| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2020/04546/И |
| Дугаар | 183/ШШ2021/00714 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2021/00714
2021 03 23 183/ШШ2021/00714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, С плазад байрлах, С ХХК /РД0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Дас ХХК-ийн байранд байрлах, ДКТ ХХК /РД:00000/-д холбогдох
Гэрээний үүрэгт 226 432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
ДКТ ХХК нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дараа төлбөрт MONGOLdoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж ********* дугаарын эзэмшигч болсон. Гэтэл ДКТ ХХК нь гэрээний үүргээ үл биелүүлж ********** дугаарын 2019 оны 02 сарын байдлаарх төлбөр 221 932 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд ДКТ ХХК-с төлбөрийн үлдэгдэл болох 221 932 төгрөг, нотариатын зардалд 4 500 төгрөг, нийт 226 432 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч ДКТ ХХК нь манай компанитай 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, MONGOLdoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган ********** дугаарын эзэмшигч болсон бөгөөд тухайн үед байгууллагатай гэрээ хийсэн болохоор дугаарын барьцаа төлбөр гэж аваагүй юм. Харин уг дугааруудын төлбөр гэж 180 000 төгрөгийг бол төлсөн байдаг. Анх дугаар авахад уг дугаарууд нь төлбөртэй байдаг бөгөөд хариуцагч байгууллагын авсан дугаарууд нь тоо нь ижил үнэ цэнэтэй дугаарууд юм. Гэвч дугааруудыг авч ашигласан боловч төлбөрөө төлөөгүй, зарим дугаарын төлбөрийг эхний 1,2 сардаа буюу 2019 оны 2 сард хамгийн сүүлд төлөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, мөн ашиглаагүй дугаарын хадгалалтын төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан. Хэрэв дугаарыг ашиглаагүй бол манай байгууллагад албан ёсоор хандаад гэрээг цуцлуулах байсан. Манай компаниас гэрээнд заасан байгууллагын майл хаягаар нь удаа дараа нэхэмжлэл хүргүүлсэн, утсаар нь мессеж сар болгон явуулж байсан. Тиймээс төлбөрийн үлдэгдэл болох ******** дугаарын 33 925 төгрөг, ******** дугаарын 35 518 төгрөг, ******** дугаарын 34 050 төгрөг, ******** дугаарын 88 438 төгрөг, ******** дугаарын 15 000 төгрөг, ******** дугаарын 15 000 төгрөг, нийт 221 932 төгрөг, нотариатын зардал болох 4 500 төгрөгийн хамт 226 432 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
“С” ХХК-иас ДКТ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “С” ХХК-д нэхэмжлэлд дурдсан дугааруудыг барьцаа гэж 180 000 төгрөг төлсөн. Бид бүхэн нэхэмжлэлд дурдсан дугааруудыг авсан нь үнэн боловч огт ашиглаагүй тул “С” ХХК-иас холбогдож төлбөр төлөхийг шаардах үед нь манай байгууллага дугааруудыг ашиглахгүй байгаа та бүхэн барьцааны мөнгөөр суутгаж, дугааруудыг хаана уу гэж хандахад за ойлголоо гэдэг тэгэхээр нь одоог хүртэл хаагдсан гэж ойлгож ирсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан нэхэмжлэх манай байгууллагад огт ирж байгаагүй, нэхэмжлэлдээ хавсаргасан нэхэмжлэхүүд нь бүгд 2018, 2019 оны нэхэмжлэхүүд байна. Манай байгууллагатай утсаар ярихдаа ойлголоо хаалаа гэчихээд түүнээс даруй 1-2 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Үнэхээр энэ төлбөрүүд барьцаалбараар хаагдаагүй байсан бол манай байгууллагад нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэхүүдээ цаасаар ирүүлсэн бол манай байгууллага тэр даруй ямар нэгэн арга хэмжээ авах байсан. Харин хоёр байгууллагын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д “хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд харилцан тохиролцсоны даруу шийдвэрлэх бөгөөд...” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний энэ заалтын уг агуулгыг хэрэгжүүлэлтийг огт эрмэлзээгүй шууд шүүхэд хандсан байна. Хэрэв бидэнд эхлээд хандсан бол нотариат, улсын тэмдэгтийн хураамж гэх зардлуудыг гаргахгүй байх боломж байсан нь харагдаж байна. Ер нь үүрэн холбооны оператор компаниуд эхлээд харилцагчтайгаа харилцахгүй шууд шүүхэд хандаж шүүхийн ачааллыг шууд утгаар нь нэмэгдүүлдгийг хэн хүнгүй анхаармаар байгааг энэ завсар хэлье. Иймд манай байгууллагыг нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамжийн зардлуудаас чөлөөлж өгнө үү. Иймд манай байгууллага нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг 221 932 төгрөгөөс барьцаа 180 000 төгрөгөө суутгуулж үлдэгдэл 41 932 төгрөгийг төлж эвлэрэх саналтай байна.
Нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар бүхий л нөхцөл бололцоог хайсан боловч нэхэмжлэгчийн зүгээс 30 000 төгрөгнөөс чөлөөлье гэсэн тул эвлэрэх боломжгүй болсон. Хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн 180 000 төгрөгийг төлөөгүй гэж хэлэхгүй байгааг дурдаж манай байгууллага 180 000 төгрөгөөр Монголдоо20 багцын дугааруудыг худалдаж аваад энэ мөнгөн дүнгээс хэтрүүлэлгүй хэрэглээд дараа сараас ашиглаагүй болно. Нэхэмжлэгчээс нэхэмжлэхээ огт ирүүлж байгаагүй, ирүүлж байсан бол манай байгууллага даруй арга хэмжээ авах байсан бөгөөд 2018 оны асуудлыг 2021 онд нэхэмжилж байгаа нь шударга үнэний зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнг санхүүгийн чадваргүйдээ биш гагцхүү нийгэмд нэр хүндтэй С ХХК-ийг шударга бус үйлдэл гаргаж байгаад гайхахдаа төлөхгүй байна. Шүүх хуралдааныг эзгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч ДКТ ХХК-д холбогдуулан утасны төлбөрийн үлдэгдэл 221 932 төгрөг, нотариатын зардал 4 500 төгрөг, нийт 226 432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “С” ХХК нь үүрэн телефон, пейжерийн холбооны үйлчилгээ, үүрэн телефоны төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь ****** тоот регистр, ****** тоот дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 3-р хуудас/
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч ДКТ ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 12 сарын хугацаатай, Монголдоо 20 000 багцын ********** үйлчилгээний дугаар буюу сим картыг гэрээ хүчин төгөлдөр хугацаанд эзэмших эрхтэйгээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан болох нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ”, байгууллагын дараа төлбөрт хэрэглэгчийн жагсаалт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5-6-р хуудас/
Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа маргаагүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар талуудын хооронд үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд зааснаар үйлчилгээний төлбөрийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч ДКТ ХХК нь гэрээгээр авсан үйлчилгээний ********* дугаарууд буюу сим картыг хэрэглэсний төлбөр болох 221 932 төгрөгийг, хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардал болох нотиариатын төлбөр 4 500 төгрөг, нийт 226 432 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан дээрх 6 дугаарыг хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй боловч уг үйлчилгээний дугаарууд буюу сим картыг ашиглаагүй тул төлбөрийг төлөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэхүүд, дугааруудын дэлгэрэнгүй бүртгэл, мэдээллээр хариуцагч ДКТ ХХК нь ********** дугааруудыг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эзэмшиж, 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ******** дугаарын төлөгдөөгүй төлбөр 88 438 төгрөг, ******** дугаарын төлөгдөөгүй төлбөр 33 926 төгрөг, ******** дугаарын төлөгдөөгүй төлбөр 34 050 төгрөг,******** дугаарын төлөгдөөгүй төлбөр 35 518 төгрөг, ******** дугаарын болон ******** дугаарын 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2019 оны 2 дугаар сарын 01-ний хүртлэх хадгалалтын төлбөр буюу суурь хураамж тус бүр 15 000 төгрөг, нийт 221 932 төгрөгийг төлөөгүй болох нь нотлогдож байна. /хэргийн 7-12-р хуудас/
Хариуцагч нь гэрээ байгуулахад барьцаа төлбөр 180 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тул уг барьцаа төлбөр нь төлөгдөөгүй төлбөрөөс хасагдана гэж маргасан боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд барьцаа байршуулсан талаар дурдаагүй, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн шилжүүлгийн мэдээлэлд 180 000 төгрөгийг “бүртгэлийн хураамж 5368499” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байх тул нэхэмжлэлээс хасч тооцох боломжгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн хариуцагчаас нэхэмжлэгч “С” ХХК-нд дугааруудыг ашиглахгүй байгаа тул гэрээ цуцлах талаар мэдэгдсэн гэсэн боловч талуудын хооронд байгуулсан “Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 1.8-д “хэрэглэгч гэрээг цуцлах бол ажлын 1 хоногийн өмнө албан бичгээр мэдэгдэж үйлчилгээг хаалгана” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагчаас гэрээг цуцлах талаар гаргасан баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-д “хавсралт-1д хэрэглэгч ажилтны эзэмших дугааруудын мэдээллийг оруулна. Хэрэглэгч нь уг хавсралтад заасан дугаар бүхий сим картыг өөрийн ажилтнуудад гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу эзэмшүүлэх, ашиглуулах үүрэгтэй ба гэрээнд өөрөөр заагаагүй бол дугаарын эзэмшил, ашиглалт төлбөр тооцоотой үүрэг хариуцлагыг хэрэглэгч өөрийн нэрээр бие даан хариуцна”, 4.10-д “хэрэглэгч үйлчлэгчтэй харилцах нягтлан бодогчийг томилж, энэхүү гэрээнд зааж өгнө. Хэрэв энэхүү ажилтан өөрчлөгдсөн тохиолдолд үйлчлэгчид мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь дугааруудын төлбөр тооцоог мессежээр болон хариуцагчийн гэрээнд дурдсан имэйл хаяг болох [email protected] хаягаар хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.9-д “төлбөрөө хугацаандаа төлөх үүрэгтэй”, 3.3-д “хэрэглэгч нь үйлчилгээний төлбөрийг үйлчлэгчийн ирүүлсэн нэхэмжлэхийн нийт дүнгээр тухайн сарын 20-ны өдрийн дотор төлнө” гэж тус тус зааснаар хариуцагч нь үйлчилгээний төлбөр болох ******** дугаарын төлөгдөөгүй төлбөр 88 438 төгрөг, ******** дугаарын төлөгдөөгүй төлбөр 33 926 төгрөг, ******** дугаарын төлөгдөөгүй төлбөр 34 050 төгрөг,******** дугаарын төлөгдөөгүй төлбөр 35 518 төгрөг, мөн гэрээний 4.7-д “хэрэглэгч нь албан ёсоор дугаар хадгалах үйлчилгээ авснаас бусад тохиолдолд ашигласан ашиглаагүйгээс үл хамааран суурь хураамжийг төлнө” гэж зааснаар ******** дугаарын болон ******** дугаарын 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2019 оны 2 дугаар сарын 01-ний хүртлэх хадгалалтын төлбөр буюу суурь хураамж тус бүр 15 000 төгрөг, нийт 221 932 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь гэрээний 3.6-д “үйлчлэгч нь төлөгдөөгүй төлбөрийг барагдуулахтай холбоотой гарсан нэмэлт зардлыг хэрэглэгчээс нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар нотиариатын зардалд 4 500 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч ДКТ ХХК-иас үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт буюу төлөгдөөгүй төлбөр болох 221 932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 4 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ДКТ ХХК-иас гэрээний үүрэгт буюу төлөгдөөгүй төлбөр 221 932 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 4 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 443 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ДКТ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7 308 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН