бүлийн гишүүн ойр дотно хүн нь бусдад хүчээр дарлагдсан, доромжлогдсон, хүчирхийлэл, заналхийлэлд өртсөн бусдын хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч бусдын амь насыг хохироох аюултай үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй.
Харин шүүгдэгч нь шөнийн цагаар маргалдаж гэрээсээ гарч явсан эхнэр нь найзынд нь байгааг мэдээд тухайн хоёр хүнийг хардаж, тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох үйлдэл хийхийн тулд хутга авч, хохирогчийн гэрт очиж, тухайн нөхцөл байдлыг харах, ойлгох, ухамсарлаж, нөхцөл байдалд бодит дүгнэлт хийхгүй, хийхийг хүсэхгүйгээр уурын мунхагаар асуудалд хандсаныг сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх хууль зүйн ойлголтод хамааруулж дүгнэх боломжгүй юм.
Иймд шүүгдэгч Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алахыг завдсан” гэж зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон, энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нь хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний талаар улсын яллагч, өмгөөлөгч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хууль хэрэглээний мэтгэлцээнийг шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлагатай хольж дүгнэх боломжгүй бөгөөд шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд хутга хэрэглэж амь насанд нь аюултай гэмтэл учруулсан үйлдэл хийснээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч удаа дараа мэдүүлсэн тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн үйлдлийн хор уршиг, аюулыг ухамсарлаж ойлгосон гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нар шүүгдэгч Ц.Быг “Гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Б.У нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд 164.763.411 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Б нь гэм бурууг хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдаанаас завсарлага авч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 8.594.600 төгрөгийн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ут 33.500.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан болно.
Хохирогч Б.У нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ болон түүнтэй холбогдох төлбөрт, өөрийн эрхэлж байсан ажлын алдагдал зардал буюу гэрээ цуцлагдсан, оффис түрээс, ашиглалт, хангамжийн зардал, цалин, нийгмийн даатгал нийт 148.129.552 төгрөг, Энэтхэг улсад эмчилгээ хийлгэсэн төлбөрт 44.418.292 төгрөг, өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, баталгаат орчуулгын төлбөр 770.000 төгрөг, баримт бичиг нотариатаар батлуулсан төлбөр 69.500 төгрөг нийт 164.763.411 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан ба хохирогч Энэтхэг улсад эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан эсэх, ямар эмчилгээ хийлгэсэн, зайлшгүй шаардлагатай Монгол улсад эмчилгээ хийлгэх боломжгүй байсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд эмчилгээний зардлын баримт рупигээр тооцсон ба хэзээний ямар ханшаар тогтоосон нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэл болон нэхэмжлэлтэй холбоотой орчуулга, нотариатын зардлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч өөрийн эрхэлж байсан ажлын алдагдал зардал гэх гэрээ цуцлагдсан, оффис түрээс, ашиглалт, хангамжийн зардал, цалин, нийгмийн даатгал гэх зардлууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй хамааралтай, шалтгаант холбоотой эсэх, өөр бусад шалтгаан нөхцөл байсан эсэх нь тодорхой бус байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад эрүүл мэндэд учирсан хохирлыг 13.424.617 төгрөг байх бөгөөд шүүгдэгч нь 33.500.000 төгрөгийг өгсөн байх тул хохирол төлбөрийг төлөгдсөн байна гэж үзэж, бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийг цагдан хоригдсон 7 хоногийг эдлүүлэх ялд оруулан тооцуулах саналтай, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргуулах, 1 ширхэг хутгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” санал, дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзсэн. Завдалтын шинжтэй гэмт хэргийг төгссөн хэргээс ялган зүйлчлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт завдсан үйлдлийн шинж нь ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангийн ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгч нь хүн алхаар завдсан гэх үндэслэлд арай хүнд хэлбэрийн ялын санал байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ялын доод хэмжээ болох 6 сарын хугацгаагаар хорих ял оногдуулж өгнө үү ...” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Мөн шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн”, 1.6-д заасан “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, гэм буруу, үйлдэлдээ гэмшиж буй шүүгдэгчийн хандлага, шүүгдэгчийн нас, ажил мэргэжил, гэр бүлийн байдал гэх мэт болон бусад хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч буй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бын урьд энэ хэрэгт цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б гэм хэргийн улмаас учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 8.594.600 төгрөг, хохирогч Б.Ут 33.500.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Ут нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан сэтгэл санааны болон бусад хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардал, хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
ШҮҮГЧ Э.ЭНХТҮВШИН