| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2017/0099/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2017-04-04 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | С.Болорчулуун |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 88
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
улсын яллагч С.Болорчулуун,
насанд хүрээгүй хохирогч Б.Бүүвэйбаатар, түүний хууль ёсны төлөөлөгч П.Буяннэмэх, сурган хүмүүжүүлэгч Д.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Т.Батгэрэл, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:0414/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Тушаагийн Батгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн эрүүгийн 201726030276 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, дүү нарын хамт, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, 6 дугаар гудамжны 137 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Тушаагийн Батгэрэл /РД: УП97021836/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Батгэрэл нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Champions PС тоглоомын газар Б.Бүүвэйбаатарын тоглож байсан компьютер дээр нь өөр хүүхэд суулгаж тоглуулсан гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Батгэрэл: “...Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Бүүвэйбаатар: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед хичээлээ тараад эмээгээс мөнгө аваад, найзтайгаа уулзахаар PС тоглоомын газар ирээд эхлээд 1,000 төгрөгөөр цаг авсан, тэгээд фэйсбүүк ороод найзтайгаа чатлахад 8а ангийн Ананд, Эрка 2 ирж дэвтрүүдийг чинь авч нөхнө шүү гэсэн, би бас нэг дэвтрийг авсан байсан, тэрийг бас өөрөөс чинь авна гэсэн гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. Тэр хоёр модны хоёроос ирэх байсан болохоор нь удах байх гэж бодоод 500 төгрөгөөр цагаа сунгасан, тэгээд 30 минут үлдсэн байхад тэр 2 ирээд би гараад дэвтрийг нь өгөөд 2 минут болоод орж ирэхэд миний компьютер дээр нэг хүүхэд сууж байсан, тэгэхээр нь миний 30 минут үлдсэн байгаа, чи хажуу талын компьютер дээр суучих гэсэн, тэгсэн Батгэрэл ах ирээд чиний цаг дууссан байгаа чи бос гэсэн. Би 30 минут үлдээсэн манай 2 найз гэрчилнэ гэхэд энэ ах намайг тек рүү авчраад энийг хар чиний цаг дууссан байна. Тэр текний компьютерийг би сайн мэдэхгүй байна. 30 минутын мөнгөө авчихья гэсэн нь чинь битгий давраад бай гэсэн. Тэгээд дахиад мөнгөө авья гэсэн чинь энэ ах намайг мангасдаад жийж орж ирээд, үсдээд доош нь паар луу мөргүүлээд байсан. Хана руу 2 удаа биш бүр 20 удаа мөргүүлсэн. Намайг дэвсээд, миний амь тэмцээд сонин болоод байхаар нь гараа дээш нь 2 дугтраад авсан. Манай найз орж ирээд салгасан чинь нус шүлсээ нулимаад манай найзын хувцсанд гарынхаа цусыг арчсан. Бид нар гараад эмийн сангаас манай найзууд хөвөн, сальфетик авч өгөөд би нүүрээ цэвэрлээд гэртээ хариад малгайгаараа нүүрээ дараад хэвтсэн чинь манай ах Билэгжаргал харчихсан. Тэгээд яасан юм бэ гэхээр нь PС тоглоомын нэг ахтай жоохон маргалдсан юм гэж хэлтэл тийшээ чинь яг одоо очино гэсэн. Тэгээд энэ ахтай уулзаад чи жоохон хүүхдийг ингэж зодож болохгүй гэсэн чинь тэр тоглоомын газрын эгч бид хоёрыг яаж муудалцсаныг мэдэхгүй байж манай ах руу наад хүүхдийнхээ хэл яриаг нь зас, янзал гээд байсан. Манай ах зодолдьё гэж хэлээгүй, гэтэл манай ахын найз ингэж маргаад хэрэггүй, шууд цагдаа дуудсан нь дээр гээд цагдаа дуудсан. Цагдаа 20 гаруй минут болоод ирсэн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Бүүвэйбаатар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим би хичээлээ тараад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Champions тоглоомын газар ганцаараа орсон. 1,500 төгрөг өгөөд 1 цаг 30 минут тоглохоор болсон. ...1 цаг тоглож байсан чинь манай сургуулийн доод ангийн 2 хүүхэд надаас дэвтэр авахаар тоглоомын газрын гадаа ирэхээр нь хичээлийн дэвтрээ гаргаж өгчихөөд хамт РС тоглоомын газар луу орсон. Би өөрийн тоглож байсан компьютер дээрээ суух гэсэн чинь миний тоглож байсан компьютер дээр өөр хүүхэд суугаад тоглож байсан. Тэр хүүхдэд чи хажуу тийшээ шилжээд суучих найзад нь 30 минут тоглох цаг үлдсэн байгаа гэж хэлсэн чинь тэр хүүхэд зөвшөөрөөд миний тоглож байсан компьютерээс босоод текен дээр очсон. Тэгсэн удалгүй ах ирээд гөлөг чи бос, наана чинь хүүхэд сууж байгаа биз дээ гэж хэлэхээр нь ахаа надад 30 минут үлдсэн гэж хэлсэн чинь үгүй давраад бай гөлөг минь гэж хэлээд тек рүүгээ чирээд авчирсан. Тэгээд тэр эрэгтэй текний ард байдаг компьютер лүү зааснаа чи хар чиний цаг дууссан байгаа биз дээ гэж хэлэхээр нь минийх дуусах болоогүй, ядаж тэгвэл үлдсэн цагийнхаа мөнгийг авъя гэж хэлсэн чинь битгий давраад бай гэж хэлээд баруун гараараа шанаа руу нэг удаа цохихоор нь би нүүрээ дараад доошоо суусан. Манай 2 найз тэр ахыг надаас салгах гээд татсан чинь миний хэвлий тус газар нэг удаа өшиглөж, үснээс зулгааж, толгойг паар болон хана мөргүүлсэн. Яг хэдэн удааг нь санахгүй байна, ямар ч байсан олон удаа мөргүүлсэн. Толгойг хана, паар мөргүүлсний дараа нүүр болон цээж рүү гараараа олон удаа цохиод байсан. Миний чих хамарнаас цус гарсан чинь тэр ах чиний заваан цус надад наалдчихлаа гэж хэлээд найз Бат-Анандын хувцасанд гараа арчаад дараа нь намайг барьж аваад миний нүүр лүү шүлсээ хаяад одоо зайл гэж хэлээд РС тоглоомын газраас хөөж гаргасан...” /хх-ийн 12/ гэсэн,
Гэрч Ч.Орхон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Champions РС тоглоомын газарт админы ажил хийдэг. 11 цагийн орчим миний гэдэс эвгүйрээд байхаар нь Батгэрэл дээр очоод чи түр текний ард сууж байгаач би ариун цэврийн өрөө ороод ирье гэж хэлээд ариун цэврийн өрөө орсон. Би ариун цэврийн өрөөнд ороод 15 орчим минутын дараа гарч ирэхэд Батгэрэл үүдэнд хамраас нь цус гарсан байдалтай зогсож байхаар нь юу болсон талаар асуухад нэг хүүхэдтэй зодолдоод гэж хэлсэн. ...Чи ямар хүүхэдтэй зодолдсон юм бэ гэж асуусан чинь нэг бацаан орж ирээд өөрийнхөө сууж байсан компьютер дээр хүүхэд суусан байна гээд надтай маргалдаж надтай зодолдсон. Тухайн хүүхэд намайг хэл амаар доромжлоод айхаар нь чиний цаг дууссан, хар гэж хэлсэн чинь харчихаад гарахдаа намайг хараагаад байхаар нь нэг мангасдахад намайг эргүүлээд цохихоор нь зодолдсон гэж хэлсэн. ...Батгэрэлтэй зодолдсон гэх эрэгтэй хүүхэд ах нарынхаа хамт орж ирээд Батгэрэл рүү дайраад байхаар нь би голоор нь орж юу болсон талаар асуухад Батгэрэл надад дух нь хавдсан, нүд нь хөхөрсөн, нэг чих нь хөхөрсөн хүүхдийг гараараа зааж надтай зодолдсон хүүхэд энэ байна гэж хэлсэн. Зодуулсан гэх эрэгтэй хүүхэд наад ах чинь миний нүүр лүү нулимсан гэж хэлэхэд ах нар нь Батгэрэлийн хувцаснаас зуураад гараад ир гээд үүд рүү чирээд байсан. ...Би Батгэрэлд чи яагаад хүүхдийн нүүр лүү нулимж байгаа юм бэ, уучлалт гуй гэж хэлээд уучлалт гуйлгуулсан...” /хх-ийн 14-15/ гэсэн,
Шүүгдэгч Т.Батгэрэл хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд Орхон ариун цэврийн өрөө орох гэсэн юм, чи түр суугаад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Орхон ариун цэврийн өрөө ороод удалгүй гаднаас 2 хүүхэд орж ирээд тоглох гэсэн юм, сул компьютер байна уу гэж асуухаар нь би шалгая гэж хэлсэн. Тэгсэн 24, 25 дугаартай компьютерүүд сул, хүүхэд тоглоогүй байхаар нь нөгөө хоёр хүүхдийг суулгасан. 3 орчим минутын 25 дугаартай компьютер дээр сууж байсан хүүхэд над дээр ирээд ахаа миний суух гэж байсан компьютер дээр нэг хүүхэд суучихаад намайг дээрлэхээд миний авсан цаг гээд босохгүй байна, та учрыг нь олоод өгөөч гэж хэлэхээр нь би 25 дугаартай компьютер дээр очиход улаан өнгийн биеийн тамирын цамцтай эрэгтэй хүүхэд компьютер дээр суусан тоглоод байж байсан. Тэгэхээр нь би чи наад компьютер дээрээс босооч наад хүүхэд чинь тоглох минутаа авсан гэж хэлсэн чинь юу хуцаад байгаа гөлөг вэ, би энд минутаа орхисон байсан гэж хэлэхээр нь чи текэн дээр очоод минутаа хар наад хүүхэд чинь 50 минут авсан цаг орчихсон байгаа гэж хэлээд тек рүү дагуулаад явсан. Би 25 дугаартай компьютерын цагийг харуулахад чи юу хуцаад байгаа гөлөг вэ, би тамхи татаад ороод ирэхэд 20 минут дуусна гэж байхгүй гэж хэлэхээр нь чи түр гараад хүлээж бай админ нь одоо ирнэ гэж хэлсэн чинь чи юу хуцаад байгаа юм бэ, чамаар юу хийлгэхээ заалгах юм уу гөлөг минь, чи гараад ир хоёулаа үзье гэж хэлсэн. Би тэр хүүхдэд ахын дүү гараад хүлээж бай гэж байна, чи ямар ядаргаатай юм бэ гэж хэлсэн чинь чи юу хуцаад байгаа юм бэ, гараад ир ална шүү банди минь гэж хэл амаар доромжлоод байхаар нь чи гараад байж бай гэж хэлээд гараараа нүүрийг нь мангасдаад хойш нь түлхсэн. Тэгсэн тэр эрэгтэй хүүхэд надад пизда минь чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь зүүн гараараа баруун хацар луу нь алгадсан. Улаан өнгийн бэлтгэлийн цамцтай хүүхэд миний нүүрэн тус газар 4-5 удаа цохисон. ...Улаан өнгийн бэлтгэлийн цамцтай хүүхэд шууд над руу дайраад гараараа миний нүүрэн тус газар цохихоор нь миний уур хүрээд улаан бэлтгэлийн цамцтэй эрэгтэй хүүхдийг зодсон. Би тэр эрэгтэй хүүхдийг нүүр лүү нь гараараа цохиж, толгойг нь хана мөргүүлсэн. Толгой болон нүүрэн тус газар нь хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 удаа толгойг нь хана мөргүүлсэн. ...Бүүвэйбаатарт учруулсан гэмтлийг би гараараа учруулсан. ...Тухайн үед миний зүүн шанаа хавдсан, хамар хөндүүртэй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, цаашид шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /хх-ийн 32-34/ гэсэн мэдүүлгүүд,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2748 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.Бүүвэйбаатарын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээний цус хуралт, баруун чихний ар хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. “ /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,
- Хохирлын баримт /хх-ийн 39/,
- Хохирлын мөнгө төлсөн баримт /шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн/
- Шүүгдэгч Т.Батгэрэлийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Т.Батгэрэл нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Champions PС тоглоомын газар Б.Бүүвэйбаатарын тоглож байсан компьютер дээр нь өөр хүүхэд суулгаж тоглуулсан гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Бүүвэйбаатар, гэрч Ч.Орхон нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2748 тоот дүгнэлт, шүүгдэгч Т.Батгэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Батгэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Бүүвэйбаатарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой толгойн КТГ-ийн төлбөр 85,000 /хх-ийн 39/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн хураамж 3,000 төгрөгийн баримт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хохиролд 140,000 төгрөг төлсөн баримт шинээр гаргаж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч Т.Батгэрэлд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг шүүгдэгч Т.Батгэрэлд холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний хүүхдийг аймаар зодсон, хохиролтой холбоотой мөнгө нэхэмжлэхгүй ч, гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, нэг сарын хугацаагаар баривчлах ял улсын яллагч санал болгосон нь бага гэж бодож байна, нэг сараас илүү хугацаагаар баривчлуулах саналтай байна” гэж мэдүүлсэн тул хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрээгүй, тэднийг эвлэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн 201726030276 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Тушаагийн Батгэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батгэрэлд 01 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батгэрэлд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 201726030276 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, түүнд хохиролд 140,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Батгэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Батгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР