Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2021/00099

 

                                                      

 

 

 

 

 

 

                                     2021         01          14

          182/ШШ2021/00099

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: С.Б

 

Хариуцагч: НЗД

 

            ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие С.Б Баянгол дүүргийн Х-рсургуулийн захирлаар ажиллаж байгаад ажлаас халагдаж, шүүхэд хандсанаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,845,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.  Шийдвэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1067 дугаар магадлал, Улсын дээд шүүх 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 402 дугаар тогтоолоор хэвээр үлдсэн. Миний гаргасан хөдөлмөрийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн тул 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг ажилд эгүүлэн томилох тухай Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Б/44 дугаар захирамж гарч 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр миний бие ажлаа хүлээн авсан. Ийнхүү миний бие ажлаа албан ёсоор хүлээн авах хүртэл 31 сар, 15 хоног ажилгүй байж хохирсон тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 23,267,804 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Олговрын талаар Гийслэлийн засаг даргад хандахад сургуулийн захирлын томилгооны асуудал дүүрэгт шилжсэн, дүүргээрээ шийдвэрлүүл гэсэн ба дүүрэг нь шийдвэргүй гээд шийдвэрлэж өгөхгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарч, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар ажилд нь буцаан авч, шүүхийн шийдвэр биелэгдсэн. Шүүхийн шийдвэр биелэгдсэн он сар өдрийг мөн өдрөөр тооцох нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл 129.1-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Иймд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул С.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, С.Бг ажилд эгүүлэн томилох тухай Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамж, ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн тэмдэглэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч НЗДад холбогдуулж 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны буюу 31 сар, 15 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 23,267,804 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байсан боловч уг хугацаанд гомдлоо гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00182 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1067 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 402 дугаар тогтоолоор С.Бг урьд ажиллаж байсан Нийслэлийн Баянгол дүүргийн Х-рсургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,845,480 төгрөгийг гаргуулж олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг НЗДын тамгын газарт үүрэг болгон шийдвэрлэсэн байна.

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр С.Бг ажилд томилох тухай Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын захирамж гарч С.Бг Нийслэлийн Баянгол дүүргийн Х-рсургуулийн захирлаар томилсон байх ба 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажил хүлээлцсэнийг нэхэмжлэгч тайлбарлаж, ажил хүлээлцсэн тэмдэглэлийг ирүүлжээ.

Нэхэмжлэгч 2018 оны 01 сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй байсан нь С.Бгийн буруутай холбогдохгүй, түүнээс шалтгаалаагүй тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч түүнд олгож, нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийх нь зүйд нийцнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэр дээд шатны шүүхүүдэд хянагдаж байсан, түүнчлэн  шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон ажилтныг ажилд авахгүй байсан ажил олгогчийн үйлдэл үргэлжилж байсан гэж үзнэ. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр С.Б ажилдаа эргэн орж, урьд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохыг хүсэж холбогдох газруудад хандаж байсан боловч олгогдоогүй тул шүүхэд хандсан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн олгогдоогүй цалин хөлстэй тэнцэх олговрыг түрүүчийн

шүүхийн шийдвэрээр тогтоосон цалин хөлсний дунджийг үндэслэн тооцоход 23,267,804  төгрөг болж байна.  

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан НЗДа, түүний тамгын газраас 23,267,804 төгрөгийг гаргуулж С.Бд олгосугай.

 

  1. С.Бд олгох ёстой 23,267,804 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 274,289 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 274,289 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД