Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 804

 

 

 

 

 

 

   

  2020            6             23                                           2020/ДШМ/804

 

 

Н.Э, Б.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Н.Э, Б.У,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/833 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Угийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Э, Б.У нарт холбогдох эрүүгийн 2006015400902 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Э,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

Б.У,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

   Шүүгдэгч Н.Э, Б.У нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” зочид буудлын гадна Б.Энхпүрэвээс “дуу сонсоод өгье” гэж хэлж хуурч түүний эзэмшлийн самсунг А50 загварын гар утсыг авч залилан бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Э, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Э, Б.У нарыг бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Эийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар Б.Уг 8 /найм/ сарын хугацаагар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Э, Б.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Э, Б.У нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Э, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би бусдын нөлөөнд автаж, гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Б.У би гэмт хэргийн үйлдлийн улмаас бусдад учруулсан 671.200 төгрөгийн хохирлыг бүрэн төлж гэм хорыг арилгасан. Би 2 настай охины хамт өрх толгойлон амьдардаг. Одоо 3 сартай жирэмсэн бөгөөд хүүхдээ төрүүлэх чин хүсэлтэй, шийдвэртэй байгааг харгалзан үзэж надад итгэл өгч үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн зөв амьдралаар амьдрахад минь тусалж өгнө үү.

Б.У би цус багадалтын улмаас хугацаанаас өмнө дутуу, хүндрэлтэй төрдөг. Иймд хяналтын шатны шүүгчид та бүхэн миний хувийн байдлыг болон бусдад учруулсан гэм хорын төлбөрөө бүрэн барагдуулж, гэм буруугаа ухамсарлан ойлгож байгааг минь харгалзан үзэж надад өгсөн 8 сарын хорих ялыг минь багасгаж өгч тусална уу. Би гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ баталж байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Би 300 цаг нийтэд тустай ажлыг хийж дуусгасан боловч анхан шатны шүүх хуралдаанд 100 цагийн үлдэгдэлтэй гэж лавлагаагаар гарч ирсэн. Хорих 461 дүгээр ангид ирсний дараа нийтэд тустай ажил хийж дууссан гэдэг бичгийг гаргуулж авсан. Би давж заалдах гомдол гараагүй учир энэ бичгийг шүүх руу явуулж чадаагүй. ...” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Э, Б.У нар нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх замаар авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Н.Э, Б.У нарт оногдуулсан ял нь хувийн болон хэргийн нөхцөл байдалд тохирсон учир Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Э, Б.У нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайга” зочид буудлын гадна Б.Энхпүрэвээс “дуу сонсоод өгье” гэж хэлэн хуурч, түүний эзэмшлийн самсунг А50 загварын гар утсыг авч залилан бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Энхпүрэвийн “...Уг хоёр эмэгтэй машинаас буухаасаа өмнө нэг эмэгтэй нь миний А50 маркийн гар утсыг “дуу сонсъё” гээд авсан байсан. ...” /хх 7/,

иргэний нэхэмжлэгч Д.Хосбаярын “...хоёр эмэгтэй ирээд надаас эд зүйл барьцаанд тавина, бичиг баримт байхгүй гэхээр нь бичиг баримттай хүн авч ир гэж хэлээд явуулсан. Гэтэл уг хоёр эмэгтэй удалгүй нэг эрэгтэй хүн дагуулж ирээд тэр хүний бичиг баримтаар Самсунг галакси А50 маркийн гар утас 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...” /хх 9/,

шүүгдэгч Б.Угийн “...тухайн залуугийн гар утсыг “дуу сонсъё” гэж хэлээд авсан. Тэгээд Н.Э бие заслаа гэж хэлээд бид хоёр гудамжны үзүүрт буугаад үлдсэн. ...Бид хоёр тухайн залуугаас зугтаагаад такси барьж гэр рүүгээ явсан юм. Маргааш нь гар утсыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МАКС-2 нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаалсан юм. ...” /хх 60/,

шүүгдэгч Н.Эийн “...Б.У дуу сонсъё гэж хэлээд тухайн залуугийн гар утсыг өөртөө авсан. Тэгээд бид хоёр тухайн залууд худал хэлж бие засах гэсэн юм гэж хэлээд Б.Угийн хамт таксинаас буусан. ...маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МАКС-2 нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 200.000 төгрөгөөр барьцаалсан юм. ...” /хх 67/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн БЗД2-20-306 дугаартай тайлан /хх 15-16/, МАКС-2 барьцаат зээлийн үйлчилгээний газрын баримт /хх 52/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хэргийн үйл баримтыг шүүгдэгч Н.Э, Б.У нарыг бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Э, Б.У нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Угийн “...одоо 3 сартай жирэмсэн бөгөөд хүүхдээ төрүүлэх чин хүсэлтэй байгаа хувийн байдлыг болон бусдад учруулсан гэм хорын төлбөрөө бүрэн барагдуулж, гэм буруугаа ухамсарлан ойлгож байгааг минь харгалзан үзэж надад өгсөн 8 сарын хорих ялыг минь багасгаж өгч тусална уу...” гэсэн утга, агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг учиртай.

Дээрх байдлуудад тулгуурлаж, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт, зарчимд нийцдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

Хэрэгт шүүгдэгч Б.Уг 3 сартай жирэмсэн гэх нотлох баримт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар энэ талаар хянан хэлэлцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Угийн “...одоо 3 сартай жирэмсэн...” гэснийг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 15-24/153 дугаартай албан бичгээр Н.Э 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлж дуусгавар /хх 93/ болсон байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн гэж үзэхгүй. 

Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч Б.У нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Э, Б.У нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 833 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Угийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ