Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/00210

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/00210

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2............. байрлах Н БХХК /РД:2..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1........... тоотод оршин суух Б овогт Э-гийн О /РД:........./-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 16.811.873 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч Э.О нь нэхэмжлэгч Н ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр .............. дугаар зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2.99 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөлт хийгээгүй. Хариуцагч нь 2019 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд энэ нь зээлийн хүүгээс хасагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийн гэрээнд заагдсан үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгчийн төлбөрийн үлдэгдлийн тайлан гаргахад үндсэн зээл 10.000.000 төгрөг, хуримтлагдсан хүү 5.528.166.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 494.346.67 төгрөг, нийт 16.022.513 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Э.О-аас зээлийн нийт үлдэгдэл дээр бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний төлбөр 9000 төгрөгийг нэмж, нийт 16.031.513 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар хүүгийн төлбөр 780.360 төгрөгөөр өссөн байх тул нэхэмжлэгч Н  ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа 780.360 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 16.811.873 төгрөгийг хариуцагч Э.О-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талаас үндсэн зээлийн төлбөр болон 2 сарын хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хуулиас давж гэрээ байгуулагдахгүй ёсгүй. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох ёстой. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Э.О нь 2019 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгийн төлбөр төлснийг зээлийн үндсэн төлбөр болон 2 сарын хүүгийн төлбөрөөс хасахад 9.705.639 төгрөг гарч байгааг төлж барагдуулна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Э.О-аас зээлийн гэрээний үүрэгт 16.031.513 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн гэрээний үүрэгт нийт 16.811.873 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15.811.873 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Э.О нь нэхэмжлэгч Н ХХК-аас 10.000.000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдэн авсан болох нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Э.Отгонбаяр зөрчиж, зээлийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 1.000.000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Н ХХК-иас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан заалтуудтай нийцэж байгаа боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Хариуцагч Э.О-аас гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 1.000.000 төгрөгийг үндсэн зээлээс дутуу хасаж тооцсоныг зөвтгөж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлийг 9.000.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй.

Зээлдэгчид 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг олгосон тул 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 598.000 /10.000.000х2.99=299.000х2=598.000/ төгрөгийг зээлийн үндсэн хүүгийн төлбөрт төлөх үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх зээлийн хэтэрсэн хугацааны хүүг тооцоход 5.920.198 /10.000.000х2.99=299.000х 19 сар 24 хоног=5.920.198 төгрөг болж байна.

Дээрх үндсэн болон хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг нэгтгэн тооцоход 6.518.198 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч ***** ББСБХХК-аас зээлийн гэрээний үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд нийт 6.185.966 төгрөгийг нэхэмжилж байх тул энэ хэмжээгээр хариуцагчийн төлөх үүргийг тодорхойлох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байх тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 625.906 төгрөгийг хангах үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын үйлчилгээний хөлс нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй байх бөгөөд энэхүү нотариатын үйлчилгээний хөлсийг үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын үйлчилгээний төлбөр 9000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Э.О-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 9.000.000 төгрөг, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 6.185.966.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 625.906.67 төгрөг, нийт 15.811.873 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***** ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 237.009 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О-аас15.811.873 /арван таван сая найман зуун арван нэгэн мянга найман зуун далан гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н БХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 261.387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 237.009 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***** ББСБХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР