Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/391

 

 

 

 

 

 

 2024         04         15                                    2024/ШЦТ/391

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун, улсын яллагч Ч.Батзориг, шүүгдэгч Д.Х, шүүгдэгч М.А, тэдгээрийн өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2302 00423 0100” дугаартай хэргийг шүүх 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ХХХХ ажилтай, ам бүл 00, нөхөр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дүгээр байрны  ХХ тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй,

          Д.Х, /регистрийн дугаар ХХ000000000/

 

          Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт, Хан-Уул дүүргийн ХХ хороо, ХХ хотхоны ХХ дугаар байрны ХХ тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэлгүй,

          М.А, /регистрийн дугаар ХХ0000000/

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч М.А, Д.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа М.Атай үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”,

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.6 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт, Монгол Улсад буцах болон хил нэвтрэх үнэмлэх авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ”,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалын хавсралтаар баталсан 9.2 дугаар зүйлд “Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэл хөтлөхөд 16-аас дээш насны иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэл” гэснийг тус тус зөрчиж,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлтийн хэлтсийн ажлын байран дээрээ 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 105 иргэнд Монгол Улсын иргэний энгийн гадаад паспортыг олгохдоо өөрийн танил М.Агаар дамжуулан “вичат”-аар материалыг хүлээн авч, хууль бусаар гадаад паспорт гарган өгч,

Улмаар гадаад паспорт гаргахдаа авга дүү В.Ргийн Хаан банкны 5495560хххх дугаартай дансаар нийт 8,763,000 төгрөгийг хүлээн авч, 3,200,000 төгрөгийг гадаад паспортын төлбөрт төлж, өөртөө 5,563,000 төгрөгийг авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон:

 Шүүгдэгч М.А нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Хтэй үйлдлээрээ санаатай нэгдэж Монгол Улсын иргэний энгийн гадаад паспорт гаргуулах хүсэл сонирхолтой 105 иргэдийн зураг, материалыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Х рүү “вичат”-аар дамжуулан өгч гадаад паспортыг гаргуулан өгсөн,

Уг хугацаанд Гадаад паспорт гаргуулан авч буй 105 иргэдээс 10,705,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 56060ХХХХ тоот дансаар авч П.Хгийн авга дүү В.Ргийн Хаан банкны 5495560хххх дугаартай дансаар нийт 8,763,000 төгрөгийг шилжүүлэн өгч, өөртөө 1,942,000 төгрөгийг авч нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Гэрч П.Аийн “...2022 оны сүүлээр манай Хөвсгөл аймгаас ОХУ-ын эрхүү, Улаан- Үдийн аялалд явах хүмүүсийн аяллын хугацаа болох гээд гадаад паспорт хэрэг болсон. Тухайн хүмүүс нь найз О.Огийн хамаатны хүмүүс байсан ба найз О.О нь надад нөгөө эгч чинь гадаад паспорт гаргаж өгөх болов уу гэж асуухад нь би асууж өгье гээд М.А эгчтэй холбогдож асуухад болно гэж байсан. Тэгээд миний бие Б.С, Б.Ү, З.А мөн эхнэр нөхөр 2 байсан нэрийг нь сайн санахгүй байна нийт 5 хүний гадаад паспортыг М.Агаар дамжуулан захиалж гаргаж өгсөн. Тухайн гадаад паспорт захиалан авсан хүмүүсийн зураг нь миний гар утсан дээр байгаа гаргаж өгье. Энэ 5 хүний гадаад паспорт захиалах мөнгийг би өөрийн данс руу шилжүүлэн авч М.А эгчийн 560603ХХХХ гэсэн данс руу шилжүүлэн өгсөн... ...Миний бие өөрийн болон найз О.Огийн гадаад паспортыг шуудангаар хүлээн авсан ба М.А эгч Драгон дээрээс шууданд хийж явуулсныг хүлээн авсан..” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал/

 

Гэрч З.Аийн “...Өнгөрсөн оны 6 сард манай “Саятан бүлэг” Улаан-Үүдийн аялалд явах болсон. Тухайн үед миний гадаад паспортын хугацаа дууссан байсан тул Хөвсгөл аймгаас захиалах гэтэл 1 сарын дараа ирнэ гэж байсан. Миний бие хамт аялалд явж чадахгүй юм байна гэж О.О эгчид хэлсэн. Гэтэл О.О эгч манай найз яаралтайгаар гадаад паспорт гаргуулах боломж байгаа гэж хэлсэн. Тухайн үед эхлээд цээж зургаа дараад явуулаадах гээд, над руу А гэх хүний Хаан банкны 5890694519 дугаарын дансыг явуулсан. Тухайн үед уг данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээ шилжүүлсэнтэй холбоотой баримтыг өөрийн интернэт банкны гүйлгээнээс, харилцсан чатыг бас гарган өгье. Тухайн үед миний бие хамт аяллаар Улаан-Үүд рүү явж чадаагүй, учир нь хадам ээжийн бие өвдөөд аялалд явж чадаагүй. Миний бие тухайн гадаад паспортыг 11 сарын үед О.О эгчийн гэрээс нь очиж хүлээн авсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/

 

Гэрч О.Огийн “...Миний бие өөрийн гадаад паспортоо найз П.Ааар дамжуулан захиалсан. Тухайн үед миний гадаад паспортын хугацаа дууссаныг мэдээгүй байсан. Тэгээд аяллаар явах болоод хурдан гаргаж авах гэж захиалсан. Миний бие 2 хүүхдийнхээ гадаад паспортыг Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн газарт захиалахад 14 хоногийн дараа ирнэ гэсэн боловч удаж ирсэн. Тийм болохоор миний бие өөрийн паспортыг хурдан захиалахын тулд найз П.Ааар дамжуулан захиалсан, миний бие Ааас паспорт хурдан гаргадаг хүн байна уу гэж асуусан... ...Миний бие гадаад паспорт захиалахдаа 150,000 төгрөгийг П.Ад өгсөн, би Ааас авлагатай байсан байж магадгүй тэгээд уг мөнгөө суутгасан болов уу гэж бодож байна. Өөрийн дансны гүйлгээнээс харахад 150,000 төгрөг шилжүүлсэн харагдахгүй байна. Гэхдээ өгөхийн хувьд бол өгсөн байгаа...”, “...Миний бие өөрөөсөө гадна өөрийн нөхрийн төрсөн ах Рагчаагийн Б, түүний эхнэр Р.Д, мөн Б.С, З.А, өөрийн төрсөн эгчийн охин Б.Ү нарыг найз П.Атай холбон өгч гадаад паспортыг нь захиалж өгсөн. Тухайн үед нэг паспортыг 150,000 төгрөгөөр тооцож өөрсдөө П.А руу шилжүүлсэн. Миний хувьд холбож өгсөн, өөрсдөө бас зургаа чатаар явуулсан байх...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/

 

Гэрч И.Чулууны “...2022 оны 6 сарын сүүлээр бид бүлгээрээ ОХУ-руу аяллаар явах болсон. Тэгээд миний бие тааруу байсан тул өөрийн дүү Б.Сыг авч явах талаар бүлгийн ахлагч О.Од хэлж, дүү Б.Сд гадаад паспорт хэрэгтэй тухай хэлсэн. Гэтэл О.О гадаад паспорт хурдан яаралтайгаар захиалдаг хүн байна гэж хэлээд П.Атай холбож өгсөн. Тэгээд миний бие өөрийн хаан банканд эзэмшдэг 591300ХХХХ дугаарын данснаас П.Аийн 589069ХХХХ дугаарын данс руу “С” гэсэн утгаар 150,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тухайн мөнгө шилжүүлсэнтэй холбоотой дансны дуулгыг гаргаж өгье. Бид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод хил дээр очоод хилээр гарах үед О.О гадаад паспортоо аваарай гээд манай дүү Б.С авсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/

 

Гэрч Р.Бы “...Тухайн 2 гадаад паспортыг манай дүүгийн эхнэр О.О захиалж өгсөн. Хэн гэх хүнээр дамжуулан захиалж өгсөн талаар би мэдэхгүй байна. Гадаад паспорт гаргуулан авахад яг хэдэн төгрөг шилжүүлж өгсөн болон ямар данс руу шилжүүлж өгснөө санахгүй байна...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/

 

Гэрч Б.Бийн “... 2022 оны 03 сарын хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед миний гадаад паспортын хугацаа дууссан байсан. Гэтэл “Facebook”-ийн “Цагаан хад” гэсэн хаягт гадаад паспорт, иргэний үнэмлэх гаргана гэсэн зарын юнителийн дугаар байсан санагдаж байна, нэг эмэгтэй хүнтэй холбогдоод гадаад паспорт гаргуулах гэсэн юм, хэд хоногт гарах уу гэхэд 7-10 хоногт гаргана гэж хэлсэн. Би тухайн эмэгтэй хүнтэй WeChat ашиглан зургаа явуулж, паспорт захиалах мөнгийг хотод байдаг найз Э.Бтай холбогдож түүгээр дамжуулан 2022 оны 03 сарын 26-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна...”, “...Би өөрийн гадаад паспортыг 2022 оны 04 сарын 5-6-ны өдрүүдэд санагдаж байна. Миний паспортыг Өмнөговь аймгийн таксинд өгч, андуурч явуулсан байсан ба би тухайн таксины жолоочтой холбогдож Цагаан хадны постон дээр хүргүүлж авсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Гэрч Н.Бгийн “... Миний бие тухайн үед “Цэций гуай” ХХК-нд тогоочоор ажиллаж байсан, тэгээд жолооч болох гэтэл миний өмнөх гадаад паспортын хугацаа дууссан байсан, мөн тухайн үед ковид гарсан, хөл хорио тогтоосон байсан тул биечлэн гадаад паспорт захиалах боломжгүй байсан. Тэгээд тухайн үед миний ажиллаж байсан “Цэций гуай” ХХК-нд жолоочоор ажиллаж байсан Бын Дж гэх хүний гадаад паспортын хугацаа дуусаж байсан тул хамт гадаад паспорт захиалах болж Б.Дж өөрийнхөө паспортын хамт миний паспортыг захиалж өгсөн, харин яаж захиалсныг би мэдэхгүй байна. Гадаад паспорт захиалах төлбөрийг би, хэн яаж өгснийг санахгүй байна. Гэхдээ Хаан банканд эзэмшдэг өөрийн 502273ХХХХ дугаарын дансны гүйлгээнээс харахад 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 04 минутад Хаан банкны 560603ХХХХ дугаарын данс руу 240,000 төгрөг “Даваа” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. Тэгэхээр миний 2 гадаад паспортын мөнгө шилжүүлсэн байх нэг гадаад паспортыг 120,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн байна...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

Гэрч А.Мын “...Миний хуучин гадаад паспорт 2022 оны 07 дугаар сарын 16-нд дуусах байсан. Тэгээд миний бие бөмбөлөг тээврийн жолоочоор ажиллаад ковидын үеийн хорионд Цагаанхад суурьшлын бүсэд байсан тул Улаанбаатар хот руу яван боломжгүй байсан. Тухайн үед гадаад паспортын хугацаа дуусаж байгааг компанийн менежерүүд мэдээд, хугацаа дуусаж байгаа паспортуудаа захиалаарай гэсэн. Тэгээд миний бие хамт байсан жолоочоос гадаад паспорт захиалан гаргаж өгдөг хүний утасны дугаарыг авч, би өөрөө утсаар ярьсан. Тэгээд гадаад паспорт захиалж өгдөг А руу утсаар холбогдоход асуудалгүй мөнгөө шилжүүлчих гээд би өөрийн зургаа гар утсаар аван мессенжер чатаар явуулаад төлбөр болох 120,000 төгрөгийг би өөрийн хаан банкны 5925400388 дугаарын данснаас Агийн данс руу шилжүүлсэн ямар данс байсныг санахгүй байна. Тэгээд удаагүй хэд хоногийн дараа А руу залгаж гадаад паспорт гарсан уу гэхэд, таны паспорт гарсан, би харин урагш явуулж чадаагүй байна гэж байсан. Тэгээд би өөрийн хүү М. ыг өөрийнхөө гадаад паспортыг дүүргээс санагдаж байна авхуулаад Гашуунсухайт руу ирэх таксинд өгүүлсэн ба Гашуунсухайтаас гарах постоос дахин Гашуунсухайт суурьшлын бүсэд явдаг таксинд өгүүлэн өөрийн байрладаг Санхэ-40 гэх кемпийн гадна хүлээн авсан...” “...би тэр А гэх хүнийг тухайн гадаад паспортын газартай гэрээтэй юм байна гэж ойлгоод захиалсан. Тухайн үед ямар үнэтэй гаргаж өгдөг юм бэ гэж дотроо гол харлаж байсан. Хууль бус биш байсан бол захиалахгүй байсан. Энэ байдлаар гадаад паспорт захиалах нь олон жил энд үргэлжилж байгаа гэж сонссон...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 45 дахь тал/,

 

Гэрч Ж.Бгийн “...Миний хуучин гадаад паспортын хугацаа 2022 оны 08 сарын 02-нд дуусах гээд шинэ гадаад паспорт захиалах гээд тухайн үед хүн олдохгүй болохоор нь М.А руу утсаар ярьж гадаад паспорт гаргаж өгдөг хүн байна уу гэж асуухад, намайг овог нэр регистрийн дугаараа өгчих, би И-Монголиагаар захиалаад өгье гэхээр нь би “WeChat”-р найзын хүсэлт илгээгээд өөрийн цээж зураг, регистрийн дугаараа явуулаад, гадаад паспорт захиалах төлбөр болох 120,000 төгрөгийг Хаан банканд эзэмшдэг өөрийн 5007241557 дугаарын данснаас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 26 минутад “баяраа” гэх гүйлгээний утгаар М.Агийн хаан банканд эзэмшдэг 560603ХХХХ дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн гүйлгээтэй холбоотой мэдээллийг гаргаж өгье...”, “...Тухайн үед аймар хэцүү байсан, хот руу явахад таксины зардал нэг талдаа 150,000 төгрөг байсан, тэгээд ковидын хөл хориотой байсан ба компанийн хашаанаас гарч хот руу яваад иргэж ирэх юм бол 14 хоног тусгаарлалтад ордог байсан. Тэгээд хүндрэлтэй байсан тул М.А руу ярьсан. Харин М.А И-Монголиагаар захиалаад өгье асуудалгүй гэж ярьж байсан, харин миний хувьд хууль зөрчиж байгаа талаар мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 49 дэх тал/

 

Гэрч Ц.Мгийн “...2022 онд байх би мартчихаад, сайн санахгүй байна. Миний гадаад паспортын штамп даруулдаг хуудас дуусаж байсан. Тухай үед манай компанийн жолооч нэрийг нь сайн санахгүй байна. “Вий чат” дээр гадаад паспорт захиална гэсэн дугаар байна. Та энэ рүү залгаад захиалаад авчихгүй юу гэж байсан. Тэгээд тухайн үед 88-тай дугаар байсан санагдаж байна, би залгаад гадаад паспорт захиалах уу гэж асуухад, захиална 7 хоногийн дараа гадаад паспорт ирнэ гэж хэлэхэд нь би ямар үнээр захиалдаг юм гэж асуухад, надад 120,000 төгрөг болно гэж байсан. Тэгээд би Атай “вий чат”-р найз болоод өөрийн зургаа явуулж хаан банканд эзэмшдэг өөрийн 5064776540 дугаар данснаас гүйлгээний утгын “пасс” гэх утгаар 120,000 төгрөг М.Агийн хаан банканд эзэмшдэг 560603ХХХХ данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/

 

Гэрч В.Ргийн “...Би Х гэх хүнийг танина. Х бол миний төрсөн эцэг Вийн төрсөн дүү буюу миний авга эгч юм. Миний мэдэхээр авга эгч Х нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн албанд Паспорт хариуцсан ажил хийдэг. Одоогийн байдлаар Х эгч юу хийж байгаа талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан ажлаасаа гарсан гэж миний аав, ээжид хэлсэн байсан. Би Хаан, Голомт, Хас банкнуудад харилцах данстай хаан банкны дансны дугаар нь: 5495560хххх дугаарын, Голомт банканд: 1605115567 дугаарын данснуудтай. Харин Хас банкны дансны дугаараа санахгүй байна. Би 2017 оноос хойш Монголд ирж очин Хятад улсад сурч байгаа бөгөөд намайг 2019 онд Хятад улс руу сурах гээд явах гэж байхад миний авга эгч Х  миний Хаан банкны 5495560ххххдугаарын данстай картыг авч үлдсэн бөгөөд хугацааг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2 жилийн өмнө уулзахад картын чинь хугацаа дуусчихсан гэж надад хэлж байсан бөгөөд Х эгч миний хаан банкны дансыг ашигладаг байсан. Харин Голомт, Хас банкны дансаа би хэн нэгэн өгч хэрэглүүлээгүй.  ...Би дээрх гүйлгээнүүдийг бүгдийг нь мэдэхгүй байна.  Энэхүү гүйлгээнүүдийг миний авга эгч Х мэдэж байгаа яагаад гэвэл намайг Хятад улсад сурч байхад Х эгч миний дээрх Хаан банкны дансны Орлого, Зарлага зэргийг бүгдийг нь хариуцаж ашиглаж байсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 55 дахь тал/

 

Гэрч А.Мийн “...Монгол улсын иргэн Үндэсний энгийн гадаад паспортыг захиалахдаа Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэл хөтлөх журам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/394 дугаар тушаалын хавсралт зэргийг баримтлан бүртгэл хөтлөх ёстой байдаг. Үндэсний энгийн гадаад паспортыг захиалахдаа Монгол улсын иргэн 16 нас хүрсэн бол өөрийн биеэр улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа нэгжид ирж бүртгүүлэх ёстой байдаг. Үүнийг “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.6 дугаар зүйлд зааснаар, мөн Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 9.2 дахь хэсэгт” тус тус хуульчилсан байдаг. Улсын бүртгэлийн улсын бүртгэгч үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийг хөтлөхдөө биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгэж, иргэнээс өгсөн зургийг тулгаж, мэдээллийн санд мэдээллийг шалгаад бүртгэлд бүртгэх дүрэм журамтай байдаг юм. Үүнийг “Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 9.2 дахь хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/394 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 3.1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлах ёстой байдаг. Харин үндэсний энгийн гадаад паспортын төлбөрийг банканд тушааж, тушаасан банкны баримтыг улсын бүртгэгчид хүлээлгэн өгөх ёстой байдаг. Үндэсний энгийн гадаад паспортын захиалах үнэ нь 40,000 орчим төгрөг байсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэгчийн эрх, үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Үүнд:

-19.4.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоож бүртгэл хөтлөх үүрэгтэй байдаг. Үүнээс өөрөөр улсын бүртгэгч ямар нэгэн байдлаар иргэнээс мөнгө, төгрөг авах ёсгүй байдаг ба нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/

 

Гэрч М.Оын “...Өмнөговь аймгийн Цагаан хаданд нэгэн танихгүй эмэгтэй хүнтэй очиж уулзахад тухайн надад хандаж “Гадаад паспортыг чинь гаргаад өгнө, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлээд гар утсаараа миний зургийг дарж энэхүү зургийг гадаад паспортод чинь оруулна” гэж хэлсэн улмаар надад захиалгын мөнгө 120,000 төгрөг болно гэж хэлээд өөрийнхөө дансыг өгч би тухайн данс руу өөрийн 5421182383 дугаарын данснаас “88100991 paspo” гэж бичээд 120,000 төгрөг шилжүүлж байсан. Би тухайн үед гадаад паспорт  захиалахад ингээд болчихдог юм байх гэж бодоод мөнгө шилжүүлсэн бөгөөд тухайн хүн надад хандаж 7-14 хоногийн дотор паспорт чинь асуудалгүй гарчихдаг юм цахимаар ингэж захиалж болдог гэж ойлгуулсан. Улмаар миний гадаад паспорт үүнээс хойш дээрх заасан хугацаанд гарсан байсан бөгөөд би захиалга өгсөн эмэгтэй хүнээсээ очиж гадаад паспортоо авсан. Би дээрх эмэгтэйг түүнээс хойш хараагүй мөн хэн гэдгийг нь мэдэхгүй фейсбүүкийн зар харж уулзаж байсан... ...Би үндэсний энгийн гадаад паспортыг захиалахдаа улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа нэгжид өөрийн биеэр очиж захиалдгийг мэднэ. Тухайн үед надад гадаад паспорт захиалж өгнө гэж хэлсэн эмэгтэй миний зургийг аваад миний өмнөөс гадаад паспортыг минь захиалчхаад ирдэг гэж надад ойлгуулсан учраас 120,000 төгрөг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

Гэрч Б.Өын “...тээврийн жолооч нарт нэг асуудал тулгардаг байсан нь нүүрс тээвэрлээд Хятад улс руу гарахад гадаад паспортын хуудас дуусчихдаг байсан учраас тэндээ гацчихдаг байсан юм. Улмаар жолооч нар тухай үед хоорондоо гадаад паспорт өмнөөс нь захиалаад өгчихдөг хүн байгаа гэх зэрэг яриа өгүүлэл гарч байсныг би сонсоод тухайн хүний дансыг олоод дээрх данс руу 120,000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлж байсан. Улмаар миний гадаад паспорт 7-14 хоногийн дотор ирж байсан санагдаж байна. Тухайн үед жолооч нар хөл хориотой гарч болдоггүй үе байсан учраас цаанаас нь зохицуулалт хийгээд 120,000 төгрөгөөр гадаад паспорт гаргаж өгөх юм байх гэж ойлгоод дээрх мөнгийг шилжүүлж байсан. Өөрөөр ямар нэгэн санаа зорилго надад байгаагүй. Би гадаад паспортын захиалга авч байсан дээрх данс эзэмшигчтэй уулзаж ч байгаагүй, танихгүй хүмүүс юм... ...Би үндэсний энгийн гадаад паспортыг захиалахдаа улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа нэгжид өөрийн биеэр очиж захиалдгийг мэднэ. Тухайн үед хөл хориотой байсан учраас улсаас дээрх байдлаар 120,000 төгрөг аваад гадаад паспорт гаргаж өгөх зохицуулалттай байсан гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/

 

Гэрч Т.Ды “...Жолооч нар гадаад паспортгүй бол ажлаа хийж чадахгүй болчихдог учраас би хамт тусгаарлагдаж байсан жолооч нараасаа гадаад паспортоо яах  вэ гэж асуухад нэг жолооч ах надад хандаж “гадаад паспортыг энд түргэн хугацаанд яаралтайгаар гаргачихдаг шүү дээ”  гэж хэлээд нэг хүний утасны дугаар өгсөн юм. Улмаар би тухайн хүнтэй утсаар холбогдоход нэгэн эмэгтэй хүн утасны цаанаас “гадаад паспорт яаралтайгаар захиалж болдог, паспортын үнэ нь 120,000 төгрөг болно, хэрэв чи гадаад паспорт авахаар бол миний данс руу мөнгө шилжүүлээд цээж зургаа We chat-аар явуулаад захиалж болно гэж хэлсэн юм. Мөн тухайн үед жолооч нар Улсын бүртгэлийн хэлтсээс яаралтайгаар гадаад паспорт гаргаж өгдөг гэж яриад байсан учраас би үүний дагуу би тэр эмэгтэйг миний гадаад паспортыг яаралтайгаар гаргаад өгчихдөг юм болов уу гэж найдаад өөрийн 5676102441 дугаарын данснаас 120,000 төгрөгийг “Pasport” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Миний иргэний энгийн гадаад паспорт үүнээс хойш 10 орчим хоногийн дараа миний тусгаарлагдаж байсан газарт ирсэн. Хэн авч ирж өгсөн гэдгийг нь би хараагүй бөгөөд надтай утсаар ярьсан дээрх 560603ХХХХ дугаарын дансны эзэмшигч хүргэж ирсэн байх гэж бодож байна. Би тухайн хүний царайг харж байгаагүй бөгөөд утсаар ганц хоёр удаа ярьж байсан, гэхдээ утасны дугаарыг нь одоо санахгүй байна... ...Би үндэсний энгийн гадаад паспортыг захиалахдаа улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа нэгжид өөрийн биеэр очиж захиалдгийг мэднэ. Тухайн үед хөл хориотой байсан мөн жолооч нар яаралтайгаар гадаад паспорт олгож болдог гэж яриад байсан учраас болдог юм байх гэж бодоод мөнгө шилжүүлж паспортоо захиалсан...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/,

 

Гэрч Д.Аын “...Би хаан банканд 5029113212 дугаарын данс эзэмшдэг бөгөөд энэхүү  дансыг ойролцоогоор 7 орчим жил ашиглаж байгаа миний эзэмшлийн данс юм. Миний санаж байгаагаар намайг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт Channel ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байгаад тусгаарлалтад орчихсон байхад миний гадаад паспортын хуудас нь дуусчихсан юм. Улмаар би тухайн үед гадаад паспортоо ашиглаж чадахгүй нөхцөл байдалтай болчихсон хүмүүсээс яах талаар асууж явахад нэгэн үл таних залуу надад хандаж саяхан хүмүүсийн гадаад паспортыг өмнөөс материалыг нь бэлдээд гаргаж өгөөд байсан нэг хүн байна. Би холбогдоод таныг өмнөөс асуугаад өгөх үү гэж хэлсэн юм. Би тухайн үедээ дээрх саналыг зөвшөөрч үл таних залуугаар гадаад паспорт гаргаж байгаа хүнтэй яриулахаар болсон юм. Үүний дагуу дээрх залуу нэгэн хүнтэй утсаар ярьж байгаад надад хандаж 120,000 төгрөгөөр гадаад паспортыг чинь таны өмнөөс захиалаад яаралтайгаар хурдан гаргаад өгч болно гэж байна, та зөвшөөрч байна уу гэж асуухаар нь ямар ч эргэлзээгүй зөвшөөрч 120,000 төгрөгийг тухайн хүний хэлсэн данс руу өөрийнхөө данснаас шилжүүлж байсан юм. Би гадаад паспорт захиалахдаа өөрийн цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг хавсаргаж хамт байрлаж байсан үл таних залуугийн We chat-аар явуулж байсан. Үүнээс хойш дээрх байдлаар гадаад паспорт захиалж байгаагүй. Миний гадаад паспортыг захиалж байсан хүн хаана ямар ажил хийдэг, хэн болохыг нь би мэдэхгүй. Мөн царайг нь амьдралдаа харж байгаагүй танихгүй.. ...Би үндэсний энгийн гадаад паспортыг захиалахдаа улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа нэгжид өөрийн биеэр очиж захиалдгийг мэднэ. Тухайн үед хөл хориотой байсан учраас үүнээс өөр сонголт байгаагүй, мөн тухайн гадаад паспорт захиалж өгнө гэж хэлээд мөнгө авсан хүн надад хэлэхдээ ямар ч асуудал байхгүй, хууль зөрчөөгүй яаралтайгаар 120,000 төгрөг төлөөд авчихдаг юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/

 

Гэрч З.Аын “...Би хаан банканд 502085ХХХХ дугаарын данс эзэмшдэг бөгөөд тухайн дансыг ойролцоогоор 2012 оноос хойш ашиглаж, эзэмшиж байгаа. Би 560603ХХХХ дугаарын данстай хүнийг таних бөгөөд М.А гэх эмэгтэй хүн байдаг юм. Тухайн эмэгтэй миний мэдэхээр Өмнөговь аймгийн Хан богд сумын Цагаан хаданд хоол хийж зардаг мөн валют сольж арилжаа хийдэг байсан. Би А гэх эмэгтэйг 2015 оноос хойш зүс танина. Намайг 2021 онд Ковид-19 цар тахлын тусгаарлалтад орчихсон байхад миний гадаад паспортын хуудас нь дуусчихсан бөгөөд яаж гадаад паспортоо захиалах талаар бодоод байж байсан чинь хүмүүсийн дам яриагаар А гэх эмэгтэй гадаад паспорт гаргаж өгдөг гэх яриа гарсан байсан. Улмаар би А гэх эмэгтэйг зүс таних учраас итгээд энэ талаар асууж үзэхэд “би гадаад паспорт чиний өмнөөс захиалж өгч болдог юм, ямар нэгэн асуудал байхгүй удахгүй гадаад паспорт чинь ирчихнэ гэж надад итгүүлж байсан. Тухайн үед би А гэх эмэгтэйг зүс таньдаг байсан учраас итгээд түүний хэлсэн 125,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн юм. Улмаар үүнээс хойш миний гадаад паспорт 10-14 орчим хоногийн дараа ирчихсэн. Хэн яаж авч ирсэн гэдгийг нь би санахгүй байна. Ямар ч байсан А гэх эмэгтэй надад захиалж өгнө гэж хэлээд надаас 125,000 төгрөг аваад захиалж өгч байсан. Би тухайн үед гадаад паспортын үнэ угаасаа ийм болчихсон юм болвуу гэж бодоод мөнгө шилжүүлж байсан. Би үүнээс хойш Агаас дахин гадаад паспорт авч байгаагүй...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 76 дахь тал/,

 

Гэрч А.Мийн дахин өгсөн “...Монгол улсын Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаартай “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралтаар улсын бүртгэлийн үйлчилгээний үнийн тарифыг тогтоодог байсан. Энэхүү тогтоолын хавсралтад Үндэсний энгийн гадаад паспортыг 5 жилээр олгоход үйлчилгээний хөлсний 27,500 төгрөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн сан болон Төрийн банкны дансанд тушаах ёстой байдаг. Мөн тэмдэгтийн хураамж 5,000 төгрөгийг тухайн үйлчлүүлж байгаа газрын татварын хэлтсийн байгууллагын дансанд тушааж мөнгө тушаасан баримтыг улсын бүртгэгчид өгч захиалах ёстой байдаг. Ингээд үндэсний энгийн гадаад паспортын хуудас дуусаад шинээр захиалж байгаа тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллагад нэг иргэн нийтдээ 32,500 төгрөгийг тушааж үйлчлүүлэх ёстой байдаг. Энэхүү МУЗГ-ын 2010 оны 09 сарын 15-ны өдрийн 237 дугаартай тогтоол нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаад Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаартай “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хүчингүй болж үйлчилгээний хөлсний хэмжээ шинэчлэн батлагдсан. Гэхдээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Үндэсний энгийн гадаад паспортын үнийн тариф нь ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй харин бусад төрлийн үйлчилгээний хөлсний хэмжээнд өөрчлөлт орсон байна. Тэгэхээр 2010 оноос хойш 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үндэсний энгийн гадаад паспортыг хуудас дуусаж дахин захиалахад иргэдээс нийт 32,500 төгрөгийн хураамжийг улсын бүртгэлийн байгууллага болон татварын байгууллагын төрийн сангийн дансанд төлж тушаадаг байсан. Мөн дээрх хураамжийг төлөхгүйгээр үндэсний энгийн гадаад паспортыг захиалах боломжгүй. Яагаад гэвэл шинэ паспорт хэвлэхэд үнэт цаасны тулгалтыг санхүүгийн ажилтантай тулгалт хийж тухайн паспорт захиалгын хувийн хэрэг буюу гадаад паспорт захиалсан нотлох баримт болоод архивд хадгалагддаг.  Энэхүү нотлох баримтууд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын иргэний баримтын архивд хадгалагдаж байгаа. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 78 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр М.Агийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 92-97 дахь тал/,

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/297 дугаартай Д.Хг  улсын бүртгэгчээр томилох тухай тушаал /01 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/521 дугаартай Д.Хг “Төрийн албанаас халах” тухай тушаал /01 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,

 

Мөрдөгчийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн М.Агийн Хаан банкны 560603ХХХХ дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /02 дахь хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

 

Мөрдөгчийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /02 дахь хавтаст хэргийн 24-28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон болох нотлогдон тогтоогдсон, уг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.А, Д.Х нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгч нарын хүлээн зөвшөөрсөн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг нийтийн албанд 2 жилийн хугацаанд томилогдох эрхийг хасаж, 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг нийтийн албанд 2 жилийн хугацаанд томилогдох эрхийг хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгтэй тэнцэх хэмжээг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримаар хураагдан ирсэн 9 ширхэг Монгол Улсын иргэний энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газар хүргүүлсүгэй. 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хг Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үргэлжилсэн үйлдлээр, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Аг Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үргэлжилсэн үйлдлээр, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг нийтийн албан 2 /хоёр/ жилийн хугацаанд томилогдох эрхийг хасаж, 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял,

 

Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг нийтийн албан 2 жилийн хугацаанд томилогдох эрхийг хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9 ширхэг Монгол Улсын иргэний энгийн гадаад паспортыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүргүүлсүгэй.  

 

6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУНТУНГАЛАГ