Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2022/07303/И |
Дугаар | 001/ХТ2023/00118 |
Огноо | 2023-06-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2023/00118
Ц.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00604 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2023/00693 дугаар магадлалтай,
Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
“..........” ХХК-д холбогдох,
2021.09.22-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ээс татгалзан, 82,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “..........” ХХК-д холбогдуулан 2021.09.22-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ээс татгалзан, 82,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00604 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан хариуцагч “..........” ХХК-аас 82,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “..........” ХХК-аас 638,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2023/00693 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “..........” ХХК-аас 48,758,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,241,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “638,150” гэснийг “471,942” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “..........” ХХК-аас төлсөн 325,560 төгрөгийг буцааж олгож шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгч талын зүгээс дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-т заасныг зөрүүтэй хэрэглэж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарч байна.
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “..........” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн 82,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 343.1, 225.1, 205.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний хуулийн 343.1, 205.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 48,758,500 төгрөгийг хангаж, үлдэх 33,241,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1 /Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй./-т заасныг дараах байдлаар зөрүүтэй хэрэглэсэн.
4.1.Ц.Б нь хариуцагч “..........” ХХК-тай 2021.09.22-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан тус гэрээний үүрэгт 82,000,000 төгрөгийг гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу Ч.О-ийн ................... тоот данс руу шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211-р зүйлийн 211.1-д зааснаар “..........” ХХК-д гэрээний үүргийг хүлээлгэж өгсөн.
4.2.Анхан шатны шүүх гэрээнээс татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлтэй тул түүний үр дагаврыг зохицуулсан хуулийн хэм хэмжээ болох Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-т заасныг баримтлан гэрээний үүргийн гүйцэтгэл болох 82,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны шүүх нь гэрээний 3.2-т гэрээний үнэ 82,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Ч.О-т төлөхийг хариуцагч зөвшөөрсөн байх боловч гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн 82,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар бодитоор авсан гэрээний гүйцэтгэлийг гэрээний нөгөө талд буцаан олгодог. Нэхэмжлэгч нь гэрээний үнэ 82,000,000 төгрөгийг бүхэлд нь шаардах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-т заасныг зөрүүтэй хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, мөн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байх тул цаашид Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-т заасныг хэрхэн хэрэглэх, хуулийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх талаар дүгнэлт хийж өгнө үү.
4.3.Гомдол гаргагчийн зүгээс Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-т заасан Хууль болон гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээж авсан 82,000,000 төгрөгт бүхэлд нь хамааралтай, өөрөөр хэлбэл тухайн 82,000,000 төгрөгийг хариуцагч “..........” ХХК нь хоёр талын байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 211-р зүйлийн 211.1-д зааснаар хүлээж авсан байх тул хариуцагчаас бүхэлд нь шаардах эрхтэй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж бодитоор авсан гэрээний гүйцэтгэл болох 48,758,500 төгрөгийг шаардах эрхтэй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “..........” ХХК-д Ч.О нь 48,758,000 төгрөг төлсөн, хүлээж авсан талаарх баримт байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс тухайн үйл баримттай маргадаг. Зөвхөн Ч.О болон “..........” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэж байгаа нь нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй байгааг анхаарч үзнэ үү.
4.4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэгсэхгүй болгосон 33,241,500 төгрөгийг хэрхэн хэнээс шаардах талаар заагаагүй бөгөөд нэхэмжлэгч болон Ч.О нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болно. Давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-т заасныг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаас 33,241,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлийн 176.2.3- т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.02-ны өдрийн 001/ШХТ2023/00626 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “..........” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 82,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “...хариуцагчтай 2021.09.22-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, ................... баригдах 80 айлын орон сууцны Б блокийн 3 давхарт 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 82,000,000 төгрөгөөр захиалан бариулах, хариуцагч нь барилгыг 2021 оны 04 дүгээр улиралд багтаан барьж орон сууцыг захиалагчид хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 3.1-т заасны дагуу үнэ 82,000,000 төгрөгийг Ч.О-ийн данс руу 2021.09.22-ны өдөр шилжүүлж хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээ байгуулагдах үед барилгын явц 40-50 хувьтай байсан бөгөөд өнөөдрийг хүртэл барилга баригдаагүй, гэрээний хугацааг хэтрүүлж үүргээ ноцтой зөрчсөн, амаар болон утсаар, биечлэн очиж уулзан шаардсан ч ямар ч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзан мөнгөө буцаан шаардаж байна.” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн талаар “...2021.01.12-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг иргэдтэй байгуулах үед барилгын материалын үнэ өссөн байдлыг аль аль нь олж хараагүй, барилгын материалын үнэ урд өмнө байгаагүйгээр өссөн, иймээс санхүүжилт зогсон хүнд байдалд орсон, мөн давагдашгүй хүчин зүйл буюу цар тахлын үед ажил зогссон. Цаашид санхүүжилт авч ажлаа явуулна. Гэрээний зүйл болсон орон сууцыг анх Ч.О орон сууц захиалгын гэрээ байгуулан гэрээний төлбөрт 48,758,500 төгрөгийг шилжүүлсэн, Ц.Б-т 82,000,000 төгрөгөөр худалдсан, уг мөнгө манай компанийн дансанд ороогүй, анхны үнэ 48,758,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гаргасан байна.
8.Анхан шатны шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний 3.1-т заасны дагуу 82,000,000 төгрөгийг төсөл хэрэгжүүлэгчийн шилжүүл гэсэн Ч.О-ийн дансанд шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр тохирсны дагуу 2021 оны 04 дүгээр улиралд байрыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул захиалагч тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх “...гэрээний 3.2-т үнэ 82,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Ч.О-т төлөхийг хариуцагч зөвшөөрсөн байх боловч гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн мөнгийг хариуцагчаас шаардах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцэхгүй, өөрөөр хэлбэл бодитоор хүлээн авсан гүйцэтгэлийг нөгөө талд буцаан олгодог тул 48,758,500 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангана” гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
9.Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хэлцлээр шилжүүлсэн гэрээний гүйцэтгэлийн хэмжээг хэд гэж үзэх талаар зөрүүтэй дүгнэлт хийснээс ялгаатай шийдэл гаргасан, энэ нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл болсон байна.
10.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
11.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний гүйцэтгэлд нэхэмжлэгч нь 82,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул уг мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх 48,758,500 төгрөг гэж үзжээ.
12.Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зохигчийн хооронд байгуулагдсан 2021.09.22-ны өдрийн ............ тоот гэрээ, мөн өдөр Ч.О-ийн дансанд 82,000,000 төгрөг шилжүүлсэн тухай зарлагын баримтад үндэслэсэн, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй маргахдаа 2019.06.25-ны өдөр Ч.О-тэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг нотлох баримтаар гаргаж, эдгээр баримтын хүрээнд зохигч мэтгэлцэж тайлбар гаргажээ.
13.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б-ийн захиалсан орон сууцыг анх Ч.О захиалан бариулахаар “..........” ХХК-тай 2019.06.25-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний төлбөрт Ч.О нь 48,478,500 төгрөг төлөх, компани орон сууцыг 2019.09.30-ны дотор барьж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байжээ.
Дээрх орон сууцны талаар “..........” ХХК нь Ц.Б-тэй 2021.09.22-ны өдөр ........ тоот гэрээ байгуулахдаа орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтааж ашиглалтад өгөх, нэхэмжлэгч төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд уг гэрээгээр тохирсон төлбөр хэд болох, үүнийг нэхэмжлэгч хэрхэн гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн үүргийн хэмжээний талаар зохигч маргасан байна.
14.Иймд шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг тайлбарлах бөгөөд гэрээний 2.2-т энэхүү гэрээгээр захиалга хийсэн орон сууцны нийт төлбөр нь 82,000,000 төгрөг байна гэж, улмаар гэрээний 3.1, 3.2-т орон сууцны төлбөрийг Ч.О-ийн ........ банкны дансанд шилжүүлж бүрэн барагдуулна гэж тусгагджээ.
Эдгээр гэрээний зохицуулалт, зохигчийн тайлбараас дүгнэхэд орон сууц захиалан бариулах гэрээний үнийг буюу ажлын хөлсийг зохигч нийт 82,000,000 төгрөгөөр тогтоож, улмаар харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Ц.Б төлбөрийг Ч.О-ийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон тул хариуцагчийн өмнө нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүрэг нь дээрх мөнгөн дүн буюу Ч.О-т шилжүүлсэн 82,000,000 төгрөгөөр тодорхойлогдоно.
Энэ талаарх анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь үүргийг гүйцэтгэхдээ гэрээний талд эсхүл түүний зөвшөөрч заасан этгээдэд шилжүүлсэн бол гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх зохицуулалттай нийцжээ.
15.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаадаг эрх зүйн үр дагавартай бөгөөд хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, уг гэрээний үүрэг биелэгдэх цаг хугацаа тодорхой бус бодит байдал тогтоогдсон байх тул нэхэмжлэгч мөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.
Харин давж заалдах шатны шүүх гэрээний гүйцэтгэлийг “..........” ХХК болон Ч.О нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Ч.Оийн тус компанид төлсөн 48,758,500 төгрөгийн хэмжээгээр тодорхойлсон нь үндэслэлгүй болжээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2023/00693 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/00604 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Бийн 2023.04.25-ны өдөр төлсөн 324,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД