Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 125/ШШ2016/0020

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч А.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Х.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Н Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд зарласан төрийн албаны шалгалтанд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр оролцож, хамгийн өндөр оноо буюу 77 оноо авч, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар дүгнэлтээр уг албан тушаалд томилуулахаар Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н-тэй уулзахад 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилно гэсэн юм. Ингээд 3 дугаар сарын 01-ний өдөр очиж уулзахад намайг ажилд авахгүй, хуучин ажиллаж байгаа ажилтнаа үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн. Улмаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн даргатай очиж уулзахад шүүхэд ханд гэсэн хариуг амаар өгсөн.

Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н-ийн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.8-д заасныг зөрчиж миний эрх ашгийг хохироож байх тул намайг Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчаар томилсон шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байранд нэгдүгээр байранд орсон иргэнийг томилох болно. Гэвч цаг хугацааны хувьд болон ажлын дотоод зохион байгуулалтын тухайд тодорхой хугацаа шаардлагатай байгаа учир томилгоо хойшлогдсон юм гэжээ.

 

Гуравдэгч этгээд Х.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаа бөгөөд Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн, ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэж байгаа, үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа албан тушаалтан тул А.Н-г төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд өндөр оноо авсан гэдэг үндэслэлээр миний ажлын байранд ажиллуулах боломжгүй гэж үзэж байна.

Миний бие Монгол улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль заасан ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхтэй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуульд “...Төрийн жинхэнэ албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө...” гэж заажээ. Миний эрхэлж байгаа албан тушаал буюу Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд сул орон тоо гараагүй бөгөөд миний бие тухайн албан тушаалд ажиллах хуулийн шаардлага хангасан, ажлаас чөлөөлөгдөх болон халагдах зөрчил гараагүй тул миний ажлын байранд А.Нажиллах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Иймд асуудлыг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл зарлаж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж, шалгалт авсан юм. Уг шалгалтанд миний бие тэнцэж, хамгийн өндөр оноо буюу 77 оноо авсан. Улмаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 27 дугаартай албан бичгээр намайг Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаал томилохыг саналыг болгосон. Гэтэл Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь уг албан тушаалд намайг томилоогүй тул дарга Г.Н-тэй манай аав очиж уулзахад “...танай охин А.Н-г 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажилд томилох шийдвэр гаргана...” гэж хэлсэн. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Г.Н-тэй очиж уулзахад танай охин А.Н-г ажилд авах боломжгүй гэдэг хариуг хэлсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.3-д заасныг зөрчиж миний эрх ашгийг хохироож байна.

Иймд “Ховд аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Х.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажиллаж байна. Би 2016 оны 02 дугаар сарын  04-ний өдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан Төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж тэнцэж, нөөцөд бүртгүүлсэн. Өмнө нь 2012 оны 08 дугаар сард Төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл өмнө ажиллаж байгаа хүн одоо Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн байхад яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч А.Н-н өмгөөлөгчөөр 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу  нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нь тус шүүхэд “Ховд аймгийн Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага нь дараах нотлох баримтаар нотлогдоно тогтоогдож байгаа. Үүнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасны дагуу хариуцагч эс үйлдэхүй гаргасан. А.Н нь төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноо авч тэнцсэн нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нотлогддог. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга зөрчсөн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Х.Д-г уг ажлын байр зарлагдах хүртэл түр томилон ажиллуулахаар тушаал гаргасан байгаа. Ингээд уг ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаж, сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан.Уг сонгон шалгаруулалтанд Х.Д тэнцээгүй, нөөцөд бүртгэгдээгүй байгаа.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Х.Д-тэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч А.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Ошүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн хариу тайлбарт шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх болно гэсэн боловч Х.Д-н эрх ашиг хөндөгдөж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа дараах үндэслэлүүд байна. Үүнд нэхэмжлэгч А.Н нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д зааснаар дагуу Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд ажиллах ёстой гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн. Гуравдагч этгээд Х.Д нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн нь цаг хугацааны хувьд л урд хойно байгаа. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журам байдаг. Энэ журмын дагуу Баян-Өлгий аймагт зарлагдсан Төрийн албан хаагчийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд гуравдагч этгээд оролцож, тэнцсэн. Уг журамд зааснаар удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэж үзэж байна. Баян-Өлгий аймагт явагдсан Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр Х.Д мэргэжлийн ур чадвар нь бүрдсэн гэж үзэж байна. А.Н-н хувьд гэвэл Төрийн албаны салбар зөвлөл нь дүгнэлт гарган захиалагчид хүргүүлдэг. Дүгнэлт гарган хүргүүлснээрээ тухайн иргэнийг заавал авч ажиллуулан гэсэн үг биш юм. Энэ асуудал нь хуулиараа нарийвчлан зохицуулагддаггүй.

А.Н хэлэхдээ “...Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр намайг ажилд авна гэж хэлсэн, тэгээд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Г.Н-тэй очиж уулзахад А.Н-г авах боломжгүй гэдэг хариу өгсөн...” гэж нэхэмжлэгч А.Н нь амаар хэлж байгаа. Гэтэл хариуцагч Г.Н-йн шүүхэд өгсөн хариу тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй утга агуулгатай зөрүүтэй байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн эрх нь хэзээ зөрчигдсөн талаар тодруулах шаардлагатай байх.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх нь зөрчигдсөнийг заавал бичгээр буюу эрх зүйн актаар мэдэгдсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тооцдоггүй. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь эрхээ зөрчигдсөн гэж мэдсэн тохиолдолд шүүхэд 1 сарын дотор гомдол гаргадаг.

Нэхэмжлэгч А.Н-н шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу Төрийн албаны төв байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Тиймээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэний дараа шүүхэд хандах ёстой байсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ннь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н-д холбогдуулан ”Ховд аймгийн Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасан захиргааны байгууллагын албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбоотой байх тул захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, нэхэмжлэгчээс захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлэхийг шаардахгүй, шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, нутаг дэвсгэрийн харъяаллыг зөрчөөгүй байна. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн  гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч А.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О нь нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж маргажээ.

   Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Маргаан нь иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилохгүй байгаа захиргааны эрх бүхий албан тушаалтны эс үйлдэхүйтэй холбоотой бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар санал болгосон иргэнийг томилох эрх бүхий этгээд ямар хугацаанд томилох талаар төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ерөнхий хугацааны зохицуулалтанд хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнөө мэдсэн байх хугацаа болон эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах хугацаа тоолох үндэслэлгүй байна.  

 

Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдох асуудлаар гарсан зарим маргааныг төрийн албаны зөвлөл захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэхээр зохицуулжээ. 39.1.1-д мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т /Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй/ заасан асуудлаар уг албан тушаалд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэхээр заасан байх хэдий ч нэхэмжлэлийн шаардлага нь төрийн албаны мэргэшлийн шалгаруулалтын дүн, нэр дэвшүүлэх үйл ажиллагаатай холбоогүй, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилох нь эрх бүхий албан тушаалтны хуулинд заасан эрх хэмжээний асуудалд хамаарч байх тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлэхийг шаардах үндэслэлгүй байна.      

2. Нэхэмжлэгч А.Н нь Ховд аймгийн Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н-н эс үйлдэхүй хууль бус болох талаар маргажээ. Хэргийн оролцогчид төрийн албаны мэргэшлийн шалгалтын үйл ажиллагаа, шалгалтын дүнтэй маргаагүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н-с Ховд аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 515 дугаар албан бичгээр[1] Ховд аймгийн Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын сул орон тоог нөхөх захиалгыг хүргүүлж, 2016 оны 11 дүгээр 17-ны өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зохион байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч А.Ннь мэргэшлийн шалгалтанд хамгийн өндөр оноо буюу 77 оноо[2] авснаар Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25 –ны өдрийн 37 дугаар дүгнэлт[3]ээр түүнийг Ховд аймгийн Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, онооны дэс дарааллаар жагсааж нөөцөд бүртгэгдэх, улмаар тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны зөвлөлөөс томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэхээр заасан байх тул А.Н-г Ховд аймгийн Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилуулахаар санал болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-т “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.” гэж зааснаас үзвэл төрийн албаны мэргэшлийн шалгаруулалтаар шалгарч, төрийн албаны зөвлөлөөс санал болгосон иргэнийг томилох нь түүнийг томилох эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудалд хамаарч  байх бөгөөд хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбар[4]таа “Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд мэргэшлийн шалгаруулалтаар нэгдүгээр байранд орсон иргэнийг томилох болно. Гэвч цаг хугацааны хувьд болон ажлын дотоод зохион байгуулалтын тухайд тодорхой хугацаа шаардлагатай байгаа учир томилгоо хойшлогдсон юм.” гэсэн нь өөрийн эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Гуравдагч этгээд Х.Д нь Ховд аймгийн Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд түр томилогдон ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэнээр тус албан тушаалыг эрхлэх, болзол шаардлагыг хангасан тул үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж маргажээ.   

Ховд аймгийн Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байранд сул орон тоо гарснаар төрийн албаны тухай хуульд заасан журмаар уг албан тушаалын орон тоог нөхөх хүртэл хугацаанд Х.Д-г түр томилон[5] ажиллуулжээ.  

Х.Дү нь 2016 оны 11 дүгээр 17-ны өдөр Ховд аймагт зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд Ховд аймгийн Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын сул орон тоон дээр өрсөлдөж тэнцээгүй бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж 63.4 оноогоор тэнцэж[6] Баян-Өлгий аймгийн төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн[7] байна. 

Гуравдагч этгээд Х.Д нь Ховд аймгийн Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байранд зарлагдсан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцээгүй нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болох ба түүнийг өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа шалтгаан нь шалгалтын дүнгээр тус албан тушаалд нэр дэвшсэн А.Н-г томилохгүй байх үндэслэл болохгүй юм. Учир нь Х.Д нь Баян-Өлгий аймгийн төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн хугацаанаас өмнө нэхэмжлэгч А.Н нь тус ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг хангасан байсан тул уг албан тушаалд томилогдох эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч А.Н-г Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн хуулинд заасан заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх болон Төрийн албаны хуульд заасан төрийн албанд орох адил тэгш боломжтой байх, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг зөрчсөн гэж дүгнэж, нэхэмжлэгч А.Н-г Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна .   

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож А.Н-г Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Н-д даалгасугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

[1] хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[2] шалгалтын дүнгийн хуудас    /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/

[3] хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[4] хавтаст хэргийн 20 дугаар хуудас

[5]Ажилд түр томилох тухай” тушаал /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

[6] Сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/

[7] Баян Өлгий аймаг дахь ТАЗ-ийн салбр зөвлөлийн тогтоол /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/