| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/04389/и |
| Дугаар | Дугаар 183/ШШ2021/00246 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар Дугаар 183/ШШ2021/00246
| 2021 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2021/00246 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ................ оршин суух А овогт Ц-ын Б /РД:0000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1.......оршин суух Ч овогт Ц-ийн Х /......1/-д холбогдох,
хүүхдийн сургалтын төлбөр 1.150.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.М /ШТЭҮД:000/, хариуцагчийн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Ц.Болормаа миний бие Ц.Х-тай 2005 оноос хойш хамт амьдарч байгаад 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Х.А төрсөн боловч 2010 оноос хойш тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн тэтгэлэг, сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг шүүх хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/000 дугаар шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоож, хүүхдийн сургалтын төлбөрийн тал болох 1.150.000 төгрөгийг Ц.Х-наас гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоо шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж төлбөрийг Ц.Хүдэрчулуун нь төлж байгаа бөгөөд Х.Ануцэцэн охиныхоо 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 2.300.000 төгрөгийг Ц.Б би төлсөн учир 50 хувь буюу 1.150.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь Ц.Х нь охиноо огт тоохгүй, нэг ч уулзахгүй албан хүчээр л тэтгэлгийг төлж байна. Иймд Х.Ануцэцэн охины сургалтын төлбөрийн 50 хувь болох 1.150.000 төгрөгийг хариуцагч Ц.Х-наас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Х нь 2005 онд Солонгос улсад ажиллаж байхдаа Ц.Б-тай танилцсан. Тус тусын ажил хөдөлмөр эрхлэн найзалж байсан. 2007 оны сүүлээр Монголд ирсэн. Үүнээс хойш Улаанбаатар хотод хамтран амьдран 2010 оны 5 дугаар сар хүртэл хамт байсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тэтгэлэг тогтоох хүсэлт гаргуулсан, өнөөдрийг хүртэл тэтгэлэг өгч байгаа. Мөн сургалтын төлбөр болох 1.150.000 төгрөгийг нэхэмжилж өгч барагдуулсан. 2020 оны сургалтын төлбөр 1.150.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Учир нь анх сургуульд оруулахдаа надтай харилцан тохиролцоогүй, цар тахлын үеэр ямар ч орлогогүй болсон. 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа. Эхнэр болох Б.О нь СЭМҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, гэрээр эм ууж, эмнэлгийн хяналтад байдаг. Би 3 хүүхэдтэй, хоёр хүүхэд маань улсын сургуульд сурч, нэг хүүхэд нь улсын цэцэрлэгт хүмүүждэг. Мөн түрээсийн байранд амьдардаг бөгөөд эхнэрээ асран, хүүхдүүдээ өсгөж, гэрийн ажилтай амьдарч байна. Ажилгүй, орлогогүй, амьдралын нөхцөл хүнд байгаа энэ шалтгаануудыг харгалзан үзэж зохих шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Т шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь Ц.Х өөрийн охинд насанд хүртэл амьжиргааны доод түвшингээр тэтгэлэг өгч байхаар шүүхийн шийдвэр гарч энэхүү үүргээ биелүүлж байгаа. Гэтэл нэхэмжлэгч сургалтын төлбөр 1.150.000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч Ц.ц нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хоёр хүүхэд нь улсын сургуульд, нэг хүүхэд нь улсын цэцэрлэгт явдаг бөгөөд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн орлогогүй болно. Мөн эхнэр Б.Ог нь СЭМҮД-д хэвтэн эмчлүүлж, гэрээр эм ууж, эмнэлгийн хяналтад байдаг ба түрээсийн байранд одоо хүртэл амьдарч байна. Өөрөөр хэлбэл Ц.Х-ны амьдралын нөхцөл байдал хүнд байна. Гэтэл Ц.Б нь төрсөн эцэг Ц.Х-тай ярилцаж тохиролцохгүйгээр өөрөө бие даан хүүхдийг хувийн үнэтэй төлбөр бүхий сургуульд суралцуулж, нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 1.150.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан. Хуульд зааснаар хүүхдээ төрийн үнэгүй сургуульд суралцуулах боломж байсаар байтал Ц.Хүдэрчулуунд мэдэгдэлгүй, харилцан тохиролцолгүй өндөр төлбөр бүхий хувийн сургуульд суралцуулж, төлбөрийг түүнээс шаардаж байгаа нь онцгой нөхцөл байдал гэж үзэхгүй болно. Мөн төрөөс Монгол улсын иргэнд бага, дунд, бүрэн дунд боловсролыг үнэгүй олгохоор хуульчилсан байхад энэхүү боломжийг эдлэхгүй, хувийн сургуульд суралцуулсан байна. Иймд Ц.Бо-агаас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ц.Х-д холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр 1.150.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 1.050.000 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид 2005 онд танилцаж, улмаар хамтран амьдарсан байх ба тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Х.Ануцэцэг төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын өөрсдийн тайлбараар нотлогдож байна.
Гэвч хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаад шүүхэд хандаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ20190000дугаар шийдвэрээр охин Ч.А 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Ц.Х-аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлж, сургалтын төлбөр 1.150.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Б нь охин Х.А-гийн 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 2.300.000 төгрөгийг төлсөн гэсэн үндэслэлээр тухайн зардлын 50 хувь болох 1.150.000 төгрөгийг хариуцагч Ц.Х-аас гаргуулахаар шаардсан бол хариуцагч талаас өндөр төлбөр бүхий хувийн сургуульд элсэн орсон нь тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэсэн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд төрөөс бага, дунд, бүрэн дунд боловсролыгүнэгүй олгохоор хуульчилсан байхад энэхүү боломжийг эдлэхгүй, эцэгтэй нь тохиролцохгүйгээр хувийн сургуульд суралцуулсан зардлыг нэхэмжилж байгаа зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь зохигчид хамтран амьдрахаа больсон боловч тэдгээрийн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх тул хүүхдийн эцэг, эх болох Ц.Б, Ц.Х нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26.2.3-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох үүргийн хүрээнд тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу сургуульд орсонтой холбоотой гарсан нэмэлт зардлыг төлж барагдуулах үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч Ц.Б нь охин Х.Аг жилийн 2.300.000 төгрөгийн төлбөр бүхий Баянгол дүүргийн Хүрээ-Тулга бүрэн дунд сургуульд 2019 оноос эхлэн суралцуулсан байх бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилийн төлбөрт 2.100.000 төгрөгийг төлсөн болох нь орлогын болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна.
Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасны дагуу улсын сургуульд суралцсан тохиолдолд төлбөр төлөхгүй хэдий боловч охин Х.А-гийн мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэх, сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор төлбөр бүхий хувийн сургуульд суралцуулж байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас тогтсон ажил эрхэлж орлого олохгүйгээс төлбөрийн боломжгүй байгаа нь тэжээн тэтгэхтэй холбоотой нэмэлт зардлыг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
Охин Х.А-гийн суралцаж буй Хүрээ-Тулга бүрэн дунд сургууль нь жилийн 2.300.000 төгрөгийн төлбөртэй боловч тэрээр 200.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэж, нэхэмжлэгч Ц.Б-гаас 2020-2021 оны хичээлийн жилийн төлбөрт 2.100.000 төгрөгийг бодитоор төлсөн байх тул уг зардлын 50 хувийг эцэг Ц.Х хариуцах үндэстэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Хү-наас охин Х.А-гийн сургалтын төлбөрт төлсөн нэмэлт зардлын 50 хувь болох 1.050.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Х-наас 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хүдэрчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 29.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай