Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2015/0019

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ц” ХХК-нийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-н  2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Ц” ХХК-нийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийг төлөөлж ТУЗ-ын дарга Н.Э ,гүйцэтгэхзахирал Ж.Д, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц ХХК-нийн ТУЗ-ын дарга Н.Э, гүйцэтгэх захирал Ж.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.А нь “Цаст Алтан Жинчид” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг бичин олгуулах хүсэлтэд татгалзсан мэдэгдэл хүргүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Учир нь улсын бүртгэгч П.А-н дээрх шийдвэр нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцээгүйгээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон хуулийн этгээдийн хувийн хэргийн болон регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн цахим гэрчилгээг өргөдөл гаргагч хэвлэн авах боломжтойгоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд байршуулна” гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn албан ёсны сайтад “Ц” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг цахим хэлбэрээр хэвлэн авах боломжтойгоор тавигдсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг цахим хэлбэрээр байршуулахаас гадна өргөдөл гаргагчийн хүсэлтээр үнэт цаасан дээр хэвлэн баталгаажуулж олгох тухай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ. Тодруулбал хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно” гэжээ. “Ц” ХХК нь хуулийн дээрх заалтын дагуу улсын бүртгэлийн гэрчилгээгээ үнэт цаасан дээр хэвлэн баталгаажуулж авахыг хүссэн хүсэлт гаргасан байхад улсын бүртгэгч П.А нь татгалзсан хариу өгсөн хууль зүйн үндэслэлгүй болох нь илэрхий байна. Улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээрх дахин бичиж олгохоос татгалзах тохиолдлыг хуульд заагаагүй байхад улсын бүртгэгч П.А нь улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах мэдэгдэл ирүүлсэн нь яав ч хуулийн дээрх заалтад нийцэхгүй үйлдэл боллоо.

Учир нь “Ц” ХХК нь нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдчихсэн тул улсын бүртгэлийн гэрчилгээгээ үнэт цаасан дээр дахин бичүүлж авахыг хүсэж өргөдөл гаргасан юм. Харин шинээр улсын бүртгэлд бүртгүүлье, бүртгэгдсэн жагсаалтад өөрчлөлт оруулъя гэж хүсэлт гаргаагүй юм. Ийм байхад улсын бүртгэгч П.А нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, нэгэнт бүртгэгдчихсэн хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ олгох гэсэн хууль зүйн ач холбогдол бүхий зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

“Ц” ХХК нь  анх 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд албан ёсны бүртгэлтэй гэдгийг нотлох Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлагдсан загварын үнэт цаасан дээр бичигдсэн “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-г гээгдүүлсний улмаас дахин авах хүсэлтэй байгаа юм.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглосон байна. Манай компанийн хүсэлтээр улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээг дахин бичиж олгосноор улсын бүртгэлийн жагсаалтад бүртгэгдсэн мэдээлэлд өөрчлөлт орохгүй, дахин бүртгэл хийгдэхгүй юм. Зөвхөн гэрчилгээ дахин бичиж олгогдох бөгөөд манай компанийн гэрчилгээгээ дахин авах хүсэлт нь хуулийн дээрх заалтын агуулгад огтхон ч хамаарахгүй гэдэг нь илэрхий байна. “Ц” ХХК-ийн ............... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн бөгөөд хүчингүйд тооцуулсан талаар сонин хэвлэлээр нийтэд албан ёсоор зарлуулсан болно.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний тухайд авч үзвэл улсын бүртгэлийн байгууллагаа үнэт цаасан дээр бичиж олгохыг  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт тодорхой заасан байна. Хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.А-н 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийн улмаас нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн төрийн байгууллагад өргөдөл гаргаж, үндэслэлтэй хариуг авах, компанийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдлөө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгч ЦХХК-нийн ТУЗ-ын дарга П.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид “Ц” ХХК-ны хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээг М.О-д байгааг мэдээгүй байсан. М.О-с компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа эсэхийг асуухад “байхгүй” гэх хариуг хэлсэн. Сүүлд нь уг гэрчилгээг М.Оөөрөө гаргаж шүүхэд өгсөн байна. Иймд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.А-н 2015 оны 5 дугаар  сарын 29-ний өдрийн 02 дугаар "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл"-ийг хүчингүй болгуулах, Ц ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж баталгаажуулж олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Нэхэмжлэгч Ц ХХК-нийн гүйцэтгэх захирал Ж.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ц” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ алга болсон учраас шүүхэд хандсан. Дараа нь М.О “Ц” ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ надад байна гэж хэлсэн. Иймд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч П.А-н 2015 оны 5 дугаар  сарын 29-ний өдрийн 02 дугаар "Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл"-ийг хүчингүй болгуулах, Цд ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж баталгаажуулж олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, П.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Н.Энь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 7 хоногийн өмнө “Ц” ХХК-ны хувийн хэргээс материал хуулбарлан авсан юм. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч Б.А манай ажлын байранд ирж гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд ямар материал бүрдүүлдэг юм бэ гэж асуухаар нь би эхлээд сонинд зар өгч гээгдүүлсэн гэрчилгээгээ хүчингүй болгон тэмдэгтийн хураамж төлнө, мөн үүсгэн байгуулагч хурлаа хийж дахиж гэрчилгээ авах талаараа шийдвэрээ гаргана гэж хариу хэлсэн. Удалгүй Улсын бүртгэлийн хэлтсийн дарга намайг өрөөндөө дуудсан. Өрөөнд ороход өмгөөлөгч Б.А, Н.Э хоёр сууж байсан. Улсын бүртгэлийн хэлтсийн дарга надаас “Ц” ХХК-нийн гэрчилгээгээ гээгдүүлсэн байна гэхээр нь би “Ц” ХХК-нийн гэрчилгээ М.О-д байгаа гэрчилгээг гээгдүүлээгүй гэж хэлсэн. М.О маргааш нь буюу 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагад ирж “Ц” ХХК-ны хувийн хэргээс хуулбар хийж авах хүсэлт тавьсан юм. Тэгэхэд нь би “танай компанийн гэрчилгээ танд байгаа юу?” гэж асуухад М.О надад байгаа гэж хэлсэн. Тэгвэл та гэрчилгээгээ аваад ирээрэй би нэг хуулбар хийж авах гэсэн юм гэж хэлэхэд М.О “Ц” ХХК-нийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг аваад ирэхээр нь би канондаж аваад ард нь 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэж тэмдэглэсэн авсан юм. Н.Э Ж.Д нарын “Ц” ХХК-нийн гэрчилгээг үнэт цаасан дээр бичүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар олгох боломжгүй. Ингээд Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар “Ц” ХХК-д дахин гэрчилгээг бичиж өгөхөөсөө татгалзсан мэдэгдэл гаргасан. Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхад дахин гэрчилгээ авах нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн байдлаар “Ц” ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин ашиглах боломжгүй байгаа. Яагаад гэвэл улсын бүртгэлийн байгууллагаас тавьсан шаардлагын дагуу уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг эрх бүхий байгууллагын гишүүд хүчингүй болгож, олон нийтэд зарласан байгаа. Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Улсын бүртгэгч П.А нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бид нарт өгсөн татгалзах мэдэгдэлдээ “Цаст-Алтайн Жинчид” ХХК-нийн гэрчилгээг М.О-д байгаа гэж хариу өгсөн. Албан ажил амаар явагдаж болохгүй. Амаар хариу хэлж байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзнэ. Улсын бүртгэгч нь хуулийг буруу тайлбарлаж бид нарт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-н2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, “Ц” ХХК-нийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, нэхэмжлэгчээс захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад хандан гомдлоо гаргаж хариуг авсан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасан захиргааны хэргийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэхгүйгээр мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нутаг дэвсгэрийн харъяаллыг зөрчихгүйгээр тус шүүхэд хандсан байх тул шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн болно. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн  оролцогчоос гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Ц” ХХК-нийн нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А нь “Ц” ХХК-нийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин бичиж олгохоос татгалзсантай холбоотой маргаан үүсчээ.

 “Ц” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар[1] компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдэж үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцуулах талаар асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр зарлуулах улмаар Улсын бүртгэлийн хэлтэст хандаж улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авахаар шийдвэрлэжээ[2]. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болохоор заасан байх ба “Ц ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралд 9 гишүүний 6 оролцсон байх тул хурал нь хүчин төгөлдөр болсон байна. “Ц” ХХК-аас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлснээс хүчингүйд тооцуулах талаар мэдээллийн лавлах 1900-1950 утсанд[3] 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, “Өнөөдөр”[4] сонины 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 124 дугаарт  зар нийтлүүлж, улмаар гэрчилгээг дахин шинээр авахаар улсын бүртгэлийн байгууллагад ханджээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн мэдээллийн санд байршуулсан, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цахим болон бичгийн хэлбэрээр олгох баримт бичгийг ойлгоно гэжээ. Үүнээс үзвэл улсын бүртгэлийн гэрчилгээ нь компанийг улсын бүртгэлд бүртгэгдсэн  иргэний эрх зүйн чадвартай хуулийн этгээд болохыг нотлох баримт бичиг байх бөгөөд гэрчилгээ нь цахим болон бичгэн хэлбэртэй байж болохоор байна.  

“Ц” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 9 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдан улсын бүртгэлийн 1611003094 дугаарт бүртгэгдэж, 4068777 регистрийн дугаартай улсыг бүртгэлийн гэрчилгээ авсан байсан нь хуулийн этгээдийн улсыг бүртгэлийн лавлагаа[5],улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар[6] нотлогдож байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д “Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснийг нотолсон хуулийн этгээдийн хувийн хэргийн болон регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн цахим гэрчилгээг өргөдөл гаргагч хэвлэн авах боломжтойгоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд байршуулна.” 18.5-д “Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан даар хэвлэж баталгаажуулж олгож болно.” гэжээ. Компани нь улсын бүртгэлд бүртгүүлээд улсын бүртгэлийн гэрчилгээг цахим болон бичгэн аль ч хэлбэрээр авах эрхтэй байх бөгөөд энэ нь гэрчилгээг дахин авах тохиолдолд өөр байх зохицуулалт байхгүй байна.

Ийм учраас “Ц” ХХК нь гэрчилгээ дахин авах шаардлага, үндэслэлийг нотолсон баримтыг бүрдүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин хэвлүүлж авах эрхтэй байна.

 “Ц”-нийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар асуудлыг авч хэлэлцэж, гэрчилгээг хүчингүйд тооцуулах арга хэмжээ авсан байхад улсын бүртгэгч П.А гэрчилгээг дахин авах үндэслэл, түүнийг нотолсон баримт бичгийг анхаарч үзэхгүйгээр “Ц” ХХК-нийн гэрчилгээ тус компанийн үүсгэн байгуулагчийн нэг М.О-д байгаа” гэсэн үндэслэлээр гэрчилгээ бичиж өгөхөөс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-н 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийн эрх зүйн үндэслэлийн тухайд:

  Улсын бүртгэлийн Ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн “мэдэгдэл” гэх баримт бичиг үйлдэх эрх, үндэслэлийг заагаагүй боловч Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын Хоёр. Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх гэсэн хэсгийн  2.5-д “Улсын бүртгэгч тухайн баримт бичгийг хянаж, хуульд заасан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан мэдэгдлийг бичгээр эсхүл цахим хэлбэрээр өргөдөл гаргагчид илгээнэ.” гэжээ. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 334 дүгээр тушаалын тавдугаар хавсралтаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийн загвар маягтыг баталсан байна.

“Ц” ХХК нь улсын бүртгэлд бүртгэлтэй бөгөөд дахин бүртгүүлэх эсвэл улсын бүртгэлд өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргаагүй харин улсын бүртгэлийн гэрчилгээг дахин баталгаажуулж авах талаар хандсан байхад улсын бүртгэлийн байгууллагаас “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” өгсөн нь буруу байна. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан үндэслэл байгаа тохиолдолд “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл” өгөхөөр байна.

Гэтэл улсын бүртгэгч Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтыг үндэслэл болгож мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй болжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилтод “хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсыг бүртгэлд бүртгэх............” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4.4[7]-т заасныг ойлгоно гэснээс дүгнэвэл улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлснээс дахин авах тухай асуудал нь хуулийн этгээдийн бүртгэлтэй хамааралгүй байх тул хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл” нь утга агуулгын болоод эрх зүйн зөрчилтэй болжээ. 

Иймд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-н 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Ц” ХХК-нийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх хэсэг, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-н 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл”-ийг хүчингүй болгож, “Ц” ХХК-нийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 6. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 

[1] хурлын тэмдэглэл хх-ийн 107-108 дахь тал

[2] хурлын тогтоол хх-ийн 106 дахь тал

[3] хх-ийн 61 дэх тал

[4] хх-ийн 45-46 дахь тал

[5] хх-ийн 10-14 дэх тал

[6]  хх-ийн 49 дэх тал

[7] Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4.4 “Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хуулийн этгээдийн улсын бүртгэл гэнэ.”