Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/00917

 

 

 

2021 оны 04 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2021/00917 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхон, 0 дугаар байр, 000 тоотод оршин суух, С овогтой Б.О /РД:ЧЛ00000000/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Шинэ мянганы барилга, 0 давхар, өөрийн байранд байрлах, Ж С А М ХХК /РД:0000000/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ц хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н Б.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.О миний бие Ж С А М ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлтийн төслийн 6В төсөлд Зардлын ахлах хянагчаар ажилд орсон. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тус компанийн Гүнийн уурхайн материалыг гарган нийлүүлэх системийн угсралтын ЗА төсөлд мөн Зардлын ахлах хянагчаар шилжин ажиллаж байсан болно. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, удирдлагаас өгсөн чиг үүргийг зохих ёсоор чанартай гүйцэтгэн ажиллаж байсан бөгөөд улирлын ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр тогтмол 100 хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдэж байсан. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр компанийн хүний нөөцийн мэргэжилтнээс "....компани сул зогсолт зарлаж байгаа учраас та одоогоор гэртээ харьж бай.. гэж хэлсэн. Үүний дараа миний цахим шуудангийн хаягаар 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Компанийн гүйцэтгэх захирлын Сул зогсолт зарлах тухай албан мэдэгдлийг ирүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг ажил олгогч өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа ажилчдыг хүлээн авч уулзсан уулзалтад би оролцоогүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдөр надад өгсөн. Ажил олгогч миний ажлын байрны орон тоо хасагдсан гэж намайг ажлаас халсан боловч миний ажлын байр хасагдаагүй. Миний ажлыг Б гэх хүн хийж байгаа. Нөгөөтээгүүр 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн GCR-0-20-B/000 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 37.18, 38.1.2 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан гэж мэдэгдэлдээ дурдсан боловч тушаалдаа зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орсон гэж дурдсан байх бөгөөд орон тоо хассан, цөөрүүлсэн аль нь болох нь тодорхойгүй байна. Мөн түүнчлэн Б.О миний бие Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд дурдагдсан Босоо ам 3 болон босоо ам 4-ийн нэвтрэлт төслийн зохион байгуулалт, бүтцэд орж ажиллаагүй бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Гүнийн уурхайн материалыг гарган нийлүүлэх системийн угсралтын төсөлд ЗА төсөлд шилжин ажиллаж байсан ба тухайн төсөл өнөөдрийн байдлаар хэвийн үргэлжилж байгаа, миний ажлын байр байхгүй болсон гэж үзэхгүй байна. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр хууль зүйн үндэсгүй тул Зардлын ахлах хянагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна ... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ... Хариуцагч компани нь Оюун толгой компанийн далд уурхайн бүтцийн батлалтын төслийн ажил дээр туслан гүйцэтгэгчээр ажилдаг. Б.О нь хариуцагч компанид 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл зардлын ахлагч хянагчаар ажилласан. Энэ хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сараас ажлаас халагдах хүртэл ажлын байранд тодорхойлолт чиг үүрэгт огт өөрчлөлт ороогүй, ахлах хянагч гэдэг нь тухайн төслийн төсөв зардал, зарцуулалтыг удирдаж төсөв зардалд дүн шинжилгээ хийж, хяналт тавьдаг. Манай компани үйл ажиллагаа явуулж, барилгын ажлыг хийгээд явж байх үед дэлхийг хамарсан ковид-19 цар тахал гарсан. Хэдийгээр манай улсад орж ирээгүй байсан боловч үүнтэй холбоотой хөл хорио, арга хэмжээнүүдийг засгийн газар авч хэрэгжүүлсэнтэй холбоотой манай ажил удааширч, цаашид үргэлжлүүлж гэрээнийхээ үүргийг биелүүлэх боломжгүй болсон. Төслийн талбай дээр ажиллаж байсан ажилчид 28 хоног ажиллаж 14 хоног амардаг. Гадаадын болон монгол ажилтан ч бай төслийн талбай дээр очиж ажиллаад гэр рүүгээ явдаг. Цар тахал гарсантай холбогдуулан хятад улс хилээ хааснаас явах боломжгүй болсон. Олон улсын нислэг хийгдэхгүй болохоор манай ажилчид хятад, солонгос хоёр улсаар дамжиж ирдэг. Ингэж ирэхээр маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, ээлж солигдохгүй болохоор ажилчид ядарч, аюулгүй ажиллагаа хэвийн бус болж 2 сарын эхээр манай ажилд хүндрэл учирсан. Хятадын үйлдвэрлэлийн бүтцэд цар тахал гарсан учир манай төслийн хэрэгжүүлж байгаа компани нь бараа материал үйлдвэрлэгдэхээ больж уг 2 нөхцөлийн улмаас хугацаандаа ажлаа хийж чадахгүй болсон. Манайх гүйцэтгэлээрээ гэрээний дагуу ажлын хөлсөө авдаг, мөнгө нь орж ирэхгүй хүндрэл үүсч, төсөл зогссон улмаас ажилчдаа эхний ээлжид сул зогсолтод оруулж хүлээж байсан боловч нөхцөл байдал дээрдээгүй. Бүтээн байгуулалтын төсөл өндөр цалинтай учир цалингийн зардал өндөр болж компани өөрөө дампуурахад хүрэх гэж байсан учраас эхний ээлжид 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр цөөхөн ажилчдыг халсан. Нөхцөл байдал хэвээр байсан учир 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр нэмж ажилчдаа халсан нийт 500 гаруй ажилчдыг ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр компанид санхүүгийн асуудал хүндрэлтэй байсан ч бүх ажилчдаа 45 хоногийн өмнө мэдэгдэж, тэтгэмжийг зохих ёсоор өгсөн. Б.О төсөв гаргадаг, хэрэгжсэн төслийнхөө зардлыг хянаж тайлангаа тайлагнадаг учир тэр асуудал нь багасаж ирсэн. Анх 2019 оны 12 дугаар сарын байдлаар зардлын ахлах хянагчаар 3 ажилтантай явж байгаад ажил зогсоод эхлэхээр 3 сард зардлын ахлах хянагч ажилтнаа 2 болгож, 4 сард ахиж багасгаад зардлын ахлах хянагчийг 1 болгосон. Нэхэмжлэгчийн хувьд өөрийнхөн оронд өөр хүн авсан гэж ярьж байгаа боловч ийм зүйл байхгүй. Манайх 1140 гаруй ажилчтай байж байгаад 600 гаруй ажилтантай болсон. Төсөл хэрэгжихгүй, хэрэгжүүлж байгаа төсөл байхгүй учраас олон зардлын ахлах хянагч байх шаардлагагүй болсон. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох мэдэгдлийг хүлээн авсан, уг мэдэгдлийг компани мэдэгдсэн. Мөн гэрээ дуусгавар болох мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад явсан. Одоо үндэслэлгүй халагдсан гэж ярьж байна. Нөхцөл байдал нь тодорхой бодит шалтгааны улмаас хийгдсэн арга хэмжээ. Тушаал тогтоолыг эрх бүхий этгээдээс гаргасан, ТУЗ-аас бүтцийг баталдаг гэвч тухайн үед ойр ойрхон шийдвэрлэх шаардлагатай учир хариуцаж ажилласан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ж С А М ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухай 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлийг өгөөгүй, мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн, хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа нийт ажилчидтай уулзсан уулзалтад би оролцоогүй, орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан гэж ажил олгогч тайлбарлаж байгаа боловч хасагдсан, цөөрүүлсэн аль болох тодорхойгүй байна. Миний ажлын байр хадгалагдаад өөр хүн гүйцэтгэж байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь Ковид цар тахлын улмаас төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл гарсан тул компани бүтэц зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулсан. Зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоог цөөрүүлсэн. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг 3 ажилтан гүйцэтгэж байсан бол одоо 1 ажилтан гүйцэтгэж байгаа, ажил олгогч орон тоо хасаагүй, орон тоог цөөрүүлсэн, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2020 оны 3 сарын 25-ны өдөр өгсөн, хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа нийт ажилчидтай уулзсан уулзалтад нэхэмжлэгч Б.О ирээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурж, хүлээж авсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг ажил олгогч хуульд заасан хугацаанд мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэгч Б.О-ийг Ж С А М ХХК-ийн Зардлын ахлах хянагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.

Ж С А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай GCR-0-20-Б/000 тоот тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Ж С А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн GCR-0-20-А/000 тоот тушаалыг үндэслэн Оюутолгойн далд уурхайн Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлт төслийн зохион байгуулалт орон тоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Зардлын ахлах хянагч албан тушаалтай Б овогтой О-тэй 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн GCR-0-20-Б/000 тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Б.О нь Ж С А М ХХК-ийн Зардлын ахлах хянагчаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс төслийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-9, 45-46 хуудас/

Зохигч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.

Ж С А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай GCR-0-20-Б/000 тоот тушаалаар

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил ажил олгогчийн санаачилгаар цуцалсан , 38 дугаар зүйлийн 38.1.2 ажил олгогч санаачилсан, 40 дүгээр зүйлийн 40.1.1 аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх заалтууд болон Ж С А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Компанийн зохион байгуулалт бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн GCR-0-20-А/000 тоот тушаалыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Нэхэмжлэгч нь миний ажлын байрны орон тоо хасагдаагүй, мөн ажлаас халах хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж зааснаар ажил олгогч мэдэгдээгүй, мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн гэжээ

Ж С А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн GCR-0-19-А/000 тоот тушаалын 1-т Компанийн зарим хэлтэс, нэгжийн дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Компанийн Оюу толгойн далд уурхайн төслийн бүтэц, зохион байгуулалтыг Хавсралтаар шинэчлэн баталжээ. /х.х-ийн 93 хуудас/

Уг GCR-0-19-А/000 тоот тушаалын хавсралтаар ... Зардлын ахлах хянагч -3, /Экспат-1/... орон тоотойгоор баталсан байна. /х.х-ийн 102 хуудас/

Ж С А М ХХК-ийн гүйцэтгэх захирлын Компанийн зохион байгуулалт бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн GCR-0-20-А/000 тоот тушаалын 1-т Компанийн Оюу толгойн далд уурхайн төслүүдийн үйл ажиллагаа, ажлын цар хүрээ багассантай холбогдуулан компанийн үндсэн үйл ажиллагааг зөв, оновчтой хуваарилах үүднээс төслүүдийн бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт оруулахаар, 2-т ... Оюу толгойн далд уурхайн Босоо ам 3 болон Босоо ам 4-ийн нэвтрэлт төслийн бүтэц, зохион байгуулалт болон Оюу толгойн далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн нэгдүгээр шатны барилга угсралтын төслийн бүтэц, зохион байгуулалтыг Хавсралтаар шинэчлэн баталжээ. /х.х-ийн 108 хуудас/

Уг GCR-0-20-А/000 тоот тушаалын хавсралтаар ... Зардлын ахлах хянагч -2, /экспат(гадаадаас ажиллах)-1/... орон тоотойгоор баталсан байна. /х.х-ийн 114 хуудас/

Хариуцагч Ж С А М ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, GCRM-L-20-000 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэлд Тус компанийн хэрэгжүүлж буй төслийн цар хүрээ хумигдаж, үйл ажиллагаа багассантай холбогдуулан компанийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн зохион байгуулалт бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалаар Оюутолгойн далд уурхайн Босоо ам 3 болон Босоо ам 4-ийн нэвтрэлт төслийн зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдөж, таны эрхэлж байсан Зардлын ахлах хянагч орон тоо байгууллагын бүтэц, зохион байгуулалтаас хасагдсан болно. Үүнтэй холбогдуулан ... Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу таньтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгох болсныг үүгээр мэдэгдэж байна.... гэх агуулгатай мэдэгдлээс дүгнэхэд ажил олгогч ажилтан Б.Огийн гүйцэтгэж байсан Зардлын ахлах хянагч орон тоо байгууллагын бүтэц, зохион байгуулалтаас хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 6 хуудас/

Харин хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Зардлын ахлах хянагч албан тушаалын орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд ажил олгогч байгууллагын GCR-0-19-А/000 тоот тушаалаар Зардлын ахлах хянагч 3 гэсэн ажлын байрыг GCR-0-20-А/000 тоот тушаалаар Зардлын ахлах хянагч хоёр гэж өөрчилсөн нь Зардлын ахлах хянагч гэсэн ажлын байрны тоог цөөрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хасахыг орон тоо цөөрүүлсэн гэж үзнэ 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн хуулийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй болох нь шүүхэд хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мэдэгдсэн гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч Ж С А М ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, GCRM-L-20-000 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлэх тухай гэх мэдэгдэл хэрэгт авагдсан боловч уг мэдэгдлээ нэхэмжлэгчид хэзээ мэдэгдсэн болох нотлох баримт хэрэгт авагдаагүй, мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн, авсан гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээнд ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежер 2020 оны 3 дугаар сарын 25 гэсэн огноотой гарын үсэг зурсан, ажилтан Б.О 2020 оны 5 дугаар сарын 04 гэсэн огноотой гарын үсэг зурсан бичгийн баримтаар нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдож байна. /х.х-ийн 6, 30 хуудас/

Иймд ажил олгогч буюу хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Оийг Ж С А М ХХК-ийн Зардлын ахлах хянагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 5 дугаар сарын 09-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын 0617948 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 7,810,110 төгрөг /9,629,635+ 420,000+13,380,695=23,430,330:3=7,810,110/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны ажлын нийт 231 хоногийн цалин 83,913,291 төгрөгийг /7,810,110 : 21,5 хоног=363,261 төгрөг, 231 хоног х 363,261 төгрөг=83,913,291/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч Ж С А М ХХК-нд нэхэмжлэгч Б.О-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар С овогтой Б.О-ийг Ж С А М ХХК ийн Зардлын ахлах хянагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ж С А М ХХК-иас Б.О-ийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 83,913,291 /наян гурван сая есөн зуун арван гурав хоёр зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Од олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ж С А М ХХК-нд даалгасугай.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ж С А М ХХК Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 577,516 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                           Ц.ОЮУНБИЛЭГ