Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/56

 

 

 

 

 

 

    

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч Т.Нансалмаа,

гэрч Б.Г

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

шүүгдэгч Д.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....  овогт Д.Б., холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 05 дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймгийн .... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр, 2 хүүхэд, ээж, дүүгийн хамт ... аймаг ...... тоотод оршин суух хаягтай урд ял шийтгүүлж байгаагүй, ... овогт Д.Б, /.../

 

Холбогдсон хэргийн товч утга

 

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд ... аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутагт Ш.Л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдсээр байж орхиж явсны улмаас Ш.Л нь осгож нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутагт Ш.Л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг мэдсэн атал орхиж явсны улмаас тэрээр осгож нас барсан, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.   

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугийн хувьд маргахгүй. Тэр өдрийн болсон зүйл бол би тэмцээнтэй байсан. Тэмцээнд оролцоод медаль аваад гарч ирээд Л явсан. Л, С бид 3 архи уусан. Архи ууж байгаад Л, С бид 2-т хандаж дээр байгаа ганц бие хүүхний гэрт орж ууя гэж хэлсэн. С бид 2 дургүйцээд яах юм бэ тийшээ орохгүй машин дотроо сууя гээд суусан. Хэсэг хугацаанд сууж байгаад С гэрт нь буулгаад буцаад доошоо Л хүргэж өгөх гээд явсан. Хүргэж өгөх гээд явж байхад Л гэрийнх нь зэргэлдээ хашааны үүд хавьцаа явж байхад зогсож бай гэхээр нь яасан гэтэл би өөрөө буугаад яваад орчихно гэсэн. Найз нь чамайг хүргэж өгнөө гээд би хэлсэн. Тэгтэл найз нь яваад орчихно, эхнэртэйгээ маргаантай байгаа, зүгээр зүгээр чи яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би найздаа итгээд найзыгаа орхиод явсан. Хэсэг хугацаанд би гадуур явж байгаад эргээд талийгаачийн гэрт ирсэн. Тэгээд Л гэрт ортол Л байхгүй байсан. Энхболд болон Лн эхнэр байсан. Л орж ирээгүй юм уу гээд асуутал юу яриад байгаа юм бэ чамтай гараа биз дээ гэхээр нь би тухайн үедээ “энэ яг дээр ууя гэсэн айл руугаа явчхаж дээ” л гэж бодоод найзыгаа өмгөөлж хамгаалсан. Тэрийг бол би дурьдаагүй, мэдүүлэг дээрээ ч хэлээгүй байгаа юм. Найзыгаа муу нэртэй болгоод яах вэ л гэж бодсон, тэрнээс болж би буруутан болоод байж байна. Би найздаа буруу зүйл хийгээд байх хүн биш. Би чадах хэрээрээ бүх зүйл дээр нь тусалсан. Найзыгаа өнгөрөөд 49 хоногийн дараа гэрт нь очиход намайг ээж аав нь алуурчин гэж хөөгөөд надад хэцүү байсан. Би найзынхаа төлөө хар багаасаа л өмгөөлж хамгаалж явж байсан. Энэ 2 хүн үр хүүхдээ алдсан учир хэцүү байгаа гэж би дотроо бодож байгаа. Залуу хүн байна амьдралдаа алдаж л байж ухаардаг юм байна гэж ойлгож байна. Найзыгаа ингээд амиа алдана гэж бодоогүй. Найзыгаа дээр айлд байгаа юм байна гэж хэлээд би хамгаалаад гарсан, энэ бол миний буруу намайг уучлаарай. Учраа олно л гэж гэрт нь очсон. Учраа олсон байсан бол би үр хүүхдийнх нь орон зайг бөглөөд хичээж явах байсан. Нэгэнт ийм зүйл болсон учраас намайг уучлаарай...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш “...Би ажилгүй 3 хүүхэдтэй өөрөө тэтгэвэрт байдаг, гомдолтой байна. Манай хүүхдийг битгий уруу татаарай гэж хэлдэг байсан. Миний хэлсэн үгийг үл тоож миний хүүг алсанд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Гр мэдүүлэхдээ “....2022 оны 12 дугаар сарын 31-ний 03 цаг үед дуудлага ирээд эмчээ авах гээд явж байхад ... гэсэн дугаартай машин гэрлээ асаагаад зогсож байсан. Эмчээ аваад гараад ирэхэд байхгүй байсан.Дахиад өглөөний 08 цаг 50 минут орчим явж байхад хүн юм уу хожуул ч юм уу гэж харсан ойртоод хартал 2 хөл дээрээ сөхрөөд суусан хүн харагдсан. Тэр дороо хэсгийн төлөөлөгчдөө хэлээд би өөрөө явж эмчээ авсан. Эмчтэйгээ ирэхэд тэр хүн өнгөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 3 хүү, 1 охин гээд 4-н хүүхэдтэй талийгаач Ш.Лнь миний 2 дахь хүүхэд байгаа юм. Л нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулиа Сэлэнгэ аймгийн  сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 9 дүгээр ангиа төгсөөд 10 дугаар ангид орох жилээ ...сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж хүнд машин механизмын операторчин мэргэжлээр төгссөн. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөө төгсөөд 1 жилийн хугацаат цэрэгт татагдаж Налайх дүүргийн 016 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж ирээд өөрийн мэргэжлээр Дундговь аймгийн Чойр суманд хувийн компанид хүнд машин механизмын операторчин ажилтай байсан. Л нь В нэртэй эмэгтэйтэй цэргээс халагдаж ирээд л хамт нэг гэрт орж ирэх болсон. Яг хэдэн онд гэдгийг нь миний бие мэдэхгүй байна. Тэр хоёр дундаасаа ямар нэгэн хүүхэдгүй, В нь дагавар нэг хүүхэдтэй байсан. Миний хүү Л нь архи согтууруулах ундаа уугаад байдаггүй хааяа уусан ч гэртээ ороод л унтаж амардаг байсан. Хүн амьтантай хэрүүл маргаан зодоон цохион хийж хэл ам татлаад байдаггүй. Ажилч хөдөлмөрч, шударга тууштай хүүхэд байсан. ...уг хэрэгт Б сайтар шалгуулах хүсэлтэй байна Б нь манай гэрт 03 цаг өнгөрөөд 04 цагийн үед очихдоо ганцаараа очсон Л хаана байгаа талаар асуухад айлд байгаа гэж хариулсан байдаг миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37, 39 дүгээр хуудас/,

Хохирогч А.В 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ажил дээрээ очиж ажлаа хийж байгаад оройн 20 цагийн үед Соёлын төв дээр очиж өөрийн охин Н авсан. Харин Лнь тухайн үед архи согтууруулах ундаа уусан байдалтай “охиноо аваад гэртээ очоод байж бай” гэж хэлээд машинд байсан нэг ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво аваад ... СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү пиво үлдээчихээд буцаад Соёлын төв рүү найз Б хамт орсон. Миний хувьд Соёлын төвийн гадна талд ойролцоогоор 10-20 минут гарч ирэх болов уу гэж бодоод хүлээсэн боловч гарч ирэхгүй байхаар нь охиныхоо хамт хадам аав Ш гэр лүү явсан. Гэртээ очоод байж байтал 22 цагийн үед Лнад руу залгаад “Соёлын төвд тамхи аваад ир” гэж хэлэхээр нь би тамхи аваад Соёлын төвд очиж тамхийг нь өгөхөд надаас тамхи аваад өөр хүмүүстэй тамхилж байгаад Соёлын төвийн дотогшоо орчихсон. Тэгэхээр нь би хэсэг гадаа хүлээж байгаад гэр лүүгээ явсан. Гэртээ хариад байж байтал 23 цаг өнгөрч байхад Б, О, Л нар гэрт ирээд машин авч явна гэхээр нь би түлхүүр өгөхгүй байсан чинь надад хэсэг уурлаж байгаад Б, О нарын хамт гараад явсан. Би яг хаашаа явж байгаа талаар мэдээгүй. Тэгтэл шөнийн 03 цагт Бманай гэрт ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь Л хаана байгаа талаар асуухад Бэ “дээр айлд үлдсэн” гэж хэлсэн бөгөөд Бгэрт орж ирж тамхи аваад гадагш гарсан. Тэгээд л өглөө Л нас барсан байгааг харлаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/

Гэрч Э.О 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Л гэх хүн ганцаараа орж ирээд манай нөхөрт хандаж чи өнөөдөр машин барьж явна шүү би уусан байна гэж хэлээд байсан. Тухайн үед Л нь халамцуу байсан ба өөрийн машинтайгаа ирсэн байсан. 19 цаг 22 минутын үед Ц гэх эмэгтэй залгаад бүжиг эхлэх гэж байна гэсэн тэндээс би өөрийн .. СЭА улсын дугаартай Пробокс загварын тээврийн хэрэгсэл бариад харин манай нөхөр Б нь Л ... ТӨА улсын дугаартай тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодоод ... сумын 1-р багт байрлах Соёлын төвд ирээд үйл ажиллагаанд оролцож байгаад 23 цаг 57 минутын үед гэрийн гадаа ирээд манай нөхөр найзын хамт гэрт хоол идэж байгаад 00 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан бөгөөд гарахдаа С-с архи авна гэж Л хэлж байсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний 01 цаг 44 минутын үед залгаж ярихад "дээр байна" гэж хэлэхэд нь би хурдан ир гэж хэлсэн тухайн үед утсаар ярьж байхад эрүүл юм шиг байсан. 03:41 цаг, 03:59 цаг 04:00 цагийн үед залгахад утсаа авахгүй байсан. 04 цаг 02 минутад 9.... дугаартай холбогдоод хаана байна гэж асуухад архи уусан байсан бөгөөд гэртэйгээ ойрхон байна гэж хэлж байсан би хариуд нь бага охин халуураад байна чи яасан юм бэ гэхэд "би гэртэйгээ ойрхон байна" гэж хэлсэн. 04 цаг 25 минутад залгаад би нөхөртэйгөө маргалдаад машин тэрэг аваад ир гэж хэлээд уурлаад салгасан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46, 48-49 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний 03 цаг өнгөрч байхад ..... сумын .. дугаар багт дуудлагад явах замд ... уруудаж байхад улаан худгийн харалдаа цагаан саарал өнгийн ...... гэсэн дугаартай Пробокос маркийн тээврийн хэрэгсэл замын зүүн талд зогсож байсан. Би энд яагаад зогсож байгаа юм бол гэж бодоод өнгөрсөн тухайн үед дуудлагад очоод буцаж ирэхэд нөгөө машин зогсож байсан газартаа байхгүй болсон байсан. Тэгээд өглөөний 08 цаг 50 минутын үед доошоо дуудлагад явж байхад шөнө зогсож байсан Пробокосын харалдаа замын эсрэг хүн нүүр хэсгээрээ доошоо цас руу харсан дөрвөн хөллөсөн байдалтай байсныг хараад хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 51-52, 2 дугаар хх-ийн 03 дугаар хуудас/,

Гэрч С.С 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бид дөрөв манай гэрийн гадаа буюу МСҮТ-н байрны гадаа очоод хэсэг машинд юм ярьж байгаад манай эхнэр гэр лүүгээ ороод Б, Л бид гурав машинд үлдсэн бөгөөд бид гурав байрны урд талаас хөдлөөд 1 дүгээр цэцэрлэгийн урд талд байрлах айл руу очоод Б ганцаараа тус айл руу ороод гарч ирэхдээ 1 ширхэг ундаа, 1 литрийн савлагаатай виски авч гарч ирээд буцаж машинтайгаа хөдлөөд манай байрны гадна талд очоод авсан вискигээ ууж байхад манай эхнэр над руу чат бичээд байхаар нь би 02 цаг 53 минутад машинаас буугаад 02 цаг 55 минутад гэр лүүгээ орсон. Б, Л нар харин гэр лүүгээ явлаа гэж хэлээд хөдөлсөн. Хөдөлсөн гэдгийг нь би орцны үүдээр орж байхдаа харсан... Л бол нэлээн согтуу байсан. Б нь арай гайгүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч Б.Г 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ... сумын 1 дүгээр багийн ... тоотод өөрийн аав, ээж, дүү эгч нарынхаа хамт 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад үүрийн 05 цагт манай гэрт Б. ганцаараа орж ирээд манай дүү Г. машинаараа ... руу яваад өгөөч гээд гуйгаад байсан Тэгсэн чинь манай дүү Г “би явж чадахгүй, миний хүүхэд халуураад байна” гэж хэлэх үед манай дүү Б би засахаар босч таарсан. Тэгсэн чинь Б, Б-г хувцасгүй нүцгэн чигээр нь гэрээс аваад гарсан бөгөөд Б. гэртээ 08 цагийн үед Б, Бхоёр манай гэрт ирээд хоорондоо хэрэлдээд маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг   салгаад Б-г гар гэж хэлчихээд өөр өрөө рүү орчихоод буцаад гараад ирсэн чинь Б, Б нар хоорондоо зодолдож байсан. Би салгаад Б-г харахад хамраас нь цус гарч байсан, түүний цусыг арилгаж өгөөд байж байтал Б өөрөө гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/,

Гэрч Д.Ч 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн  шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө гэртээ амарч байтал 01 цаг 23 минутад миний танил дүү Б над руу залгаад аниа ганц юм өгчхөөч авдрынхаа юмыг байсан ч хамаагүй өгчих” гэж хэлсэн тэгэхээр нь би хүүхэд халуураад байна гэж хэлсэн чинь Б манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд хаалга нээж Б-г оруулсан чинь “аниа нэг шил юм өгчхөөч” гэж хэлэхээр нь би аниад нь өөрийн баярын юм байна” гэж хэлсэн чинь тэрийгээ надад өгчхөөч гэж гуйсаар байгаад надаас 1 шил Ханкэе нэртэй вискиг аваад явсан. Тэгээд өгч явуулчхаад буцаад амарч байтал өглөөний 08 цаг 10 минутын орчим манай гэрт дахиж орж ирээд “аниа дахиад нэг юм өгчих” гэж хэлээд надаас гуйсаар байгаад 1 шил архи авсан. Тэр үед манай нөхөр Б Б хамт гараад удалгүй манай нөхөр архинаас нь нэг балгачихлаа гэж хэлээд буцаад орж ирсэн. Тэгээд би нөхрөөсөө Б хаачсан гэж асуусан чинь явлаа гэж хэлээд яваад өгсөн гэсэн. Тэгээд би цай чанаад байж байтал Б би хүнд зодуулчихлаа гэж хэлээд манай гэрт нүцгэн гүйгээд ороод ирэхээр нь би нүүр амыг нь угааж өгөөд халуун цай уулгаад гэр лүү нь хүргэж өгөхөөр явж байтал зам дээр хүн нас барсан байна гээд намайг зогсоосон” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэрч А.В өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хадам аавын гэрт нөхөр, хүүхдийн хамт хоносон. Тэгээд маргааш нь би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өглөө ажилтай байсан учир 08 цаг 30 минутад ажилдаа явсан. Миний охин Нэ/ нас-9, эм/, талийгаач Л нар тухайн үед хадам аавынд унтаад үлдсэн. Би ажилдаа явахдаа хар өнгийн приус 20 загварын ... ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад явсан. Тухайн өдөр ... сумын “Шинэ жилийн” арга хэмжээнд охин минь цасан охиноор оролцох байсан учир 16 цагийн үед охин Н Соёлын төв хүргэж өгөх гээд ажил дээрээ байхдаа би өөрийн нөхөр талийгаач Л руу залгаад хувцсаа өмсөөд бэлэн байж бай гэж хэлээд хадам аавын гэрээс Л, Н нарыг очиж авсан. Тухайн үед Лх өөрөө машинаа унаад намайг ажил дээр үлдээгээд Н хамт соёлын төв явсан. 19 цагийн үед намайг ажил дээрээ байхад Л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ажил дээр орж ирээд надад хандан би архи ууцан шүү чи жолоо бариарай гэж хэлхээр нь ажил тарах болоогүй байна гэж хэлтэл Л машинаа ажлын гадаа үлдээгээд өөрөө түлхүүрээ аваад явсан. Тэгээд 30 минутын дараа Л дахин манай ажил дээр орж ирсэн бөгөөд тухайн үед Л өмнө манай ажил дээр орж ирснээсээ илүү согтсон байхаар нь би түүнд бага зэрэг уурлаад машины түлхүүрээ авъя гэж хэлтэл тэрээр бухимдаад ажлаас гарах гэхээр нь машины түлхүүрээ авъя гээд хойноос нь гарыг таттал гараа надаас хүчтэй зулгааж татаж аваад гараад явсан. Л хойноос дагаад гартал тэрээр ганцаараа машинаа унаад Соёлын төв рүү яваад өгсөн. 20 цаг өнгөрөөд ажил тараад Соёлын төв дээр очоод хувцас солих өрөөнөөс охиноо аваад Лг хайж байгаад Соёлын төвийн бүжгийн заалнаас олж аваад машины түлхүүрээ өг би охиноо аваад хадам аавын гэр лүү явлаа гэж хэлтэл тэрээр машины түлхүүр Б-д байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б машины түлхүүрээ аваад хадам аавын гэр лүү явсан. Хадам аавын гэрт дөнгөж очоод байж байтал Л над руу залгаад Соёлын төв дээр байна тамхи аваад ир гэхээр нь хадам ах Э байсан учир түүнд Н үлдээгээд машинаа унаж яваад дэлгүүрээс ногоон эссэ тамхи аваад Соёлын төв дээр яваад очтол гадаа нь Л утсаар яриад зогсож байхаар нь тамхийг нь өгчхөөд гэртээ харьяа гэж хэлтэл тэрээр намайг гэртээ хариад байж бай гэж хэлсэн бөгөөд би буцаж машиндаа суугаад Л хэсэг ажиглаж байгаад Соёлын төв рүү яваад орчихоор нь яваад өгсөн. 21 цагийн үед хадам аавын гэрт байж байхад талийгаач Л, Б болон түүний эхнэр О нарын хамт орж ирээд машины түлхүүр өг гэхээр нь би түлхүүрийг нь өгөхгүй, одоо унтаж амар гэж хэлтэл Л үгэнд орохгүй над руу агсагнаад дайраад байхаар нь уур хүрээд нүүр хэсэг рүү 2-3 удаа алгадаад автал Б, Л аавын гэрээс авч гараад О намайг тайвшруулсан. Тухайн үед Л, О, Б нарын хамт Б цагийн өнгийн Тоуоtа ргоЬох загварын тээврийн хэрэгсэлтэй яваад өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 03 цагийн үед намайг унтаж байхад Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хадам аавын гэрт орж ирээд надаас тамхи авсан. Тэгэхээр нь түүнээс Л асуутал айлд байгаа гэж хэлхээр нь яг хэний гэрт байгаа юм бэ? гэж дахин асуутал хариулахгүй байсан. Тухайн үед хадам ах Энхболд надтай хамт байсан бөгөөд мөн л Б, Л асуутал дээр айлд байгаа гэж хэлээд гараад явсан. Маргааш өглөө нь 06 цагийн үед Эах Дархан явлаа галаа түлээрэй гээд намайг сэрээгээд яваад өгсөн. Сэрсэн цагаасаа хойш би талийгаач Л болон Б утас руу залгасан бөгөөд Бутсаа авахгүй, Л утас холбогдохгүй байхаар нь О рүү залгаад Л, Б нарыг асуутал тэр 2 дээр байгаа юм шиг байна мөн дээр нэг хүн өнгөрсөн юм шиг байна намайг ирээд аваач хамт очиж үзье гэж хэлхээр нь машинаа унаад Огэрээс нь аваад дээшээ гартал Захиргааны харалдаа төв зам дээр цагдаагийн машин ирсэн байсан бөгөөд очоод хартал манай нөхөр Л осгосон байдалтай газар хэвтэж байсан. Тухайн үед Б цагдаагийн машин дотор сууж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 61-62, 2 дугаар хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч П.Б 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2022 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө .. сум .... дүгээр багт байрлах гэртээ амарч байхад Б гэх эрэгтэй гэрийн хаалга нүдээд байхаар нь манай өвөө хаалга онгойлгоход орж ирээд чанга дуугаар яриад байсан болохоор бид түүнийг гэрээс авч гараад гадаа тамхилаад байж байхад намайг машин дотор сууя гэж хэлээд намайг машинд суулгаад Чука гэх айлын гадаа ирээд дэлгүүрээс Бнь архи 2 ундаатай хамт авч гарч ирэхэд дэлгүүрийн эзэн Чука гэх эгчийн нөхөр нь хамт гарч ирсэн. Дэлгүүрийн гадна түүний хувийн машинд нь суугаад дэлгүүрээс авсан архиа хуваагаад ууж байгаад нилээд удаан тэр газарт хамт сууж байгаад гэртээ харьсан.  Тухайн үед хэдэн цаг болж байсан талаар сайн санахгүй байна. Мөн гэртээ хариад юу болсон талаар санахгүй байна. Би тасарсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64 дүгээр хуудас/

Гэрч Ш.Эн өгсөн “...Бат-Эрдэнэ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд миний хажууд унтаж байсан В тамхи асуугаад 1 тамхи авсан. Тухайн үед би Б өөрийн дүүг хаана байгаа талаар асуутал Л айлд хонож байгаа гэж хэлхээр нь тайвширсан. Мөн тухайн үед Б надаас утас асуугаад утсаар чинь ганц ярих хэрэгтэй байна гэж хэлхээр нь утсаа өгөөд гаргасан бөгөөд Б миний утсыг авч гараад 30 минутын дараа буцаж орж ирэхээр нь дахин чи манай дүүг яасан бэ? гэж асуутал мөн л айлд хонож байгаа гэж хэлхээр нь манай дүүд ямар нэгэн зүйл тохиолдох юм бол чи хариуцлага хүлээнэ шүү гэж хэлтэл үг дуугаралгүй гараад явсан. В тамхи асууж байгаа сонсогдсон өөр ямар нэгэн зүйлийн талаар ярилцаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ц 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед хувцас солих өрөөнд Б, түүний эхнэр О, А, У нарын хамт байж байтал талийгаач Л үүдээр шагайгаад Б гараад ир гээд Б дуудаад байсан бөгөөд Б түүнд хандаж “одоо бүжиглэх гэж байна” гэж түүнд хэлсэн. Тэгээд Л нэг хэсэг харагдахгүй байж байгаад Б бид хоёрыг бүжиглэх гээд бүжгийн заал руу орох гэж байтал Л Соёлын төвийн хаалгыг гадна талаас нь онгойлгоод Бгараад ир гээд байсан бөгөөд хариуд нь Б болоогүй байна шүү дээ бүжиглээгүй байна гэж хэлтэл Л Б дээр дөхөж ирээд гараас нь татаад хөтлөөд Соёлын төвийн хаалга руу явтал О араас нь очоод Б-г аваад ирсэн. Тэгээд бид бүжигтээ ороод дууссан. Цааш болсон асуудлын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2.... дугаартай тогтоол /1 дүгээр хх-ийн 131-134 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.Б-с 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагаас 20 цагийн үед намайг гэртээ байж байхад Л над руу залгаад гэртээ байна уу? Хаана байгаа юм бэ? гэж асуухаар нь гэртээ байна гэж хэлтэл за тэгүүл танай гэрт яваад очъё гэж хэлсэн. Тэгээд удалгүй Л манай гэрт ганцаараа өөрийн приус 20 загварын хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүрээд ирсэн . Тухайн үед Л бага зэрэг архи үнэртүүлсэн байсан. Л-с юу хийгээд яваад байгаа талаар асуутал эхнэрийн ажлын газрын хүмүүстэй архи уугаад эхнэртэй маргалдаад хүрээд ирлээ гэж хэлхээр нь хариуд нь би соёлын төв рүү явах гэж байна шүү дээ! чамд утсаар хэлхийн завдалгүй хүрээд ирэх юм аа гэж хэлтэл тухайн үед ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд Л надад хандан соёлын төв явахдаа чи миний машиныг барьчих найз нь ирэх замдаа осол гаргах дөхлөө гэж хэлсэн. Тэгээд би Л приус 20 загварын хар өнгийн машины жолоодоод Л хажуудаа суулгаад явсан. Тухайн үед манай Эхнэр О өөрийн Тоуоta ргоЬох загварын ... СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод У, Ц нарыг суулгаад хойноос дагаад явсан. Соёлын төв рүү явж байх үед Л "...” дэлгүүр дээр зогсоод 2.5 литрийн пиво авсан. Соёлын төвийн гадаа очиж зогсоод би эхнэрийн хамт соёлын төв рүү орох болоод талийгаач машинаас 1 том пиво аваад миний танихгүй 2 хүнтэй уулзаад яваад өгсөн. Тухайн үед Л надад машины түлхүүрээ үлдээгээд эхнэрт битгий өгөөрэй эхнэр ууцан байгаа шүү гэж хэлсэн. Би эхнэрийн хамт бүжгийн хувцсаа сольж өмсөж дуусаад байж байтал хувцас солих өрөөнд Лн эхнэр В орж ирээд машины түлхүүрээ авъя гэхээр нь олон хүмүүсийн дунд түлхүүрийг өгөхгүй гэж хэлхээр эвгүй байсан учир түлхүүрийг нь шууд гаргаад өгсөн. Тэгээд би эхнэрээсээ Втүлхүүр надад байгааг яаж мэдэв гэж асуутал би хэлсэн юм гэж хэлсэн. Тухайн үед би Л хайтал ойр хавьд байгаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа Лхагва-Очир намайг хувцас солих өрөөнд байхад өрөөгөөр шагайж хархаар нь түүн дээр явж очоод эхнэрт чинь түлхүүрийг чинь өгсөн шүү гэж хэлтэл яагаад өгсөн юм бэ? архи уусан гэж хэлсэн шүү дээ! гэхээр нь эхнэрийг нь хайх гээд Соёлын төвөөс гартал В машин дотроо зүгээр сууж байсан. Л эхнэр дээрээ явж очоод чи түлхүүрээ Б-д өг гэтэл эхнэр нь түлхүүрийг нь өгөхгүй та 2 хаашаа явах гээд байгаа юм бэ? гэж асуутал Л , Б эрүүл байгаа Б-д түлхүүрээ өг гэж хэлтэл мөн л өгөхгүй байсан. Улмаар Л машиндаа үлдээсэн 1 пиво аваад миний машинд хийсэн. Тэгээд би Л гадаа үлдээгээд Соёлын төв рүү орсон. Буцаж ороод хувцас солих өрөөнд байж байтал Л хаалгаар шагайгаад намайг дуудаад яасан бэ? болоогүй юм уу? чамаар машинаа бариулж явмаар байна гэхээр нь найз нь өнөөдөр халуураад байна аа гарж, орохгүй гэж хэлтэл чамайг архи уулгахгүй зүгээр машинаа бариулна гэхээр нь үгүй гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд бүжгээ бэлдээд байж байтал Л хувцас солих өрөөнд орж ирээд ямар удаан юм бэ? хурдлаач гээд намайг чирээд соёлын төвийн хаалгаар аваад гарсан тухайн үед би бүжигтэй байна гээд буцаад орсон . Яг бүжиглэх гээд жагсаад байж байтал Л дахин орж ирээд миний гараас чирээд гарах гэж байтал эхнэр болон бүжиглэх гэж байсан хүмүүс уурлаад намайг гаргаагүй. 23 цагийн үед Соёлын төвөөс Би эхнэр болон У, Ц нарын хамт явах болоонд түрүүлж гараад тамхи татах гээд гартал Соёлхүү, Л нар үүдэн дээр зогсож байсан. Тэр 2 тухайн үед надад хандан чиний машин руу очъё  гэж хэлхээр нь Лт хандан чиний машин яасан юм бэ? гэж хэлтэл миний машиныг эхнэр аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би С, Л нарын хамт машиндаа суутал С шилтэй архи гаргаж ирээд надад болон Л-т аягалж өгтөл бид 2 уухгүй гээд уугаагүй. Тухайн цаг хугацаад манай эхнэр У, Цнарыг дагуулаад ирсэн. Тэгээд Л хандан бид нар доод ... руу явлаа шүү гэж хэлтэл би хамт явна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгслийг жолоодоод У, Ца, эхнэр О, Л нарыг машиндаа суулгаад явсан. Эхлээд У гэрт нь хүргэж өгөөд явж байтал Л надад хандан чи өнөөдөр машин бариад өг гэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд улмаар Л машиныг гэрээс нь авахаар болсон. Л гэрийн гадаад очоод түүний хамтаар эхнэр О дагуулаад гэрт нь ортол түүний эхнэр нь ах Э нь хамт байсан. Л эхнэрээсээ түлхүүрээ асуугаад, түлхүүрээ хайтал эхнэр нь уурлаад түлхүүрээ өгөхгүй гээд түүний нүүр хэсэг рүү нь 4-5 удаа алгадсан тэгсэн Л уурлаад өнөөдөр би найзаараа машинаа бариулна түлхүүр өг гэтэл эхнэр нь мөн л өгөхгүй гэсэн хүнийг яах юм бэ? чи намайг зодчих гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар би Л хандан найз нь өнөөдөр чамд машинаараа үйлчилье гэж хэлээд гэрээс нь аваад гарсан. Тэндээсээ шууд бид нар манай гэр рүү явсан. Ц гэр нь манай хажууд байдаг учир гэртээ орсон. Л гэртээ оруулаад хоол унд идүүлээд Соёлхүү дээр очих зорилгоор хамт гарсан. Бид 2 миний Тоуоta ргоЬох загварын 70-63 СЭА улсын дугаартай машинтай 23 цаг 30 минутын үед гарсан. Улмаар соёлын төвийн гадаа очоод Л соёлын төв рүү ороод С олоод гараад ирсэн. Тэгээд тэр 2 машинд суугаад архи уух гэхээр нь энд ууж болохгүй гээд хуучин холбооны хажууд очсон. Л, Снар С байсан архинаас нэг нэг татаад байж байтал С эхнэр залгаад гэрт хүргээд өг гэж хэлсэн бөгөөд түүнийг С төвийн гаднаас аваад МСҮТ-ын байрны гадаа очсон. Тэгсэн Л машинд үлдээсэн байсан пиво гаргаад ир гэж хэлсэн бөгөөд Смашины араас гаргаж ирсэн бөгөөд улмаар бид 4 тухайн пиво хувааж уусан. Пиво хувааж ууж дуусаагүй байхад С эхнэр гэртээ орсон. Пиво ууж дуусгаад байж байтал Лнадад хандаад чи ганц шил архи олооч гэхээр нь өөрийн танил Чука эгч рүү залгаад ганц шил виски авахаар болсон. Вискигээ аваад явж байтал Лр нэг ганц бие хүүхэн байгаа тэдний гэрт яваад очъё гэхээр нь яах юм бэ? Соёлхүүгийн гадаад очиж ууя аа гэж хэлсэн.С гадаа авсан вискигээ дөнгөж хувааж уугаад сууж байтал Сэхнэр нь дуудаад тэрээр гэртээ орсон. Улмаар Л бид 2 ч харих болсон. Тухайн үед С гадаа 2022 оны 12 дугаар сарын 30-аас 31-нийг шилжих шөнийн 00 цаг 30 минутын очоод буцаад 01 цагийн үед явсан. Тэгээд харих гээд улаан худгийн ойролцоо явж байтал Л машинаа зогсоо гэхээр нь зогсоотол Л гадаа гараад шээхгүй зогсоод байхаар нь машиндаа суу явъя гээд суулгаад явсан. Төв замаар явах гэхээр нь цагдаа байж магадгүй гэж бодоод доод ... руу урууддаг төв замын уул талдаа шороон замаар яваад Л аавын болон А ахын гэрээс ертөнцийн зүгээр урд зүгт ойролцоогоо 20 метр зайд явж байхад Л гэнэт зогс гэж хэлхээр нь зогстол тэрээр машины араас буугаад найз нь ингээд орлоо гэж хэлхээр нь юу яриад байгаа юм бэ? найз нь чамайг хүргэж өгнө гэж хэлтэл найз нь орноо гэхээр нь би чамайг нь гэрт чинь оруулж өгнө гэж хэлтэл яах юм бэ? харин би чамайг явахыг нь чинь харьяа чи хальдаг шүүх гэхээр нь за за гээд түүнийг үлдээгээд тэдний гэрийн урд байдаг гүүр даваад явсан. Тэгээд гүүр даваад урд талын точикийн гүүрээр тойроод их удаан яваад Л аавын гэрт иртэл гэрт нь Эхнэр нь Э унтаж байсан. Тэгэхээр нь эхнэрээс нь Лр орж ирээгүй юм уу? гэж асуутал орж ирээгүй чамтай гарсан шүү дээ гэхээр нь түүнийг дээд ... руу явалддаг хүүхэн рүүгээ явсан байх гэж бодоод дээд Шаамар руу нэг айл руу явсан байх гэж хэлээд гараад явсан. Л тухайн үед уулздаг хүүхэн рүүгээ явсан байх гэж бодоод хайгаагүй. Би Б ахын гэрт очоод У гэх залуутай уулзаад гараад ир гэж хэлтэл тэрээр ядраад байна гарахгүй гэж хэлсэн тэгээд гараад явж байтал миний хойноос Б дагаад гараад ирсэн. Улмаар Б дээд ...р руу гараад хуучин холбооны урд талд барагцаагаар 2022 оны 12 дугаар сарын 30-наас 31-нийг шилжих шөнийн 02 цагийн үед ирээд үлдэгдэл вискигээ ууж байгаад тамхи ундаа авах гээд Ж ахынд очоод 1 шил архи, 2 ундаа авсан. Мөн Ж ахыг цуг аваад явсан. Ж ахын гэрийн ойролцоо бид 3 үлдсэн вискигээ хувааж ууж дуусгаад, авсан архинаасаа бага зэрэг уугаад гэрт гэртээ харихаар болсон бөгөөд Ж ахыг гэрт нь хүргэж өгөөд Б мөн хүргэж өгөөд гэр рүү нь яваад ортол түүний ах Б надад хандан шөнө орой хүүхэд аваад явчих юм гээд нүүр хэсэг рүү 1 удаа цохисон тэгэхээр нь нүүрээ дараад түүнд хандан авч явсан ч гэсэн хүргэж өгч байгаа биз дээ гэж хэлээд гэрээс нь гараад явсан. Цохиулаад нүүр хамар амнаас цус гарсан байсан учир цусаа арилгах гээд Жахын гэр рүү буцаад очтол түүний эхнэр Чука миний нүүрийг хараад, уурлаад насанд хүрсэн хүн цуг баяр тэмдэглэж ууж идээл биз очиж уулзана цагдаа дуудна гээд Бн амьдарч байгаа гэр рүү явж байтал дээд .., доод . руу явах замд цагдаатай таараад манай машиныг цагдаа зогсоогоод намайг машиндаа суулгасан. Тэгсэн манай эхнэр О В нар ирсэн бөгөөд улмаар В, Л байна шүү дээ! гэж орилсон бөгөөд би тухайн үедээ юу болоод байгааг мэдээгүй бөгөөд цагдаа дээр очоод Л хөлдөөд үхсэн талаар мэдсэн. Машиндаа явж байхад Л надад хандан чи намайг Аилүүд үздэг шүү гэж хэлээд машинаа зогсоо гэж хэлсэн. Тэгээд түүнийг буцаад ороод ирэхээр нь Чи миний амьдралын найз, А архи дарс уухдаа найзууд болдог гэж хэлээд хэсэг ярилцаж байгаад хөдөлсөн. Л нас барсан өдрөөс 20 гаруй хоногийн өмнө би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш ахын гэрийн хаалгыг татаад ортол хаалганы дээд талын унь унасан бөгөөд тухайн үед гэрт нь Э, О, Э найз охин гэх хүн ирсэн байсан. Тухайн үед тэдний унийг тогтоож байтал Л дүү охин О над руу уурлаад та унь унагачихлаа  гээд ээж, аав руугаа утасдаад цагдаа дуудна гээд байсан. Тэгээд би О аргадаж байгаад явсан. Маргааш нь Ш гэрт ортол Охиноо ээж, аав руугаа залгаад Лалгаад нөгөө архичин чинь орж ирлээ хаалга үүд эвдлээ гэж хэлсэн. Би маргааш янзалж өгнө гэж хэлээд байж байтал Л аавындаа орж ирээд шууд л миний нүүр хэсэг рүү цохихоор нь тонгойтол Э ар нуруу руу сандлаар цохисон байсан би тонгойгоод босож ирэхдээ гарт таарсан данхаа бариад Л руу шидсэн. Тэгсэн Л хөмсгийг оносон байсан. Тэгээд би Л болсон асуудлын талаар үнэн байдлыг хэлтэл тэрээр намайг өмөөрөөд дүүгээ 1 алгадаад, ахаа 1 өшиглөсөн тийм л асуудал болсон. Өөрөөр бол бид 2 хэрэлдэж, маргалдаж байсан удаа байхгүй...гэх мэдүүлэг /1 дугаар хавтаст хэргийн 137139 дүгээр хуудас/,

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 01-р хуудас/,

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 09 дүгээр хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 12-13 дугаар хуудас/,

-Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 18-22-р хуудас/,

-Талийгаачийн өмсөж явсан хувцаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 23-25 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Б биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,

-Талийгаач Ш.Л нас барсан байдалтай олдсон гэх газарт мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 29-30 дугаар хуудас/,

-Хэргийн газраас Н.Шгэр хүртэлх зайг туршилтаар хэмжиж бэхжүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4 цаг 59 минутад “Самсунг С9” загварын гар утсаар хийсэн бичлэгийг хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 32-35, 40 дугаар хуудас/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 94 дугаар хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Г 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатад авсан мэдүүлгээр “...хэргийн газрын үзлэгээр Ш.Лбиед гадны нөлөөтэй гэмтэл шарх ажиглагдаагүй, энэ талаар шинжээч эмч дүгнэлтдээ тодорхой тусгасан гэж бодож байна. Мөн амь хохирогчийн хувцас хэрэгсэлд үзлэг  хийхэд урагдаж, ханзарсан, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон зүйл харагдаагүй. Тээврийн хэрэгслийн гадна болон дотор хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байгаа харагдаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.На 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаартай “...Талийгаач Ш.Л биед гэмтэл тогтоогдсонгүй, талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин үгүй байна. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан. Талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд хүнд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-101 дүгээр хуудас/,

-Цогцсыг оршуулсан газраас гарган, шинжилгээ хийлгэх тухай прокурорын зөвшөөрөл, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 103-110 дугаар хуудас/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №593 дугаартай “...Урьд гаргасан цогцост хийсэн шүүх эмнэлгийн №04 дугаартай шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид механик гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Цогцост хийсэн шинжилгээнд илэрсэн өөрчлөлт, эд эсийн шинжилгээний өөрчлөлт, шүүх химийн шинжилгээнд илэрсэн элэгний эдийн гликогенгүйжилт зэргээс үзэхэд талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ...гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 112-116 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Химийн шинжилгээний хариугаар шээснээс 1.6 промилли, эд эрхтэн  зүрхнээс 2.1 промилли, бусад эд эрхтэн булчингаас 2.1 промилли, элэгнээс гликоген илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 117-125 дугаар хуудас/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн .... дугаартай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 131-134 дүгээр хуудас/,

-Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /1 дүгээр хх-ийн 147 дугаар хуудас/,  

-Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх лавлагаа /1 дүгээр хх-ийн 148 дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 149 дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Б баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 151 дүгээр хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шүүгдэгч Д.Б хувийн байдлыг тодорхойлсон хүсэлт /1 дүгээр хх-ийн 152 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Д.Б эхнэр Э.Ожирэмсний хяналтад байдаг талаарх эмчийн тодорхойлолт, эмнэлгийн картын хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 153-176 дугаар хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Шам бүлийн “амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур нэн ядуу” гэх ... сумын багийн Засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 179 дүгээр хуудас/,  

-Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа /1 дүгээр хх-ийн 180 дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 181 дугаар хуудас/,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш Сэлэнгэ аймгийн ерөнхий прокурорт “Нэмэлт ажиллагаа хийлгэх” талаар гаргасан хүсэлт /1 дүгээр хх-ийн 184-188 дугаар хуудас/,

-Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн “Хэрэг учрал болсон өдрийн талаарх цаг агаарын тодорхойлолт” /1 дүгээр хх-ийн 193 дугаар хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 197 дугаар  хуудас/,

-Хохирогч талаас гаргаж өгсөн буяны ажилтай холбоотой гарсан зардлын баримт гэх гараар бичсэн хуудас нийт 3.600.000 /гурван сая зургаан зуун мянган төгрөг/ гэх хуудас /1 дүгээр хх-ийн 199-202 дугаар хуудас/,

-Талийгаач Ш.Л охин Л.Н төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 204 дүгээр хуудас/,

-Талийгаач Ш.Лн нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 205 дугаар хуудас/,

-Талийгаачийн эхнэр Н.В иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 206 дугаар хуудас/,

-Талийгаач Ш.Л, Н.В нарын гэрлэлт бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 207 дугаар хуудас/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 242-248 дугаар хуудас/,

-Мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 249-250 дугаар хуудас/,   

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтууд:

  • Ш.Л цалингийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 67 дугаар хуудас/,
  • Ш.Л охин Л.Нандин-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 68 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Бхохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш рүү хохирлын мөнгө 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /2 дугаар хх-ийн 70 дугаар хуудас/,
  • Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарласнаар “...өмнө нь шүүгдэгч Д.Б нь амь хохирогч Ш.Лхзодож, хэрүүл маргаан үүсгэж байсан гэх гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 71-75 дугаар хуудас/,
  • Талийгаачийн буяны ажилд зарцуулсан зарлагын 7.581.300 төгрөгийн баримтууд /2 дугаар хх-ийн76-81 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Д.Бнь хохирлын мөнгө нийт 6.100.000 төгрөг төлсөн гэх баримт /2 дугаар хх-ийн 82-83 дугаар хуудас/ зэрэг баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэргийн нотолбол зохих зүйлд хамааралтай,  ач холбогдол бүхий, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Д.Брүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж төрийн нэрийн өмнөөс яллах чиг үүрэгтэй оролцоно гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Хохирогчийн эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцоно гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн тал дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцоно. Бусад нотлох баримтаар гэм бурууг тогтооход тодорхой хэмжээгээр харгалзан үзэх нотолбол зохих асуудал дээр тодорхой дүгнэлт гаргана гэх байр суурийг тус тус илэрхийлсэн.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Ш.Л, С.Снартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн  сумын 1 дүгээр багийн нутагт Ш.Лг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэдсээр байж орхиж явсны улмаас Ш.Л нь осгож нас барсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэр буюу гэмт этгээдийн зүгээс үйлдэлдээ хандах субьектив хандлагаараа ялгагдана. Өөрөөр хэлбэл хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй, хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.

Шүүгдэгч нь өвлийн улиралд шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг орхиж явсан үйлдэл нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийнбусад болгоомжгүй үйлдэл” гэх диспозицод хамаарах ба уг үйлдлийн улмаас хүн осгох, хөлдөх эрсдэл бий болохыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүйгээр хор уршигт хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Д.Б нь нөхцөл байдлыг ухамсарлан ойлгох чадвартай байсан болох нь түүний хэргийн талаар сэргээн мэдүүлсэн байдал, гэрч С.С, Ш.Э, Н.В нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б “амь хохирогч Ш.Лтүүний аавын гэрийн ойролцоо буюу Атархүү ахын гэрээс ертөнцийн зүгээр урд зүгт ойролцоогоо 20 метр зайд явж байхад Л гэнэт зогс гэж хэлэхээр нь зогстол тэрээр машины араас буугаад найз нь ингээд орлоо гэж хэлхээр нь юу яриад байгаа юм бэ? найз нь чамайг хүргэж өгнө гэж хэлтэл найз нь орноо гэхээр нь би чамайг нь гэрт чинь оруулж өгнө гэж хэлтэл яах юм бэ? харин би чамайг явахыг нь чинь харьяа чи хальдаг шүү гэхээр нь за за гээд түүнийг үлдээгээд тэдний гэрийн урд байдаг гүүр даваад явсан” гэж мэдүүлсэн боловч тус мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй ба гэрч Б.Г шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 51-52, 2-р хх-ийн 03/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 242-250/, гэрч Н.Н мэдүүлэг /2-р хх-ийн 10/, гэрч Б.У мэдүүлэг /2-р хх-ийн 6-8/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд Д.Б рүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүгдэгч Д.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Сэлэнгэ аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэг эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хамт хадгалах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх дүгнэлтийг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс ял шийтгэлийн хувьд саналгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.Б хувьд хохирогчоос баримтаар нэхэмжилсэн бодит хохирлыг төлж барагдуулсан боловч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан. Уг хор уршиг арилах боломжгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Иймд Д.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үйлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гурав: Хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас Ш.Л амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн аав болох Н.Ш томилогдсон ба оршуулгын зардалд 8.059.200 төгрөг, хүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг аргачлалд заасан хэмжээгээр, амь хохирогчийн 1 хүүхдэд тэжээн тэтгэхтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч Д.Б дээрх хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч Д.Бшүүхийн гэм буруугийн талаар шийдвэртэй холбогдуулан завсарлага авсан хугацаанд оршуулгын зардалд 8.100.000 төгрөг төлж барагдуулсан байна.

Харин гэм хор учруулсны нөхөн төлбөр нэхэмжилснийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 3-д зааснаар төлбөрийн хэмжээг тогтооход тэжээгчээ алдсаны тэтгэмж ямар хэмжээгээр тогтоосон тухай баримт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Шсэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Дээрх хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсантай холбогдуулан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад өөрчлөлт орж хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулах харилцааг хуульчилсан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь заалтад “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтад орсон нэмэлт өөрчлөлт нь дагалдах хуульд хамаарах бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр хуульчилжээ.

Иймд энэхүү гэмт хэрэг нь хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө үйлдэгдсэн тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэх хуулийн зохицуулалтын дагуу сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв: Бусад асуудлын талаар.

Шүүгдэгч Д.Бнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...овогт Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч .. овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үйлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-с оршуулгын зардалд 8.100.000 /найман сая нэг зуун мянган/ төгрөг төлснийг дурьдаж, гэм хорын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

7. Шүүгдэгч Д.Бнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.БАЯРХҮҮ