Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 86

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Н.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1-484/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаарр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорхойнүдэн овогт Нямгэрэлийн Дөлгөөнд холбогдох эрүүгийн 201626031512 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эмэг эх, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 42 тоотод оршин суух, 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1228 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан, Хорхойнүдэн овогт Нямгэрэлийн Дөлгөөн /РД:УШ91061877/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны 26 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Новел нетворк” ХХК-ийн ажлын байрны цонхоор дотогш нэвтрэн орж “Леново” маркийн персонал компьютер хулгайлж 525.000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Хараагийн 4-20 тоотод оршин суух иргэн Т.Уранбатын байшингийн хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгон дотогш нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн ЛСД хэлбэрийн дэлгэцтэй телевизорыг хулгайлж бусдад 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.Дөлгөөний 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны 26 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Новел нетворк” ХХК-ийн ажлын байрны цонхоор дотогш нэвтрэн орж “Леново” маркийн персонал компьютер,

мөн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Хараагийн 4-20 тоотод оршин суух иргэн Т.Уранбатын байшингийн хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгон дотогш нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн ЛСД хэлбэрийн дэлгэцтэй телевизор зэргийг эзэмшигчдэд нь мэдэгдэлгүй нууц сэм аргаар хулгайлан авсан болох нь:

1. Шүүгдэгч Н.Дөлгөөний шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө  хуучин ажиллаж байсан “Новел нетворк” ХХКомпани дээр очсон. “Новел нетворк” ХХКомпани дээр очихоос өмнө эхнэртэйгээ ярихад хүүхэд дээрээ ирж уулз гэсэн. Тэгээд мөнгө төгрөгний хэрэг болчихоод Энхбаяраас мөнгө гуйхад “одоохондоо боломж байхгүй байна, хүн рүү яриад үзье” гэсэн. Тэгээд Энхбаяр бид хоёр 10 гаруй минут юм ярьж сууж байгаад Энхбаяр “за би харьлаа, чи маргааш хүрээд ир” гэсэн. Тэгээд гараад PC тоглоомын газар луу очиж мөнгө төгрөг асуугаад олдохгүй болохоор нь Энхбаяр луу залгахад “мөнгө төгрөг олдохгүй юм шиг байна, чи өөр газраас олчих” гэж хэлсэн. Тэгээд би за за гээд утсаа салгасан. Тэгээд хуучин ажил дээрээ очоод цонхийг нь түлхээд үзэхэд онгорхой байхаар нь орж “Леново” маркийн персонал компьютерийг аваад ширээн дээр нь “би Дөлгөөн байна, компьютерийг чинь ломбарданд тавьчихлаа, ирэх 7 хоногт ирээд ломбарднаас аваад өгье гэсэн бичиг үлдээгээд явсан. Би таньдаг найзынхаа хэрэгтэй бичиг баримтыг нь аваачиж өгсөн. Тэгээд хойд эцэг дээрээ очиж тэнд хийх ажил төрөл байна уу, уулзъя гэж бодоод очиж уулзсан. Гэтэл ажил ч байхгүй, аав өөрөө мөнгө төгрөг байхгүй гэхээр нь өөртөө байсан тамхи, хоол унааны мөнгөө аавдаа өгсөн. Тэгээд надад зардлын мөнгө олдох байлгүй гэж бодоод аавдаа өөрт байсан мөнгөө өгсөн. Тэгээд Т.Уранбатаас очиж мөнгө гуйхад Уранбат надад “би маргааш өглөө уул руу ажилд явна, орой ирэх байх, чи орой хүрээд ирэхгүй юу” гэсэн. Тэгээд орой нь гэрт нь хэд хэдэн удаа очиход ирэхгүй байсан. Тэгээд Т.Уранбатыг ааваас нь асуухад “уул явсан орой ирэх байх, хоол цай идээд байж байхгүй” гэсэн. Тэгээд хоол цай идчихээд гэрийнхэн үүдэнд хүлээж зогсож байгаад түлхүүрийг нь онгойлгоод зурагтыг нь авч явсан. Тэгээд нэгэнт намайг хулгай хийсэн гэдгийг мэдсэн байх, надаас өөр хүн байхгүй гэж бодох байх, өөртэй нь учраа олж уулзъя гэж бодож явж байгаад вокзал дээр цагдаатай тааралдсан. Тэгээд цагдаа хүрч ирээд надаас юм асуухгүй шууд хүрч ирээд хамар луу цохиж цус гаргаад, чимээгүй бай, цагдаагийн газар очиж байгаад чамтай ярилцана гээд Цагдаагийн газарт авч ирсэн. Тэгээд Цагдаагийн газар очоод эд зүйлийг нь тэнд тавьчихсан гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед намайг ажил дээрээ сууж байтал 2012 онд манай компанид цахилгаанчин хийж байсан Дөлгөөн гээд банди ажил дээр ганцаараа орж ирээд мэндлээд компьютер дээр чинь суугаад фэйсбүүк ороодохъё гэж миний хажуугийн компьютер дээр суусан тэгээд тэрнээс хойш удаагүй 15 минут орчим болоод би явлаа гаръя гэж хэлээд бид хоёр хамт гарч явсан. Тэгээд би ажлаасаа гараад шууд гэрлүүгээ яваад өгсөн. Харин Дөлгөөн би урд талын PC тоглоомын газар орж тоглоно гээд үлдсэн. Тэгээд би маргааш өглөө 08-09 цагийн хооронд ажил дээрээ иртэл миний ширээн дээр байсан Леново маркийн хар саарал өнгийн компьютер алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирж үзлэг хийгээд явсан. Дөлгөөн манай ажил дээр орж ирэхдээ би PC-нд хүмүүстэй тоглох гээд хүмүүс нь ирээгүй тул хүлээж байна гэж хэлж байсан бөгөөд орж ирээд гал тогооны өрөө рүү орж ус уусан тэгэхдээ л цонхыг нь дотроос нь онгойлгосон юм шиг байна лээ, намайг өглөө ажил дээрээ ирэхэд гал тогооны өрөөний цонх онгорхой байсан. Манай компани 7 сарын өмнө надад 700.000 төгрөгөөр авч өгсөн тул тэр үнээр үнэлж байна. Би Гүүлд барьцаалан зээлдүүлэх газраас байгууллагын өмчлөлийн Леново маркийн компьютерийг 163.600 төгрөг тушаагаад буцаагаад авчихсан хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 28/

             3. Хохирогч Т.Уранбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 18-ны өглөө уул руу модонд явж, харин манай эхнэр Б.Янжинсүрэн Улаанбаатар хот руу явсан юм. Би орой 19 цагийн үед уулнаас ирээд гэрийнхээ түлхүүрийг довжоон доороос авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад цоож руу харсан чинь тамбарын хаалга цоожгүй онгорхой байхаар нь гайхаад цаашаа орсон чинь байшингийн цоож бас байхгүй онгорхой байсан. Би бүр гайхаад гэрлүүгээ ороод гэрлээ асаагаад харсан чинь хойд өрөөнд байсан Самсунг маркийн телевизор байхгүй, бас орны бүтээлэг байхгүй болчихсон байхаар нь хулгай орчихлоо гэж таамагласан. Ингээд гудамж руу гарч ул мөр хайсан боловч олдоогүй. Ингээд Батгэрэл цагдаад мэдэгдсэн юм. Би гэрт хулгай орсон байгаа талаар аав ээж хоёртоо бас хэлсэн. Тэгсэн чинь Дөлгөөн ирээд хоол цай идэж уугаад, тамхины мөнгөө нэхээд байсан шдээ, бас эхнэртэй чинь утсаар ярьж байхыг сонсож байсан гэж хэлсэн. Ингээд Дөлгөөн л манайхаас хулгай хийж гэж таамаглаад цагдаа Батгэрэлийн хамт түүнийг хайсан. Тэгж явж байгаад тухайн орой 23:00 цагт гал тэрэгний зогсоол дээр очиход Дөлгөөн тэнд явж байхаар нь очиход дөлөөд зугтаасан боловч түүнийг барьж авсан. Дөлгөөн “би танайхаас зурагт хулгай хийгээгүй, юу болчихоод намайг барьж авчихаад байгаа юм бэ энэ тэр” гээд байсан. Тэгээд Батгэрэл цагдаа түүнийг өрөө рүүгээ аваад явсан. Удалгүй Батгэрэл цагдаа гарч ирээд нэг тийшээгээ яваад ирэхдээ манай зурагтыг тэврээд өрөөндөө орж ирсэн. Телевизороо олж авсан болохоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

             4. Гэрч Б.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 12 дугаар сарын 18-ны орой 20:00 цагийн үед иргэн Т.Уранбат ирээд манай гэрээс 32 инчийн Самсунг маркийн телевизороо алдчихлаа гэж мэдээлсэн юм. Ингээд би түүнээс сэжиглэж байгаа хүн байгаа эсэх талаар асуухад тодорхой сэжиглэж байгаа хүн байхгүй, гэхдээ танил Дөлгөөн гэдэг залуу энэ хавиар явж байсан сураг байна гэж хэлсэн. Ингээд би Уранбатын хамт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор төмөр замын өртөө рүү явсан юм. Учир нь галт тэргээр аль нэг тийшээгээ явах байх гэж таамагласан учраас очсон юм. Тэгээд орой 21:00 цагийн галт тэрэг ирэх үед тэндээс Дөлгөөн гэгчийг олж авсан ба Дөлгөөнөөс тулгаж асуухад би хулгай хийгээгүй ээ гээд байсан. Тэгэхээр нь цагдаагийн хэлтэс рүү иргэн Т.Уранбатынхаас зурагт алдагдсан тухай мэдээллийг өгүүлчихээд Дөлгөөн гэгчийг дагуулаад цагдаагийн хэсэг дээрээ очиж Дөлгөөнөөс дахин дахин асууж ярилцсаны эцэст тэр зурагтыг хулгайлсан тухайгаа, зурагтыг хаана нуусан тухайгаа хэлсэн юм. Ингээд Дөлгөөний заасан газарт очиход Төмөр замын ажилчдын байрны 1 дүгээр давхарын айлын палконы доод хонгилд Уранбатынхаас алдагдсан телевизорыг бүтээлгэнд боолттой байсан юм. Ингээд телевизорыг болон хэрэг үйлдсэн этгээдийг халуун мөрөөр нь олж илрүүлсэн тухайгаа илтгэж Дөлгөөн гэгчийг цагдаагийн хэлстийн жижүүрт хүргэн хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/

            5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ертөнцийн зүгээр урагш харсан шар өнгийн 4 давхар 19 дүгээр байрны урд байрлах бор өнгийн модон өргөтгөл хийсэн объект байв...Хаалгаар дотогш ороход том өрөө байх бөгөөд уг өрөөнд үзлэгийг цагийн зүүний дагуу хийхэд хаалганы хажуу талын хойд хананд цонх, цонхны хажуу талд шаргал өнгийн ширээ байх бөгөөд...хулгайд алдсан гэх компьютер байсан гэх ба мэргэжилтэн компьютер байсан гэх газар дээр 7 гэсэн дугаар тавьж гэрэл зургаар бэхжлүүлэн авав...Урд хананд цонх байх ба цонхны доод талын нээгддэг хэсэг нь эд зүйлээр хөшигдсөн шинжтэй мөр, мэргэжилтэн цонхны гадаргуу дээрээс 5 ширхэг гарын мөр бэхжлүүлэн...үзлэгийг...дуусгав...” /хх-ийн 15-18/

            6. Эд зүйлийн үнэлгээ: “...Леново брендийн дэлгэц, процессор нь цуг компьютер...525.000 төгрөг..., Самсунг маркийн телевизор...300.000 төгрөг, орны бор шаргал өнгийн бүтээлэг...10.000 төгрөг...” /хх-ийн 22, 64/

            7. Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол: “...2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум 5 дугаар баг Түнхэл тосгон Хараагийн 4-20 тоотод суух иргэн Т.Уранбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэлж Самсунг маркийн 42 инчийн телевизор алдагдсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Нямгэрэл овогтой Дөлгөөн нь 2016 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр байрны 26 тоотод байрлах “Новел нетворк” ХХК-ийн ажлын өрөөнөөс Леново маркийн компьютер алдагдсан эрүүгийн 201626031512 дугаартай хэрэгт хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөр харьцуулах шинжилгээгээр тохирсон...Нямгэрэл овогтой Дөлгөөнд холбогдох 201618020242 дугаартай хэргийг эрүүгийн 201626031512 дугаартай хэрэгт нэгтгэсүгэй...” /хх-ийн 29/

            8. Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...Самсунг маркийн 32 инчийн LED хэлбэрийн дэлгэцийн хүрээ хар саарал өнгийн телевизор 1 ширхэг,...орны бор шаргал өнгийн бүтээлэг /скачер/ 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв...Хүлээн авсан хохирогч Т.Уранбат...” /хх-ийн 42/

            9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 05/783 тоот дүгнэлт:

                        -2016 оны 11 дүгээр сарын 08-нд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-26 тоотоос суурин компьютер хулгайд алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр а/д Ж.Пүрэвсүрэнгийн илрүүлж бэхжүүлсэн №1, 2, 3 гэж дугаарласан дакто хальсан дахь 3 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнл тэнцэнэ. Харин №4, 5 гэж дугаарласан дакто хальсан дахь 2 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

                        -Хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэж буй №1, 2, 3 дугаартай 3 ширхэг гарын мөрүүд нь Папилон санда “2016-469-ХУД” гэж кодлон оруулж автомат харьцуулалт хийж шинжлэн үзэхэд №1, 2 дугаарын гарын мөрүүд нь санд 3 удаа бүртгэлтэй Нямгэрэл овогтой Дөлгөөний гарын хээтэй ерөнхий шинж болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тус тус тохирч байгааг дээр дурдав.

                        -Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрүүд нь нэгдсэн “Адис-Папилон” санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна /хх-ийн 56-57/

             10. Яллагдагч Н.Дөлгөөний мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 11 дүгээр сард 21:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны 26 тоотод байрлах хуучин ажиллаж байсан “Новел нетворк” ХХК-ийн ажилтан Энхбаяр ажил дээрээ сууж байхаар нь өрөөнд нь орж хэсэг сууж юм ярьж байгаад Энхбаяр харилаа гээд гарахаар нь хамт гарсан...PC-д сууж байгаад хуучин ажил руугаа очиж гаднах вакум цонхыг нь түлхэхэд онгойчихоор нь дотогшоо орж ертөнцийн зүгээр урд хэсэгт хана дагуу байрлуулсан ширээн дээр байсан Леново маркийн персональ компьютерийг авч гараад...барьцаалан зээлдүүлэх газар...барьцаанд тавиад...Хэнтий аймаг руу явж хүүхэдтэйгээ уулзаад үрээд дуусгасан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр вагоноор Зүүн хараа Түнхэл тосгонд байдаг хойд аав Цэрэндоржтой уулзах гэж очоод тэндээсээ  Улаанбаатар хот руу буцах гэсэн зардлын мөнгө байхгүй болохоор нь Уранбат гээд таньдаг найзынхаа гэрт мөнгө асуухаар очиход гэр нь хүн байхгүй байхаар нь үүдэнд тамхи татаад зогсож байгаад тамхиа унагаачихаад авахаар тонгойх үед үүдний довжоон доогуур нь түлхүүр байхаар нь түлхүүрээр нь хаалгын онгойлгож ороод гэрийнх нь хойд хэсэгт байрлах тавиур дээр байх 32 инчийн Самсунг маркийн телевизорийн аваад хэсэг явж байгаад ер нь намайг хулгай хийсэн гэдгийг мэдчих байх гэж бодоод буцаад өгөх гэж яваад Уранбаттай тааралдсан. Тухайн үед Уранбат цагдаа дагуулчихсан явж байсан. Тэгээд телевизорийн буцааж хүлээлгэн өгсөн...Надад мөнгөний хэрэгцээ гараад хулгай хийсэн нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Дөлгөөн нь 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1228 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-89, 90, 91/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэснийг зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 07-08, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №05/783 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.Дөлгөөний 2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр байрны 26 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Новел нетворк” ХХК-ийн ажлын байрны цонхоор дотогш нэвтрэн орж “Леново” маркийн персонал компьютер,

мөн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоны Хараагийн 4-20 тоотод оршин суух иргэн Т.Уранбатын байшингийн хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгон дотогш нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн ЛСД хэлбэрийн дэлгэцтэй телевизор зэргийг эзэмшигчдэд нь мэдэгдэлгүй нууц сэм аргаар хулгайлан авч нийт 825.000 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Дөлгөөнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч нарын гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, түүний хувийн байдал /26 настай/, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Н.Дөлгөөнд 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй...ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгчийн эдлэх 2 жил 8 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Дөлгөөнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, түүний энэ хэрэгтээ цагдан хоригдсон 104 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хорхойнүдэн овогт Нямгэрэлийн Дөлгөөнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Хорхойнүдэн овогт Нямгэрэлийн Дөлгөөнийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Дөлгөөний эдлэх 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дөлгөөний энэ хэрэгтээ цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Н.Дөлгөөнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Дөлгөөнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Дөлгөөнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                            ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР