| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 136/2017/0047/э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2017-04-07 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Д.О
Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний зам дээр ... улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а, 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас О.Сийн бие махбодод хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй.Одоо хүүгийн бие сайн байгаа” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...О машины хоёр дугуй сөөлжиж хагараад шонгийн мод мөргөчихлөө гэж хэлсэн хүү С орилсон хамарнаас нь цус гарсан нүд нь хавдсан байдалтай ирсэн. Охин А айсан байдалтай уйлсаар ирсэн бие нь зүгээр байсан. Тэгээд эмнэлэг дээр эмч үзээд Сийг аймаг руу авч явж үзүүлэх шаардлагатай гээд эмнэлгийн машинаар аваад аймагт очсон. Аймагт очоод эмчилгээ хийлгээд 9 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд дараа нь хот руу авч явж эмнэлэгт үзүүлсэн одоо гайгүй байна. Наанаа өнгөцхөн байна гэж хэлсэн тэгээд эмчилгээ бичиж өгөөд сарын дараа ирж үзүүлээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ч.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:...манай байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Сайхандулаан сумын төвд байрлах 04 мк тулгуур .. дугаартай бетон цахилгааны шонг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр машинтай хүн мөргөж шонг хугалж эргэж ашиглагдахааргүй болгосон юм. Манай байгууллагын зүгээс хохирлын акт гаргаж шонг шинээр сольсон. Шон мөргөсөн машины жолооч нь манай байгууллагад учруулсан хохирлоо буюу 770.000 төгрөгийг бэлнээр 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барагдуулж хохиролгүй болгосон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч У.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 01 сарын 15-ны өдөр...эмнэлэг дээр ирэхэд манай сумын Огийн хүү 4 настай С толгойдоо гэмтэлтэй нүүр нь хавдчихсан хамраас нь цус гарч байсан. Би өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийгээд шөнөдөө аймагт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг,
Шинжээч Б.Бийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “...Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоёота Приүс-11 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, ..., хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл... жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, схем зургийн үзүүлэлтүүд, Аймгийн Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шинжилгээ хийж шинжээч томилох тухай /хх-ийн 35,39, 57,62, 66,/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36,62, 59,63,67,/
Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ /хх-ийн 71,/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Д.О нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний зам дээр ... улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа.. хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл... жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, 9 дүгээр бүлгийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн О.Сийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Ог согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Огийн жолоодож явсан ... улсын дугаартай Тоёота Приүс11 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц.Б болох нь хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан тээврийн хэрэгэслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгээр, иргэний нэхэмжлэгч Ч.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн “О нь манай байгууллагад учруулсан 770000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 01 сарын хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан ялтай байх хугацаа нь дууссан байх тул түүнийг ял шийтгэлгүй болсон гэж үзэж анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Д.Од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн эд материалын хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн .... тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Д.Ог согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Огийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Д.Од оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
6.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7.Хэрэгт хавсаргагдан ирсэн 459526 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дорноговь аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН